
Байраа барьцаалж зээл аваад хөдөө орон нутагт соёл түгээхээр гурван жилийн өмнө Дундговь аймгийн Хулд сумыг зорьсон Б.Төгөлдөрийн гэр бүлийг энэ удаад онцолж байна. Эднийх гурван хүүхэдтэй, Улаанбаатар хотын утаанаас “зугтаж”, хэнийг ч танихгүй нутагт ирж суурьшжээ. Энэ хугацаанд хэзээ ч үзэж байгаагүй говийн угалзанд зээлээр авсан гэрээ нураалгаж, цар тахлын үед бизнесээ элгээр нь хэвтүүлсэн ч зорьсноосоо буцсангүй.
Түүний гэргийг Г.Уртнасан гэдэг. МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр дүүргэж, олон жил гаднын улсад ажиллаж амьдарчээ. Тэр хугацаандаа хүний нутгийн хатуу, зөөлөн бүхий л замыг туулсаар эх орондоо ирсэн байна.
Дундговь аймгийн Хулд сумаас 500 метрийн зайд төв зам дагуу “Cafe Ger Coffee shop” хаяг бүхий хоёр том гэр бол тэднийх. Тэд Хулд сумаас Өмнөговь явах зам дагуу дөрвөн иргэнийг цалинжуулан ажиллаж байна.
-КОФЕНЫ СОЁЛЫГ ХӨДӨӨ НУТАГТ ДЭЛГЭРҮҮЛНЭ-

-Танайх Улаанбаатар дахь кофе шопуудаас юугаараа ялгаатай вэ?
-Харагдах байдлаасаа 10 болон найман ханатай гэр дотор ажлаа явуулдаг нь хамгийн том ялгаа. Мөн манайхаас хоол захиалгаар гардаг.
-Хөдөө нутагт кофе шоп ажиллуулж эхлэхэд нутгийнхан таатай хүлээж авсан уу?
-Анх өдөрт 1-2 аяга л зарагддаг байсан бол одоо 5-10 болж нэмэгдсэн. Үүнээс харахад нутгийн иргэд кофе хэрэглэх нь нэмэгдэж байгааг харуулж байна.
-Танайх кофегоо хэрхэн бэлтгэдэг вэ?
-Бид өөрсдөө хуурч бэлтгээд, зочдодоо шинэхэн кофегоор үйлчилдэг.

-Ер нь яагаад хөдөөд очиж кофе шоп ажиллуулъя гэж бодсон бэ, нийслэлийг бодвол соёл нь арайхан түгээмэл дэлгэрээгүй шүү дээ?
-Би хувцасны зураач, дизайнер мэргэжилтэй. Төгсөөд Японд гурван жил, БНХАУ-д гурван жил амьдарсан. Энэ хугацаанд гадаадын улс орнууд монгол гэрийг өвөрмөцөөр тохижуулж, интерьер шийдлээ содон болгосон байхыг бишгүй үзсэн. Нийт долоон жил гадаадад амьдарч ажиллаж байхдаа бяцхан мөрөөдөл тээж явдаг байсан нь “Монгол гэрийг зөвхөн нүүдэл суудал хийж, амьдрах хэрэгслээ болгохоос гадна үйлчилгээний зориулалтаар ашиглах сан. Гадаадын иргэд бидний соёлын ингэж сайхан дэлгэрүүлж байхад бид уг нь чадна шүү дээ” гэж бодсоноос эхлэлтэй.
-Харин хөдөөг зорих болсон шалтгаан нь юу вэ?
-Эхнэр маань Турк улс руу томилогдон ажиллаж ирээд хоёр жил болсны дараа дунд охин маань мэндэлсэн. Тэр үед Улаанбаатар утаа ихтэй, хоёр алхмын цаадах газар харагддаггүй байв. Тийм утаатай орчинд үр хүүхдээ эрүүл байлгаж чадахгүйгээ мэдсэн учраас гарц хайж эхэлсэн. Харин шийдэл нь хөдөө явах болж таарав.
Үүндээ ч олзуурхаж үр хүүхдүүдээ уламжлалт соёлтой ойр, эрүүл орчинд эрүүл бойжуулж чадах нь гэсэн тэмүүлэлд хөтлөгдөөд л хадам ээжээсээ өөр таньж мэдэх хүнгүй энэ нутагт ирсэн. Үр хүүхдээ эрүүл саруул байлгах гарцаа олчихлоо, харин ямар ажил хийж амьдрал ахуйгаа залгуулах билээ гэж бодтол өнөөх сэтгэлд уяатай гэр тохижуулж уламжлалт соёлтойгоо хамт байх, дэлгэрүүлэх бяцхан мөрөөдөл минь сэдэрсэн.
Харин Дундговь нутгийг зорих болсон маань монголын солонгос гэгддэг учраас хөгжлийн замаа дагасан хэрэг. Монголын хамаг л эрчүүд том тэрэг барьж, нүүрс зөөж, тээвэр, уул уурхай эрхэлж амьдрал буцалж байдаг халуун цэг шүү дээ.
-Хөдөө хийж болох олон бизнесүүд дундаас яагаад кофены үйлчилгээ явуулахыг сонгов?
-Би өөрөө кофенд их дуртай. Хөдөө орон нутагт кофены соёлыг түгээе гэж бодсон учраас Дарханд байдаг ээжийнхээ байрыг барьцаанд тавиад банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, төслөө санхүүжүүлсэн. Ингэхдээ тав, найм, арван ханатай гэрүүдийг хооронд нь холбож үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэхдээ одоо хоёр гэрээр үйлчилгээ явуулж байна.
-ГОВИЙН УГАЛЗАНД ТОМ ГЭРЭЭ АЛДСАН-


-Нэг гэр нь хаачсан бэ?
-Үйлчилгээгээ эхлээд гуравхан сар болж байтал говийн угалз салхинд нэг гэр маань юу ч үгүй унь, туурга, хана нь хугарсан. Эргээд босгох боломжгүй. Харин арван ханатай гэр маань хариугүй нурдгийн алдад угалз намжиж, хоёр гэртэй үлдчихсэн /Инээв/.
Энэ хугацаанд өр ширээ дарсан зүйлгүй. Гэхдээ ашиггүй бас ажиллаагүй. Амьдралаа залгуулах хэмжээнд байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэхээр санхүүгийн боловсрол сайтай болж байна. Өмнө нь олсон орлогоо амьдралдаа зарцуулаад хоосон үлддэг байсан бол бүх юмыг тооцоолж мөнгийг яаж зөв зохистой зарцуулах ухаанаа олж байна.
-Та түрүүн хөдөөд кофены соёлыг дэлгэрүүлэх зорилготой гэсэн. Энэ зорилго хэр биелж байна вэ?
-Анх нээгдэхэд манай сумынхан ирж нэг кофе дундаа авч уугаад амсацгаасан. “Гашуун байдаг юм байна, “yeye” кофеноос шал өөр юм” гэцгээж байв. Харин одоо тэгдэггүй. Авч уучхаад сайхан кофе байна, баярлалаа гэлцэнэ. Мөн тээвэрт явдаг кофе уугаад дадчихсан хүмүүс манайхыг зорьж ирдэг. Зарим нь бүр байнгын үйлчлүүлэгч болчихсон. Авч явах хүсэлтэй хүмүүстээ савлаад өгнө.

-ЦАХИМ СҮЛЖЭЭ БУС НОМЫН ХУУДАС СӨХДӨГ БАЙГААСАЙ-
-Бусад кофе шопуудын адил интернет сүлжээ ашиглаж, тухалж суух боломж байдаг уу?
-Тухлаад суух боломж мэдээж байгаа. Харин манай кофе шопоор үйлчлүүлсэн иргэд цахим ертөнцөөр биш номын хавтсыг дэлгээд суудаг байгаасай гэж хүсдэг юм. Тиймдээ ч сүлжээ холбоогүй. Харин ханандаа дүүрэн номтой тавиуртай болохоор хичээж байна.
Би хувьдаа цахим сүлжээг таатай хүлээж авдаггүйн дээр хийсвэр, худал мэдээллийг түгээхийг хүсдэггүй. Хүссэн хүсээгүй хүн бүр сэрээд л гар утсаа ухдаг шүү дээ. Энэ нь хүний тархинд амралт болдоггүй. Улам л ядрааж ачааладаг. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ тархийг амрааж, бодож санахаа цэгцлээд төгөлдөр хуурын сонгодог аялгууг сонсон суугаасай гэж хүсдэг.
Манайх гэртээ телевиз ч аваагүй. Дөрөвдүгээр ангийн хүү маань дэлхийн сонгодог гэж хэлж болох бүхий л номыг уншсан. Ном уншдаг хүний яриа, сэтгэлгээ нь шал өөр болдгийн жишгээр сэтгэлгээ нь задарсаар байгаа. Хүүгээ бага байхад асуусан асуултыг нь хариулж дөнгөдөг байсан бол одоо мэдэхгүй зүйл их асуудаг болсон. Бусад хүүхдүүдийг ч гэсэн ном уншдаг, өөр сэтгэлгээтэй болоосой гэж хүсдэг учраас кофе шопдоо цахим сүлжээг бус ном эгнүүлэхийг л зорьж байна. Хөдөө газар байгаагийн утга нь бас тархи амар байх юм шүү дээ.
-Харин иргэд танай кофе шопын дизайнд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Угалзанд нурснаас хойш хүмүүс эсгий туургыг нь аваад сендвич болгочхооч гэдэг. Гэвч би дотроо монгол гэрээ хэвээр байлгаж, өв тээхийг хүсдэг. Бусад залуус үлгэрлээсэй гэх бодол тээдэг учраас унь, туургыг нь өөрчилдөггүй. Зундаа нимгэлж, өвөлдөө эсгийгээр хучиж дулаалаад явах нь л сайхан.
Зарим замын улсууд “Танай гэр хэдэн ханатай вэ” гээд асуудаг. 10 ханатай гэхээр “Ийм том гэр бариад амьдарвал сайхан юм байна шүү” гэлцэнэ. Түүнд нь урамшина. Ганц хүнд ч гэсэн монгол гэрт амьдрах сан гэдэг сэдэл өгч байвал болох нь тэр.
-Ингээд бодоход ковид гарахын өмнөхөн үйлчилгээгээ нээж. Тахлын үеийг хэрхэн давж байна вэ?
-Хамгийн хэцүү шантармаар үе энэ. Үйлчилгээгээ явуулаад нэг жил болж байтал ковид гарч тэсэж үлдэхэд чанга өдрүүдийг туулсан. Зам хааж, хөдөлгөөн хорьсон учраас үйлчлүүлэгчид татарч, орлогогүй, хаалттай өдрүүд өнгөрсөн. Харин одоо бид өглөө 08.00-00.00 цаг хүртэл ажилладаг.
-АЖИЛЧДЫНХАА ГЭР БҮЛИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАНА-
-Шантрах шалтгаан бишгүй л байж. Энэ дунд нугарахгүй байхад юу түшиг болов?
-Би тууштай биш, хийж байгаа зүйлээ дундаас нь орхичихдог зантай байсан. Гэхдээ Японд ажиллаж байхад нэг ажлаа 60 жил хийсэн хүнтэй таарч байв. Мөн Солонгосын иргэд ч нэг орсон ажлаа үхэн үхтлээ хийдэг юм билээ. Үүнээс л тууштай байх чанарт суралцсан.
Гэхдээ хүнд цаг үед шантрах гэхэд анх зорьсон зорилго маань шүд зуух шалтгаан болдог юм билээ. Мөн манай гэр бүлээс цалинждаг дөрвөн хүн бий. Тэд маань манайхаас авсан цалингаараа гэр бүл, үр хүүхдээ тэжээнэ. Тэгэхээр бид ажилчдынхаа гэр бүлийн өмнө ч хариуцлагатай байх хэрэгтэй. Тэднийгээ ядаж цалингаар нь таслахгүй юм шүү гэж их боддог.
-Хөдөө амьдарснаар таны үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ?




-Улс эх орондоо юм хийхийг их боддог үндсэрхэг үзэлтэй хүн л дээ. Хөдөө ирээд сүү цагаан идээнд бялхаж, айргаар тасрахгүй гэж бодтол малдчын маань амьдрал ямар байдгийг бодитоор нь мэдэрсэн. Тэд маань байгалийн гамшигт үзэгдэл бүхнийг тэсдэг, давдаг. Зарим нь хамаг эд хөрөнгө болох малаа зуд, ганаар алддаг. Дундговь нутаг руу ган ихтэй. Хоёр жилийн хугацаанд нутгийн малчид отроор явж, сүү цагаан идээ авах боломжгүй байсан. Ер нь жилийн жилд зун болохоор отор хийж айлын бэлчээр царайчлах нь бий. Тиймээс цагаан идээг голчлон Улаанбаатар хотоос авдаг.
Малчид маань малыг махны зориулалтаар тэжээдэг болжээ. Үүнээс үүдэн яваандаа нутгийн малчдадаа зориулан нэг мухлаг тавих бодол төрсөн. Малын гаралтай цагаан идээний бүтээгдхүүнийг нээлттэй зарж борлуулдаг үзэсгэлэнгийн цэгтэй болгоно. Тэнд хүссэн малчин нь бүтээгдэхүүнээ тавьж, замын хүмүүст нутгийн идээний амттайг дэлгэрүүлээсэй гэж бодох болсон. Ашиг орлого нь малчдад маань хэрэгтэй. Худалдан авагчдад ч ямар нэгэн найрлагагүй ориг бүтээгдэхүүн итгэлтэйгээр сонгон авах боломж бүрдэнэ.
-Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?
-ЖДҮ-ээс Дундговь аймагт зээл тусгагдсан байна лээ. Энэ төсөл хувиараа үйлчилгээ явуулж байгаа бидэн шиг иргэдэг олгогддог бол дахин нэг байшин хажууд нь барих сонирхолтойгоор зураг төслөө гаргаж байна.
Ер нь үйлчилгээ явуулахаар олон танилтай болж, нийгмийн харилцаанд идэвхтэй болдог. Хувиараа бизнес эрхлэхэд ихийг сурдаг юм байна. Зураг зурахаас өөрийг мэддэггүй байлаа. Хүнд үйлчилж, хүмүүстэй харилцаж сурж байна. Зам зуурын тээврийн жолоочид хүнд хэцүүг туулж байгааг, орон нутгийн байр байдал, малчдын зовлон жаргал бүхнийг л дэргэдээс нь харж байна.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч ажлын амжилт хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо бяцхан ойн төгөлтэй болчихвол орчин нь сайхан болно доо.
Ямар өөдрөг зөв сэтгэлтэй гэр бүл вэ
Баяр хүргэе. Яг хаана байдаг юм бэ. Төв зам дээр байдаг юм уу.
Тодорхой бичээч
Амжилт.Заав�##� очиж кофе уунаа.Хулдынхаа зам дагуу хаяг байгаа болов уу.
Иым айлууд орон нутагт олон болоосой
huduu gazar soyol tugeej bainshde goy yum be amjil
Үнэхээр мундаг хөдөлмөрч шүү миний найз. Багаасаа л хөдөлмөрч охин байсан. Амжилт хүсье. Кофег нь заав�##� очиж уунаа
Зүрхний өвчтэй хүмүүс кофэ уж болдоггүй. Заав�##� нөлөөлдөг.
М�##�чид хамгийн цэвэр матери�##�аар бохир орчинд хийдэг. Цагаан идээ аваад идэхээр хэний юуны үс нь мэдэгдэхгүй хүний үс гардаг. Тиймээс гарары цаган идээг шүтэхээ больсон. Ямар ч бат�##�гаагүй. Манай ингэж цэвэрхэн орчинд ингэж хийдэг гэсэн видео нь хамт байв�##� өөр хэрэг. Монгол х�##�дварт өвчнөөрөө �##�дартай гэдгийг санах. 2. Өөрсдө кофэ шоптоо зочин татна гэвэл гүүглэ гэх мэт хүмүүсийн өргөн хэрэглэдэг гарын зураг дээр байршлаа оруулж яг үнэнээсээ мөрдөх цагийн хуваариа орулах. Танайх зайтай тул ажил гарч цагийнх уваарьт өөрчлөлт орвол хүнд дараа болохгүйн тулд бас тэр дор нь өөрчилж тавьж байх.
Amjilt husie. Utasnii dugaar ni hed ve
Amjilt husie. Utasnii dugaar???
уг нь ждү-гийн зээлийн мөнгийг сайд дарга нар биш ийм хүмүүст л хүргэж чаддаг байв�##� Монгол улс хөгжинө дөө