НийгмийнЯрилцлага

Гавьяат тээвэрчин В.Бадамдоо: Амаржихдаа ч улсын ажлыг цалгардуулахгүй гэсэндээ 45 хоноод тээвэрт явдаг байлаа

“Би ажилдаа их махруу, шаргуу, хэнхэг талдаа байсан. Манай ажлынхан намайг “Хэнхэг Бумаа” гэдэг байлаа. Амаржихдаа ч улсын ажлыг цалгардуулахгүй гэсэндээ 45 хоноод л ажилдаа орон, холын тээвэрт явдаг байв. Сар гаруйхантай хүүхдээ аав, ээждээ үлдээгээд ажилдаа ороход “Ёстой нэг хэнхэг хүн шүү” гээд толгой сэгсэрдэг байсан” гээд инээмсэглэх түүнийг Ванчинбазарын Бадамдоо гэдэг.

Засгийн газрын авто бааз, Техник туслалцааны угсармал автомашин, механизмын улсын баазад 40 гаруй жил ажилласан тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Гавьяат тээвэрчин цол хүртсэн юм. Эмэгтэй хүн Гавьяат тээвэрчин болсон нь яах аргагүй содон, ховор тохиолдол.

“Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч” В.Бадамдоо гуайд ярилцлагын санал тавихад “Төрийн түшээд, нарын машиныг барьдаг байсан эгч нь одоо хоёр зээгийнхээ жолоог мушгидаг том ажилтай болсон. Нэг зээгийн маань хичээл үдээс өмнө тарна. Тэр далимаар нь яваад очъё. Хичээл нь тарахаас өмнө амжуулчихъя” гэсээр жирийлгээд ирэв. Шинэхэн гавьяатыг ярилцлагыг сонирхуулъя.

ГАВЬЯАТААР ШАГНУУЛАХ БОЛСНОО ДУУЛААД ӨӨРИЙН ЭРХГҮЙ УЙЛЛАА

-Юуны өмнө Гавьяат тээвэрчин хэмээх эрхэм шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр таныг гавьяат болгон, баяр дээр нь баяр нэмлээ.

-Баярлалаа. Төр засагтаа, монгол түмэндээ их баярлаж, талархаж сууна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Гавьяат болсондоо их баяртай байна. Энэ шагналыг олгож, баяр дээр минь баяр нэмлээ. Энэ удаагийнх хамгийн дурсамжтай, хамгийн сайхан “Мартын 8” байлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас надтай утсаар холбогдоход нь эхлээд “Юу болсон юм бол” гээд гайхсан. “Танд гавьяат тээвэрчин цол олгох боллоо. 8-ны 10.00 цагт Төрийн ордонд бэлэн байгаарай” гэхэд нь үнэхээр баярлалаа. Тэр дороо Гавьяат цол авчихаж байгаа юм шиг баярласан, өөрийн эрхгүй уйлсан. Тэгсэн атлаа “Хэн нэгэн тоглоом наргиа хийсэн байх вий” гэж болгоомжилдог юм билээ.

Хамгийн түрүүнд хүргэндээ, охиндоо хэлсэн. Бөөн баяр. Тэгээд л Гавьяат цол авахаар очихдоо өмсөх хувцсаа зэхлээ. Гавьяат цол хүртэхдээ өмссөн дээлийг охин минь хүнээр хийлгэж өгсөн юм.

Би ер нь бүдүүн баргийн хүн. Насаараа эрэгтэй хүмүүстэй ажилласан, машины жолоо мушгиж явсан болохоор хээгүй, гүндүүгүй талдаа. Эр хүн шиг явсаар энэ насыг элээж байгаа хүн. Ёстой нөгөө гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар өдий хүрсэн.

-Эмэгтэй хүн Гавьяат тээвэрчин болсон нь содон байлаа. Ерөнхийлөгчөөс Гавьяат цолоо хүртэх мөчид юу бодогдож байв?

-Их сайхан санагдсан, үнэхээр гоё байлаа. Тээвэрчин болсноороо, хамт олноороо, мэргэжлээрээ их бахархсан. Ерөнхийлөгч Гавьяат цол олгохдоо “Танаар их бахархаж байна. Бидэндээ насаараа үйлчлээрэй” гэхэд нь их огшлоо. Хүүхдүүд минь “Ээж минь ёстой нэг зөв цагт гавьяат боллоо. Ээжээрээ бахархаж байна” гэсэн.

-“Гавьяат цолны болзол хангасан. Хэзээ шагнах бол” гэх хүлээлт танд хэр байв?

-Үнэнийг хэлэхэд тийм хүлээлт байсаан байсан. Засгийн газрын авто баазаас 2017 онд намайг Гавьяатад тодорхойлж байсан юм. Тэр үеэс “Гавьяат цолоор хэзээ шагнал бол” гэсэн хүлээлт байлаа. Түүнээс хойш таван жилийн дараа Гавьяат боллоо. Хүлээлт л байснаас “Би заавал гавьяат болох ёстой хүн. Надад яагаад өгөхгүй байгаа юм бол” гэж бодоогүй.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГОО МӨН “МАРТЫН 8-нд ХҮРТЭЖ БАЙЛАА

-Та Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо мөн “Мартын 8”-нд хүртсэн гэж дуулсан. Үнэн үү?

-Үнээн. 2011 онд “Мартын 8”-нд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр төрийн хоёр том шагнал хүртсэндээ бэлгэшээж сууна. Би 2002 онд Н.Багабанди Ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одон хүртсэн.

-Тэгэхээр та төрийн гурван тэргүүнээс гурван том шагнал хүртэж байгаа юм байна.

-Тэгсэн. Төрийн гурван тэргүүнээс төрийн гурван том шагнал авснаараа бахархалгүй яах вэ. Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Гавьяат цолоо хүртээд их баярлаж байна. Шагнал, шагналын дундаас Гавьяат цол минь хамгийн хүндтэй, нандин, эрхэм санагдаж байна.

Би Засгийн газрын авто баазад, төрийн түшээдийн жолоочоор 20 гаруй жил ажилласан.

Гавьяат цолоо авахаар очиход Төрийн ордны цөөнгүй хүн намайг таньж байна лээ. “Засгийн жолооч эгч минь цоглог, золбоолог хэвээрээ байна. Баяр хүргэе” гэсэн.

БИ ГУРАВ ДАХЬ ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЭМЭГТЭЙ

-Та Гавьяат тээвэрчин цол хүртэж буй хэд дэх эмэгтэй жолооч билээ?

-Гурав дахь нь.

-Засгийн газрын авто баазын хэмжээнд үү, улсын хэмжээнд үү?

-Засгийн газрын авто баазаас гурван эмэгтэй жолооч Гавьяат тээвэрчин болсон. Тэгэхээр улсын хэмжээнд гэсэн үг. Хамгийн анх Осоржамаа гэдэг эмэгтэй Гавьяат тээвэрчин болж байлаа.

НӨХРӨӨСӨӨ ЗӨРСӨӨР БАЙГААД МЭРГЭЖЛИЙН ЖОЛООЧ БОЛЖ БАЙЛАА

-Эмэгтэй хүн тээвэрчин, жолооч болох нь тун цөөн. Олонх хүн аавыгаа дагаад энэ мэргэжлийг сонгодог. Таны аав жолооч байсан юм уу?

-Би Архангай аймгийн Булган суманд төрж, өссөн. Эхээс наймуулаа. Аав минь багийн дарга, ээж саальчин байлаа. Би барилгын техникум төгсөн, засал, чимэглэлийн мастероор олон жил ажилласан. 1978 онд ханьтайгаа хамт Улаанбаатар хотод ирсэн. Нийслэлд ирэнгүүтээ Тээврийн яамны авто сургууль төгсөн, мэргэжлийн жолооч болж байлаа.

-Барилгаасаа тэс өөр мэргэжилд гэнэт хөл тавихад, жолооч болоход юу нөлөөлсөн бэ?

-“СОТ-3”-т “ЗИЛ-130” машинтай нэг эгч байсан юм. Тэр эгчийг хараад “Том тэрэг жолоодох ямар гоё юм бэ. Ерөөсөө жолооч болъё” гэж шийдэж билээ. Энэ тухайгаа нөхөртөө хэлэхэд “Эр хүний л хийх ажил. Хөдөө хээр явж байгаад машин эвдэрвэл яах вэ. Адаглаад дугуй нь хагарлаа гэхэд том тэрэгнийх даагдахгүй” гээд эсэргүүцсэн. Тэгэхээр нь би зөрсөөр байгаад мэргэжлийн жолооч болж байлаа. Ажлын гараагаа Техник туслалцааны угсармал автомашин, механизмын улсын баазаас эхлүүлсэн. Тухайн үед би 24 настай байлаа.

-Хамгийн анх ямар автомашин унаж байв?

-“Цистерны-53” маркийн машин анх унан, шатахуун зөөдөг байлаа. Монголчууд “Сисчер” гэж илүү сайн мэднэ. Дараа нь “ЗИЛ-130” машинаар холын тээвэрт явсан. Тухайн үед зам өнөөгийнх шиг байсангүй, харилцаа холбоо байхгүй. Шороон замаар, овон товон дундуур л жирийлгэнэ. Дугуй хагарахаас авхуулаад машинд эвдрэл гарна. Би ёстой тоохгүй. Бяр тэнхээтэй байлаа. Ганцаараа торох юмгүй дугуйгаа сольчихоод, машинаа янзалчихаад явдаг байсан.

-Автомашины хэр баргийн эвдрэл, гэмтлийг засчихдаг байв уу?

-Тэгдэг байсан. Орос тэрэг их сайхан. Том тэрэгний дугуйнаас авхуулаад юм бүхэн л хүнд, нөсөр. Сэлбэг, запас сайтай явна. Мэдэхгүй, чадахгүй юм их гарна. Ухсаар байгаад л янзалж сурсан даа. Хөдөө хөхөрч, гадаа гандана, шаварт сууна, хээр хононо, их юм болно оо. Энд, тэнд саатлаа гэхэд гар утсаар холбоо бариад хэлэх боломжгүй. Юун гар утас манатай байсан цаг үе.

Анхандаа өвлийн хүйтнээр хөдөө явахдаа даардаг, машин эвдрэхэд саатдаг байлаа. Сүүлдээ бүр сурчихдаг, дасчихдаг юм билээ. Өвлийн хүйтэнд эсгий гутлын түрүүг нугалан, үнэгэн лоовууз өмсөөд л давхина.

Машинаа их гангална. Ёстой нэг гялалзтал нь арчаад, нямбай унадаг байлаа. Өвс, тэжээл өндөр ачаад явахаар ёстой сүрдмээр сайхан шүү. 

ХЭЧНЭЭН ЯДАРЧ, ДААРЧ, ШАНТАРСАН Ч “БОЛЬЁ” ГЭЖ БОДОЖ БАЙГААГҮЙ

-Шантармаар, “Больё” гэж бодмоор үе тохиолдож байв уу?

-Ёстой шантарч байгаагүй. Тээвэрт явж байхад зөндөө саад, бэрхшээл тохиолдоно. Адаглаад том тэрэгний дугуй солихоос авхуулаад эмэгтэй хүнд бэрхшээл мундахгүй. Би өөрөө тээвэрт явах дуртай, сонирхолтой байсан тул хэчнээн ядарч, бэрхшээл туулсан ч “Больё” гэж бодож байгаагүй. Хэр баргийн юмыг нөхөртөө хэлэхгүй. “Сайн яваад ирлээ” гээд л гэртээ ирдэг байлаа.

-Тухайн үеийн жолооч нарын хандлага, нэгнээ гэсэн одоогийнхоос өөр байв уу?

-Өө, тэс өөр. Замын хажууд зүгээр зогсчихсон байхад ч хажуугаар шууд өнгөрөөд явахгүй. Заавал зогсоод “Зүгээр үү. Хаа хүрч явна. Туслах уу” гээд асууна. За, тэгээд машины нэг юм эвдэрлээ гэхэд таних, танихгүй хамаагүй ямар ч жолооч таарлаа өөрөө ирээд янзлаад, туслаад өгнө.

-Одоо цагт ер нь гараа өргөөд байхад ч зогсдог машин ховор болсон. Энэ нь хүмүүсийн хандлагад байна уу, цаг үедээ байна уу?

-Цаг үе, орчноо дагадаг юм болов уу. Одоогийн хүүхдүүдийн бодол санаа, сэтгэлгээ, үзэж өсөж буй юмс тэс өөр болсон. Энэ нь нөлөөлдөг байх.

ХОЛЫН ТЭЭВЭРТ ХӨДӨӨ ЯВАХ Л ХАМГИЙН САЙХАН

-Тээвэрчин хүний, тээвэрт явахын юу нь хамгийн сайхан бэ?

-Холын тээвэрт хөдөө явах л сайхан. Том тэрэгний мотор хүнгэнэж дуугараад л өндөр давааны өөд өгсөх юм уу зах нь харагдахгүй шахам тал дундуур давхих мөн ч сайхан, урамтай шүү.

-Очиж үзээгүй, тээвэр хийгээгүй аймаг, сум бий юү?

-Ер нь ховор. Төмөр замтай, вагон очдог аймар руу тээвэр хийдэггүй байсан юм, тухайн үед. Ачаагаа вагоноор татчихдаг байсан юм л даа. Тээвэр хийгээгүй аймаг ховор, ховор. Халхад алдартай даваануудыг давсаан давсан. Ёстой сайхан шүү.

-Давахад хамгийн хэцүү, бартаатай ихтэй нь аль даваа байв?

-Загастайн даваа, Ганцын даваа, Бургалтайн даваа. Одоо замыг засаад, засмал зам тавиад сайхан болсон байна лээ. Тухайн үед зам муу, бартаа ихтэй. Архангай руу явлаа гэхэд нэг талдаа гурав хонодог байлаа. Ирж, очихын зургаан хоног зарцуулдаг байв.

-Ийш, тийшээ тээвэрт давхисаар гэртээ хувийн амьдрал нэлээд хойш тавигддаг байв уу. Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг байв уу?

-Ёстой амжихгүй. Гэртээ цаг гаргах зав хомс. Ийш, тийшээ тээвэрт явж, жирийлгэсээр байтал нэг л мэдэх нь ээ жил болчихсон байдаг байлаа. Сүүлд Засгийн газрын авто баазад ажиллахад ч мөн завгүй давхидаг байлаа. Ажил эртдээ 22,00 цаг өнгөрөөж тарна.

-Хань нь таны ажлыг үнэхээр ойлгож, дэмжин, арыг нь даадаг байж. Үүнийх нь хүчинд та ажилдаа бүрэн анхаардаг байв уу?

-Ёстой тэгдэг байсан. Намайг үнэхээр ойлгож, дэмждэг байлаа. Түлээ нүүрс, идэш зэргээс авхуулаад хэр баргийн зүйлийг би зохицуулдаг байв. Тээвэрт яваад ирэхдээ энд, тэндээ худалдаж аваад, ачаад ирнэ.

АЖЛЫНХАН МААНЬ НАМАЙГ “ХЭНХЭГ БУМАА” ГЭДЭГ БАЙЛАА

-Улсын төлөвлөгөө, нормативыг хэрхэн биелүүлж байв?

-Ер нь 100-120 хувь биелүүлдэг байсан. Улсын төлөвлөгөөг дутааж үзээгүй. Би ажилдаа их шаргуу, махруун, хэнхэг талдаа байсан. Манай баазынхан намайг “Хэнхэг Бумаа” гэдэг байлаа. Би гурван хүүхэд төрүүлсэн. Амаржихдаа улсын ажлыг цалгардуулахгүй гэсэндээ 45 хоноод л ажилдаа ороход “Ёстой нэг хэнхэг хүн шүү” гээд толгой сэгсэрдэг байв.

-Тэгэхээр та хүүхдээ сар гаруйхантай байхад нь ажилдаа ордог, холын тээвэрт явдаг байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Гурван хүүхэд төрүүлсэн нь л үнэн болохоос би өөрөө өсгөж үзээгүй. Аав, ээж хоёр минь Архангай аймгийн Булган суманд амьдардаг байлаа. Амаржсанаасаа хойш 45 хоногийн дараа аав, ээж дээрээ аваачиж өгдөг байв. Тэгээд ажилдаа орно. Хүүхдүүдээ бүр сургуульд орсных нь дараа гэртээ авчирдаг байсан гээд бодохгүй юу.

-Нялх биетэй хүн тээвэрт явахад хөх нь чинэрэх, хүүхдээ санахаас авхлуулаад хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон байсан нь мэдээж. Тэр бүхнийг та хэрхэн даван туулсан бэ?

-Хүүхдээ их санана. “Хөөрхий минь өлсөж байгаа болов уу. Даарчих вий” гэж санаа зовно. Одоогийнх шиг гар утас, интернет тэр үед байсангүй. Дэмий хүнээс асууна, сураглана. Баруун аймаг руу тээвэрт явбал яаж ийгээд аавынхаар дайраад хүүхэд дээрээ очихыг бодно. Зарим хүн “Ажил, ажил гээд л явах юм. Нялх биетэй хүн сайн амрах чухал. Биеэ гамна. Хүүхэдгүй юм шиг л явах юм” гээд зэмлэдэг байлаа.

-Хань дургүйцдэг байв уу?

-Гайгүй ээ. Хань минь л ажлынхаа завсраар их очдог, хүүхдүүдээ эргэдэг байсан.

-“Ажилдаа арай л махруу зүтгэж байж. Ядахдаа зургаан сар, жил ч юм уу хүүхдээ бойжуулчихаад ажилдаа ордог байж” гэж одоо бодогдох юм уу?

-Өө, тийм бодол ёстой төрөхгүй. Ажлыг л нэгдүгээрт тавиад зүтгэдэг байлаа.

Т.ГАНДИ САЙДЫН ЖОЛООЧООР ХАМГИЙН ОЛОН ЖИЛ БАРЬСАН

-Бааз нь татан буугдсаны дараа Засгийн баазад ирсэн бил үү?

-Тэгсэн, 1992 онд. УИХ, Байнгын хорооны дарганы машиныг барьсан. Засгийн баазад ирээд Хөдөө аж ахуйн Байнгын хороонд очсон. 0164 дугаартай “Eхсел” маркийн машин барихдаа анхандаа их хөглөсөөн. Жолоог нь мулт, мулт дараад л... (инээв).

-Том тэрэг шигээ санаад уу?

-Харин тийм ээ. Тэгээд л тэгж байхгүй юу.

-Хамгийн анх хэний машиныг барьж байв?

-Тухайн үед Байнгын хорооны дарга байсан Цэвэлмаагийн Баярсайханы машиныг анх барьж байлаа. Сүүлд Нийгмийн бодлогын байнгын хороонд жолоочоор олон жил ажилласан. Т.Ганди сайдын машиныг олон жил барьсан. Ер нь дарга нараас хамгийн олон жил жолоочоор нь ажилласан хүн бол Т.Ганди сайд. Бараг 10 гаруй жил жолоочоор нь ажилласан.

-Та ажилдаа, амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байлаа. Бүхний түрүүнд ажлаа нэгдүгээрт тавиад л зүтгэдэг байв. Ямар сайндаа амаржаад 45 хоноод л ажилдаа орж байх вэ дээ. Цаг нарийн барьж, машинаа гамтай унадаг байлаа. Ажлынхан минь намайг “Цаг яс барьдаг, ажилдаа хариуцлагатай” гэдэг байв.

Хүн аливаа зүйлд тууштай, үнэнч байх их чухал. За, хүү минь хоёулаа ингээд ярилцлагаа дуусгах уу. Зээгийн маань хичээл тарчихлаа. Хөөрхий минь намайг хүлээгээд хэцүүдэж байгаа байх.

-За, тэгье. Ярицсан танд баярлалаа. Аз жаргал, эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа. Надаас ярилцлага авсан “Eguur.mn” сайтын хамт олонд баярлалаа. Би Засгийн баазад төрийн түшээд, сайд нарын машиныг олон жил барьсан. Тэтгэвэртээ гарснаасаа хойш хоёр зээгийнхээ жолоочоор зүтгэж явна (инээв). Үртэй хүн жаргалтай гэж ёстой үнэн үг. Хоёр зээгээ сургуульд нь хүргэж өгөн, тарахаар нь аваад жирийлгэж явах эмээ миний жаргал байхгүй юу.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yostoi saihan hun baina goy yria boljee nudee olson shagnal baina

Зочин
Зочин

үнхээр нүдээ олсон шагн�##� болжээ

Зочин
Зочин

хүний хичээл зүтгэлийг үнэлэх өөрт нь ч урамтай гоё

Зочин
Зочин

ugluug shn yriltslgaar ugtlaa. bayrlalaa eguur

Зочин
Зочин

сайхан ярилцлага уншлаа нүдээ олсон шагн�##�

Зочин
Зочин

Ээжийн минь олон жилийн хөдөлмөр бүтээлийг үнэлэж төрийн дээд шагн�##� өгсөнд маш их т�##�архаж байна.Ээждээ эрүүл энх саруул сайхан урт удаан наслахыг хүсэн ерөөе.Eguur.mn сайтын хамт олондоо ажлын амжилт хүсье! Баярл�##�аа

Зочин
Зочин

ЭЭ ЁСТОЙ ГОЁ ХАМГИЙН ГОЁ МЭДЭЭ БАЙЛАА МУНДАГ БУУРАЙ ОДОО ХҮРТЭЛ ЗЭЭГИЙХЭЭ ЖОЛООЧ ХИЙДЭГ.ТӨР ЗАСАГ НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ ӨГЧЭЭ БАЯРАЛЛАА ИЙМ САЙХАН БУУРАЙДАА УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕ ХӨӨРХӨН ЮМАА

Зочин
Зочин

Гавъяат болсонд баяр хүргье.УБҮН-н авто баазад 00-51 УБ ноймертой ГАЗ-52 запрошик барьдаг байсан.хот дотор барилгын т�##�байд ажилладаг механизмуудад түлш түгээдэг.машинаа их цэвэрхэн унана.тээвэрт ч олон яваагүй ээ.1990 онд СОТ-с хэдэн тэрэг ирэхэд 67-13 гэсэн ЗИЛ 130 машин барьсан.Баян-Өлгий л нэг удаа 67-15 дугаартай машинтай Энхболд найзтайгаа хамт нилээн олон хоног явж ирж байсан.барилгын т�##�байд л цагаар явдаг машин цагийн тэрэг.

Last edited 3 Он Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button