ТОЙМ: Б.Ариунзаяагаас ӨӨР улс төр, эдийн засагт тулга, жалга тойрсон ҮЙЛ ЯВДЛУУД

Улс төр болоод эдийн засагт өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрөгч долоо хоногийн нийгмийн уур амьсгал өрнөсөн үйл явдлыг том зургаар нь харвал Б.Ариунзаяа ба бусад гэж ангилмаар. Бусдын толгой дээр халуун кофе асгаж сагсуурсан Б.Ариунзаяа охины дуулиан украины дайн болоод хөгжлийн банкны асуудлыг мартагнуулж, эрчийг нь сулруулсан өдрүүд өнгөрөв.
Өмнөх сэдвээ мартатлаа дараагийнх руу ам уралдан хошуурдаг зантай болжээ, бид. Бусдын толгой дээр кофе асгаж балмад үйлдэл гаргасан Б.Ариунзаяа охины асуудал биднээс Хөгжлийн банкны зээл, Украины нөхцөл байдлыг мартуулж чадав. Нийгмээрээ нийтээрээ түүнийг үзэн ядаж чичилж, сургуулиас нь хүртэл хөөлгөж амьдрах орон зайгүй болгож чадлаа. Б.Ариунзаяа охины тулга тойрсон асуудлаас өөр улс төр, эдийн засагт ямар үйл явдлууд өрнөснийг тоймлон хүргэе.
-ОРОЙТОЖ ХӨДЛӨГСӨД-
Украин-Оросын асуудал манайд ашигтай гэж дулдуйдан ярьж буй хүмүүс бий. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УУХҮ-ийн сайд Ёндон нараас эхлээд ийн ярьсан. Дайнаас өчүүхэн ашиг харагчид гэж цоллуулахад хүрсэн. Гэвч бодит байдал дээрээ ямар асуудал учрахаар байгааг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл авч хэлэлцэн ээлжит бусаар хуралдав. Тэд ОХУ-ын хоригтой уялдуулан яг ямар арга хэмжээ авах нь зүйтэй, ямар эрсдэл бодитоор учраад байгааг хэлэлцэн, хуралдааны тэмдэглэл бүхий мэдээллээ ҮАБЗ-д нууцын тамгатай хүргүүлсэн.
Украин дахь цэргийн түрэмгийллээс үүдэж ОХУ-д дэлхийн бусад орнууд эдийн засгийн хориг тавиад буй. Цагаан ордноос ОХУ-ын Төв банкны ам.долларын гүйлгээг царцаасан бөгөөд хэд хэдэн томоохон банкийг нь SWIFT гүйлгээний системээс хассан юм.
Харин ингэснээр манай улс ОХУ-тай гадаад гүйлгээ хийхэд хүндрэл учрах, хилийн боомтууд дээр саатал үүсэх, цаашлаад бензин импортлох боломжгүй болох эрсдэл харагдаж буй.
Ийм бодит эрсдлүүд биднийг отож байхад тэд уржигдар л эл асуудлаар гэнэт сөхөө орсон юм шиг хуралдаж дөнгөж ҮАБЗ рүү хандацгааж байгаа юм. ҮАБЗ нь Х.Баттулгаас хойш хамгийн сүүлд хэзээ хуралдсан нь мартагдаж, тарсан гэж хэлчихээр байр байдалтай байгаа билээ.
-УЛС ОРНЫХОО ӨМНӨӨС ХЭНХЭГЛЭГСЭД-
Орос, Украины дайныг эсэргүүцсэн "No War" жагсаал хоёр өдөр болж өнөөдөр ч бас үргэлжилнэ. Энэхүү жагсаалыг иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар зохион байгуулж эхний өдөр багахан хэмжээний зодоон маргаан болцгоосон. Гэтэл монголд шантаажаараа алдартай нацист бүлгэмийнхэн ирж тэдний жагсаалыг үймүүлж, нэгнийхээ биед халдаж, украины тугаар олс таталцсан онигоотойгоор дууссан. Тэд сүүлдээ Монголд амьдрагч Украины иргэдтэй хамт жагсах болов. Энд тэнд элдэв асуудлаар жагсахыг Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ зөвтгөж суусан юм.
Ардчилсан намын хэд хүртэл Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэн мэдэгдэл гаргаж байх жишээтэй. Гэтэл улсын гадаад харилцаа гэх нэг зүйл бий. Дайн байлдааны болоод аливаа онцгой нөхцөлд ямар байр суурь илэрхийлж, хэрхэн яаж харилцах тухай чухал асуудал байдаг. Манай улс бол ТӨВИЙГ САХИХ үзэлтэй. Хэн нэгнийх нь талд орж, дэмжиж, үл дэмжиж байгаагаа илэрхийлэн дулдуйдах ёсгүй.
-ОЛИГАРХИУДЫНХАА ХАЛААСЫГ ТЭМТРЭХ ЭСЭХЭЭР ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭГЧ-
УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНРТ-ээр эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ ярьсан зүйл нь өчигдөр өндөрөө авав. Тодруулбал, “Их орлоготой хүнээс арай ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Үүнийг ярихаар шуугин болиулдаг. Өмнө нь 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар оногдуулъя гэхэд жагсаал цуглаан гарч, болиулсан. Хэрвээ зөв л ойлгуулж чадвал энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог” хэмээсэн.
МАН шинэ бодлогынхоо хүрээнд шударга, ёс хүний эрх, тэгш боломжийг илүүтэй илэрхийлэх болсон. Үүнийгээ намын дүрэмдээ ч тусгасан. Эрх баригч МАН дотор цалингаас гадуур хэдэн арван саяын орлоготой гишүүд олон. Тэгвэл тэд энэ бодлогынхоо хүрээнд, тэр орлогоосоо өндөр татвар төлж чадах уу, тийм орлогод суурилсан систем бий болгох уу. Хэрэв ингэж чадвал МАН олигархиудынхаа халаасыг тэмтэрч чадах эсэх хүлээлт үүсчихэж байгаа юм. Тэд үнэхээр тэгж чадах уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр намынхаа олигархуудаас илүү татвар авч чадвал сайн л хэрэг.