Ш.Баттөр: Ч.Мөнхбаяр дээр зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдсан, удахгүй дансны мэдээллийг нь цацах байх

Зохиолч, сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтэн тэмцэгч Ч.Мөнхбаярыг ТЕГ-аас саатуулах ажиллагаа явуулж, баривчилж хориод байгаа. Түүнийг гадны тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг, гаднаас их хэмжээний валют авсан гэх үндэслэлээр саатуулан баривчилснаа ТЕГ мэдээлсэн. Бид Ч.Мөнхбаярын НАЙЗ, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөртэй ярилцлаа.
-ФАНАТ, РОМАНТИСТ ХҮНИЙГ МОНГОЛЫН НИЙГЭМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ НЬ ХАРАГДСАН-
- Та Ч.Мөнхбаярыг саатуулан хорьсныг “Ялааг заан болгох гээд байна” хэмээн дүгнэсэн. Ер нь Ч.Мөнхбаяр гэж хэн юм бэ?
- Ч.Мөнхбаярыг хэдэн арван жил мэдэхийн хүрээнд ярихад ерөөсөө л нэг тийм хувьсгалч, тэмцэгч, романтист хүн. Өөрөөр хэлвэл аливаа зүйлийг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх сэтгэлгээ жаахан дутмаг. Ер нь аливаа нэгэн хувьсгалын түүчээ болж явсан хүмүүсийн гол онцлог нь гэнэн романтизм байдаг. Алдарт Францын хувьсгалын “хувьсгал сүүлдээ хувьсгал хийсэн хүмүүсийнхээ толгойг залгиж эхэллээ” гэж ярьж байсан. Манайд л гэхэд 1921 оны ардын хувьсгал байна. Хувьсгал хийсэн хүмүүсээс сүүлд хэн нь үлдлээ. Ерээд оны монголын ардчилсан хувьсгалыг С.Зоригийн амь насаа алдсан хэргээс өмнө ба хойно гэж хувааж үздэг. С.Зоригийн амиа алдсан тэр өдрөөс хойш хувьсгалт романтизм дууслаа гэж дүгнэдэг. Ч.Мөнхбаяр бол уран зохиол, сэтгүүлзүй, иргэний нийгмийн оролцсон бүх салбар дээрээ романтик байр сууринаас ханддаг, ийм л хүн. Жишээ нь, би зарим зүйл дээр санал нийлдэггүй. Усан цахилгаан станц, ураны ашиглалтын асуудал дээр Ч.Мөнхбаяр романтист байр сууринаас хандаж, хөгжил дэвшлийн нөлөөнд ямар учир шалтгаан гарч болох вэ гэдэг асуудлыг ерөөсөө авч үзээгүй гэж би боддог. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр Ч.Мөнхбаяр бол романтик хүн л гэж дүгнэнэ.
- Шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, иргэдийн “тархийг угаах” гэх зүйл үгүй. Ер нь ямар ч үр дүнгүй тэмцэгч гэсэн үг үү?
- Тийм. Нэг талаараа үр дүнгүй. Нөгөө талаасаа монгол туургатны төлөө хийсэн ажлууд нь тодорхой үр дүн гардаг. Хазара, Уйгар, Шинжаны асуудал дээр тодорхой зүйлүүдийг ард түмэнд мэдүүлсэн л байх гэж дүгнэдэг.
- Тэгэхээр та түүнд ТЕГ хөдлөх хэмжээнд баригдаж, хоригдох агуулга байгаагүй гэж хэлэх гээд байна уу?
- Өмнө хэлж байсан даа, ялааг заан болгож байна. Ч.Мөнхбаярын бичсэн нийтлэлүүд, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсэн байдлуудыг тагнуулын байгууллага ч тодорхой хэмжээнд дүгнэлт хийгээд явж байгаа байх. АНУ-д гэсэн олон нийтийн сүлжээд нь дүн шинжилгээ хийж виз олгодог асуудлууд байдаг. Үүнтэй адилхан дүн шинжилгээ, судалгаа хийгээд харвал ихэвчлэн ОХУ, Путины эсрэг, Хятадын бодлогын эсрэг үзэл бодол төдий зүйлс харагддаг. Энэ нь монгол улсын аливаа нэг зүйлд нөлөөлнө гэвэл тэрэн шиг инээдтэй юм байхгүй. Хэрвээ тэгж нөлөөлж чаддаг бол монголд хувь хүний үзэл бодол гайхамшигтай сайхан болж байнаа гэж ойлгохоос өөр арга алга.
- Эсрэгээрээ, нөлөөлдөг түвшинд байсан бол энэ хүн...?
- Нөлөөлөх гэж манай хүн 2-3 удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж үзсэн. Сүүлд л гэхэд СХД-ээсээ нэр дэвшээд би андуураагүй бол 100 хүрэхгүй хүний санал авсан гэсэн. Сонгогчдын нэг юмуу хоёр хувь л даа. Энэ нь ард түмэн тэнэг биш иймэрхүү фанат, романтист хандлагыг монголын нийгэм хүлээн зөвшөөрөхгүй гэдгийн тод илрэл. Тэгэхээр улс төрийн агуулгын хүрээнд монголын нийгэмд ийм үзэл бодол явахгүй гэдгийн тод илрэл сонгуулиар харагдаж байна. Сонгогчдын нэгээс хоёр хувийн саналыг авч байгаа нь нийт насанд хүрсэн сонгогчдын нэг хувь буюу 15 мянган хүн л тэр хүнтэй санал нийлдэг гэсэн үг. Энэ чинь зүгээр энгийн логик математик шүү дээ.
-УДАЛГҮЙ ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ НЬ ЦАЦАХ БОЛОВ УУ-

- Та түүнийг хэзээнээс мэдэхэв. Хувь хүн талаас нь тодотговол?
- Багаасаа мэднэ. Миний том ах Ш.Одонтөр ерээд оны уран зохиолын шинэчлэл дээр нэлээд ажил хийсэн, ардчиллын анхны хүмүүсийн нэг байсан. Ч.Мөнхбаяр ахтай маань хамт монголын хамгийн анхны чөлөөт хэвлэлийг санаачлаад хийж явсан үе бий. Мөн бид нар 51 дүгээр сургуульд бүгдээрээ хамт сурч байсан. Хувь хүнийхээ хувьд романтист хандлагатай хүн. Нэг юманд хэт туйлширч хандана. Рок хөгжим сонслоо гэхэд хамгийн хүнд түвшинд, уран зохиолд орлоо гэхэд шинэчлэхийг тэмүүлсэн зохиол бүтээл бичихийг оролдоно. Уран бүтээлээсээ гарлаа гэхэд бүүр гараад явчихдаг тийм л хүн. Их гэнэн, цайлган.
- Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? Юуны тухай ярьж байсан бэ? Иргэний нийгмийн хөдөлгөөн энэ тэрийг нь хориглож байв уу?
- Иргэний нийгмийн хөдөлгөөнд оруулж байгаа үйл хэрэг, улс төрийн үйл ажиллагааг нь дэмждэггүй бас эсэргүүцдэггүй. Ардчилсан нийгэмд хувийн үзэл бодол, үүнийгээ илэрхийлэх арга замыг хэн нэгэн хүн эсэргүүцэнэ, хорино гэдэг утгагүй асуудал. Ч.Мөнхбаяр ахтай би фээсбүүк чатаар, эсвэл уулзаж ярилцахад уран зохиол, урлаг, монгол туургатнууд ядаж л урлаг соёлын хүрээнд хамтарч ажиллах ямар боломжийг үүсгэж болох вэ гэсэн байдлаас нэг их хэтэрдэггүй. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард холбогдсон байх даа.
- Гадаадын байгууллагаас их хэмжээнйи мөнгө авсан нь хоригдох үндэслэл боллоо гэсэн? Энэ талаар та юу хэлэх вэ?
- 9 сарын 11-ний халдлагаас хойш олон улсад 20 мянган доллараас дээш бүх гүйлгээг хянаж байгаа. Манайд Монгол банк, ТЕГ хянадаг байх. ТЕГ-аас гаргаж байгаа мэдээллүүдийг ажиглахад шат дараатай хүмүүсийн хандлагыг тандах гээд байгаа мэт санагдаж байна. Нэгдүгээрт, шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад тагнуул гээд зарлачихлаа. Энэ нь хууль эрхзүйн хүрээнд хэр нийцтэй байдаг юм бол. Би хууль сайн мэдэхгүй ч ардчилсан чөлөөт нийгэмд боломжгүй зүйл гэж бодож байна. Шүүхээр нотлогдоогүй тохиолдолд хэний ч гэм бурууг хэн нэгэн байгууллага зарлах ёсгүй болов уу. Энэ нь харин эх орондоо хайртай үзэл бодол дээр нь тулгуурлаж хэн нэгэн хүнийг буруутгах сэтгэл зүйг бэлдэж байгаа технологи л болов уу. Хоёрдугаарт, олон нийтийн сүлжээгээр уран зохиол болон сэтгүүлзүйн хүрээний хүмүүс эсрэг хандлага ярьж эхлэнгүүт их хэмжээний мөнгө авсан гэдэг мэдээлэл цацаж эхэлсэн. ТЕГ-ын хэвлэлийн хүн “гэрээс нь их хэмжээний мөнгө хураасан” гэсэн. Маргаашнаас нь эхлээд хүмүүс 50 гаруй насны хүн арваад сая төгрөг гэртээ байлгах нь буруу юу гэсэн давлагаа явсан. Тэгсэн чинь ТЕГ-аас Орос, Хятад биш гуравдагч орон буюу Энэтхэгтэй холбоотой байсан, тэндээс 200 сая төгрөг авч байхад нь барилаа гэдэг мэдээллээ гаргасан. За одоо тэгээд тун удалгүй ямар нэг байдлаар дансны мэдээллийг цацах болов уу гэж би бодож байгаа. Энэ бүхэн олон нийттэй харилцах, нөлөөлөх онол жаахан мэддэг хүнд зохион байгуулалттай, алхамт үйл ажиллагаа гэдэг нь харагдаж байна. Пиар энэ тэрийг мэддэггүй байсан ч аливаа зүйлд өнгөцхөн дүн шинжилгээ хийдэг хүнд бол ойлгомжтой байгаа. Нөгөө талаас Энэтхэгээс мөнгө авч хятад, оросын эсрэг үйл ажиллагаа явуулах нөхцөл монголд байгаа юмбол жирийн нэг сэтгүүлчээр хагалан бутаргах үйл ажиллагаа явуулдаг тийм мангар тагнуулын газар байдаг юм болов уу. Нөгөө талдаа ТББ-ын тухай хууль, дүрэм, журамд гадны улсаас хандив тусламж авч төсөл хэрэгжүүлэх эрхзүйн орчин нээлттэй байдаг байх. Тийм мөнгийг гадны тагнуулын байгууллагатай холбоод яриад байж болохгүй байлгүй дээ.
- Их хэмжээний мөнгө орж ирсэн байх магадлалтай юм байна гэж ойлгож болох уу?
- Тэрнийг үгүйсгэхгүй. Гадны ямар нэгэн байгууллагаас хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хандив, санхүүжилт авах нь хориотой биш гэж би бодож байгаа. Гэхдээ би тэрийг мэдэхгүй. Баталж чадахгүй байна.
- Тухайн улсад найз нөхөд нь байдаг ч юмуу, төсөл хөтөлбөр авч байсан тохиолдлыг та мэдэх үү?
- Сайн мэдэхгүй юм. Ямартай 4 -5 жилийн өмнө Энэтхэг явсан санагдаж байна.
- Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамтарсан ТББ-тай гэсэн?
- Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй хамтдаа ажил хийх ТББ байгуулахыг манай хуулиар хориглочихсон юмуу.
- Танд мэдээлэл байна уу л гэж асууж байгаа юм?
- ТББ-ын эзэмшигч энэ тэрийг монголын бүртгэлээс хэн ч харчихна. Би ч бас нэг сайтаас л харсан. Ц.Элбэгдорж гуай ерөнхийлөгчөөс буухдаа монгол туургатны эв нэгдэл соёлын талаар үйл ажиллагаа явуулна гэж зарласан. Энэ бол гэмт хэрэг биш байх. Ер нь монгол туургатны эв нэгдэл, соёлын төлөө хүмүүс нэгдэн нийлэх нь байдаг л процесс, хийх ёстой зүйл. Монгол хүн болгон орсон ч болно шүү дээ. Нөгөө талаас Ц.Элбэгдорж гэж хүн ерөнхийлөгчөөс буусны дараа хүмүүстэй эвлэлдэн нэгдэж болохгүй гэж үздэг бол тэрийгээ хуулиндаа заагаад өгчих хэрэгтэй.
-СТАЛИНЫ ХЭЛДГЭЭР ХҮН БАЙВАЛ ХЭРЭГ ОЛДОНО ГЭДЭГ ПРОЦЕСС ЯВАГДАХ ВИЙ-

- Хөгжлийн банкны хуйвалдаанаас массын анхаарлыг сарниулах тактик гэж нийгмийн сүлжээнд дүгнэлт явж байна. Энэ өнцгөөс харвал яагаад заавал Ч.Мөнхбаяр гэж гэсэн асуулт гарч ирж байна?
- Номхон тэмээ ноолоход амархан гэж үг бий. Нөгөө талаас Ч.Мөнхбаяр иргэний нийгэм, эрх зүй, эрх чөлөөний тухайд сүүлийн жилүүдэд оролцоогүй жагсаал, нийлээгүй ч хүн байхгүй. Тэгж ярих юмбол энэ нөхөр чинь нөгөө шударга тав гээчтэй нийлчихсэн нэлээд өндөр рольтой явсан. Ц.Элбэгдоржтой ТББ хамтарч эзэмшдэг, жагсаал цуглаанаар нь буруутгах гээд байгаа бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэнг шалгах л хэрэгтэй. Хууль журам тэгш үйлчилдэг бол шүү дээ.
- Номхон тэмээ ноолоход амархан гэлээ. Үнэхээр тийм ноолоход амархан номхон хүн юмбол ямар нэг эрсдэл үүсэхвий гэсэн айдас байна уу?
- Эрсдэл үүссэн. Би эрсдэл үүссэн гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. Яг энэ зүйлчлэлээр 8-10 жил ялтай гэж бичээд байна. Энэ хүн ямар нэг байдлаар ял авах л байх.
- Харамсалтай юу?
- Харамсалтай. Яагаад би харамсаж байна гэхээр үндсэн хуульд заасан үзэл бодолтойгоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө буруутгагдаад яд эдэлнэ гэдэг нь цаашдаа хүмүүсийн үзэл бодолтой байх эрх чөлөөнд шууд халдаж байгаа юм. Үзэл бодолтой байх, үзэл бодолоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй бол бид нар боолоос ялгаагүй болно. Урд хөршөөс 98 хувь хараат, хойд хөршөөс цахилгаан, эрчим хүч, бензин тос хараат бидэнд үзэл бодлоо илэрхийлэхээс өөр эрхчөлөө байхгүй шүү дээ. Бид нар боол болсон тохиолдолд хэнийг ч юугаар ч буруутгаад алахад дуугарч чадахгүйд хүрнэ. Харамсалтай биз дээ. АНУ-д байдаг шар Алтангэрэл ах НҮБ-д хандана гэж байсан. Хандах хэрэгтэй байх. Хэл устай, хууль эрхзүйн мэдлэгтэй хүмүүс дуугарах хэрэгтэй.
- Урьд өмнө энэ хүнийг хорих, цагдах тохиолдол гарч байв уу?
- Тэрнийг ёстой мэдэхгүй юм. Цагдаагаас мэдүүлэг авах зэрэг байсныг үгүйсгэхгүй. Угаасаа сэтгүүлч нарын байнгын хаяг нь цагдаад очиж мэдээлэг өгөх. Гучаад жил шахуу сэтгүүлзүйн хүрээнд байсан хүн дуудагдсан л байх.
- Ямар ямар ажил эрхэлж байсан бэ?
- Миний мэдэхээр ерээд оны дунд үед “Улаанбаатар” сонинд ажиллаж байсан. Тэрнээс хойш зөндөө л олон сонин хэвлэлд ажилласан. Хамгийн сүүлд “Ардчилал” сонины эрхлэгч. Ковидын өмнөхөн энэ ажлаа хийж байсан.
- Ахуй байдлын тухайд?
- Ар гэрээс нь хүсэлт өгсөн. Хувийн амьдрал болоод баривчилгаатай холбоотой зүйлийг ярих юмбол ар гэрт нь муугаар нөлөөлөх юм билээ. Тэгэхээр энэ тухай ярьж болохгүй гэж найз нөхөд, ойр дотны хүмүүсээс нь гуйсан байгаа. 1-5 жилийн ялтай гэж тайлбарласан гэсэн шүү.
- Уулзах байр суурийг нь мэдэх, настай ээжийг нь эргэж тойрох боломжийн тухайд?
- Энэ асуудал бас ярихад хориотой гэсэн.
- Хорьж хаагаагүй талаас нь мэдээлэл өгөөч. Онож асуугаагүй ч заавал хүмүүс мэдэх ёстой гэсэн агуулга танд байгаа л байх?
- Ч.Мөнхбаярын асуудал дээр харахад монголын нийгэм сүүлийн гучаад жил буруу тогтолцоотой явсны тод илэрхийлэл. Манай тагнуулын байгууллага ажлаа муу хийдэг гэж би ерөөсөө бодохгүй байна. Яагаад гэхээр олон жилийн туршлагатай Оросын системийг манай дээр шууд уламжилсан. Манай энэ тагнуулчид, хүчний байгууллагын ажилтнуудын ур чадварыг дэлхий ч бахаддаг юм билээ. Гэтэл яагаад ТЕГ-ын хоёр дарга нь тодорхой улстай хамтран ажилладаг нэг хүн улс төрд яваад байдаг гэж зарлаад байхад тэр хүнд ямар нэгэн арга хэмжээ авдаггүй юм бол. Тэгсэн мөртлөө энгийн нэгэн үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлч хүнийг ямар нэгэн байгууллагаас их хэмжээний мөнгө олон жилийн турш авсан гэдгийг шүүхийн шийдвэр гараагүй байхад яагаад зарлачхаж байгаа юм бэ? Иймэрхүү тодорхой бус асуултууд дээр яагаад хариулахгүй байгаа юм бэ. Энэ дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд, хүний эрхийг дээдэлдэг сэтгүүлчид, зохиолчид бас нэгдэж дуугарвал зүйтэй байхаа. Тэгэхээр энэ зөвхөн Ч.Мөнхбаярын асуудал биш, энэ үзэл бодолтой, үүнийгээ илэрхийлдэг, хувь хүн, бие хүн, нийгмийн эд эс бүрийн асуудал юм.
- Хувь хүнийхээ нь тухайд хэн бэ?
- Ч.Мөнхбаярын амьдрал тэр чигээрээ салхин тээрэмтэй байлддаг Кихот ноёны үйл ажиллагаа л явагдаад байдаг юм. Социалист тогтолцооны үед хойно сурч байхдаа коммунист намын тухай хичээлийг би үзэхгүй ээ гээд хичээл хаясан. Монголчууд ерээд онд үндэсний ухамсраа сэргээхээр уйгаржин бичгийг сонгоно гээд явж байхад латин үсгийг бид төрийн бичиг болгох ёстой гээд явсан. Хүн болгон улс төрөөс ашиг хонжоо олоод явж байхад монгол туургатнаа нэгтгэнэ гээд явдаг. Энэ бүхэн Кихот ноёны хийдэг ажил. Ийм л Ч.Мөнхбаяр бол гэнэн, романтист хүн. Гэнэн романтизм байж гэмээнэ аливаа нэгэн зүйл шинэчлэгддэг, хөгждөг. Ч.Мөнхбаярын асуудал хэрэг гэхээсээ илүү асуудлыг асуудлаар, шуугианыг шуугианаар дарах, үзэл бодолтой байж болохгүй шүү гэж заналхийлэл болж хувираад байх вий гэдэг дээр санаа зовж байгаа юм. Нөгөө Сталины хэлдгээр хүн байвал хэрэг олдоно гэдэг шиг процесс явчих вий дээ.
- Энэ хүнийг ирээдүйг та яаж харж байна?
- 1937 онд чинь Японы тагнуул болгоод баахан хүнийг алчихаа биз дээ, тээ. 1937 онд Японы эрх ашиг монголд байсан л байх. Гэхдээ нийтээрээ, төрийн бүх дээд удирдлагууд нь Японы тагнуул болчхоогүй байсан гэдгийг бид нар ерээд оноос хойш мэдсэн. Сэхээтний төөрөгдөл гэж жар, далаад оны үед явагдлаа. Яг үнэндээ сэхээтнүүд нь төөрөгдөөгүй байснын бид ерээд оноос хойш мэдсэн. Социалист орос ах нэр гээд бид нар боддог байсан. Яг үнэндээ бол биш байсан гэдгийг бид нар ерээд оноос хойш мэдсэн. Юм гэдгийг зөвхөн одоогийн өнцгөөс биш арай холоос, томоор асуудлыг нэгтгэн дүгнэж задлан шинжилж харвал үнэн арай тодордог гэж боддог. Ч.Мөнхбаярт яг одооны байдлаар бол ял өгөөд явуулах нь бараг тодорхой байх. Гэхдээ 10, 20, 30 жилийн дараа асуудал арай өөр өнцгөөс тавигдахад дээрх жишээнүүд шиг болно.
- Тэр хүний сэтгэлзүй одоо ямархуу байгаа бол. Нөгөө Кихот шиг үү, эсвэл?
- Үгүй байхаа. Манай шоронгийн нөхцөл чинь гадаад улс орнуудаас их муу юм гээ биз дээ. Тэгээд дотроо бас хүнийг дарамталдаг юм гэсэн. Одоо тэгээд нухчин дарах үйл ажиллагаа л явж байгаа байх даа.
- Хэр тэсвэртай байх бол?
- Тэсэх байхаа. Тэсэхгүй гээд яахав. Дандар баатарын хэлдгээр дайн гэдэг хүсэх юм биш, тулаад ирэхээр зугатах юм биш. Бид санал бодлоо солилцож суухад би бол гутранги үзэлтэй. Монголын нийгмийн тогтолцоо унаж болох хязгаартаа хүрсэн гэж би хардаг. Харин Ч.Мөнхбаяр ах хөгжинө гэж хардаг. Тэгэхээр энэ нөхцөл байдалд өөдрөг, гэнэн байдлаараа хандаж байж ч болох. Нөгөө талдаа манайх чинь одоо ерөнхий сайдаасаа авахуулаад үзэл санааны хоригдлуудыг маш олныг бий болгож байгаа . Тэгэхээр муугаар бодоход үзүүлэн болоод явах байх. Сайнаар бодьё, гараад ирвэл сайхан л байх. Тавь гарсан хүн бол мэдээж суурь өвчнөөс эхлээд асуудал байгаа.
- Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ажил хийсэн ийн мэдэхгүй байж бусдыг буруутгаж өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг байхаа болимоор юмаа
u gj l dansaar mongo avaad bv gjdee...ih l muuhai doromj ugtei hun bsan.
энэ тагнуулууд бүр даварч бн