
Ойрдоо хаврын урь тэмдгэрч эхлээд байгаа ч өчигдөр хэсэгхэн зурвас хугацаанд цас хаяллаа. Ер нь бүүдгэр өдөр байв. Харин уулзсан, уудалсан зочин зураач. Тэр хаврыг угтаж, энд тэндгүй цэцэгс алагласан шинэ үзэсгэлэнгээ дэлгэжээ. Гадаах орчин яах ч аргагүй эсрэгцэж байв ч түүний нэг тийм эгэл бүдүүн эр хүний хээгүй сэтгэлд ургасан зурах, бүтээх дур эрмэлзлийг нь бүрхэг өдрийн хаялаад өнгөрсөн цастай, тийм дүр зурагтай зүйрлэчихвэл арай хэтийдсэн романтиклал болчих юм болов уу.
Л.Давааням жил бүрийн хавар, мартын 8-ныг угтаж ийм цэцэгсээр дагнасан уран бүтээлийн үзэсгэлэн толилуулах болоод таван жил болж байгаа аж. Уг нь усан будгаар уусгаж, сүлж үүсгэсэн өнгүүдээр цэцэгс нь дүрслэгдсэн байх болов уу гэсэн таам төсөөлөл байсан ч үгүй юм. Харин цэцэгс яагаад ч юм нэлэнхүйдээ аз жаргал, амгалан амарлингуйгаас ангид өнгө аястай. Цаг хугацаанаас бас ангид, хөшүүн, магадгүй хүйтэн, магадгүй тийм ч гоё биш. Магадгүй уйтгартай, эсвэл байдаг л нэгүүд.
“Цэцгийг би бурхны нүд гэж боддог. Зөвхөн хүний аз жаргалыг илэрхийлдэг зүйл биш шүү дээ. Уй гуниг тохиолдсон ч цэцэг бариад очдог. Баяр жаргалтай учирлаа ч бид хайртай хүмүүстээ цэцэг бэлэглэдэг” гэж тэр ярив. Энэ утгаараа тэр цэцэгсээ дандаа бадрангуй гоо сайхан, халуун дулаан аз жаргалаар бялхуулж зураагүй аж. Тэнд юм юм л. Цэцэг болгоны эзнийхээ гарт очсон олон янз түүх энд нэг нэгээрээ өгүүлэгдэх шиг.
Харвал, нэг нь лав яг нууц амрагтаа барьсан гэлтэй нялуун гушуун өнгөтэй ч сэтгэл ноцоом тачаангуй, гэхдээ хүйтэн, тэгээд царцсан дүр дүрслэлтэй. Бас нэг нь авсан, очсон хэн хэнийхээ санаа зорилгоос гоо сайхан нь хол зөрөх тийм эрхэм дээд, цагаан, ариун. Нөгөө нь өнгөрсөн цагаас чимээлнэ. Яах вэ дээ, тэр цэцэг бэлэглэгдсэн дурсамж одоо сэтгэл хөндүүрлэхийн шалтгаан болчихсон, гэвч цэцэг өөрөө дурсамжийг хадгалж, ядруу, зутруухан ч гэлээ бардам, гэхдээ бодит ертөнцөд биш ердөө ой санамжинд оршиж байгаа гэлтэй. Л.Даваанямын “хээнцэр” цэцэгс ийм нэг далд дурсамжуудтай зурагджээ. “Бурхны нүд” гэснээрээ түүний хувьд цэцэгс хүний амьдралын мөчлөг бүрд тохиолддог хачирхам үйл явдлуудын өгчилгөх сэтгэл хөдлөлийн илэрхийллүүд.

Л.Давааням Баянхонгорынх. Тэдний нутаг өнгө алагласан элдэв цэцэгс багатай. Тийм болохоор цэцгийн гоо сайханд бага байхаас автаж, татагдаж ирсэн үү гэвэл үгүй. Харин хожим оюутан болохоор Улаанбаатар хотод ирж ирэхэд нь энд тэндхийн барилга, үйлчилгээний төвүүд дотор гоёмсог вааранд хийж тавьсан цэцэгс харц булаажээ. Үүнийг цэцгийн гоо сайханд уран бүтээлч нүдээр татагдсан анхны тохиолдол нь гэж хэлж болно. Харин дараа нь, ээждээ нэгэн үзэсгэлэнгийн нээлтээр баглаа дүүрэн цэцэг чин сэтгэлээсээ бэлэглэж, тэр нь их сайхан амгалан, зол жаргалтай мэдрэмж төрүүлжээ. Ингэж тэр цэцэгтэй холбогдсон байна.
Ихэнхдээ төсөөлөлдөө ургуулж тэр цэцэгсээ зурдаг. Ховор л тохиолдолд харж зурна. Харин ихэвчлэн гэнэт сэтгэлд нь буусан дүр дүрслэл, өнгө будаг, зохиомжийн дагуу цэцэгс бүтнэ. Л.Давааням “Яаж илүү шинэлэг, бусдаас ямар нэг байдлаар өөр байлгах вэ гэж анхаарч, хөдөлмөрлөдөг” хэмээлээ. Хөдөлмөр гэдэг яах ч аргагүй түүний амьдралд нөлөөлсөн аварга хүчин зүйлсийн нэг ажээ. Энэ үзэсгэлэнд л гэхэд ноднингийн өвлийн сар гаруут л зурж эхэлсэн 40 гаруй уран бүтээл багтсан байна.
Сургуульдаа сараар хонож зурдаг, онцлоход нэг удаад гар нь татаж, захирал нь хүчээр гэрт нь хүргэж өгсөн түүх бийг тэр дурсав. Нэг удаа зургаа зурсаар битүүний урд өдөр нэг гэртээ харьж, аав ээжтэйгээ уулзаж байсан дурсамж ч бий аж. 2004 оноос хойш ингэж зурснаа Л.Давааням “Уран бүтээлч болно гэдэг амаргүй шүү дээ. Энэ дунд хавчуулж, цавчуулчихалгүй, хүний доор орчихгүй, зураач шиг зураач болно гэж зорилго тавиад эхлүүлсэн” гэж ярина. Малчны хотноос зураач болохоор сэтгэл өвөрлөж Улаанбаатарт хөл тавьсан хүүгийн өсөж өндийж, өдий зэрэгтэй туурвиж, өөрийнхөөрөө амьдрахад нь ингэж хөдөлмөр тусалжээ.

Уг нь тэр чөлөөт бөхөөр хичээллэдэг, спортын дасгалжуулагч болох ая талын сонирхолтой хүүхэд байв. Мөртлөө аав, ээж хоёрынх нь удамд гарын дүйтэй, уран гартай, зурдаг, сийлдэг бас ая хөгжим зохиодог ч хүмүүс байдаг гэнэ. Аавынх нь талд нутгийн улсын нас барсан бүх л хүний хөргийг зурсан зураач ах байсан бол аав нь өөрөө айл болгоны авдар дээрх 12 жилийн амьтны зураг зэргийг зурснаараа танигддаг байж. Гэхдээ Л.Давааням зураач болно гэж боддоггүй байв. Харин нэг удаа багш нь “Хүүхдийн урлагийн их наадам болох гэж байна. Оролцоод үз” гэж ятгажээ. Төгсөх дөхсөн үе. Тэр оролцож, алдан медаль хүртээд хачирхам бахархал анх удаа ч гэмээр мэдэрчээ. Алтан медалийн хамт дүрслэх урлагийн “Од” дээд сургуулийн урилга ч ирсэн байна. “Тэгээд л би шууд зураач болно гээд шийдчихсэн. Түүнээс хойш ганц ч удаа эргэлзэж үзээгүй” хэмээнэ.
Оюутан болсон эхний сарууд амархан байсангүй. Эгч нар нь Нарантуул зах дээр наймаа хийдэг, “Чиний зураач болно, сурна гэж юу байх билээ. Ирж лангуун дээр зогс” гэсэн утгаар ханддаг, хичээлийнхээ хажуугаар тэгж Нарантуул руу гүйдэг хэсэг хугацаа ч өнгөрөв. Нэг удаа багш нь “Чи ингэж байхаар боль. Зураач болохгүй юм байна. Зах дээр наймаагаа хийгээд яв” гэж хатуухан хэлсний дараа Л.Давааням дахиж Нарантуул руу очоогүй гэнэ. Эгч нартаа эрсхэн хэлж, ойлгуулжээ.
“Сургуулийн орчин энэ тэр хачин гоё шүү дээ. Анх хөл тавиад л “Би сурч чадах болов уу, ийм газар” гэсэн бодол төрж, өөрийгөө голж байсан” хэмээнэ. “Зураач болно” гэж өөрийгөө тодорхойлоод удаагүй хүү ингээд өөрөө өөрийгөө шахсаар шахсаар, яагаад ч юм сэтгэлд нь “Хийгээд л бай, хийгээд л бай” гэж хэн нэгэн хэлэх шиг, уурын зууханд нь байсхийгээд л гал өрдөөд байх шиг хөдөлмөрлөсөөр өнөөдрийг хүрчээ.
“Од болмоор байдаг уу?” гэвэл ёстой гэнэтхэн туссан янзтай “Хээцссс...” гэж дуу алдаад “Миний тэгж явна гэж юу байх вэ. Би бусад шиг амбицлаад байхыг хүсдэггүй ээ. Яаж дорвитой, эвтэйхэн юм хийх вэ л гэж боддог. Улсдаа өртэй юм шиг санагддаг. Айл гэрт өлгөхөд эвтэйхэн, халуун дулаан уур амьсгалтай зураг зурчих юм сан гэж санадаг” гэнэ. Бид хоёрыг ярилцаж суухад үзэсгэлэнг нь үзэж хоёр дэгжин зураач өнгөрөхдөө мэнд мэдэв. Тэр годосхийн тосож, “Урлан чинь ойрхон гэв үү. Ороод гаръя” гэж шүүрэх нь бусад зураачдад их тийм хүндэтгэлтэй ханддаг, өөрийгөө өндөрт өргөдөггүй шинж аяг үзүүлж байв.
Л.Даваанямыг зураачид “Цэцэгчин” гэж хочлох нь ч бий гэсэн. Гэхдээ ингэж цэцэг зурдаг болохоос өмнө тэр нэг хэсэгтээ бороонд автжээ. Төрсөн нутгийнх нь онцлог, бороо орсны дараа энд тэндгүй элчилгүй үер урсалдаж, усан газар болж, гялалзаж гялбалзаж байдаг хэмээнэ. Бас бороо орохын өмнөх урьтал үнэр, бас дараах цээж угаасан сайхан чийгтэй үнэр түүний сэтгэлийг татдаг, дурсамжинд нь одоо ч амьдарч байдаг. Тэр үүнийг нэг хэсэг зуржээ. Тэгвэл бүр анх гэр хорооллын дүр дүрслүүдэд хүчтэй автаж байсан удаатай гэнэ. Тэр үед зурсан зургууд нь одоо нэгэн цуглуулагчид хадгалаатай байдаг ажээ.

“Айл гэр, албан байгууллага” гэж толгой холбосон үг бий дээ. Одоогоор түүний зургууд үүнд тохирдог. Ялангуяа цэцэгс нь. Зохиомжоо аль болох энэ нүдээр харж, интерьер зохицлыг нь боддог гэдгээ тэр нуулгүй ярив. Бас нөгөө талаар энэ бэлэг. Эмэгтэйчүүдэд амьд цэцэг бэлэглэж болно. Зурсан цэцэг ч болно, тэр утгаар энэ үзэсгэлэн эмэгтэйчүүдэд барьж болох янз янзын өгөгдөлтэй, амьдаас ч илүү мөн чанартай бэлгүүд. “Одоо цэцгэнд дургүй эмэгтэйчүүд мэр сэр бий болчихсон юм биш үү. “Цэцгээр чинь яах юм” л гэцгээх?” гэвэл “Ингээд урлагийн бүтээл болчихоор ондоо л доо. Шал өөр мэдрэмж, үнэ цэн дагалдана” гэж хариулна.

Л.Давааням цаашид сэдэвт уран зургаар өөрийгөө сорино гэж төлөвлөөд, “Сонгодог” гэсэн тодорхойлолтод ойртох бүтээлд төвлөрнө гэж өөртөө амлаад байгаа. “Арилжааны зураач гэсэн ойлголтыг юу гэж боддог вэ, та?” гэж асуувал тэр бага сага оволзонгуй “Ер нь ямар ч алдартай, суут зураач бай талхны мөнгөө олохын тулд зургаа зардаг л байхгүй юу. Зарах үедээ зарж, зурах үедээ зурна. Их дэлгүүрт бүр үнэ, үнэлгээтэй тавьчихсан байдаг зургуудийн эзэд бий шүү дээ. Яг түүгээрээ л амьдардаг. Би үүнийг ингэж боддог, буруутгадаггүй. Өөрөө ч би энэ хугацаанд зөвхөн зурж амьдарлаа” гэж хариулж байх юм.
Нээрэн, тэр бүр алсдаа өөрийн гэсэн музей байгуулахыг хүсдэг гэнэ. Харин ойрмогхоны хүсэл гэвэл хотоос зайдуу өөрийн эдлэн газартай болж, түүндээ өнгө өнгийн цэцэгс алаглуулж тарихаас гадна урлангаа байгуулах тухай. “Түүн дотроо орилоод зурсан ч болно. Одоо бүх юм хаалттай, хэцүү байна. Тийм урлантай болно” гэдэг асар чухал юм билээ” хэмээнэ.
Ганган хээнцэр зураачид бий л дээ. Хөндлөн үг хэлтэй, хурц аяг ааштай. Хөндлөн ч юм зурдаг. Л.Давааням тийм биш, түүгээрээ байдаг л зураач. Гэхдээ өнөөдөр сэтгэлдээ эгэл бүдүүн, тал нутаг шигээ цэлгэр, мэлгэр мөртлөө хийхийн, амьдрахын оргилсон их элчээр төөнөхдөө “Ийм нэгэн уран бүтээлч ч байж болдог. Олон төрлийн нэг нь л энэ шүү дээ” гэсэн өгүүлбэрийг байр байдлаараа хэлээд, хэлүүлээд байх шиг. Зүгээр л, ийм нэг эгэл зураач бас байгаа нь, түүний дотор ч уран бүтээлийн оч үсэрч явдаг гэхээр сайхан. Ийм хүмүүс магадгүй яг бүүдгэр бүгээн өдөр шиг сэтгэл хувирам, нар гармагц үзэгдэх орчлон алавхийн өөрчлөгдчихмөөр.
Үзэсгэлэн гуравдугаар сарын 7 хүртэл, "BlueMon "-ий нэг давхарт дэлгэгдэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ цэцгүүдийг хааанаас хуп�##�даж авах вэ
88831180 enrvv holbogdooroi
88831180
Blue.mon.1davhart.garsan bgaa
Даваанямд амжилт
Авгайдаа авч өгье
Tegeerei...89117564
1
Энэ з�##�уу ёстой нэр �##�дар хөөсөн хөөсөнцөр шүү дээ.Мэдэх л юм байна: