
Түүний хувьд анхны цомгоо гаргах, удахгүй болох тоглолтдоо бэлтгэх гээд завгүй өдөр хоногууд өнгөрч байна. Тэр яагаад ч юм бусдыг татдаг, дуулахаараа бас зүгээр л байгаа байдлаараа. Магадгүй тэр таны хувьд эчнээ танигдсан дуучин биш байх. Тэр өөрөө ч “Намайг битгий дуучин гэж бичээрэй” хэмээсэн юм. Гэхдээ их сайн дуучин.
Ярилцлага товлочихсныхоо дараа түүнийг Христэд итгэгч гэж мэдсэн юм. Энэ сэдвийг нэг бол ор асуухгүй өнгөрөх, эсвэл бүр төвлөрч яриулмаар хоёр сонголт байв. Тэгээд ингэж шийдсэн. Учир нь түүний өөрийгөө олсон, эрх чөлөө рүү ниссэн гэмээр энэ төрх нь магадгүй үүнтэй холбоотой байх ч юм бил үү.
Дуучин биш, зүгээр л Э.Ануударь ярьж байна.
-МИНИЙ АМЬДРАЛЫГ ХАРАХ ӨНЦГИЙГ БАРЬЖ, БАЙГУУЛСАН-
-Та Христэд итгэгч юм билээ л дээ. Надад их сонин, шинэ мэдээлэл болж туссан. Хэзээнээс энэ итгэл үнэмшил бий болсон юм бэ?
-ЕБС-ийн долдугаар ангид байсан байх аа.
Би Дарханы хүүхэд л дээ. Тэр үед авга эгч маань Дарханд амьдрахаар америк, австрали багш нарын хамт ирсэн юм. Ирээд тэд долоо хоног бүр англи хэлний хичээл зааж эхэлсэн. Христэд итгэгчид юм. Би явдаг боллоо, хичээл дээр их л гоё гоё амттан иддэг байснаа санаж байна. Очих дуртай. Христэд итгэдэг хүмүүс ч гэлээ англи хэл сурах нь надад чухал учир аав, ээж хоёр ч дуртай хүлээж авдаг байсан. Уйгагүй явсаан. Нэг жил хагас өнгөрсний дараа чих “онгойж”, англи үгс “барьж авдаг” болоод ирлээ. Яг юу ярьж байгааг нь ойлгож эхэлсэн гэсэн үг.
Тэр нэг оройг санадаг юм. Дархан аймаар шуурдаг газар ш дээ. Яг лхагва гарагт, сургуулиа тараад гэртээ иртэл нэлээд шуурч байна аа. Тог тасраад л, урдах зам үзэгдэхтэй үгүйтэй. Англи хэлний хичээлдээ “Явах уу, яах уу. Хүн байгаа болов уу” гэж бодож байгаад явахаар шийдэж, гарлаа. Майкл Жексоны, шуурганд тэсэж зогсдог нэг клип байдаг даа. Яг түүн шиг, ардаас салхи хүчтэй шуураад, би хойш налаад тогтож байснаа санадаг юм. Ингэж шуурганаар яваад иртэл ганц Дэнис ах л сууж байсан. Бид хоёр нэлээд яриа дэлгэв. Төгсгөлд нь тэр Библийн нэг эшлэлийг гэртээ очоод уншиж үзээрэй гэж захисан.
Би айлын бага л даа. Дээрээ нэг ахтай. Ах дунд сургуульдаа дотуур байранд амьдардаг байсан болохоор яагаад ч юм би их ганцаарддаг... Надад тусламж хэрэгтэй байсан. Тухайн үед аав ээж, гэр бүлийн амьдралд ч тодорхой нэг асуудал байсан. Ямар нэг тусламж ирдэггүй юм байх даа, бурхан гэж байдаг бол сонсдоггүй юм байх даа гэж боддог байсан.
Яг тэр үед Дэнис ахын уншаарай гэж захисан эшлэл надад маш хүчтэй хүрсэн. Есүс яагаад цовдлуулж байгаа тухай өгүүлдэг хэсэг л дээ. “Миний хайгаад байгаа туслагч чинь энэ юм биш үү” гэж бодсон. Шууд 100 хувь итгэж эхлээгүй ч би тэр үед итгээд үзэх шийдвэр гаргаж байлаа. Энэ миний амьдралыг харах өнцгийг, намайг барьж, байгуулсан.

-Та өөртөө их эрх чөлөөг олж, бий болгосон, өөрийнхөөрөө юм шиг мөртлөө бас нэлээд хэрсүүжсэн хүн шиг харагддаг юм. Гол нөлөөлөл нь Христэд итгэсэн явдал юм шиг санагдсан хэрэг л дээ. Тэр учрал таны амьдралын эгзэгтэй мөчид таарчээ дээ. Христ танд яг юу өгсөн бол?
-Зөв ойлгуулахын тулд өмнө нь би ямар хүн байсан тухайгаа ярих хэрэгтэй юм шиг байна.
Би өөртөө итгэлгүй хүүхэд байсан. Сонголт хийж чаддаггүй. Худалч хүнд миний дотуур өмдийг хүртэл аав, ээж хоёр сонгож өгдөг байсан. Айлын бага учраас тэгж их хайрладаг. Энэ бүр нь явж явж “Би буруу сонголт хийдэг юм байна. Би хангалттай биш юм байна. Би ер нь биеэ өөрөө авч явж чадахгүй юм шиг байна” гэсэн мэдрэмж төрүүлдэг болсон. Бас яг тэр үед би хүрээлэл дундаа ялгаварлан гадуурхалт амссан л даа. Энэ надад эмэгтэй найзтай болох, бүр цаашлаад өөрөө охинтой боллоо гэхэд “Яах билээ, би чинь” гэж бодмоор том шарх үлдээсэн. Тэр дунд өөрийгөө таньж мэдэхэд Христ тусалсан. Би чинь бүтээл юм байна. Би энэ орчлон ертөнцийг бүтээсэн бүтээгчийн бүтээл юм байна. Тэр бурхан намайг юм уу, чамайг аврахын тулд өөртөө байсан ганц хүүгээ зольж л дээ. Миний үзэн ядаад байгаа тэр баачкаг хүртэл ингэж аварсан. Ингэж бодоод ирэхээр миний харах өнцөг аймаар өөрчлөгдсөн.
Өөртөө итгэх итгэл гэдэг нь “Би алаад өгнө өө” гэсэн итгэл биш юм байна. Харин өөрийгөө хэн гэдгийг мэдэх л асуудал байж. Тэгэнгүүт өөрийгөө хэн нэгнээс дөвийлгөж бодох хандлага байхгүй болчихдог юм билээ л дээ. Бас Христтэй тогтмол, амьд харилцаатай явсан минь ч үүнд нөлөөлсөн. Асуудал тохиолдонгуут л очоод залбирдаг биш. Өглөө босоод л асуудаг, залбирдаг, ярилцдаг байсаар ирсэн. Зарим гуйлт, хүсэл минь залбирлын дараа бодит болон биелж байгааг би яах ч аргагүй хараад байсан. Бусад хүмүүс итгэхгүй байж болно, хараагүй юм чинь. Би бол хардаг, тэгэхээр итгэдэг.
-Ер хүмүүсийн хувьд утгагүй эгогоо дарж, элдэв амжилт гэж сагсуурахгүйгээр өөрийгөө л ойлгож, энгийнших тэр төлөвшил хамгийн чухал шиг санагддаг юм. Харин та эндээс яг үүнийг олж авсан юм шиг. Гэснээс, хүүхдээ гаргаад та юу мэдэрсэн бэ?
-Би хоёр хүүхэдтэй. Том нь зургаа, бага нь гурван настай. Чамд уйтгартай байж магадгүй. Гэхдээ би юу мэдэрснээ шударгаар ярья л даа.
Юу мэдэрсэн гэхээр, бурхны агуу том хайрыг яг биеэр ухамсарласан. Бас өнгөрсөнд хийсэн зарим үйлдэл, зарим зан чанартаа ичих болсон. Өөрийн эрхгүй би жижгэрч байгаа байхгүй юу. Ямар ч буруугүй, гэнэн цагаахан хүүхдүүдийнхээ дэргэд хүний гэмт чанараараа би уурлах, стрессдэх зэрэг муу үйлдэл хийж, тэднийг өвтгөөд байсан.
Хүмүүс намайг nice л гэж хардаг. Бусдад ч байдаг муухай зан чанар надад ч бас бийг харахгүй байгаа юм л даа. Гэтэл би тэрийг хүүхдүүддээ, гэр бүл дотроо гаргаад байсан. Хэн ч намайг харахгүй, эсвэл зөвхөн бурхан харж байгаа газарт. Муухай зүйлсийг. Эхэндээ би муухай зан чанараа хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан юм. Хүүхэдтэй болохоосоо өмнө гэсэн үг шүү дээ. “Чөтгөрийн бясалгал” дуу маань яг үүнийг илэрхийлж чадсан. Ямар ч сайн хүн дотроо чөтгөртэй. Ямар ч муу хүнд хүний мөс байгаа. Нөгөө талд надад дуртай байгаа хүмүүсийн дунд өсөж байгаа эго маань яг энэ үед нам нурж унаж байгаа юм л даа. Би чинь нээрээ л ийм ш дээ гэж буцаад газардаж, байрандаа орж эхэлсэн гэх юм уу.
-Эргээд өөрийнхөө аав, ээжтэй харилцах харилцаанд нь өөрчлөлт орсон уу?
-Тийм ээ.
-Хуучнаасаа арай өөрөөр хардаг болох ч юм уу?
-Тийм. Зөв үгүйг нь мэдэхгүй ч би аягүй нээлттэй ярих гээд байна аа. Яагаад гэвэл их хувийн асуудал ш дээ, тэ. Гэхдээ би нээлтэй ярих гээд байна.
Би аав, ээж хоёроо маш их хүндэлдэг байсан. Харин өсвөр насандаа буруутгасан. Христэд итгэснийхээ дараа өрөвдсөн. Одоо би маш их хайрлаж байна. Хэрэв би буруутгасан хэвээр байсан бол одоо их өөр хүн байх байсан болов уу... Тэднийг юун дундуур туучсаныг мэдэрч чадахгүй байсан юм шиг. Өөрөө ээж болсныхоо дараа мэдэрсэн ч дэндүү оройтчихсон байх байсан байж магадгүй. Харилцаа нэгэнт дэндүү холдчихсон... Хэлж мэдэхгүй байна л даа.

-ДУУ ЕРӨӨС МИНИЙ ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ХЭЛ БОЛЧХОЖ-
-Христ бас идэвхтэй дуулж эхлэхэд тань нөлөөлсөн, тэ?
-Ммхн.
-“Дуулах бол миний амьдралын гол утга учир, миний хамгийн сайхан мэдрэмж авдаг зүйл” гэж ч юм уу, хүмүүс ярих байх л даа. Яг үнэнийг хэлэхэд, таны хувьд дуулах гэдэг яг юу вэ. Амьдралынх нь ямар хэсгийг эзэлдэг вэ?
-Наадах чинь хамгийн хүнд асуулт байна /Инээв, Сурв/.
Би өсвөр насандаа япон дууны тэмцээнд ороод, түүнээс хойш дуулж эхэлсэн юм. “Дуулж чадах юм байна” гэдгээ тэгж олж мэдсэн. Дараа нь сүмд явахдаа долоо хоног бүр магтан дуу дуулдаг болсон. Магтан дуу гэдэг: Хэн нэгэнд хэлэх гээд л чадахгүй байгаа тэр үгийг минь аян дээр дэвсээд, амаар дуулуулж гаргадаг зүйл. Тэр илүү гүн гүнзгий. Дагаад хэдий би зовлонтой амьдарч байлаа ч “Ямар гайхамшигтай агуу амьдралаар би амьдарч байна вэ” гэсэн бодол урсдаг. Учир нь тэнд бусад хүмүүсийн туулсан амьдрал, мэдэрсэн мэдрэмжийг шингээчихсэн учраас би дуулж байхдаа тэр бүгдийг өөртөө буулгаж, мэдэрч чаддаг.
Долоо хоног бүр сонголтгүй очиж дуулах энэ байнгын давтамж ч бас их нөлөөлсөн. Тэгээд одоо дуу гэж юу вэ. Дуу бол дуу /Инээв, Сурв/. Чамайг асуусан чинь саналаа. Саяхан би коронавирус тусаад, эдгэсэн байхгүй юу. Эдгээд долоо хоноогүй байхдаа студид дуу бичүүлэх гэж оролдсон юм. Хоолойны хөвч үрэвссэн байсныг мэдэлгүй хүчлээд дуулчихсан чинь хоолой гарахаа байчихсан. Тав хоног, дуулах битгий хэл ярьж ч чадахгүй, авиа гаргаж чадахгүй болсон. Тэгээд яг дуу гэж юу юм гэдгийг мэдсэн юм байна. Миний хийх дуртай зүйл юм байна. Тэр байхгүй болсон чинь аягүй олон юм руу хазайх шахсан. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж байгаа ч юм шиг, дуулахаа больчихвол хүмүүс намайг хайрлахаа больчих ч юм шиг. Ингэснээ, үгүй ш дээ. Дуулахгүй байсан ч чи чи хэвээрээ ш дээ гэж бодоод л, савлаад л.
Ингэж явсаар, энэ ерөөс миний хэл болчхож гэж ойлгосон. Хүн ярьж чадахаа больчихвол өөрийгөө илэрхийлж чадахаа болино шүү дээ. Хүн бүрд өөрийгөө ямар нэгэн аргаар илэрхийлэх хэрэгцээ байдаг тул авьяас билиг өгөгддөг байж магадгүй. Бичдэг ч юм уу, ая зохиодог ч юм уу, эсвэл сайхан хоол хийдэг ч юм уу. Минийх болохоор дуулах юм шиг байна.
-Цомог, тоглолтын бэлтгэл ажил гээд л бужигнаж буй энэ үед таныг сонсох гэсэн олон, олон хүн байгааг хараад яаж хүлээж авсан бэ?
-...Гоё л санагдсан.
-Мэдрэмж нь хэр хүчтэй байв. Эргэлзүүлэх хэмжээнд үү?
-Би үүнийг гүн гүнзгий бодож байгаагүй юм байна. Яг нэг моментод л “Хөөх, намайг олон хүн сонсох гээд хүлээдэг болчхож” гэж бодсон. Эхэндээ миний коверууд зүгээр л хүрээлэлдээ чөлөөтэй оршиж, маазарч байх хэмжээнд хийгдэж, тэгж ханаж байлаа шүү дээ. Гэтэл одоо үзэх, сонсох олон хүний мэдрэх мэдрэмжийг бодолцох шаардлагатай болж байна. Хүмүүсийн хүлээлтийг мэдсэн чинь жаахан дарамттай. Нэг талаараа. Анх удаа жаахан дарамт мэдэрсэн.
-Үүгээрээ жаахан ялгаатай?
-Тийм. Өмнө нь ер мэдэрч байгаагүй мэдрэмж. Тоглолтод хүмүүс ирээд сууна, зогсоно. Тэдэнд яавал, ямар орчин бүрдүүлбэл тухтай байх бол ч гэдэг юм уу, их бодож байна. Гэхдээ яг дуун дээрээ бол “Хүмүүст гоё сонсогдоосой” гэж хандахгүй байгаа л даа. Яг цэвэр миний мэдрэмж явах ёстой. Тэгээд хүмүүс яаж хүлээж авах нь тусдаа асуудал.
-Яг дуулах тухайдаа таныг ингэж хэлээсэй гэж бодож байлаа. Хэн нэгэнд таалагдах гэж биш, зүгээр л дуулж байгаад тань олон хүн татагдаж байна. Яагаад ч юм, хүн бүрийн дотор байдаг, эсвэл хаа нэгтээгээс сонсохыг, харахыг хүссэн хүн танаас харагддаг байх л даа.
-Тийм үү.
-Нэг тийм аяндаа л татах увдистай байгаад байгаа юм аа. Хоолойны хүчин чадал энэ тэр тийм өргөн хүрээнд...
-Суга ш дээ. /Суга руугаа зааж үзүүлээд инээв, Сурв/.
-Зүгээр л дуулж байгаа нь хүмүүст эрх чөлөө мэдрүүлээд байгаа. Ер нь “Миний дуулж байгаагаас хүмүүс юу мэдрээд байгаа юм бол” гэж бодож байсан уу?
-Нэг удаа бодсон. Бодоод л өнгөрсөн. Хүмүүс намайг нэг их тодорхойлж хэлээд байдаггүй юм. Миний итгэдгээр, би бусадтай л адил энгийн хүн. Үүнийг би байнга санаж явдаг.

-Илүү дайчилбал илүү их юмаа гаргамаар, чадмаар тийм нуугдмал хүсэл төрдөг үү?
-Үгүй ээ. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч, дуулж байхдаа аймаар их хичээхийг хүсдэггүй. Амьдрал дээр бол өөр л дөө. Хосын харилцааны төлөө, хүүхдүүдийнхээ төлөө хичээх. Энэ өөр, би хийчихдэг юм. Амархан. Харин яг дуулах, ая хийх үед байж болох хамгийн “эмо” дээрээ тавиад, хэнээс ч хамааралгүй, өөрийгөө ер дайчлахгүй байхыг хүсдэг. Орж ирсэн анхны мэдрэмжээрээ л. Тэгж хийхийг хүсдэг. Гүн ороод, гүн ажиллах тусмаа анхны үнэн юмнаасаа хувирч, өөрчлөгдөх гээд байгаа юм шиг санагддаг. Үүнээс болгоомжилдог байж магадгүй.
-Дуулахаас бусад үед яг өөрийнхөөрөө байж чаддаг уу?
-... Тийм, чаддаг байх аа. Чаддаг.
-ДОХИО ИРЭХ Л ЮМ БОЛ ТАТАЖ ЗОГСООЖ БАЙГААД ЗААВАЛ ХЭЛНЭ-
-Бусдад хийж, хамгийн их кайф авсан, аз жаргал мэдэрсэн зүйл юу байдаг вэ?
-Кайф авч байсан уу.
-Кайф авах гэхээр аягүй аминч сонсогдоод байна л даа. Бусдад өгсөн сайхан зүйлс. Хааяа бодож сэтгэл дүүрдэг?
-Нөхөртөө гаргаж өгсөн хоёр хүүхэд минь л байна даа. Хэ хэ, нөхөртөө гаргаж өгсөн гэж мэдээж болохгүй л дээ, тоглоомоор хэлэхэд л тэр. Тэр хоёр минь бурхнаас ирүүлсэн бэлэг шүү дээ. “Хөөх, би чинь хоёр хүүхэд гаргачхаж” гээд бодохоор гоё санагддаг. Тийм амархан бас байгаагүй.
-Тэгвэл, хийж бүтээх гэдэг агуулгыг яаж харж явдаг вэ. Хүн өөртөө үүрэг хүлээдэг ш дээ. “Энэ үзэл баримтлалаа алдахгүй явж, ийм юм бүтээнэ дээ” гэж?
-Яг үнэнийг хэлэхэд, хэзээ ч надад дарагддаггүй нэг хүсэл байдаг. Тэр нь: Намайг өөрчилсөн, босгосон итгэл үнэмшлийг бусдад ярьж өгөх. Бурхны ивээлээр, азаар итгэл үнэмшил маань ганхашгүй нэг газар очоод зогссон. Тэр нь миний амьдралыг босгосон, намайг, миний эргэн тойрны хүмүүсийг сайнаар өөрчилсөн. Өөр хэн нэгэнд үүнийгээ хэлэх юм сан гэж боддог. Тэр хүн итгэнэ үү, байна уу хамаагүй л дээ. “Миний амьдралд ингэж нөлөөлсөн шүү. Өөрчлөгдсөн. Хүн болгонд зориулсан төлөвлөгөө байдаг юм байна, чи итгэх үү. Хүсвэл би чамд тусалъя”. Энэ хүслээ би хаана ч, хэзээ ч дарж чаддаггүй. Хэзээ ч бас үүнээсээ ичихгүй. Энэ надад муу зүйл өгөөгүй, тэр хүнд ч муу юм болохгүй гэдгийг баттай мэдэж байна. Яагаад хэн нэгнээс нуух ёстой гэж. Харин ч хэлэхгүй өнгөрчихвөл надад гэмтэй санагддаг. Хэлэхгүй өнгөрчихсөн хоёр тохиолдол надад бий л дээ...
“Хэлэх хэрэгтэй” гэсэн дохио яг ирдэг юм аа. Сайн хэлж чадаагүй өнгөрчихсөн юм... Тэр хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэр үед хэлчихгүй яав аа гэсэн харамсал төрж байсан. Түүнээс хойш надад дохио ирэх л юм бол “Байж байгаарай” гэж татаж зогсоогоод, заавал хэлдэг, ярилцдаг.
-Агуулга нь үүнд хамгийн дөхөж очсон нь цомогт багтсан дуунуудын аль вэ. Хамгийн үнэ цэнтэй агуулгатай дуу нь аль вэ гэсэн асуулт юм л даа?
-Цомогт орж байгаа найман дууны долоо нь Ч.Ганжавхлан ахын үг. Жавхаа ахын аливааг харах өнцөг нь зарим үед минийхтэй яг таардаг. Хүн сонсоход хөнгөхөн мэдрэмж өгөөд л өнгөрөхөөр хэдий ч ганцаараа байхдаа, агуулгыг нь анхаарч хандвал их өөр. Хамгийн гүн мессежтэй нь “Чөтгөрийн бясалгал”. Бид дахиад шинэ найруулга хийж байгаа. Онлайнд тавигдахаар нь сонсож үзээрэй. Үүнээс хүн яг өөрийгөө олж харах байх.
Мөн миний итгэл үнэмшлийг үнэнээр нь илэрхийлсэн, “Үнэн” гэдэг дуу бий. Энэ цомогт ороогүй л дээ. Энэ бол цэвэр миний итгэл үнэмшил. Бичигдсэн үе нь ч их сонирхолтой. Яг нэг орой нөхөр гараад явчихсан, хүүхдүүдээ унтуулчхаад байж байхдаа бичсэн. Миний хувьд хэцүү, хүнд үе байсан. Нэг шийдвэр гаргачихсан, түүндээ баттай зогсож чадахгүй байсан үе. Дахилт хэсгийнх нь үг шууд орж ирээд л. Гитараа аваад цохиод үзтэл ая нь ч орж ирсэн. Ингээд эхнээс нь авхуулаад бичсэн, би ганц ч баллуурдаагүй, засаагүй. Бичиж дуусаад гитартайгаа эхнээс нь дуулсан, ганцхан цагийн дотор энэ дуу бүтчихсэн. Нөхөр маань ч орж ирсэн. Дуулж өгөөд л. Тэр мөч их онцгой байсан. Би үг бичихдээ муу байхгүй юу. Жавхаа ах үгээ биччихээд “Үз дээ” гээд шиддэг, би ая хийдэг л байсан.
-Ч.Ганжавхлан та хоёр анх яаж танилцсан юм бэ?
-Жавхаа анх “Дөрвөн урилга” гэдэг нэвтрүүлэг хөтөлдөг байсан даа. Дөрвөн хөтлөгчтэй, тус бүр өөр хүмүүст урилга өгөөд, хамтдаа ярилцдаг нэвтрүүлэг. Нэг хөтлөгчөөр нь ажиллаж байсан Ари нь миний хуурай эгч юм. Тэр маань намайг ирж дуулаач гэж нэвтрүүлэгтээ урьсан. Би оролцоод, дуулаад, жаахан юм яриад өнгөрсөн л дөө. Гэтэл дараа нь Жавхаа ах над руу бичээд. “Надад камер байна, хоёулаа нэг ковэр хийе” гэж хандсан. Би “Тэгье” гээд л гэрт нь яваад оччихсон. Дөрөвдүгээр курсийн оюутан байсан байх аа.
Шууд ганцаараа гэрт нь ирээд л, өрөө рүү нь ороод л дуугаа бичиж эхэлсэн. Юун айж ичих. Тэр нь ч зөв, тэгэх ямар ч шаардлага байгаагүй л дээ. Түүнээс хойш хааяа төлөвлөж, хааяа огт төлөвлөлгүй гэрт нь ордог, дуулдаг, бичлэг хийдэг болсон. Миний дуу хөгжимтэй холбогдож, өөрөө дуу хийхэд маш том нөлөөлөл болсон хүн бол яах ч аргагүй Жавхаа ах.
-Та хүрээллээсээ их аз жаргал мэдэрдэг байх аа. Ганцаараа биш, бусад хүмүүс дунд эморч чаддаг, тэр нь сайхан байдаг гэхээр нь би их гайхсан. Хүрээлэл нь их гоё байна даа гэж бодсон?
-Яг зөв шүү. Гэхдээ яг ганцаараа байгаа юм шиг байлгаж чаддаг хүмүүстэй чи байж чадах уу.
-Чадна.
-Яг тийм. Ганцаараа байгаа юм шиг байж болдог, тэдэнтэй. Ийм хэрэгцээ хүн бүрд байдаг шиг. Гэхдээ эморно гэдэг чинь анх их эвгүй, сөрөг агуулгатай гарч ирсэн дээ. Одоо бол утга нь өөрчлөгдчихсөн бололтой, минийхээр.

-Ойрд очоогүй, нандин дурсамжууд хадгалсан газартаа нэг чөлөө гаргаж очих шиг мэдрэмж л юм уу даа.
-Тийм шүү.
-Хүрээлэл гэснээс, хүрээллээс нь гаднах Монголын нийгэм яг дунд нь амьдрахад хэр тав тухтай санагддаг вэ?
-Яг 50, 50 хувь. Ер нь хаана ч байсан хүн амьдаръя л гэвэл зүрх сэтгэл дотроо аргаа олчихдог юм биш үү. Нөхөр бид хоёр Монголдоо амьдрах хэрэгтэй гэсэн үзэл бодолд нэгддэг. Заримдаа далд орчихмоор санагддаг ч гэсэн нөгөө сайхан хүмүүс, хүрээлэл маань, хүүхдүүд маань байгаа учраас зүгээр ээ.
Ер нь тухтай орчин хайхаас илүү бүрдүүлж, бүтээвэл та явсан ч өөр хэн нэгэн тэнд ирнэ. Энэ илүү надад дээр сонголт шиг санагддаг. Дуугаар байна уу, хоол хийгээд ч байна уу, ямар нэг байдлаар тухтай орчинг өөрөө өөртөө бүрдүүлэх. Аав ээж хоёрын ах бид хоёрт зааж өгсөн том үлгэрлэл нь хаана ч очсон өөртөө тухтай амьдрах дадал юм уу даа. Цэвэрхэн цэмцгэр гэсэн үг биш шүү, өөртөө тухтай. Яг үүн шиг Монголдоо, “гэр”-тээ гоё тухтай амьдарч болно шүү дээ.
-“Гэрийнхэн”-дээ та ямар үгийг сэтгэлийн гүнээсээ хэлмээр санагддаг вэ. Хүн бүрийн чихэнд нь очиж шивнэмээр үг?
-Сэтгэлийн гүнээс ээ? Би их гүехэн сэтгэлтэй хүн ш дээ /Инээв, Сурв/.
-Сүүлийн асуулт юм шүү. Агуулгаа бусад руу ингэж чиглүүлээд дуусгаюу гэж бодоод?
-“Итгэл, найдвар, хайр гурав үлддэг. Гэхдээ хамгийн агуу нь хайр”. Би яг үүнийг бодитоор амссан. Зүрх сэтгэл хоосорч, юу ч үгүй үлдсэн үе надад байсан. Гэхдээ итгэл, найдвар байгаа юм шиг санагдсан. Яг үнэндээ найдвар байхгүй, итгэх ч хүнгүй байсан л даа. Юу үлдсэн гэхээр хайр. Хайрласан, найдвар төрсөн, итгэл бий болсон. Тэгэхээр хэзээ ч ганхахгүй үлддэг зүйл бол хайр байх.
-Ярилцлага маань хайр дээр очоод дууссан нь их сайхан байна. Хүмүүсийг хайрын тухай гүнзгий бодож үзээсэй гэж би хүсдэг юм.
-Баярлалаа. Би ч анх удаа ийм гүн гүнзгий ярилцлага өгч үзлээ.
-Жаахан хүнд эхлүүлчхэв үү дээ гэж бодож байна, уучлаарай.
-Үгүй, үгүй. Надад таалагдаж байна. Итгэл үнэмшлийг минь асуугаасай гэж би их боддог юм. Яагаад ч юм хүмүүс энэ сэдвээс их жийрхдэг. Нөгөө л Есүс үү гэдэг ч юм уу, залхуутай сэдэв шиг хүлээж авдаг л даа. Харин тэгэлгүй, сонирхож асуусан нь надад гоё байлаа.
Одоо та “Чөтгөрийн бясалгал”-ыг сонсоорой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Христийнхэн иймэрхүү л юм ярьдаг юм даа.
goy cover hiideg shuu
gitar goy togldog ym bn
ulam ih hicheegeerei amjilt husiy
goy hooloitoi ym aaa
chotgoriin bysalgal duug bainga sonsdog bolsoon.
ger buleeree togloltondeer n ochij demjnee
Ганжавхлан Христ юм бнөө.
Энэний дууг байнга шүтэгч нь гээд л бсн.
З�##�уучуудыг бүгдийг нь ухаантай, туслагчийн дүр үзүүлж христүүд болгож гадны гар хөлүүдээ амжилттай бэлдэж бн даа
З�##�уучууд тархи толгойгүй юу, Өөрсдийн гэсэн үзэл бодолгүй юу? Хүний л эрх. Есүс шүтдэг гэхээр л муу юм боддог утгагүй явцуу үзэлээсээ с�##�аач
Alivaa uymig too hemjeetei barij bh heregtei Tor,osvor nasniihnig 1-2 jileer Amerikt soliltsoogoor surgadag hurtel tsaanaa uchirtai shu..
Itgel gedeg zuil bol mash chihal sanagddag, Anu gedeg hunii end hiisen yriltslagiig unshaad Christ itgeliig bodit zuil gedgiig harj bolhoor bna. Humuus uurinh n medehgui, oilgohgui zuiliig sonsood zarim humus ter zuiliig medehguu bga uchiras Ene muu zuil gej boddoj , huleen awdag. Harin jhn uhaantai bj ter zuilee ydaj l sudalj uzeh heregtei shuu.
Шинэ танил юм уу? Би л танидаг болсон. Танидаг болсондоо баярлаж байна. Дууг сонсох дуртай
Wow itgegch ymu, goy bn. Itgegch hvmvvs arhi tamhi zawhairal hudal huurmag yer n bvh muuhai yumnaas hol yawdiin bnlee, baga bagaar jinhn tsewerlegddg yum. Boo morgol shariin shashin shawar burhan uul us gol gorhi shvtsen terndee boolchlogdson, idee hudaa orgoj aisan, horlogdson, argadsan hvmvvs min hezee nvd n neegdeh boldoo. Mash tom svnsniii boolchlol daramtand yawh yumdaa mongolchuud min. Gandan orj oilgohchgvi yum sonsoj garaa hudlaaa hawsarch suuna , garj ireeed bahi baidgara. Terni orond ene hvn shig yund yagad itgesnee mash sain meddeg bh hergtei
Бурханы ерөөл амьдр�##�д нь дүүрэн байг.