УЛС ТӨРЯрилцлага

Ш.Сайхансамбуу: Л.Оюун-Эрдэнэ зоригтой ч, учраа олохгүй байна. Намайг зөвлөхөөрөө авчхаасай

УИХ-ын гишүүн асан, “Нарантуул трейд” ХХК-ийн захирал Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НАМ БАЙГУУЛЧХААД ТЕНДЕР АВЧ, ЗЭЭЛ ХУСЧ, КОНЦЕСС АВЪЯ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ-

-Сүүлийн үеийн асуудлаас ярилцлагаа эхлүүлье. Саяхан таны нам байгуулах хүсэлтийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзлаа. Яагаад бүртгэгдсэнгүй вэ?

-Намуудын тухай хууль гэж нэг бүтэхгүй юм бий. Ийм хуультай хэвээрээ байвал хэзээ ч шинэ соргог, ажилч хичээнгүй, зүтгэлтэй нам бүрдэхгүй бас тогтохгүй. Намайг бүртгэнэ үү байна уу, хотойх зүйлгүй л дээ. Бүртгэвэл залуучуудтай нийлээд нам яаж ажилладаг, жинхэнэ үүрэг зорилго нь юу юм, мөрийн хөтөлбөр нь ямар байх ёстой. Цаашлаад ард иргэдийнхээ төлөө засаг төрийн хэмжээнд хэрхэн ажиллах зэргийг яруу тодоор харуулахыг хүссэн юм. Түүнээс биш тендер аваад, ЖДҮХС-аас зээл хусаад концессын хамаг гэрээг нь авчихъя гэж байгаа юм биш л дээ.

-Танай нам шаардлагыг нь хангаж чадаагүй юм уу, хэн нэгний нөлөөтэй гэх хардлага байна уу?  

-Тэрийг ёстой мэдэхгүй юм. Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийг сайтаас нь харахад “манай намыг дэмжиж байгаа 35 хүний мэдээлэл иргэний бүртгэлийн мэдээлэлтэй зөрж байна” гэсэн тайлбар бичсэн байна лээ. 35 хүнийг судалж л дээ. Хаягийн бүртгэл нь зөрж. Манай намын гишүүд рүү шүүхээс байсгээд л залгаад бүр залхааж байна. “Чи энэ намын гишүүн мөн үү, гэр чинь хаана вэ, хурал чинь хаана хэзээ болов” гэх зэргээр асууж намын дотоод асуудалд хэтэрхий оролцож байгаа юм.

-Та намаа бүртгүүлэхээр дахин хандах уу?

-Тэгнэ. Бүртгэж л таарна. Дээд шүүхээс тавьж буй шаардлагыг биелүүлнэ. Няцна гэж байхгүй. /инээв.сурв/

-Ингэхэд та чинь “Үнэн ба зөв” гэсэн намтай биз дээ. Тус намын ард таныг байдаг, санхүүжүүлэгч нь гэж ярьдаг шүү дээ. Намын дарга А.Отгонбаатар илээр тэгж ярьж явдаг юм билээ?

-Тэр намд миний оролцоо байгаагүй. А.Отгонбаатар тэргүүтэй таван залуу над дээр ирсэн байдаг юм. Тухайн нам нь байгуулагдахад зөвлөгөө мэдээлэл өгөөд, тусалж дэмжээд л явуулсан. Нам гэдэг чинь ийм байдаг, энэ ажлаас эхэлдэг зэргээр протокол, албан бичиг сэлтийг нь өөрсдөөр нь бичүүлж байлаа. Улсын дээд шүүх дээр бүртгүүлэх гэж таван удаа буцсан. Тухайн үед А.Отгонбаатар “Энэ чинь хэцүү ажил юм байна, больё, бүтэхгүй юм байна” гээд ирж байсан. Би “Та нар ингэж няцдаг юм бол бүтэхгүй, тууштай явах хэрэгтэй” гээд хэлж байлаа. Би хэд хэдэн удаагийн нэвтрүүлэгт ороод дэмжсэн утгатай юм ярьчихсан юм л даа. Тэгээд л “намын ард Ш.Сайхансамбуу байдаг” гээд ойлгочихсон байх л даа.  

-Та А.Отгонбаатарыг анх дуудаж, үнэлж намын дарга болгож байсан юм биш үү, одоо та хоёр муудалцчихсан юм уу?

-Үгүй шүү дээ. “Би дарга болъё” гэж ирээд А.Отгонбаатар даргаар сонгогдсон байдаг. Тэрнээс биш “Чи дарга бол” гээгүй. Уг нь тэр намыг анх би нэр дээрээ бүртгүүлэх гээд хүсэлтээ өгсөн байсан юм. Тэгсэн чинь “Таны нэр дээр болохгүй гэж байна. Би өөрийнхөө нэр дээр бүртгүүлэхээс. Олны танил болмоор байна” гэж хэлээд над дээр ирсэн. Тэгээд болгоод өгчихсөн. Явсан. 2020 оны УИХ-ын сонгуульд орно лээ. Намайг ч “нэр дэвшээч та” гэсэн. ШИНЭ намтай нийлээд дэвшсэн болсон. Бүгдээрээ унацгаасан. Олигтой ч юм болоогүй. Болох ч үгүй байх.

-Одоо “Үнэн ба зөв нам” тантай ямар ч хамааралгүй юм байна, тийм үү?

-Тийм ээ, хамааралгүй. 2020 оны сонгуульд Буянгийн Жагаа энэ тэртэй ч нэгдсэн. Би ер нь оролцоогүй дээ. Сонгуулийн дараа надаас явцгаагаад хоёр жил болж байна.

-МАН, АН-ЫН АЛЬ АЛЬ НЬ ЛИДЕРГҮЙ БОЛЧИХЛОО. МАН У.ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ ЛИДЕРЭЭР ДУУСЧ БАЙХ ШИГ БАЙНА-

-Шинээр байгуулах намаа өөрөө гардаж удирдах уу?

-Бүртгээд өгчихдөг юм бол одоо ёстой өөрөө гардаж удирдана. Хүнээр юм хийлгэнэ гэж бүтэхгүй юм байна. Намын дарга гэдэг чинь навсганасан, савсганасан хүний хийдэг ажил биш. Нэлээн бодолтой, суурьтай, нямбай, няхуур хүний хийх ажил байх. Талбай дээр очиж орилоод, энд тэндэхийн хаалга балбаад явдаг ч ажил биш.

-Дахиад шинэ нам байгуулах гол зорилго тань юу вэ?

-Жинхэнэ нам ийм байдаг гэдгийг харуулъя гэж түрүүн хэллээ шүү дээ.

-Жижиг нам гарч ирэх боломж бололцоо бий гэж үү. Нэг намын тогтолцоо, дарангуйлал тогтчихлоо шүү дээ?  

-Үнэн. Ганц намын тогтолцоо бий болчихлоо. Энэ нам дотроо хагарчихвал бас хэцүү. Би энэ намд байсан болохоор аюулыг нь мэдээд байна. Ардчилсан нам мөн ч хэцүү болчихлоо. Яриад ч хэрэггүй, Эвлэхэд хэцүү. Эвлэлээ ч хол явахгүй. МАН, АН аль аль нь ямар ч лидергүй болчихлоо. МАН У.Хүрэлсүх гэдэг лидерээр дуусч байх шиг байна. Яваандаа нэг намын ч тогтолцоо байхгүй болох нь.

-Тэгвэл жижиг намуудад боломж гарах юм биш үү?

-Одоо үндэсний хэмжээнд цойлоод гараад ирэх ямар ч нам байхгүй шүү, харин. Монгол Улсад нийт 42 нам байна уу даа. Гэтэл олон намын систем бодит утгаараа хэрэгжихгүй байна.

-Та МАН-аас гарснаас хойш улстөрийг дандаа гаднаас нь ажиглаж нэлээдгүй удаан суулаа.

-Надад хийгээд байх бизнес ч алга. Болчихсон. Би 2012 онд МАН-аас гарсан. Яг арван жил болчхож. Арван жилийн турш нийгэм, улс төрөө хөндлөнгөөс хангалттай ажиглалаа. Асар их дүгнэлт хийлээ. Энэ хүмүүсийн чинь зорилго нь УИХ-ын гишүүн болох, сайд хийх. Би Л.Оюун-Эрдэнийг заримдаа өрөвдөж л сууна. Залуу хүн аль болох шуурхай ажиллаж байна. Нөгөөдүүл нь нийлээд “солино, огцруулна” гээд бужигнаад намрын чуулган завсарлалаа шүү дээ. Гэхдээ өөрсдөө ил хэлэхгүй. Дандаа цахимаар буюу троллуудаар дайруулж байгаа. Одоо У.Хүрэлсүх рүү дайрч байна. Би У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурвыг танина шүү дээ. Ямархуу ааш зантай вэ гэдгийг нь. Энэ гурав юм хийх гэж үзээд л байдаг. Даанч зөвлөхүүд нь олигтой зөвлөхгүй юм байна шүү дээ. Гэвч эцэстээ зөвлөхүүд биш өөрсдөд нь ял буудаг байхгүй юу. Хаврын чуулганаар давхар дээлийн асуудал сөхөгдөж бужигнана. “Эрх мэдлийг чинь үндсэн хуулиар хорьчихсон байна, чиний мэдэлд дөрөвхөн сайд байна” гээд Л.Оюун-Эрдэнийг хатгаад байгаа байхгүй юу. Үүн дундуур өөрсдөө сайдын суудалд суух санаархалтай асар олон хүн бий. Энэ УИХ-д “би гурван удаа гишүүнээр сонгогдлоо, одоо сайд болох ёстой” гээд солиороод байгаа гишүүд олон бий. МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Бүх эрх мэдлийг 76 авна гэж байхгүй” гэж хэлнэ лээ. Ёстой зөв үг хэлсэн. УИХ-ын гишүүд коронагаас болоод бөөн уйдчихсан хүмүүс суугаа биз. Л.Оюун-Эрдэнэ рүү дайрахад бэлэн болчихсон байна лээ дээ.

-Таны улс төрийн дараагийн алхам юу вэ. Бизнес хийгээд дуусчихлаа гэдэг чинь одоо улс төрд орж ирнэ гэдэгтэй агаар нэг сонсогдлоо. 2024 оны сонгуульд дахиад орж ирэх үү?

-Одоогоор төлөвлөөд байсан юм алга. 2024 оны сонгууль гэж ярих яагаа ч үгүй байна. Чиний хэлдгээр давхар дээлийн асуудлаар ҮХЦ-ийн дүгнэлт хэрхэн гарах юм байгаа юм. Дараа нь намуудын тухай хуулийг хэрхэн батлах бол, хаврын чуулган ямархуу өнгө аястай өрнөх бол гээд асуудлууд олон байна. 2024 оны сонгууль ярих арай эрт.

-ХЭЦҮҮ ЦАГТ ӨӨРТӨӨ БАЙГАА НӨӨЦӨӨРӨӨ АЛДАГДЛАА НӨХӨӨД НАРАНТУУЛЫН ТҮРЭЭСЭЭ НЭМСЭНГҮЙ-

-Цар тахалтай холбоотойгоор хил гаалийн асуудал төвөгтэй байдалд орсон. Нарантуул захын асуудал хэр хүндрэв. Та түрээсээ нэмсэн үү?

-Тэглээ. Хүндэрлээ. Манай худалдаачдын бараа орж ирэхгүй удаж, эргэлтгүй болсон. Ихэнх нь банканд зээлтэй учир хугацаа хэтэрсэн асуудал ч гарлаа. Бидний зүгээс наймаачдадаа хөнгөлөлт үзүүлж чаддаггүй юмаа гэхэд хэцүү цагт түрээсээ нэмсэнгүй. Өөртөө байгаа нөөцөөсөө алдагдлаа нөхөөд шүд зуугаад өнгөрөөлөө. Өвлийн олимп дуусаад БНХАУ хилээ хэрхэн нээхээс бүх зүйл шалтгаалах гээд байна. Манайхан хилийн халдвар хамгааллын дэглэмээ биелүүлэхгүй юм л даа. Ерөнхий сайд нь очиж байж арайхийж ариутгалын хаалга хийж байгаа царай нь тэр. Арай дэндэж байгаа юм. Миний түрүүн хэлдэг яам, агентлаг, газар, хэлтэс нь ажлаа хийдэггүйн жишээ. БНХАУ ариутгалын хаалга хийнгүүт манайх дуурайгаад хийж байх ёстой байхгүй юу, уг нь.

-Одоо бараа таваарын эргэлт сайжирсан уу?

-Сайжирсан шүү. Бид Турк, Солонгосоос онгоцоор нэмж татаж байгаа.  

-Таныг Нарантуул захаараа байнга орж эргэж тойрч байдаг гэх юм билээ. Тэнд амьдрал ямар өнгөтэй байна вэ?

-Очиж эргэж тойрч л байдаг юм. Өнгөрсөн зун гэхэд л гадна талыг нь янзаллаа. Машины зогсоол зэргээс нь эхлээд.

-Олон зуун наймаачин иргэд, эгэл борчуудын амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг бизнесмен гэж харах нь олонтаа байх гэж бодож байна. Та өөрийгөө юу гэж тодорхойлмоор байна?

-Анх би 1995 онд төсөл шалгаруулах дуудлага худалдаагаар Нарантуул захыг авч байлаа. Хог асгачихсан хоосон талбай байхаас нь эхлүүлсэн. Монголын ард түмэнтэй чухам тэр цагаас худалдааны салбараар холбогдсон. Одоо ч тэр хэвээрээ байж л байна. Зарим нь намайг бэлэн юман дээр ирчихсэн гэж ярих нь бий. Гэхдээ тийм биш. Хогийн цэг байсан талбайг цэвэрлэж, нүхийг нь шороогоор дүүргэж өөрийн гараар барьж байсан юм. Гаднаас зээл авч байж, бүтэн гурван жил ноцолдсон. Тухайн үед над шиг барилга барьдаг хүн байгаа ч үгүй. Барилгын салбар уналтад орчихсон байлаа шүү дээ. Үүнээс өөр уул уурхай, алтны салбар луу орвол орчих л байлаа. Өөрөө сонирхдоггүй болохоор орохыг ч хүсээгүй. Ороо ч үгүй.  

-Нарантуул захыг битүүлэх төлөвлөгөө бий юу, ийм шүүмжлэл бишгүй сонсож байгаа байх?

-Битүү зах болгохгүй юм уу гэж шүүмжилдэг. Зураг төслийг нь хийлгэчихсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орчихсон. Хүлээгдэж байгаа. Өргөтгөл барихад бэлэн. Хамгийн гол нь иргэдийн амьдрал дээшилж өгдөггүй. Барихын хувьд амархан. Ганцхан зуны дотор л битүү зах барьчихна. Битүүлэхээр чинь бараа таваарын үнэ 10-20 хувиар нэмэгдэнэ. Ялангуяа хөдөөний эгэл жирийн хөдөлмөрч иргэдийн гар дээр очих барааны үнэ өснө. Одоогоор Монгол Улсад хамгийн хямд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг газар Нарантуул шүү дээ. 21 аймаг 330 сум эндээс бараа таваараа татаж байна.  

Ойрын арав хорин жилд өмнөд хойд хөршөөсөө ч хамаагүй ажиллах хүчин аваад маш хурдан орон сууцжуулах хэрэгтэй. Атомын цахилгаан станц гэж том ярьж байснаас ТЭЦ-4 цахилгаан станцаа өргөтгөөд барьчих хэрэгтэй. Зарим залуучуудын яриаг сонсоод байхад хэтэрхий дэврүүнээр ярих юм. Дэлхийн тэр дундаа Азийн орнуудын техник технологи, шинжлэх ухаан хөгжөөд дийлдэхээ байлаа. Манайд гэтэл шинжлэх ухааны салбар жилд хэдэн тэрбумаар нь идчихээд хийсэн зүйлгүй сууж байдаг. Хааяа Богдын болоод Чингисийн түүхийг ярьчхаад сууж байдаг хэдхэн хүн байна. Дэлхийн улс орнууд сансарт гараад галактикаас цааш юм яриад явчихлаа. Улс орныг хөгжүүлдэг ганцхан мэргэжил нь инженер. Монгол хүнд үнэнийг нь хэлэхээр маш их дургүйцдэг. Урдаас шууд л дайрчихдаг. Ганц аймаар зүйл энэ л байна. Болохгүй, бүтэхгүй байгаа бүхэнтэйгээ эвлэрэх хэрэгтэй шүү дээ. Бид үндэстнээрээ хэтэрхий их архи ууж байна, одоо больцгооё гээд үнэнээ хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Баяр наадам, амралт зугаалгаа багасгая гэх зэргээр. Цагаан сар гэхээр л том ууц чанаад олон боов зэрэгцүүлж өрөх хэрэггүй л байхгүй юу. Болих хэрэгтэй. Сайхан гурилтай шөл хийгээд тойрч суугаад идчихэж яагаад болохгүй гэж.

-Танайх цагаан сараа хөнгөн тэмдэглэж, ёслоод л өнгөрдөг хэрэг үү?

-Тийм. Манай гэр бүлийн хүн гурван үе тавгийн идээ засаад л орой нь хүүхдүүдтэйгээ битүүлгээ хийгээд л гүйцээ. Өөр тэгээд яах юм бэ. Манайх баяр наадмаа багасгахгүй бол үнэхээр бүтэхгүй шүү. Баярлаж наадаад л халамж нэхээд л суугаад байдаг улс боллоо, бид. Зарим нь бүр гараараа ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Зүгээр суугаад халамж нэхдэг. Өнгөрсөн хавар халамжийн асуудлаар Хөгжлийн банкны зээлээс аюултай тоо баримт яригдлаа шүү дээ. Нийт хоёр сая гаруй хүн 100 гаруй төрлийн халамж авчихсан байдаг гэж байна шүү, бүр. Би халамж авч байгаагаа мэдэхгүй явж байх магадлалтай юм байна. Гурван жилийн дараа гэнэтхэн насны хишиг гээд ороод ирж ч мэдэхээр. Сүүлдээ бүр ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараана гэж ярьж байх юм. Хүн тоохгүй болохоор нэгнээсээ өрсөж амлалт өгөх юм, манай гишүүд. Олон нийтийн анхааралд өртөх гэж юу ч хамаагүй ярина.

-УЛС ТӨРЧИД БАНКАА ТОНОСОН АСУУДАЛ БОЛ ТОМ ГЭМТ ХЭРЭГ. ӨМНӨД СОЛОНГОС, ТАЙВАНД АЛЬ ХЭДИЙ НЬ ХОРЬЧИХСОН БАЙХ БИЗ-

-Хөгжлийн банк гэснээс ойрын өдрүүдэд тус банкны зээлийн асуудал ихээхэн дуулиан дагуулж байна. Улс төрийн хамаарал бүхий этгээдүүд зээл нэрээр банкаа цөлмөөд өрөнд оруулчихсан асуудалд хүн бүр л бухимдаж байна. Энэ сэдвийг юу гэж дүгнэж сууна?

-Монголын уур амьсгал, нөхцөл байдал ямар байгааг хэлэлцүүлгийн үеэрх хоёр ахимаг насны хүний зодоон харуулчихлаа. Уг нь цагдаа, тагнуул, прокурорын байгууллагуудаас төлөөлөл очиж “шалгалтын ажил ингэж явагдаж байгаа” гээд тодорхой мэдээлэл өгчихмөөр байв. Түүний оронд намын дарга нэртэй хэдэн нөхдүүд оччихсон харагдана лээ. Уг нь тэдний шийдэх асуудал биш шүү дээ. Өөрсдийгөө гоцлон харуулах, дөвийлгөх, шударга царайлах гэсэн хэлбэр төдий харагдсан. Засгийн газар, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн тамгын газар дээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын төлөөлөл ирээд суучихсан байх хэрэгтэй байлаа. Асуудлаа Ерөнхийлөгчид танилцуулаад жинхэнэ утгаар нь өргөтгөсөн хурал хийх хэрэгтэй байлаа. Ингээд Засгийн газарт, УИХ-д чиглэл өгч асуудлыг дээрээс нь шийдээд явсан бол гэж л харж суулаа. Ядахдаа Эдийн засгийн байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны дарга нар нь ч харагдсангүй.

-Их хэмжээний мөнгийг зээл нэрээр хуваагаад авчихсан асуудлын хувьд?

-Улс төрчид нь банкаа тоноод зээл авчихсан асуудал бол том аюул. Том хэрэг. Өмнөд Солонгос, Тайванд ийм асуудал гарсан бол аль хэдий нь хорьчихсон байх биз. “Төлнө, төлж байгаа, төллөө” гээд юу ч болоогүй юм шиг яриад суух юм. Ингэж Монголын ард түмнийг даапаалж болохгүй л дээ. Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асар ноцтой асуудал. Гадаадын орнуудаас ичих хэрэгтэй. Даанч ичихгүй юм аа. Ийм байхад гаднаас яаж зээл тусламж, хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ. Оросын ДУМ-ын дарга н.Энхболдыг загнаад явуулсан удаатай шүү. “Та нар дандаа худлаа ярьдаг. Юм өгөхөөр хуваагаад авчихдаг” гээд.

-Та Хөгжлийн банк гэлтгүй ер нь томоохон зээлтэй юу?

-Надад ямар юмных нь зээл байхав. Зээл хэрэггүй шүү дээ. Санхүүжилтээ өөрөө босгоод олон жил бизнес хийчихлээ.

-МОНГОЛЫН ИРГЭДИЙН ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮН БОЛ СҮ.БАТБОЛД-

-“Оюутолгой”-н төсөл дээрх байр сууриасаа болж та намаасаа хүртэл холдож бүр гарч байсан юм билээ. Саяхан “Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж, ашигтай гэрээ хийсэн” гээд сүржин даржинаар зарлалаа шүү дээ, сонсож суусан байх?

-“Оюутолгойг алдаж байна” гэж хэлээд тухайн үедээ ад болж байлаа. Тэднийг би гэрээгээ хийж мэдэхгүй байгаа юм байх даа гэж бодоод байсан чинь авлига авчихсан байсан юм билээ л дээ. "Манай Айвенхоу майнз" гэж ярих нь холгүй болчихсон байсан. Цээжээрээ хамгаалцгаагаад л. Тэгэхэд л МАН дангаараа Засгийн газар байгуулаад явчих бүрэн боломжтой байсан. Тэгсэн бол ийм юм болоо ч уу, үгүй ч үү. Долдугаар сарын 01-нээс болоод С.Баяр Ц.Элбэгдорж тэргүүтэй луйварчдад бууж өгч Засгийн газраа хамтарч байгуулсан. Одоо Н.Алтанхуяг нэг их шударга дүр эсгэж ярих юм. Тэр үед Оюутолгойн гэрээг ахалсан Тэргүүн шадар сайд байсан шүү дээ. Үхснээ хийж байсан юм. Нэрийг нь оруулсан боловч С.Баяр энэ тэр өөрийг нь оролцуулдаггүй байсан шиг байгаа юм. Гэхдээ тэмцээгүй, наадах чинь. /Н.Алтанхуяг/. Монголын иргэдээс хөрөнгийг нь хулгайлж энэ бүхнийг зохион байгуулсан жинхэнэ эзэн бол Сү.Батболд. Хувь дээр тоглолт хийчихсэн. Зүгээр л хэдэн төрлийн татвар аваад сууж байх ёстой байсан. Авлига авчихсан учраас алдчихсан. Сүүлд нь би хэлсэн.

-Юу гэж?

-“Та нарыг ганц хоёр сая доллараар хахуульдана. Түүгээр нь идэж уугаад ахуй амьдралаа болгоод үлдсэнийг нь оффшорт аваачиж хийнэ. Оффшорт хийсэн та нарын жижиг орноос хулгай хийсэн мөнгийг чинь аваад юу ч үлдэхгүй” гэж анхааруулсан. Оюутолгойн асуудлаар ганцаараа дуугараад ад болсон. Нам дотроо ганцаараа эсрэг болох чинь хэцүү юм билээ. 2012 оны Бага хурлын сонгуульд ганцааранг минь унагаасан. Тэгээд хасчихсан. Тэр цагаас улс төрөө болъё гэж шийдэж байлаа.  

-Өр тэглэсэн асуудлыг юу гэж дүгнэж байгаа вэ?

-2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэлээ гэлээ. Энэ нь эргээд өр болох вий дээ гэсэн болгоомжлол байна. Учир нь Айвенхоу майнз манайд ийм мөнгө өгөөгүй байхгүй юу даа. Гэрээ хийхэд 250 сая ам.доллар л өгсөн байх. Өр тэглүүллээ гээд манай Засгийн газар бас хууртагдчихлаа. Хууртагдаж байгаа гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн гишүүн уг нь маш сайн мэдэж байгаа л даа. 34 хувийн өр дахиад л үргэлжилж байгаа байх. Манайхыг хүнд байдалд оруулах гэж зохион байгуулсан 34 хувь шүү дээ. Би уг нь 49, 51 гээд ОХУ-Монгол шиг хийчих ээ гээд хэлээд байсан юм. Харамсалтай нь авлига авсан хүмүүс хөтлөгдөөд л явчихсан. Манайд уул уурхай, эдийн засгийн салбарын сайн орчуулагч байхгүй учир сул тал болсон гэж боддог. Хэл усгүй учир бид ороогдож байгаа юм байна гэдгийг би тухай үед ойлгож байсан. Гадаадынхны занганд унасан. Одоо чуулган завсарласан үеэр хууль засч байгаа. Засагдаад ороод ирдэг уламжлалтай. Тухайн үед Ц.Нямдорж зассан байдаг юм. Мөнгө үзээгүй, "юм" үзээгүй хүмүүс төрийн эрх мэдлийг гартаа авахаар ийм л зүйл болж байгаа юм. Хуйвалдаж баг болоод ард түмнээ дээрэлхдэг, ядууруулдаг, хөдөлгөдөггүй. Өөрсдөө үе улиран сонгогдсоор байдаг. Яг л Хойд Солонгос шиг болчихлоо манай улс.

-Л.ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭДЭНЭ НАМАЙГ ЗӨВЛӨХӨӨРӨӨ АВЧИХВАЛ БИ МӨН Ч САЙХАН ЗӨВЛӨӨД ӨГӨХӨӨР БАЙНА-

-Нийгэм, улс төрийн асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж суудаг тань анзаарагдлаа?

-Уг нь улс төрөөс холдоод явсан. Нийгмийн амьдрал, улс төрийн нөхцөл байдал нүдэн дээр болохоо байлаа. Одооны энэ ажиллаж байгаа хүмүүс болохгүй байна. Ажил мэдэхгүй, төлөвлөхгүй байна. Хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл мэндэд гоц гойд анхаарах шаардлагатай. Ингэхийн тулд мэдээж хүнсний аюулгүй байдлыг нь анхаарах. Шинээр төрж буй болон бага насны хүүхдүүдийн хоолонд онцгой анхаармаар. Үүнийг ярьж тоож буй дарга алга. Хоёрдугаарт, залуучуудад ажлын байр бий болгох, орон сууцаар хангах асуудал. Залуучуудыг “гадаад руу гарахаа боль” гээд болиулчихдаг юм биш. Тэднийг эндээ үлдтэл цалин хангамжийг нь сайжруулж ажлын байр бэлдэж өгөх хэрэгтэй. Гуравдугаарт, залуучуудыг маш бага хүүтэй зээлийн орон сууцаар хангаж өгөх хэрэгтэй. Иргэдийг орон сууцжуулах нь төрийн үүрэг. Одоогийн залуучуудын салалт орон сууцнаас үүдэлтэй. Энэ нь хатуу ч гэсэн үнэн л дээ. Ийм зүйлсийг төр засаг нь харахгүй байна. Хийхгүй байна. Тоохгүй байна. Юунаас эхлэх ажлаа төлөвлөж мэдэхгүй байна.

-Залуусын ихэнх нь гадаад явж хар бор ажил хийгээд эндээ үлдсэн хэд нь насаараа байр машины төлөө хөдөлмөрлөж байна шүү дээ?

-Яг тийм. Тэд жаргал хөөж яваа юм биш. Надад ч гэсэн тийм бодол байсан. 1990-ээд оны эхээр гадагшаа гарвал хурдан мөнгөтэй болчих юм шиг сэтгэж байлаа. Гэхдээ тэр замыг сонгоогүй. Эндээ хөдөлмөрлөхөөр шийдэж үлдэх шийдвэр гаргаж байсан.

-Гарц шийдэл харагдах юм уу?

-Манай УИХ-ын дарга Швейцарь лугаа адил хөгжинө гэж ярихаа болиод Япон лугаа гэж ярьсан. Япон шиг хөгжье гэвэл бид өглөө 6:00 цаг ажилдаа явах хэрэгтэй. Жилд бид 16 баяр тэмдэглэж амарч байна шүү дээ. Үүнийгээ болимоор байгаа юм. Дани, Швед шиг байсан бол хамаа алга. Долоо хоногийн дөрвөн өдөрт нь ажиллаад байхад болох юм. Харамсалтай нь тийм биш. Хөгжилгүй, ард түмэн нь амьдрал нэхээд зовлонгоо тоочоод байгаа улс яалтай билээ. Монгол хүний уужуу тайван сэтгэл, хүлээцтэй байдлыг би одоо л ойлгож байна. Азийн орнуудын хүн амыг ийм ядуу буурай, хамаг зээл тусламжийг нь хулгайлаад идээд байвал аль хэдийн төрийн ордон руугаа дайраад бослого тэмцэл гаргачихсан байх байсан биз. Манайхан чинь үнэхээр тэвчээртэй улс юм аа. Аливаа зүйлд нухацтай төдийгүй хүлээцтэй ханддаг юм байна. Би түүнийг нь 60 гарсан хойноо ойлгож байна.

Би харин энэ одоо яригдаж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байна. Гэхдээ бүтэн эргэлт хийх хэрэгтэй байна. Одоо асар богино эргэлттэй богино хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй болмоор байгаа юм. Манай улсад санхүүгийн сахилга бат асар ихээр алдагдсан. 1996 оны өмч хувьчлалын үеэс ийм замбараагүй байдал үүссэн. ЖДҮХС-гийн зээлийн факт, Чингис болон Самурай бондын мөнгөний асуудлаас эхлээд асуудал зөндөө байна.

-Та “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг нь дэмжиж байгаагаа хэллээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэр ажиллаж байна вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийх гэж яриад зоригтой зүтгээд байгаа нь сайшаалтай. Энэ хүнд ерөөс буруу алга. Өөрөө яаж хийхээ мэдэхгүй байна. Би түрүүн хэлсэн, олигтой заагаад зөвлөөд хэлээд өгдөг хүн алга. Намайг зөвлөхөөрөө авчихвал би мөн ч сайхан зөвлөөд өгөхөөр байна. Надад албан тушаал, мөнгө төгрөгний хэрэг алга. Харин энэ улс эх орноо арай нэг өөр болгочихмоор санагдаад байгаа юм.

Зөвхөн одоогийн Ерөнхий сайд ч биш үе үеийн дарга нар нь ажлаа эрэмбэлж мэдэхгүй байсаар ирлээ. Энэ нь төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүд асар муу байгаагийн илрэл. Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын зөвлөхүүд муу байсан. Зөвлөх муу бол даргын ажил явахгүй. Яамдууд дээр ч мөн адил. Яамны ажлыг газар, хэлтсийн дарга нар танилцуулж байх ёстой байхгүй юу. Байхгүй. Гэтэл ганцхан сайд нь яриад байдаг. Тийм байгаа биз дээ. /инээв. Сурв/ Ерөөсөө л сайд нь юм хийж байгаа дүр үзүүлэх гээд л тэр шүү дээ.

-ЦӨӨН ХҮН АМТАЙ МОНГОЛД НЕФТИЙН ҮЙЛДВЭР АШИГГҮЙ ГЭДГИЙГ БИ 1998 ОНД БИЕЭРЭЭ МЭДЭРЧИХСЭН-

-Та хар залуугаасаа хөдөлмөрлөж ирсэн. Тэртээ 1990-ээд онд одоогийн барьж эхлүүлж буй нефтийн үйлдвэрийг эхлүүлээд үзчихсэн байх шүү. Энэ тухай яриа дэлгэвэл?

-Монголд үйлдвэр бариад ашиггүй гэдгийг 1998 онд Монгол нэг сая тонн нефть боловсруулах үйлдвэрийн төслийг Германыхантай хамтарч хэрэгжүүлж үзсэн. Нэг тэрбум ам.доллар болж байсан. Эцэст нь ямар ч ашиггүй гэдгийг мэдсэн хүн. Тухайн үед манай улс 400 мянган тонн нефть хэрэглэдэг л улс байлаа шүү дээ. Дизель, бензин нийлээд шүү. Ийм бага хэрэглээтэй улс эргээд ашгаа нөхөхгүй юм билээ. Тиймээс төр засаг нь ОХУ-аас худалдаж аваад иргэддээ тодорхой зохицуулалттайгаар хүргээд байж болох юм байна гэдгийг мэдсэн. УИХ-ын гишүүн байхдаа чуулганы индэр дээрээс мөн их ярьсан. Гэхдээ бүтээгүй.   

-Одоо манайх бариад эхэлчихсэн шүү дээ?

-Одоо манайхан нефтийн үйлдвэр барьж байна гээд байгаа юм. Дорнодоос нефть татна гээд байгаа. Бид очиж үзсэн. “Петро Чайна”-гийнхан “маш дор байна, асар өтгөн байна. Тиймээс маш их зардал гарч байна. Болдог бол бид танайд өгөөд өөрсдөө гарчихмаар байна. Нэгэнт хөрөнгө оруулчихсан учир арга буюу ингээд явж байна” гэж ярьж байсан л даа. Тийм өтгөн нефт 400 гаруй километр газар турбогоор хөөгдөөд ирнэ ч гэж байхгүй л дээ. Нефтийн үйлдвэрээ дагаад химийн үйлдвэр байж байх ёстой юм.

-Шууд утгаараа Монголд нефтийн үйлдвэр ашиггүй гэж хэлээд байна уу, та?

-Манайх шиг бага хэрэглээтэй улсад уг нь нефтийн үйлдвэр ашиггүй, дэмий юм. Энэтхэгээс зээлсэн нэг тэрбум ам.доллар хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Үлдэгдлийг нь хаанаас олж ирэх гээд байгаа юм. Одоо дөнгөж ажилчдын орон сууц барих процесс явагдаж байгаа. Цаана нь нефтийн үндсэн үйлдвэрийнхээ ганц модыг хатгаагүй байна шүү дээ. Зураг төслийг нь олж хараагүй байна. Барилаа гэхэд асар их цахилгаан, дулаан, ус зарцуулагдана. Тэр чинь хүнд үйлдвэр. Энгийн нэгэн оёдлын үйлдвэр яриагүйд байгаа юм биш. Би барихаас нь өмнө хэлээд ад болж байлаа. Чи юм хийх гэж байгаа хүмүүсийг шүүмжиллээ л гэдэг юм. Тооцоо судалгаа гэж зүйл бий. Тооцоогоор л хийнэ. Миний тооцооллоор 10 саяас дээш хүн амтай улс нефтийн үйлдвэртэй болох нь ашигтай. Ашигтай л зүйл хийх хэрэгтэй биз дээ. Миний таньдаг гадна дотнын бизнес эрхлэгчид ч тэгж ярьж байна лээ.

-Нефтийн үйлдвэртэй болчихвол иргэддээ хямд бензин хэрэглүүлчихнэ гээд зориод байгаа юм биш үү?

-Зардлаа нөхөхгүй юм чинь яаж тэгэх вэ дээ. Ашигтай гэдэг нь ард иргэддээ хямд бензин хэрэглүүлэхийг хэлээд байгаа юм. Түүнээс биш нефтийн үйлдвэр барьчхаад иргэддээ өндөр үнээр шахахыг ашигтай гэж хэлдэг юм биш. Тэрний оронд ОХУ-аас хямд үнээр авч ирээд өгчихвөл иргэдэд илүү хэрэгтэй. Монгол орны байгаль орчинд ч аюулгүй юм. Хүн ам өсөөд 10 саяд хүрчихвэл хүссэн хүсээгүй барих цаг нь ирнэ. Эсэргүүцэж байгаа юм биш. Энэ ажил манайд арай болоогүй байна гэдгийг л хэлэх гэсэн санаа. Цаг нь болохоор тухайн үеийн хүмүүс нь хийнэ гэдэг л санаа. Би 1998 онд хийх гэж үзээд болоогүй. Болох байсан бол би хийчих байсан юм шүү дээ. Тухайн үеийн германчууд “болохгүй юм байна” гээд инээж байсан. Их шогч улсууд байдаг шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин тэтгэвэр Н.Иш
Зочин тэтгэвэр Н.Иш

Ш. Сайхансамбуу Танд мэнд хүргэе. Чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ. Санаа сайн боловоос заяа сайн гэдэг . Төрийн томцуул санаа авмаар юм даа.

УНшигч
УНшигч

Ёстой сайхан дэлгэрэнгүй ярьжээ. энэ хүнийг арай өөрөө олж харлаа энэ ярилцлагыг уншаад. мундаг зөв бодолтой буурьтай суурьтай хүн байна амжилт

Зочин
Зочин

Улс орныг таны тэр Отгонбаатар лав сайхан бболгохгүй

Зочин
Зочин

Нарантуул захаа схн болгочихоод дараа нь

зочин
зочин

Нарантуул захаа жишигт хүргэх шүү дээ. өчнөөн түрээслэгчид гадаа гандаж, бөөр нурууны өвчтэй болсон. хямд түрээс эрүүл мэндийг н зольсон. юун улс орон бэ.

Иргэн
Иргэн

Захаа л хотоос гаргаж улс орондоо тус болж үз.

зочин
зочин

Отгонбаатарт хагас тэрбумаас илүүг зарлагдаж өгсөн гэдгийг чинь мэднэ ш дээ

Зочин
Зочин

Бурхан гэж таныг таньдаг мэддэг хүмүүс бүү уншиг!!!

ҮНЭН
ҮНЭН

САЙХАНСАМБУУ ЧИ БОЛ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ӨӨР ЧИ ХЭН Ч БИШ

ҮНЭН
ҮНЭН

ГАХАЙ

Зочин
Зочин

Сайхансамбуу баян хөөн

Зочин
Зочин

Uzel sanaandaa unench ywsan ch Uil hereg ni butsengui

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үйл хэрэг нь бүтээгүй маш олон хүн байдаг юм С Зориг Дашб�##�бар О Энхсайхан… Д Бямбасүрэн Х Баттулга…гээд олондоо олон

Зочин
Зочин

Ард түмэнээс баяжаа бз дээ хэнд гайхуулаад бгаа шаар вэ

Зочин
Зочин

Хэдэн наймаачдаа сороол хэвтэж бай

Зочин
Зочин

Уг нь сайн хүн байх өөө

Зочин
Зочин

Захаа янзлаач, заваан газар, хотоос гарга

Зочин
Зочин

Эх орон элгэн түмнээ бодох нь зөв шүү. Одоо юу дутуу гэхэв. 100о наслахгүйгээс хойш. Дурсах �##�дараа босго

Зочин
Зочин

Хэний мөнгөөр баяжичхаад хэнд гайхуулаад бгаа юм бэ бас л нэг худ�##�аа махан толгой

ЗочинТ
ЗочинТ
Reply to  Зочин

НАРАНТУУЛ ЗАХАА АРАЙ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БОЛГО. ТҮРЭЭСИЙН МӨНГӨӨР ЦҮДИЙСЭН. ОДОО ТЭНД ЯМАР Ч ЗАРДАЛ ГАРАХГҮЙ ТУЛ ТҮРЭЭСИЙГ 50 ХУВЬ БУУРУУЛСАН Ч ЧАМД АСАР ИХ АШИГТАЙ. ДУЛААН ЦАХИЛГААН, БУСАД УС МЭТ ЕРӨӨСӨӨ ЗАРДАЛГҮЙ ХҮМҮҮС ХЭДЭН ВАНДАН ЛАНГУУН ДЭЭР Л ГАДАА ГАНДАЖ ХӨДӨӨ ХӨХӨРЧ НАЙМАА ХИЙЖ БУЙ. ИЧЭЭЧ САМБУУ ЧИ

Зочин
Зочин

улс орон яахав дээ чам шиг хөгшчүүлээр дутаагүй харин захаа гадагш гаргаад үеийн болгож туслаж үз

Их мянган засагтханы хөх хар
Их мянган засагтханы хөх хар

Ингэж б�##�айрч байхаар Завханыханыг хульхадсан уучл�##�аа гуй

Зочин
Зочин

Zahaa Harhorin zah shig bolgo Hogonsambuu

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэд олигтой зөвлөх байхгүй ээ. Учраа ч мэлэхгүй хэдэн айлгүйтсэн охид л өрөө саваар нь байнга гүйлдээстэй. Санаа байвч сачий гэгчээр толгой нь дутах, туршлага нь дутах гэж нэг юм байна

Зочин
Зочин

Хуцваа чи

zochin
zochin

eostoi zuv yarij bna taniig demjdeg shv

Зочин
Зочин

Эр хүн өөрийгөө голдоггүй гэдгийг энэ нөхөр харууллаа. Бас их эрээ их юм ярих, хэлэх авч жинхэнэ ёсоор хийх ямар юм болдоо??? Ерөнхий сайдын зөвлөхийг баараггүй гял�##�зуулна гэвүү? юу хэлэв? буруу ойлгоогүй бол... Энэ хүн ямар мэргэжилтэй, хаана ямар �##�ба хашиж байсан юм бол? Хэрэв ЕС-ын зөвлөх хийх хүсэлтэй бол CV-гээ олон нийтэд танилцуулж дэмжлэг авах нь чух�##�!!!!!!!!!!!!!!!!!! Таны CV-г мэдээд ЕС-ын зөвлөхөд дэмжиж болох юм.

Zochin
Zochin

Маснай баячууд гэгдэх Сайхансамбуу, Буянгийн Жарг�##�сайхан, сахaл Эрдэнэбилэг гээд хүмүүс нэх хогийн царайтай. Эд нар мөнгөгүй бол өвгөнтийнхнөөс ялгаагүй л харагдана. Тийм ч учраас эцэс төгсгөлгүй шунaлтай байдаг байх. Хэрэв хэвийн царай зүстэй байсан бол ингэж их шунaлтахгүй. Хүн нэг дутагдлаар нөгөө тaлыгаа нөхөн гэж оролддог болтой.

Зочин
Зочин

Энэ тэнэг махан толгойт �######� аа

зочин
зочин

Сайхансамбуу гэж нэг зөнөгөвгөн дээр нь улс төрөөр солиорч байгаа бололтой шүү.Оюунсогоо өвгөнөө сэтгэцийн эмчид үзүүл .Энэ өвгөнөөс олигтой юу гарна гэж төрд санаархана вэ

Зочин
Зочин

хөгшин өвөгн минь таны мэдлэг одоо хүрэхгүй дэлхий монгол өөр болж байна хөгшчүүл саад болохгүй дуугай л бай

Зочин
Зочин

Захынхаа учираа олоогүй байж засгийн газрын учрыг олно л гэж л лав байхгүй. Хэнд ч ойлгомжтрй

Иргэн
Иргэн

Үнэхээр сэтгэл ханасан бол хөрангө оруул�##�таа хурдан нөхөх ямар ч шаардлагагүй . Заав�##� бараа таваарын үнэ нэмэгдэх бүр ч шаардлагагүй. Түрээсээ хямдхан байлгаад урт хугацаанд хөрөнгө оруул�##�таа нөхөж болно. Ер нь одоогийн энэ замын түгжрэлтэй нөхцөлд захаа хотоос гаргаад оронд нь сургууль цэцэрлэгтэй, замтай, зогсоол сайтай хороолол барьсан нь дээргүй юу?

Авид
Авид

Ajil hiij sursan hun ee sonsoh heregtei. manai mongold ajliin дөртэй хүн цөөрсөөр ,,,,

Холбоотой мэдээ

Back to top button