Ярилцлага

Б.Нармандах: Би тэтгэвэртээ гарсан ч жүжигчин мэргэжил маань цэл залуугаараа байна

Ф.Достоевскийн цуут романаас сэдэвлэсэн “Гэм зэм” пост драм гуравдугаар сард дахин тоглогдох гэж байна. Энэ удаад жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд Раскольниковын ээжийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Нармандах тоглохоор болоод байгаа юм.

Б.Нармандахтай цөөнгүй сэдвийг хамарч ярилцсан ч өөрийнх нь хүслээр зарим асуулт, хариултуудыг буулгасангүй орхив.


-УРИЛГА ИРЭХЭД МАШ ИХ БАЯРЛАСАН-

-“Гэм зэм”-д тоглуулах санал танд хэзээ ирэв?

-20-иодхон хоногийн өмнө л ирсэн шүү. Жил гаруйн хугацаанд тайзнаас хөндийрчихсөн тул ирсэн байсан киноны саналаас татгалзаад, тайзаа сонгосон маань энэ. Би кинонд тоглохоосоо илүү театрт “амьдарсан” уран бүтээлч.

-Өмнө нь “Гэм зэм” тоглогдоход та үзсэн байх, хамгийн эхний мэдрэмж ямар байсан бэ?

-“Гэм зэм”-ийг нэлээд хэдэн удаа тоглосных нь дараа очиж үзсэн. Найруулагч хэлэх гэсэн санаагаа маш тод тодорхой илэрхийлсэн нь шууд мэдрэгдсэн. “Гэм зэм” өөрөө тэр бүр хүмүүс уншаад, амар хялбар ойлгоход төвөгтэй роман шүү дээ. Гэтэл жүжгийн хэлбэрт хувиргаж, амьд урлагаар үзэгчдэд хүргэсэн нь маш сонирхолтой байсан.

Тавилт нь мөн эрхгүй сонирхол татсан. Өөр өөрсдийн гэсэн дүрийн онцлогууд, орчин үеийн шийдэл бүхий тавилтууд... Бидний үеийн тогтсон системийг өөрөөр эвдсэн байсан. Жүжигчний хувьд тэдгээрийг харах, ажиглах их сонирхолтой санагдсан.

-М.Батболд найруулагчтай өмнө нь хамтарч ажиллаж байсан уу?

-Өмнө нь бид хоёр хамтарч ажиллаж байгаагүй. Түүний “Фауст” жүжгийг нь үзсэн, дараа нь “Гэм зэм”-ийг ч үзээд сэтгэл өег үлдсэн учраас урилга ирэхэд маш их баярласан. Би театрынхаа буянаар бүх л найруулагч нартай ажиллаж үзлээ. Б.Баатар, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Ч.Түвшин, Н.Наранбаатар гээд л. Тэд өөр өөрсдийн гэсэн онцлогтой. М.Батболдтой ажиллах мөн тэр утгаараа сонирхолтой байна.

Ажиллаж эхлээд тун удаагүй л байна. Арай өөр, шинэлэг мэдрэмж төрөөд байгаа шүү. Нөхөр М.Батболд жүжигчдийг маш чөлөөтэй ажиллуулдаг юм байна. “Ингэвэл яасан юм” гэсэн жүжигчдийн хувь саналыг хурдтай тосож авч, өөрөө дээр нь фантазлан дэлгэрүүлж, задгай сэтгэж ажилладаг нь анзаарагдсан.

-Таны авсан дүр жүжгийн туршид гараад байдаггүй. Гэхдээ Раскольниковын гаргах шийдвэрт хүчтэй нөлөөлдөг. Хэдий туслах дүр ч илэрхийлэмж нь том шүү дээ. Та дүрээ хэрхэн ухамсарлаж, хүлээн авсан бэ?

-Ер нь манай жүжигчдийн дунд эртнээс хэлэгддэг нэг үг байдаг даа. “Дүр чамайг голно уу гэхээс, чи дүрийг голохгүй” гэж. Бидэнд бүр цээжлэгдчихсэн явдаг өгүүлбэр л дээ. Манай ахмад уран бүтээлчид, агуу жүжигчдийн л хэлж, үлдээсэн үг байх.

Би дүрийг бага гэж боддоггүй. Яах вэ, гүйцэд боловсроогүй, хүртээмж муутай бичигдсэн зохиолын дүрүүд өөр байх үе бий. Гэхдээ энэ чинь Ф.Достоевский шүү дээ. Энэ зохиолд гарч байгаа бүх дүр цаанаа маш их утга учиртай. Би ч одоо бүтэн ухаж чадсан эсэхдээ эргэлзэж л суугаа. Тэгэхээр энэ дүр дээр ч ухаж, утга учрыг нь олж, мэдэрч, болж өгвөл өмнөх тоглолтууд дээр илэрхийлэгдээгүй нэг ч гэсэн өнцгийг нь шинээр гаргачих юм сан эрмэлзлээр ажиллаж байгаа.

-Романаа уншиж байсан уу?

-Уншсан. Гэхдээ тухайн үед нэг их айхтар бүрэн задалж, ойлгоогүй л дээ. Харин жүжгийн хэлбэрт оруулсан нь жүжигчдэд илүү хүртээмжтэй болж гэж харж байгаа. Энэ цаг үед Ф.Достоевскийн сэтгэлийн мухарт бодогдож байсан зүйлийг Монголын үзэгчдэд хүргэхэд ийн хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна.

-ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖИЛ ХӨГШИРДӨГГҮЙ ЮМ БАЙНА-

-М.Батболд найруулагч УДЭТ-ын хуучинсаг хандлагыг орхин гарч, “Фауст”-ыг, “Гэм зэм”-ийг тавьсан тухайгаа ярьсан л даа. “Орфей” театрын багаас тийм нэг цоо шинийг эрэлхийлсэн хүсэл нэвт үнэртдэг. Таны хувьд, энэ салбар тогтсон, хуучинсаг хэв маягт орчхоод байгаа гэсэн хандлагатай хэр санал нийлдэг вэ?

-Ач зээ нарын ярьж байгаа яриа, үзэж байгаа контент шал өөр болжээ. 60, 70-аад оны үеийнхэн ч тухайн цагтаа, өөрсдийнхөө хувьд цоо шинийг гаргаж ирж байсан. Н.Наранбаатар ч тухайн цаг үедээ шинэлэг байсан. Би үүнийг яг тэр утгаар нь ойлгож байгаа. Тэр утгаараа М.Батболд арай өөр ертөнц, арай өөр өнцгөөр ажиллаж байна.

Хүүхэд, залуусын оюун санаа цаг үеийн шаардлагаараа аливааг хурдтай, ойлгомжтой байхыг шаардаж байна шүү дээ. Хааяа бидний үр ач нар нэг бодлын аймаар ч нийгэм рүү явж байгаа юм шиг бодогдож байгаа юм. Гэхдээ яг тэр хэрээрээ сэтгэхүй нь ямар хурдан ажиллаж, ямар хурдан хөгжиж байгааг харах бахархмаар. Ийм цаг үед “Би ийм л юм хийдэг” гээд суух биш, М.Батболдод байгаа өөр өнгө аясыг олж харахын тулд дуртайяа хамтран ажиллахаар ирсэн л дээ.

-Таны үеийн жүжигчдэд ингэж шинийг хүлээж авах хүсэл хэр байдаг бол?

-Жүжигчин бүр өөрийгөө янз янзын л уран бүтээлд сорьж үзэхийг хүсдэг. Гол нь найруулагч өөрөө жүжигчнээ сонгож байгаа шүү дээ. Тэр утгаараа найруулагчаас ч шалтгаална. Гэхдээ жүжигчин бүрийн сэтгэлийн мухарт сайхан дүр бүтээх, сайхан уран бүтээлд оролцох хүсэл бий гэж итгэдэг.

-Хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарч та танил мэдрэмжтэйгээ уулзсан бэ?

-Жил гаруй хугацааны өмнө тэтгэвэртээ суусан. Үүнээс хойш хэд хэдэн кинонд уригдаж тоглолоо. Дуулдаг учраас дууны уран бүтээл хийхийг хичээлээ. “Нас ийм болчихлоо” гэхгүйгээр арай өөр, сонин содон уран бүтээлүүдэд хүч сорих юм сан гэж бодож байгаа.

Нэг талаас, би тэтгэвэрт суусан ч урлаг намайг зүгээр суулгахгүй байна л даа /Инээв, Сурв/. Жүжигчин гэдэг мэргэжил ийм онцлогтой юм байна. Өөр мэргэжлийн хүн бол ёстой тэтгэвэртээ суухаас өөр аргагүй болно байх. Өнөөдөр Ц.Төмөрбаатар маань “Би гоо сайхны мэс засал хийлгэсэн, илүү шинээр, илүү залуугаар Свидригайловыг харуулна” гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр жүжигчний мэргэжил маань хэзээ ч хөгширдөггүй юм байна. Гэтэл эсрэгээрээ нас залуу мөртлөө оюун санаа нь тэтгэвэрт гарчихсан хүмүүс байдаг шүү.

-Гэхдээ олон жил тайзан дээр тэсэж үлдэн амьдрах гэдэг амаргүй байх аа. Та сэтгэлдээ хэр их зөрчилдөж, эргэж буцаж байсан бэ?

-Театрын тайз гэдэг тийм ч амар хоол биш. Тайзны жүжигчин, киноны жүжигчин өөр өөрсдийн ялгаатай, онцлогтой. Тайз маш их шалгууртай. Хүч тэнхээ, энерги шаарддаг. Тэр утгаараа нас жаахан хэлбийхэд биологийн онцлогоороо хүч тэнхээ буурна, тэр үедээ бас тайз хэцүү. Тэнцэхгүй л болсон бол “За, баяртай” гээд л гаргана. Дараагийн үеийн залуус орж ирж байгаа тул зарим тохиолдолд орон зайгаа тавьж өгөх ёстой гэдгийг би хүлээн зөвшөөрсөн.  

-Яг “Тэтгэвэрт гарах боллоо” гэсэн анхны мэдрэмж ямар байсан бэ?

-Би яг үнэнээ хэлэхэд, цочсон. Хүн өөрийгөө хөгширч байгааг мэддэггүй юм байна. Нэг өдөр л “Тэтгэврийн дэвтрээ хөөцөлд” энэ тэр гэж ярьцгаагаад эхэлсэн. “Тэтгэвэрт гарах болчихлоо гэж үү” гэж бодогдоод, итгэж яддаг л юм билээ. Шууд дагаад “Би тайзан дээр гарахаа болих нь. Дараа нь юу хийх билээ” гэж бодогдсон.

Тэр бол тийм гоё мэдрэмж биш. Дахиад хэдэн жил ч болтугай тайзан дээр байхыг хүснэ шүү дээ, мэдээж. Гэхдээ зарим үед хүн хорвоогийн жам ёсыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө шууд таслан зогсоож чаддаг байх ёстой. Тийм учраас, тэтгэвэрт гарахаасаа бараг хоёр жилийн өмнөөс л залуустаа зайгаа тавьж өгье гэж мэдрээд эхэлсэн байсан.

Гэхдээ одоо ч тайзан дээрээ тоглох гэж байна. Уригдлаа. Манай Монголд театр цөөхөн байдаг нь харамсалтай. Мундаг, мундаг авьяастай хүүхдүүдийн тайзан дээр гарах боломж нь кино, шоу, карьер чиглэлд явчхаад байгаа юм. Тайзны мэдрэмж хамгийн гоё.

-АЛДВАЛ АЛДААГҮЙ ЯВСНААС Ч ИХИЙГ ОЛЖ АВНА-

-Та өөрийгөө авьяастай жүжигчин гэж боддог уу. Үүндээ залуудаа эргэлзэж байсан уу?

-Жүжигчний ангид ороод, төгсөөд, дипломын ажлаа хийгээд, тайзан дээр гараад ирэхэд өөрийгөө авьяастай л гэж бодно. Гэхдээ тайзан дээр сургуулилт хийхэд болж өгөхгүй, шантрах үе зөндөө таарч байсан. Бид бол үүний эсрэг л зүтгэнэ, босож зогсоно. Авьяас гэдгийг яг юу гэж ойлгохоос мөн их зүйл шалтгаална.

Би бол, өөрийгөө авьяастай гэхэд Монголын ард түмэн 100 хувь хүлээн зөвшөөрнө гэж хэлж чадахгүй. Өнөөдөр “Агуу жүжигчин, аймаар авьяастай” гэж хэзээ ч хэлж чадахгүй. Жүжигчин хүн суралцдаг, суралцсаар л дуусдаг. Гайхалтай жүжигчид ч тоглосон бүх дүрээ сайн болсон гэж хэлдэггүй юм билээ. Тоглосон дүрүүдээ эргээд бодоход тодорхой хэд нь хүнд хүрсэн шиг хүрсэн байдаг. Мөн уран бүтээлчийг үзэгч түмэн үнэлдэг. Би үзэгчдээс маш сайхан халуун дулаан үг сонсож, түүгээрээ их тэжээгддэг хүн л дээ.

-Залуу жүжигчдэдээ аминчлан захимаар байдаг зүйл тань юу вэ?

-Хүн ер өөрөө юу хүсэж мөрөөдөж, юу бодож байна, түүгээр амьдрал нь явдаг юм шиг санагддаг. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө асар хүчтэй зорьж, хөдөлмөрлөж чадвал бүх юм бүтнэ. Бидний үед “Ийш тийш үсчээд аль ч үгүй боллоо” гэж загнадаг байсан. Одоо эсрэгээрээ, юм юм л хийж сурахгүй бол болохгүй болж. Тэгэхээр бүх зүйлийг оролдож үзээсэй, асар хурдтай хөдөлмөрлөөсэй л гэж боддог. Яадаг юм, оролдоод үз. Алдсан ч хамаагүй. Алдаг. Алдвал алдаагүй явснаас ч их юм олж авна.

-Мөн театрын хөгжилд холбогдуулж хэлэх таны үгс юу байх вэ. Амьдралаа зориулсан хүмүүсийнх нь үг салбар салбарт л үнэтэй байдаг шүү дээ?

- Монголд маш олон театр байгаасай гэж хүсдэг. Тэр олон театрт олон олон залуус жинхэнэ авьяас чадвар, эрч хүчээ ил асгаасай гэж боддог. Тэндээс, тайзнаас маш их юм сурдаг. Шууд хичээл орохгүй байгаа мөртлөө ахмад жүжигчдээ хажуунаас нь хараад л суралцдаг. Тайз бол жинхэнэ мэргэжлийн жүжигчдийн шүүсийг шахдаг газар. Кино карьерыг хурдан өсгөдөг л дөө. Тэр жүжигчдийг тайзан дээр өөрсдийнхөө шүүсийг шахаасай л гэж боддог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2022 08:43

Олон сайхан дүр бүтээсэн хүн

Зочин
Зочин
2 сар 21, 2022 08:48

Тийм ээ театрын тайз гэдэг тийм амар хоод биш

Зочин
Зочин
2 сар 21, 2022 18:41

ГЭМ ЗЭМ ГЭХЭЭСЭЭ ГЭМТ ХЭРЭГ, ЯЛ ШИЙТГЭЛ ГЭЖ ДИПЛОМХТЧ БААТАР ОНОЖ ОРЧУУЛСАНДАА. ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ЭНЭ ЗОХИОЛЫГ ӨӨР ХҮМҮҮС ГАЙГҮЙ САЙН ОРЧУУЛСАН Л БАЙДАГ ЮМ. CRIME ANS PUNISHMENT ГЭДГИЙГ АНГЛИ ДЭЭР НЬ Ч УНШСАН Л ЮМ БАЙНА. НЭГ ОЮУТАН ЗАЛУУ ЯДУУГИЙН ТУЙЛД АМЬДАРДАГ БА ЛОМБАРДЫН 2 АВГАЙГ АЛААД ХЭРЭГ НЬ НУУГДМАЛААР УДААН ЯВСААР ЭЦЭСТ НЬ ӨӨРӨӨ ХЭРГЭЭ ХҮЛЭЭДЭГ БА СИБИРТ 8 ЖИЛИЙН ЯЛ АВААД ЯВДАГ. шОРОНД БАЙХДАА СЭТГЭТХ ХҮҮХЭНТЭЙГЭЭ УУЛЗАЖ ТҮҮНИЙ ҮГТЙГ СОНСДОГ, АМЬДРАХ ИТГЭЛ ТӨРДӨГ.

Зочин
Зочин
2 сар 21, 2022 18:43
Reply to  Зочин

ГЭМ ЗЭМ ГЭХЭЭСЭЭ ГЭМТ ХЭРЭГ, ЯЛ ШИЙТГЭЛ ГЭЖ ДИПЛОМХТЧ БААТАР ОНОЖ ОРЧУУЛСАНДАА. ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ЭНЭ ЗОХИОЛЫГ ӨӨР ХҮМҮҮС ГАЙГҮЙ САЙН ОРЧУУЛСАН Л БАЙДАГ ЮМ. CRIME AND PUNISHMENT ГЭДГИЙГ АНГЛИ ДЭЭР НЬ Ч УНШСАН Л ЮМ БАЙНА. НЭГ ОЮУТАН ЗАЛУУ ЯДУУГИЙН ТУЙЛД АМЬДАРДАГ БА ЛОМБАРДЫН 2 АВГАЙГ АЛААД ХЭРЭГ НЬ НУУГДМАЛААР УДААН ЯВСААР ЭЦЭСТ НЬ ӨӨРӨӨ ХЭРГЭЭ ХҮЛЭЭДЭГ БА СИБИРТ 8 ЖИЛИЙН ЯЛ АВААД ЯВДАГ. шОРОНД БАЙХДАА СЭТГЭТХ ХҮҮХЭНТЭЙГЭЭ УУЛЗАЖ ТҮҮНИЙ ҮГТЙГ СОНСДОГ, АМЬДРАХ ИТГЭЛ ТӨРДӨГ.

зочин
зочин
2 сар 21, 2022 19:03

Гайхамшигтай бүсгүй

зочин
зочин
2 сар 21, 2022 22:35

ГАЙХАМШИГТАЙ БҮСГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button