Ярилцлага

Ирвэс хамгаалагч агсны дүү Т.Мөнхтэнгэр: Хүслийн хад хүсэл биелүүлдэггүй

Улаан тайгын тусгай хамгаалалтын газрын захиргааны газрын дарга, байгаль хамгаалагч С.Төмөрсүх  гуай нэгэн ярилцлагадаа “Манай гэр бүлийнхэн байгальдаа өөрсдийгөө зориулаад дуусах тавилантай хүмүүс дээ” хэмээсэн нь бий.

Түүний том хүү монголчуудын өр зүрхэнд байгаль, ан амьтны төлөө тэмцэж яваад амь эрсэдсэн БААТАР хэвээр орших ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсан. Харин удаах хүү нь Хөвсгөл нуурын байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр юм.

Хөвсгөлийн тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэртэй ярилцлаа.  

-ААВ МИНЬ НАСААРАА БАЙГАЛЬ ХАМГААЛСАН БОЛОХООР БИ МӨРӨӨДӨЖ, ЗҮТГЭСЭЭР ЭНЭ АЖИЛД ОРСОН -

-Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Төмөрсүхийн Мөнхтэнгэр гэдэг. 1994 онд Хатгал тосгондоо төрсөн. 2011 онд ЕБС төгсөөд Улаанбаатар хотод “Глобаль удирдагч” дээд сургуульд нягтлан бодогчийн мэргэжлээр суралцаж 2015 онд төгссөн. 2020 оны наймдугаар сараас эхлэн Хөвсгөлийн тусгай хамгаалалтын газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байна.

-Нягтлан бодогч хүн яагаад байгаль хамгаалагч болчхов?

-Дээд сургууль төгсөж байхдаа мундаг нягтлан болно гэж төсөөлөөд хотод ажил төрөл хайсан. Тэр үедээ нутгаа гэнэт ихээр санаад хүрээд ирсэн хүн байгаа юм. Тэгээд  буцаж яваагүй, хар багаасаа байгальтай танилцаж, байгалийн сайхан өсөж өндийсэн хүн болохоор энэ ажилд шууд татагдсан. Аав минь насаараа байгаль хамгаалагч хийсэн болохоор би мөрөөдөж, зүтгэсээр энэ ажилд орсон.

-Хөвсгөл нуурын байгаль хамгаалагчдын ажлын онцлог. Ажлаа авснаас хойш юу сурав, юу мэдэв?

-Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар бол нуураас гадна хөвч тайга, зэрлэг ан амьтан ихтэй. Үүнийгээ хамгаалдаг. Миний хувьд “Хайч”-ийн онцгой бүс дархан цаазат тусгай хамгаалалттай газрыг хариуцдаг. Хатгал  тосгоны өмнөд зүгт, далайн зүүн эрэг дэх 10 мянган га газар. Зэрлэг амьтны байршил болсон онцлогтой газар л даа.

-Тодруулбал...?

-Энд буга, согоо, хандгай, гахай гээд зэрлэг амьтан маш их байсан ч зах зээлийн үед ихэнх нь устаж үгүй болсон. 1992 оноос онцгой бүсэд орсноор амьтад хамгаалагдаж эхэлсэн. Энэ өвөл л гэхэд 24 согоо өвөлжлөө. Намар аравдугаар сард орсон их цас хатуурч амьтны хувьд хүндхэн өвөл байлаа. Хүслийн хадны ар тал цас багатай учраас амьтад байршиж өвөлжлөө. Бид зэрлэг амьтны биотехникийн арга буюу өвс, тэжээл хүргэх, мараа тавих ажлуудыг зохион байгуулж байна.

 -Хэдэн төрлийн амьтан байгаа вэ?

-Нохой зээх, наран гөрөөс, буга, согоо, чонон гөрөөс, чоно, үнэг, дорго байна. Хандгай энэ тэр  бол яг наашаа орж ирэхгүй алсдаа бол бий, бий.

-Тоо толгойг нь бүртгэх боломж бий юу?

-Байлгүй яах вэ. Жишээ нь, 2020 онд 12 буга, согоо өвөлжсөн. Энэ өвлийн хувьд 20 гарчхаж. Алсдаа цас ихтэй болохоор ойр орчны амьтад цас багатай газар ирж өвөлжиж байна гэсэн үг.

-Энэ амьтдад аюул занал их үү?

-Чоно бол бусдыгаа барина. Энэ жил мал ойр байхгүй учраас чоно бага байна. Намраас хойш хоёр согоог маань чоно идчихсэн. Хулгайн ан бол цагийн цагт байж байдаг асуудал. Уйгагүй өдөр бүр эргэж тойрдог болохоор чононоос өөр аюулгүй тайван өвөлжлөө.  

-Чоно устгал гэж хийдэг үү?

-Хавар манайх онцгой бүсээсээ зайдуу гарахаар устгадаг. Нутгийн иргэд чонын аванд явна. Бас хавар гөлгийг нь шинэ цасны үеэр үүрнээс нь очиж авдаг. Ингэж л тоо толгойг нь цөөлж байна.

-Хавартаа хэдийг устгадаг вэ?

-Жилд хэчнээн чоно гөлөглөж байгааг мэдэх боломжгүй. Хээрийн амьтан хаана ч явж болно. Манайх энэ хавиасаа 7-8 гөлөг авдаг. Өнгөрсөн хавар харин арваад гөлөг авсан.

-Нуур орчмын бусад үнэт зүйлс  нь хэрхэн хамгаалагдаж байна вэ?

-Нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон газар олгочихсон учраас ерөнхийдөө хөл хөдөлгөөн, үүнийг дагасан янз бүрийн асуудал бий. Миний хариуцсан Хайчийн онцгой бүс сайдын тушаалаар газар олголт хориотой учраас боломжийн хамгаалагддаг.  

-МОРЬ, ХУВЦАС, ТОГОО ШАНАГАНААС ӨӨР “ЗЭВСЭГГҮЙ” ХҮН УХААН СИЙЛНЭ ДЭЭ-

-Байгаль хамгаалагч болох шийдвэрийг аав, ээж нь яаж хүлээж авсан бэ. Айдас, эргэлзээ  байсан болов уу?

-Манай аав, ээж хориглоогүй. Аав өөрөө олон жил байгаль хамгаалагч хийсэн хатуу хөтүүг нь мэддэг болохоор хориглож, тэгэх вий, ингэх вий гэсэн сэтгэлээр хандаагүй. Аав минь зөвлөөд л явдаг.

-Хөвсгөл нуурт хэдэн байгаль хамгаалагч ажилладаг вэ. Цалин, хангамж хэр вэ?

-Нуур орчимд 30 гаруй байгаль хамгаалагч ажилладаг. Ер нь байгаль хамгаалагчдын цалин бага шүү дээ. Гэтэл ажлын нөхцөл байдал нь манааны цэрэг, хамгаалалтын ажилтан шиг л байдаг. Хариуцаж буй газрын онцлогоосоо хамаараад ажлын нөхцөл байдал янз бүр. Хойшоо тайга руугаа бол нөхцөл байдал үнэхээр хүнд. Өмссөн хувцас, унасан морьтойгоо хэчнээн хоногоор явдаг. Тэгэхээр цалин бага л юмшиг санагддаг.

-Гэр бүлийн тухайд?

-Эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн.

-Мөрөөдөл нь юу вэ?

-Байгаль хамгаалагчийн хувьд зэрлэг амьтдыг, байгалийнхаа энэ унаган төрх байдлыг хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэн үлдээх. Ерээд оноос хойш нэг хэсэг асар их амьтад устаж үгүй болсон нь дэндүү харамсалтай санагддаг. Хожим нь аавыг нь залуу байхад энд тийм амьтад байсан гэж ярих биш, байгаа чигээр нь хадгалж нүдэнд  нь харагдуулж, гарт нь баригдахаар үлдээхийг би хүсдэг. Устгаад үгүй хийчихвэл гомдоно биз дээ, ирээдүйд. Өөрийгөө хамгаалж чадахгүй амьтдын төлөө та яагаад юу ч хийгээгүй юм бэ гэж асуувал би яах вэ? Үүнээс айдаг.

-Манай орны нөхцөлд байгаль, амьтныг хамгаалах боломж, халдлага хэр байна?

- Хүмүүсийн хандлага их эерэг болж байгаа. Байгаль хамгаалах тал дээр дуугардаг болсон. Одоо цаашдаа ерөнхийдөө сайхан болох байх. Хулгайн ан бол байдаг юмаа. Элбэг биш ч гэсэн байсаар л байна.  

-Аав нь Улаан тайгаа, хүү нь Хөвсгөл нуураа хамгаалж байна. Өөр хамгаалагч байна уу, танайд?

-Аав бид хоёр л байна даа. Миний хүү, манай эгчийн хүүхэд энэ тэр бол байгальд үнэхээр сэтгэлтэй хүүхдүүд бий. Бидний ажил, зорьсон мөрөөдсөн зүйлс үр хүүхдэд минь шингэж, өвлөгдөж явна гэж хардаг. Манай жаахнууд хог аваад явж байгаа хүн харвал заавал хогийн саванд хийгээрэй л гэнэ. Гурван настай хүүхэд тэгж хэлээд гишгэж явна, байгальд хайртай гэж  “аюул” шүү дээ. Залуу үе ингээд төлөвшихээр байгаль орчны төлөө дуугарах хүн олон болно, алсдаа.

-Таны ажлын арга барил?

-Байгаль хамгаалагч хүн хариуцсан газартаа үргэлж байж байдаг, харуул хамгаалалтын ажилтан шиг байх ёстой. Нэг л өдөр эргэхгүй өнжихөд бүх зүйл сүйдэж мэдэх эрсдэл ойрхон байдаг. Амралтын өдөр хүртэл амрах эрхгүй хүмүүс, бид. Жил, сар, улирлаар хайрлаж хамгаалсан газар баярын нэг өдөр амрахад л хулгайн анчид ирээд явчихдаг. Хэдэн жилийн ажил хэдхэн цагийн дотор нурдаг. Тэгэхээр би байгалиасаа холдож чаддаггүй л хүн.

-Халдлагад өртөж байсан уу?

-Надад бол тийм зүйл тохиож байсангүй. Эрсдэл бол бий. Аливаа зөрчил дээр яваад очно. Ганцаараа явахад айлгаж дарамтлаад явуулчих гэсэн санаатай хүмүүс таарна. Загнана, дээрэлхэх гэж үзнэ. Зарим нь бол эвгүй, эвгүй.

-Тийм байдлаас яаж эрсдэлгүй гарахав?

-Харьцаагаараа л зохицуулна даа. Хамгаалах хэрэгсэл байхгүй. Морь, хувцас, тогоо, шанаганаас өөр “зэвсэггүй” хүн ухаан сийлнэ дээ. Ганцаараа яваа бол тэрийгээ хэзээ ч мэдэгдэж болохгүй. Тэгээд утсаараа за тэнд, тэнд байгаа отолтыг зогсооё гэдэг ч юмуу. Их л олуулаа явна гэж ойлгуулах тохиолдол бий.

-Ихэвчлэн хаанаас ирдэг вэ?

-Нутгийн иргэд явна. Одоо тэгээд техник хөгжчихсөн болохоор холоос ирнэ. Баргийн юманд тордоггүй унаатай хүмүүс олширч.  

-Амь нас, аюулгүй байдалд баталгаа байна уу?

-Баталгаагүй. Би төрийн ажил хийж яваа болохоор хуурамч байж болохгүй, хулхи байж болохгүй гэдгээрээ зүтгэж явна. Ажил хийнэ гэж орчхоод няцах ёсгүй. Очих л ёстой. Буруутай үйл ажиллагааг хэлж, зогсоох үүрэгтэй.  

-Тийм техниктэй, ийм хэрэгсэлтэй болох сон гэж бодогдох тохиолдол олон уу?

-Энэ жил цасны мотоцикл мөрөөдөж өвөлжлөө. Өвдөг давсан, салтаагаар татсан цасан дундуур морь, мотоцикл явдаггүй, явганаар цөмрөөд ахихгүй. Цасны мотоциклтой бол сайхан даа л гэж бодож гишгэнэ.

-ХҮСЛИЙН ХАДАНД ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ЯМАР Ч ИД ШИД БАЙХГҮЙ ШҮҮ-

-Ахынхаа амь насаа алдсан хэргийн талаар та ямар дүгнэлттэй явдаг вэ?

-Тэр тусдаа асуудал. Би энэ талаар юу ч ярихгүй ээ.

-Мэргэжлийн зүгээс аав нь ямар чиглэл өгдөг вэ. Аавын оролцоо хэр вэ?

-Маш их. Амьтны мөр таних, хүний мөр хөөх гээд маш ихийг зөвлөнө. Модон дотор хоёулаа явахад мөр дарж үзээд л хэдэн минут, цаг, хоногийн өмнө явж л гэнэ. Мөр танихын тухайд манай аавыг гүйцэх хүн байхгүй дээ. Хээр яаж амьдрахыг, амиа яаж авч гарахыг зааж өгнө.  

-Байгаль хамгаалагчийн хувьд иргэдэд юуг хэлмээр санагддаг вэ?

-Хий хоосон сүсэг бишрэл арай дэндэж байна. Энэ Хүслийн хад бол Суман хад нэртэй  сунаж овоолсон өвс мэт хэлбэртэй, сунаж тогтсон чулуу. Энд хүсэл биелүүлдэг ямар ч ид шид байхгүй. Гэтэл манайхан хүслийн хад гээд давхиж ирдэг. Жилд Суман хаданд 30-40 мянган хүн ирдэг. Тэр хэмжээгээр газар орчин бохирдож, байгаль таагүй нөлөө үзүүлнэ. Тэгээд нутгийн иргэд, байгаль хамгаалагчид тэр олон мянган хүний хогийг цэвэрлэдэг.  Дахиад хэлэхэд, энд хүсэл мөрөөдөл биелүүлдэг зүйл огтхон ч байхгүй шүү. Ажил үйлс нь сайхан бүтчихдэг, тухайн үед тохиолдлоор Суман хаданд ирээд буцсан үе таардаг ч юмуу. Тэгээд л хүсэл биелүүлдэг гээд, энэ нь амнаас ам дамжсаар ийм болсон байх гэж хардаг.

-Та шүтлэгтэй юу?

-Би газар ус, тэнгэрээ шүтдэг. Нутаг усаа шүтээд зөв явахад болно доо гэж боддог.

-Таны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?

-Өглөө гараад нөгөө хэдэн амьтдаа харчихвал сэтгэл санаа сэргээд гоё болчихдог доо.

-Ярилцсанд баярлалаа.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хүмүүсээ л дэмжих хэрэгтэй дээ. Удам угсаагаараа нэг л зүйлдээ үнэнч, чин сэтгэлээсээ зүтгэж, хатуу хэцүүг нь биш сайн сайхныг нь харж байна гэдэг бол хаа ч олдохгүй чанар шүү

Зочин
Зочин

Монголчуудын мухар сүсэг хэрээс хэтэрсэн. Үнэхээр үнэн байсан бол монгол улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлсэн улс байх байлаа. Гэтэл төвдөөс ялгаагүй буурай улс хэвээрээ үлдлээ

Зочин
Зочин

Яааг ах шигээ з�##�уу байна

Зочин
Зочин

Сайн ахын шударга дүү

ЗочзочининЗочин
ЗочзочининЗочин

Танай гэр бүлд сайн сайхныг хүсьe

Зочин
Зочин

Аав нь тэтгэвэртээ гарахаараа мөр заах курс хичээллүүлээч. Хотын хүүхдүүдийг цөөхнөөр үнэтэй аваачиж 10 хоног ойр зуурын юм зааж өгвөл зүгээр. Хөдөө тийм бизнес хийдэг хүн байдаг болоосой. Гол нь олон т�##�аасаа бодолцож байж хийхгүй бол хэл ам их болох магадл�##�тай. Зуслан шиг зохион байгуулж чадв�##� асууд�##�гүй.

Зочин
Зочин

Швейцарын банканд мартсан сая евро, энэ тэндхийн офцшорт хиысэн хулгайн мөнгөнийнхөө хэдэн задгайгаар байг�##�ь хамга�##�агчиддаа хэрэгтэй техник хэрэгсэл авч өгөөд, хүн шиг ц�##�инжуулаач, төрөөс төрсөн олигархуудаа!

Зочин
Зочин

ger buleeree mundag ymaa

Zochin
Zochin

Tsaling,hangamjiin nemeed ogchih uymsan

Зочин
Зочин

mundag zaluu bn

Зочин
Зочин

Байг�##�ь дэлхийгээ хамга�##�на гэдэг маш чух�##� �##�ба шүү. Дүү минь сонор сэрэмжтэй биеэ бодож яваарай.

Зочин
Зочин

Зөв юм ярьсан байна, ах нь чамд ганц юм сануулж хэлэе , шашин шүтлэгнээс болж байг�##�ь дэлхийг хүн бузарлаж байгаа, яг үнэн, гэхдээ хэр олон хүн шүтэнэ, байг�##�ь тэрнийхээ хэмжээгээр амьлдаг юм тийм учираас Суман хад биш, Хүслийн хад шүү!!! Алдас болно, энэнийгг л санаж яваарай миний хүү , хүмүүс шүтэж байгаа уул ус газрыг тэгэж хамаагүй хэлэж болдогүй юм Амжилт хүсэе

Зочин
Зочин

ahiihaa dutuug guitseegeerei mundag zaluu bna aa

Зочин
Зочин

amjilt husiy

Зочин
Зочин

sain saihan buhniig huysiy

Зочин
Зочин

sain uils hiigeed mundag ym aa

Зочин
Зочин

ulsaas goy tehnik heregsel beldeed ogoosei mundag zaluud

Hatgaliin irgen
Hatgaliin irgen

Yag zov heljee, sayhan l Husliin had nertei bolchihson baisan, kkk. Tumursuh, huu 2t amjilt husye.

Холбоотой мэдээ

Back to top button