"Үзэсгэлэнт минь" дууг дуулж олонд танигдсан англи хэлний багш

Жилийн өмнө нэгэн өнгөт арьст эмэгтэй Х.Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” дууг дуулж буй бичлэг сошиал орчинд түгж байв. “Өнгөт арьст” гэж тодотгох нь өдгөө зүй бус хэллэгт тооцогдож байгаа. Гэхдээ өөр соёл, өөр сэтгэлгээтэй энэ эмэгтэй монгол дууг яг монгол хүний мэдрэмжээр нь мэдэрч дуулж байх шиг дулаан, сэтгэл хөдлөм сэтгэгдэл үзэгчдэд төрж байлаа.
ВИДЕО:
Ади Ариете Савусаву Фижи арлаас Монголд ирж амьдраад 10 орчим жил болж байгаа нэгэн. Үргэлж дуулж, бүжиглэдэг ард түмэн дундаас ирсэн болохоор тэр ирээд дуунд л их татагджээ. Харин түүний мэргэжил багш. Одоо ч тэр энд багшилж байна. Хүүхдүүдэд англи хэл заана. Тэр мэргэжилдээ төдийгүй Монголын ард түмэнд хайртай хэмээлээ.
МОНГОЛД ИРСЭН ДУРСАМЖ: БҮХ ХҮНТЭЙ МЭНДЛЭХ ГЭСЭН НЬ
Ади анх Фижид олон улсын хамтарсан сургуульд англи хэл зааж байжээ. Тэнд Азийн болон барууны орнуудын хүмүүс ирж суралцдаг. Заримдаа Монголоос ч сурагчид ирдэг байж. Харин Монголд англи хэлний сургалтын төв нээн ажиллуулахаар шийдсэн нэгний урилгаар тэр анх энд хөл тавьсан байна.
Фижи цөөн хүн амтай. Тийм учраас өдөр бүр тааралдсан бүх хүнтэйгээ л мэндэлдэг аж. “Булла” гэж мэндэлнэ. Ади Монголд ирээд яг энэ сурсан зангаараа таарсан хүн бүртэй “Сайн байна уу?” гэж мэндлээд, заримдаа эвгүй, төвөгшөөсөн хариу хандлага авдаг байснаа хөгжилтэй дурслаа.

2013 оноос хойш Монголд амьдарч байгаа түүнд одоо ч нутаг буцах хүсэл тийм ч хүчтэй төрдөггүй аж. Гэхдээ “Цаг нь болохоор би явна аа” гэнэ. Тэр Монголын өв соёл, ард түмэн, хүүхэд багачуудад хайртай болжээ.
“Яагаад өнөөдрийг хүртэл Монголд үлдсэн юм гэж үү. Би танай ард түмэнд хайртай” гэж тэр ярина. Энэ түүний хэвлэлд өгч буй анхны ярилцлага тул маш их сэтгэл дэвсэж, дурсамж дурдатгалаасаа хуваалцаж байлаа.
Тэр “Эхэндээ нутгаа санагдаг л байсан. Гэхдээ удалгүй дассан. Зуны амралтаар буцчихаад ирэх боломж олддог байсан учраас тэгтлээ их нутагтаа буцаж очмоор санагддаггүй байсан. Монголчууд намайг найрсгаар угтан авч, ажиллаж амьдрах боломж олгосон. Ийм болохоор дахиад олон жил хүмүүст мэдлэг түгээж, ийм хэлбэрээр талархлаа илэрхийлэхийг хүсдэг” гэнэ.
БАГШИЙН МЭРГЭЖИЛ: СУРАГЧИДТАЙ ӨӨРИЙГӨӨ НЭГ ТҮВШИНД ТАВЬЖ, ОЙЛГОЛЦОХ ХЭРЭГТЭЙ
Түүнд багш байхын хамгийн сайхан нь бусдад гадаад хэл зааж, мэдлэг олгодогт байдаг. Цаашлаад сурагчидтайгаа ойр дотно ажиллаж, суралцах сэтгэл зүйн суурь боломжийг нь нээхийн тулд ухаан зарах болдог нь ч бас сайхан гэнэ.
Тэр Фижид олон орны хүүхдүүдэд олон ч жил багшилжээ. Харин түүнээс монгол хүмүүс, монгол хүүхдүүдийн ялгаатай байдлыг тодруулж асуусан юм. Ингэхэд тэр монголчуудыг маш их биеэ барьдаг гэлээ.
“Анх маш их биеэ барьдаг нь хүнд санагддаг байлаа. Хичээл заангаа ямар нэг зүйл асуухаар “Алдаа хийчих вий” гэсэн айдастай ханддаг” хэмээн Ади ярилаа. Тэр 10 орчим жил монголчуудад багшлахдаа энэ зан чанартай нь илүүтэй тулж ажиллажээ.

Ади “Багш хүн өөрийгөө сурагчидтайгаа ижил түвшинд аваачиж тавих хэрэгтэй. Доошоо буух ёстой. Тэгээд яг нэгэн ижил байр сууринаас, дотно, нөхөрсөг харилцана. Тэгж өөрийг нь нээнэ. Өдөр ирэх тусам сурагчид маань урьд урьдынхаасаа нээлттэй болж байгааг харах маш урамтай сайхан байдаг. Багш хүний мөн чанар үүндээ л байгаа. Түүнээс энэ мэргэжлийг мөнгө гэж харж болохгүй” гэж ярив.
ТҮҮНИЙ ДУУ, ХӨГЖМИЙН ЕРТӨНЦ: ТАКСИНД АНХ СОНССОН Х.ЛХАГВАСҮРЭН...
Хэдийгээр тэр багш хүн боловч бидний урьж ярилцах болсон хамгийн том шалтгаан нь мэдээж дуу. Бид түүний “Үзэсгэлэнт минь”-ийг авьяаслаг, бас мэдрэмжтэй, тун сэтгэлээсээ дуулж байгаад нь эрхгүй татагдсан.
Фижи бол үргэлжийн дуу хуур болсон газар юм байна. Мөн Христийн шашинтай орон тул сүмд магтан дуу элбэг дуулагддаг. Ади ихэвчлэн Регги урсгалын дуунд дуртайгаас гадна сүмд их дуулдаг байжээ. Дуулах түүний хувьд хобби нь. Ямар нэг онцгой авьяас биш. Ерөөс хоол иддэг, хувцас өмсдөг шиг амьдралын энгийн л нэг хэсэг. “Би дуулахгүй байж чадахгүй хүн шүү дээ. Тийм ч учраас Монголд ирээд л, юуны тухай дуулж байгааг нь мэдэхгүй мөртлөө хэд хэдэн дуунд хүчтэй татагдаж байлаа” хэмээнэ.

Тодруулах юм бол, тэр анх нэгэн ресторанд ороод “Инээмсэглэл” хамтлагийн “Зүрхний үг” дууг сонссон байна. Тэгээд маш их таалагдсан. Зөөгчид нь очоод “Дахиад саяны дууг тавьж өгөөч” гэж гуйжээ.
Ингээд тэр мөнөөх ресторанаар үйлчлүүлэх бүрдээ “Зүрхний үг”-ийг сонсдог, ажилтнууд нь ч Адиг таниад, дууг нь тавьж өгдөг болсныг тэр хөгжилтэй дурсаж байна.
Дараа нь Ади таксинд явж байхдаа Х.Лхагвасүрэнг анх сонсож, дуртай дуучнаа болгож авчээ. Мөн Г.Наранд тэр дуртай. Хоолойных нь өнгө маш их таалагддаг гэнэ.
“Би монгол хэл мэдэхгүй. Сурах гэж хичээж байгаа ч хэлэхэд хэцүү авиа эгшиг олон байна. Гэхдээ монгол дууны ая маш сайхан. Утгыг нь ойлгохгүй байлаа ч аялгуугаар нь дамжуулан би мэдэрч дуулж чаддаг”.
МОНГОЛЧУУДАД ДАМЖУУЛАХ ЗАХИАС: ӨВ СОЁЛОО ХЭЗЭЭ Ч БҮҮ ГЭЭГЭЭРЭЙ
Хамгийн сүүлд нь бид түүний монголчуудад хэлмээр, илэрхийлмээр санагдаж явдаг зүйлийг ярилцлаа. 10 орчим жил амьдрахад нь түүний сэтгэлд юу хураагдсан бол.
Харин Ади хоёр зүйл онцлов. Нэгдүгээрт нь, өв соёлын асуудал.

Тэр “Мэдээж хүүхдүүд англи ч юм уу, өөр ямар нэг орны хэл сурч болно, гадаадын соёлд суралцаж болно. Гэхдээ яг үндэстнийхээ өв соёлыг л битгий алдаарай. Энэ л та бүхнийг бусдаас ялгаруулах, “Монголчууд” гэж таниулах гол зүйл шүү” хэмээнэ.
Ади анх Монголд ирээд хөдөө нутгаар явахад дээлтэйгээ угтаж авсан монголчууд маш их сэтгэлийг нь хөдөлгөжээ. Тэр ихэвчлэн хотожсон газар ажиллаж, амьдарсан хэдий ч бидний уламжлалт соёлд тэгж их сэтгэл татагдсан байна. Татагдаад зогсохгүй, үүнийг бидний үндэсний Identity гэдгийг олж харж, “Хэзээ ч бүү орхиж, гээгээсэй” гэж хүсдэг ажээ.
Харин хоёрдугаарт нь тэр мэргэжилтэйгээ холбоотой асуудлыг онцоллоо. Юу гэхээр, сургалтын арга барилыг жаахан өөрчлөгдөөсэй гэж.
Ади “Монголд мэдээж маш олон туршлагатай, мундаг багш нар бий. Гэхдээ ихэвчлэн анзаарахад монгол багш нарын хичээл их албархуу, уйтгартай байдаг” гэнэ.

Тэр “Номоо нээ, энэ дасгалыг хий, шалгуул” гэсэн байдлаар хэзээ ч битгий хичээлээ заагаасай гэж багш нарт захиад “Сурагчидтай бид харилцан ярилцах ёстой. Хаалт, хөшгөө авч хаяхад нь туслах хэрэгтэй. Бид зүгээр л мөнгөний төлөө ажилладаг хүмүүс биш шүү дээ. Сурагчдад мэдлэгээ чанартай олгохын тулд бид өөрсдөө ч хичээх хэрэгтэй” гэлээ.
Ингээд Ади Ариете Савусаву бидэнд “Top Line” хамтлагийн “Зүүдний дагина” дууг дуулж өглөө. Түүний бичлэгийг удахгүй Eguur.mn сайтын Фэйсбүүк хуудсаас үзээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таньд ажлын амжилт хүсье.
ямар гоё хүн бэ бүүр монголжижээ
гоё
zooz aldiin baina
ugaasaa Uzesgelent meen gdg duu Perugiin 80aad onii haiiin duunii ay bn gsn shuu
Сайхан.
Цаашдын ажилд нь амжилт хүсье!
Ногоон Мар�##�д зориулсан гэлүү