
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гүнж” төвийг онцлон ярилцлаа. Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв 2003 онд байгуулагдсан, өсвөр насны охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх, өсвөр үеийг болзошгүй эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Гүнж” төв жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн өсвөр насны охид, мэргэжил, боловсрол, орлогогүй залуу эмэгтэйчүүд, хүчирхийллийн хохирогч болсон охидод үйл ажиллагаагаа чиглүүлэн 19 дэх жилдээ ажиллаж байна. Тус төвийн Үүсгэн байгуулагч/Зөвлөх Ч.Ундрахтай ярилцлаа.

Танайх удаан тууштай ажилласан энэ чиглэлээрх цор ганц байгууллага гэж хэлж болно. Тэгэхээр энэ чиглэл дээр тоо хэлэх боломж байгаа юу?
Боломжтой. Статистикээр жилд 3500-4000 өсвөр насны охин хүүхэд төрүүлдэг гэсэн тоо бий. Бид жилдээ 60 орчим залуу ээжүүдтэй л ажиллах боломжтой байна. Байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл 1000 орчим залуу ээжүүдэд нийгмийн ажлын урт хугацааны үйлчилгээг төлөвлөгөөний дагуу үзүүлжээ. 1000 өсвөр насны ээжүүдийг чадваржуулна гэдэг нь хүмүүжүүлж, төлөвшүүлж, цаашид амьдралд нь тохиолдох аливаа асуудлыг зөв шийдэх арга замаа мэддэг чадварлаг эмэгтэйг бий болгодог. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүний эрх, хувь хүний хөгжил гэх мэт 28 төрлийн сургалт ордог.
Өсвөр насны охид жирэмсэлж байгаа нөхцөл байдлын тухайд...?
Манайд жил бүрийн судалгаа байдаг, та тэндээс бас мэдээлэл аваарай. Ер нь бол улсын хэмжээнд жилдээ 80 мянга орчим эмэгтэй хүүхэд төрүүлдэг, үүний 4-6 хувь өсвөр насны охид байдаг. Тоогоор авч үзвэл жилд 3500-4000 өсвөр насны охин хүүхэд төрүүлдэг гэсэн тоо бий. Үүнээс 3-5 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн, 70 хувь нь хүсээгүй жирэмслэлт, үлдсэн нь удаан үерхэж байгаад жирэмсэн болсон гэдэг.
“Гүнж” төвд ирж нэг жил нийгмийн үйлчилгээ авснаар ямар өөрчлөлт гардаг вэ? Ажил мэргэжилтэй болох уу?
Хамгийн бодит өөрчлөлт бол өөрийгөө үнэлэх, ойлгож, таньж мэдэх түвшинд өөрчлөлт гардаг. Энэ өөрчлөлт өөртөө хандах хандлагаас илэрдэг. Өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын сэтгэлзүйн болон нийгмийн нөхцөл байдал нь өөрийгөө буруушааж, нийгмээс тусгаарлагдан нуугдаж өөрийгөө хойш тавьж эхэлдэг. Манай төвд ирснээр би ганцаараа биш, над шиг охид байдаг юм байна, энэ нь өөр бусдад тохиолддог юм байна гэдгийг ойлгож, нийгмийн оролцоо нь сайжирч эхэлдэг. Хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, нийгмийн оролцоо нь сайжирч эхлэхээр гадуур гарна, бусадтай найзална улмаар зорилго хүсэл мөрөөдөлтэй болж эхэлдэг. Бид маш олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулж энэ түвшинд гаргаж ирдэг. Таны хэлээд байгаа ажил мэргэжилтэй болох нь хамгийн сүүлийн асуудал. Бүтэн жил бидний ажилласан залуу ээж хамгийн сүүлд ажилтай байх, сурч боловсрох эсэхээ өөрөө шийдээд явах чадамжтай болчихдог.
Залуу ээжүүдийн гэр бүлийн байдлын тухайд?
80 хувь нь бие дааж хүүхдээ өсгөж буй залуу ээж. Хамгийн бага нь 13, 14 настай ээжүүд байна.
Харамсалтай юмаа. Алдаа гэхэд бас хэцүү л юм. Энэ жаахан хүүхдүүд?
Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 70 хувь нь жирэмслэлтээс аз жаргал мэдэрдэг бол өсвөр насны охидод энэ тоо эсрэгээрээ байдаг. 80 орчим хувь нь хүсээгүй жирэмслэлт байна гэхээр тухайн хүүхдийн амьдралд төлөвлөөгүй үйл явдал болж байна гэж ойлгож болно. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл нь нурж сэтгэлзүйд нь хүнд тусаж том шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болдог. Статистикээр нийт жирэмсэлж байгаа өсвөр насны охидын 50 хувь нь хүүхдээ төрүүлдэг. Харин тал нь үр хөндүүлдэг. Хүүхэд төрүүлсэн охидыг бид алдаа гэж хардаггүй, хүүхдийн алдаа гэж байдаггүй. Харин эсрэгээрээ зөв ойлголт мэдлэгийг хэрэгтэй цагт нь өгөөгүй, ойрхон тулж ажиллаагүй, тэдний ертөнцийг сонсож ойлгоогүй томчууд бидний алдаа. 13-17-хон настай жаахан хүүхдүүд шүү дээ.
Томчууд бид алдахгүйн тулд...?
Эцэг эхчүүдэд хэлмээр санагддаг л даа. Охидын өсвөр насанд даарах, өлсөх, ядрахаас огт өөр анхаарал, халамжийн хэрэгцээ шаардлага үүсдэг. Үүнд аав, ээж бэлэн байдаггүй. Хүүхэд нь жирэмсэн болсноо гэрийнхэндээ айгаад хэлж чадахгүй бид нар уулзаж хэлэх тохиолдол байна. Ингээд бид хамгийн сүүлд та охиндоо хэзээ ариун цэврийн хэрэгсэл авч өгсөн бэ, сарын тэмдэг нь хэд хоног үргэлжилдэг вэ гэхээр мэддэггүй. Эндээс бүх юм харагдана. Тэр ч бүү хэл охиноо жирэмсэн болсныг мэдэхгүй, төрсний дараа мэдээд даралт нь ихсэж цус харвасан ээж ч байна. Бид охидоо хичээлээ хий, гэрээ цэвэрлэ, дүүгээ хар гэхээс өөр юм мэддэггүй, хүүхэдтэйгээ яаж харьцдаг ард түмэн бэ гэдэг нь харагдаж байна.
Танай дээр холбон зуучлах гэсэн үйлчилгээ байна. Үүнийг тодруулбал?
Тухайн хүүхдэд хэрэгцээтэй байгаа бусад тусламж дэмжлэгийг тухайн чиглэлийн байгууллагатай холбож өгдөг үйлчилгээ юм. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны ээжийг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд, жирэмсэн ч хугацаагаа мэдэхгүй, хяналтад ороогүй бол Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгийн эмнэлэгтэй, сэтгэлзүйн тусламж үйлчилгээг “Хөөрхөн зүрх” ТББ-тай холбох гэх мэт. Тухайн кэйс дээр ямар үйлчилгээ хэрэгтэй байгаагаас хамаараад олон байгууллагатай хамтран ажилладаг.
Мэдээж бас охидыг эрт, хүүхэд насандаа ээж болохоос урьдчилан сэргийлэхэд бас анхаардаг байх?
Манайх охидын эрхийн асуудлуудын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх тусдаа хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийн нөлөөллийн ажлуудаа хийдэг. Охидын Манлайллын Хөтөлбөр, сургуулиуд дээр охидын эрхийн клубуд нээж ажиллуулдаг. Энэ хөтөлбөрөөрөө дамжуулаад урьдчилан сэргийлэх бүх ажлуудаа хийж байна гэсэн үг. Эрт хүүхэд төрүүлэхээс, бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс, эрхээ зөрчүүлэхээс урьдчилан сэргийлж чадваржуулах. Охидод зориулсан нөлөөллийн болон чадваржуулах сургалтаараа бид жилдээ 40-50 мянган охидод хүрч ажилладаг.
-ОХИДЫН ҮЗЛЭГ ГЭДЭГ НЬ ТЭДНИЙ ЭСРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ-

Хамгийн сүүлд танайх Хөвсгөл аймагт хийсэн охидын үзлэг дээр ажиллаж байна уу?
Охидын үзлэгийн асуудал дээр нэлээд хүчтэй дуугарч байгаа. Өмнө нь энэ бол охидын эрхийг зөрчих нэг хэлбэр учраас болохгүй шүү гэх мэт зөөлөн ажиллаж байсан. Харамсалтай нь нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа учраас өнгөрсөн оны 5 сараас хойш бодлого нөлөөллийн ажлыг “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтраад хийж байна. Энэ үзлэгийг таслан зогсоож огт хийдэггүй болох, нэр томьёог халах зорилготой. Хэд хэдэн ноцтой кэйс гарсан, тэрэн дээр бодлогын болон баримтын судалгаа хийлээ. Охидын үзлэг гэдэг бол охидын бэлгийн халдашгүй дархан байх эрхийг зөрчиж, охидын эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл. Олон улсад үүнийг охидын эрхийн ноцтой зөрчил, бэлгийн хүчирхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Харамсалтай нь манай улсад охидын үзлэг хийгдсээр байна.
Та бүхний цаашдын зорилго. Хөвгүүдэд зориулсан сургалт явуулдаг гэсэн үү?
Шинээр орж ажиллах шаардлагатай охидын эрхийн асуудлууд руу ороод, ажиллаад л явна. Малчин охид, шилжиж ирсэн охид, хөгжлийн бэрхшээлтэй охид гээд. Цаашдаа Охидын хөгжлийн цогц төв байгуулах санаа бий. Мөн манай дээр “Хүчирхэг хөвгүүд” гээд хөвгүүдэд зориулсан тусдаа хөтөлбөр хэрэгждэг. Хөвгүүдэд бид эрүүл харилцааны тухай заадаг гэсэн юм. Товчхондоо хөвгүүдийг хүчирхийлэл үйлддэггүй, аливаа төрлийн хүчирхийллээс ангид байхад сургадаг. Мөн “Охидын Манлайллын Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж хүний эрхийн ойлголт мэдлэг бүхий манлайлагч охидыг бэлтгэж байна.
Гүнж төвийн хөвгүүд, охидын хөтөлбөрт хамрагдья гэвэл. Магадгүй нийгийн ажлын үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй залуухан ээж нар ч байгаа л байх. Бүгдэд нээлттэй юу?
96110110 утсаар манай төвтэй шууд холбогдож болно. Гүүглээр Гүнж төв гээд хайхад манай бүх мэдээлэл гарч ирнэ. “Хүчирхэг хөвгүүд хөдөлгөөн”-ий тусдаа пэйж хуудас ажиллаж байна. Бүхий л сувгуудаар манайхтай холбогдох бүрэн боломжтой.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг та хэрхэн ойлгодог вэ?
Охид, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг хүмүүсийн хувьд энэ өдөр баярын өдөр байдаггүй, үргэлж асуудал ярьж, шийдэл эрэлхийлж, хэлэлцэж асуудал шийдлээ нийгэмд таниулдаг өдөр байсаар ирсэн. Эмэгтэй хүнийг ганцхан өдөр баярлуулах бус, 365 хоногийг аз жаргалтай байлгах тэр нөхцөл бололцоо, ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй. Эмэгтэйчүүд бидэнд онцлог хэрэгцээ шаардлага олон байдаг. Энэ онцлогт нь чиглэсэн бодлого, үйлчилгээ л хэрэгтэй. Тэгэхээр тэр нөхцөл байдлыг бий болгохын төлөө, эсвэл болохгүй байгаа юмыг гаргаж ирдэг тийм л өдөр байгаасай гэж хүсдэг.
Баярлалаа.
Б.БАЯРТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Х.СУЛТАНБАРС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kk yadiin turj l baig goyo sh te ohiduud
ymr goy gazar ve
mundag humuus bnshu
zov bodoltoi ymaa
iim goy uilchilgee yvuuldag humuus mongold olon baih heregtei
Энэ хүүхэн тэр Мөнхзулын хамсаатан бол бүтэхгүй гар юм даа.
Oxid busguichuudiin ireeduin asuudald anxaarch tednii talaar dorvitoi ajil xiij baigaa tanai baiguullagiin xamt olon ajliin ender amjilt xusie
Okhidyn uzegiig boliulakh kheregtei