УЛС ТӨР

Хаврын чуулганаар улс төр БУЖИГНАХЫГ илтгэх анхаарал татсан хуулийн төслүүд

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ӨНӨӨДӨР /2022.03.15/ нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар нийт 55 асуудал хэлэлцэхээр товлосон билээ. Хэлэлцэх асуудлуудаас онцлох хуулийн төслүүдийг хүргэе.

2022 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АНХААРАЛ ТАТСАН ОНЦЛОХ ХУУЛИУД

-ҮХЦ-ИЙН АТГАН ДАХЬ ДАВХАР ДЭЭЛНИЙ АСУУДАЛ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭГДЭХЭЭС ХАМААРАХ ХАВРЫН УЛС ТӨР-

Чуулган эхэлмэгц хаврын улс төрийн салхи хаашаа эргэх вэ гэдэг асуудал хэн хүний анхаарлыг ихээр татах юм. Хэрхэх бол хэмээн хүлээгдэж буй сэдвүүдийн нэг нь ҮХНӨ-ийн асуудал. Үүнээс шалтгаалж УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх, сайд нар давхар дээлтэй болох эсэх үйл явдлууд хөвөрнө. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэх эрх зүйн шинэчлэлийн хуулиудыг ойрын хугацаанд хийх шаардлагатай” гэж мэдэгдсэн. Тодруулбал, эрх баригч МАН-ынхан үндсэн хуульдаа дахин гар хүрэхийн юу юунаас илүүд яаравчилж байгаагийн илрэл энэ.

МАН-ынхны зараалаар Ардчилсан намын хоёр гишүүн давхар дээлийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. ҮХЦ дээрх эл асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаараад улс төрийн салхины чиг баримжаа тодорно. Түүнээс өмнө юутай ч шинээр байгуулсан хоёр яамны сайдыг тодруулах юм. Одоогоор Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар түр хугацаагаар давхар хариуцаж буй билээ.

-УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХУУЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОСГО ДАВУУЛАХ УУ-

Улс төрийн намын тухай хуулийн төсөл:

Олон жилийн турш яригддаг ч ажил хэрэг болж чаддаггүй нэгэн хуулийн төсөл бол "Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл". Энэ төслийг чуулган эхэлмэгц Ерөнхийлөгч өргөн барина. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ажиллаж буй. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудыг бодлогын нам болгох, санхүүгийн ил тод байдлыг бий болгож хандивлагчид болон хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байлгах, бодлогын судалгаа хийх, гишүүдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх механизмыг бий болгох зэрэг заалтууд тусгагдсан. Хэрэв энэ батлагдвал олон намуудын муу муухай болоод санхүүжилт ил болох учиртай. Иймд тус хуулийг УИХ-ын босгоор давуулахгүй, унагасаар ирсэн. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх босго давуулж чадах уу гэх хүлээлт үүсгэж байна.

-ХӨГЖЛИЙН БАНКЫГ ШАЛГАГЧ ГИШҮҮДИЙН ЭРХИЙГ ТОМРУУЛНА-

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Төв банк арилжааны банкнуудыг зохицуулдаг зохицуулалтад Хөгжлийн банкны үйл ажиллагаа нийцдэггүй. Эл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Хөгжлийн банк нь төв банкны хяналтад орно. Нөгөө талаар Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас томилсон Ажлын хэсэг шалгалтын хүрээгээ өргөтгөх санал гаргасан. Тэд "Араа шүдгүй ажиллаж хүчгүйдэж байна. Хөгжлийн банкны асуудалд хуулийн байгууллагынхан ч нэвт сүлбэлдчихсэн байдаг юм байна" хэмээн уулга алдан мэдээлэл хийцгээсэн. Улмаар эл хуулийг хэлэлцэх хүрээнд шалгалтын Ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналыг чуулганаар хэлэлцэх юм.

-“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД”-Д ЦУГЛАСАН МӨНГИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛНЭ-

9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Хөл хорионы үеэр төрийнхөн телевизийн суваг ашиглан тоглолт зохион байгуулж, “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан нийт 2’051’172’968 төгрөг цуглуулсан билээ. Энэхүү мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор байршуулсан. “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орсон. Тус хууль батлагдсанаар хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалт бүхий Хүүхдийн төлөө санг байгуулах юм. Улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулах юм. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална. Эл хуулиа баталснаар мөнгийг нь Засгийн газар хөдөлгөж эхлэх нь ээ.

-САН БАЙГУУЛЖ, БАЯЛАГАА ТЭГШ ХҮРТЭНЭ ГЭХ ХҮЛЭЭЛТТЭЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ-

Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;

Эл хуулиар Монголчууд анх удаа баялгийн сангаа байгуулна. Уул уурхайгаас авч буй өгөөжөө ард түмэнд аль болох наалдацтай, өгөөжтэй байхаар яаж зарцуулах вэ гэдэг нь нэгдүгээрт тавих нь хуулийн зорилго байх ёстой. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна. Үндэсний баялгийн санд газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой гэдгээрээ анхаарал татаж буй хуулийн төслүүдийн нэг юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Заөа хэрүүлийн улирал эхэллээ

Зочин
Зочин

Амжилт амжилт

Зочин
Зочин

хүмүүс нээрээ улс төр нээрээ монгол нээрээ бүгд бүтэхгүй ээ

Арп
Арп

Талцаж хуваагдаж хуйвалдалгүй эх орон. Ард иргэд ирээдүйг сайн сайханы төлөө л баялагийн сан байх ёстой шүү.
Тэр цэрэнпунцаг х.ганхуяг.бидон ганбаа.эд нарын үг худлаа шүү

Үл таалагч
Үл таалагч

Олон сангуудын үйл ажиллагаанд хяналт тавьж цэгцлэх шаардлагатай.

Холбоотой мэдээ

Back to top button