Ж.Батбаясгалан: Би тэр “ноль” руу шагайж ч үзээгүй

Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан “нолийн өрөө” засуулан, зөвхөн өөрөө бие засахаар цоожлуулсан гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан билээ. Уг асуудлаар тодруулга авлаа.
-Та хотын орлогч болонгуутаа НЗДТГ-ын байранд тусгайлан ариун цэврийн өрөө тохижуулан, зөвхөн өөрөө орж байхаар түгжээ хийсэн гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Үнэхээр үнэн юм уу?
-Миний сууж байсан өрөөнд хотын дарга асан Э.Бат-Үүл конторлож байсан. Тэр үед ямар ч “нолийн өрөө”-ний асуудлаар шүүмжлэл байгаагүй. Үнэхээр тэгж хардаж байгаа бол газар дээр нь очоод, одоо “нолийн өрөө”-нийх нь хаалгыг онгойлгоод үзэх хэрэгтэй. Надад нэг “ноль” өмчлөөд сууж байх зав үнэхээр алга. Ажлаа авснаас хойш өрөөндөө ч нэг тогтож сууж амжихгүй, гадуур ихэвчлэн ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил огт засагдаагүй, “ноль” байсан. Засуулснаар харин ч ажилчдад илүү тав тухтай орчин бүрдсэн. Тэр “ноль” тань 2012 онд Э.Бат-Үүл дарга ажлаа хийж байхад байж л байсан ажилчдын бие засах газар.
-Та гэхдээ ажилчдыг оруулахгүй, ганцаараа хэрэглэж байхаар тооцоод, цоожилчихсон байсан юм биш үү?
-Огт тийм зүйл болоогүй. Тухайн өдөр засварчин нь аминдаа ажлаа хүлээлгэж өгөх гээд л зогсож байсан юм билээ. Намайг харлуулах гээд зориуд тэр үед нь зураг аваад, явуулчихсан юм билээ. Би тэр зургийг сошиал орчинд цацагдсаны дараа бүр гайхаад, НЗДТГ-ынхнаас “Та надад ноль өгөх гээд байгаа юм уу” гэж асуусан юм. Тэгсэн “Үгүй ээ, та ардаа “ноль”-той учраас нийтийн нолийг засуулсан юм” гэж тайлбарласан. Би яг үнэндээ тэр Ж.Батбаясгалангийн ноль гэгдээд байгаа өрөөнд тань бие засч ч үзээгүй. Шагайж ч үзээгүй.
-Таныг өөртөө зориулаад нолийн өрөө тохижуулчихлаа гэж ойлгогдсон?
-Надад эмзэглээд байх зүйл алга аа. Би Нийслэлд 12 жил ажиллаж байна. Хаана ч явсан ноль засч, энэ асуудалд анхаарсаар л ирсэн. Ялангуяа сүүлийн гурван жил гэр хорооллын нолийн асуудлаар өчнөөн л ажил хийж байгаа. Тоох ч юм алга. Би Нийслэлд 10 гаруй жил ажиллахдаа ганц сандал ч сольж үзээгүй хүн. Надад нолиос өөр наах сэдэв олдоогүй байх л гэж харсан.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.