УРЛАГЯрилцлага

Онцлох үзэсгэлэн| Б.Маналжав: Хуучин гутлаа ч тарвасаар сольсон нь бий

Уран бүтээлч Б.Маналжавын “Агрегат-2” үзэсгэлэн “B Contemporary” арт галлерейд үзэгчдийн хүртээл болоод байна.

Дурсамж: Ноднин зун Богд уулын хормойд “Public eco series” үзэсгэлэн дэлгэгдэж байгааг сонсоод очсон юм. Тэнд нэгэн эмэгтэй тарвасаар инстолляц хийснийг урьдчилж мэдсэн байв. Хүмүүсийн хуучин эд зүйлсийг тарвасаар солилцож аваад, дараа нь уран бүтээл болгоно гэдгийг сонсоод ихэд талархаж бас хүндэтгэн хүлээж авч билээ. Тэр нарны малгайтай, тарваснуудынхаа дунд аяны сандал дээр сууж байв. Зүлгэн дунд тарсан тарвас сонирхолтой харагдана. Би бэлдэж ирсэн эд зүйлээ өгөөд, оронд нь томхон тарвас авсан. Талархал илэрхийлээд ой руу орсон, тэндээ тарвасаа хагалж идсэн.

Харин тарвасаар солигдсон хүний хуучин эд зүйлс одоо энд, “Агрегат-2”-т уран бүтээл болжээ. Энэ нийгмийн ач холбогдолтой. Урлагийн цоо шинэ хандлагыг олон нийтэд ойлгуулж буйгаас гадна, үзэгчдийг уран бүтээлч өөрөө уран бүтээлдээ татан оролцуулсан онцлогтой. Мөн давхар “Танд хэрэггүй зүйл өөр хэн нэгэнд хэрэгтэй ч байж болно”, “Юм бүхэнд өөрийн үнэ цэн бий, юм бүхэн хэн нэгэнд, ямар нэг зүйлд хэрэгцээтэй байдаг” гэсэн санаануудыг “шидэж” байна.

Түүнтэй товчхон ярилцлаа.

-Яагаад заавал тарвасыг сонгосон юм бэ?

-Тарвасыг жаахан санамсаргүй байдлаар сонгосон шүү. Тарваснаас урьтаж, үзэсгэлэнгийн маань концепц толгой дотор боловсорсон. Яг хэрхэн илэрхийлэхээ бодоод л явж байлаа. Тэгтэл “B Contemporary” галлерейгаас Богд уулын энгэрт “Public eco series” үзэсгэлэн зохион байгуулж, би оролцох болсон л доо. Ингээд байгальд дэлгэж тавихад тохиромжтой талыг нь бодож байгаад тарвасыг сонгосон. “Public eco series”-т инстолляц болгоход тохиромжтой, нэг талаараа эко бүтээгдэхүүн учраас зохицохоор санагдсан.

-Тэгвэл, анхдагч санаа нь хэрхэн төрсөн бэ?

-Ер нь public уран бүтээл хийж үзэх хүслээс маань, цаашлаад урлагийг яаж олон нийтэд ойлгуулах, ойртуулах вэ гэсэн бодлуудаас энэ үзэсгэлэнгийн санаа төрсөн гэж болно. Тэр дундаа солилцоон дээр суурилах хэлбэр нь. Хүн эхлээд биологийн хэрэгцээгээ хангаж байж дараагийн хэрэгцээ рүүгээ ордог гэдэг шүү дээ. Тарвас бол иддэг зүйл, биологийн хэрэгцээ. Харин хүмүүс тарвасаар буюу биологийн хэрэгцээгээрээ урлагийн бүтээл болж болох зүйлсээ харилцан ашигтай, сэтгэл ханамжтайгаар солилцож болох нь маш сонирхолтой санагдсан.

-Хүмүүстэй тарвасаар эд зүйлс солилцож байх мөчид анхандаа бодож байгаагүй, шинэ санаа урган гарсан уу?

-Яг тухайн үед шинэ санаа төрөөгүй юм байна. Ерөнхийдөө юм бодох завгүй, өдөржин л тарвасаар солилцоо хийж, ирсэн хүмүүстэй яриа өрнүүлж байлаа. Зүгээр л солилцохоос гадна хүмүүст санаагаа тайлбарлаж, “Урлаг бас ийм байж болно” гэдгийг олж хараасай гэж хичээсэн. Анзаарахад, ихэнх хүн их шинэлэг байдлаар хүлээж авч байна билээ. Тэдний тарвасаар сольсон зүйлс эргээд уран бүтээл болно гэхэд багагүй гайхаж байсан.

-Уран бүтээлч өөрөө үзэгчидтэйгээ харилцаж, дунд нь орж, уран бүтээлдээ тэднийг татан оролцуулж, нөгөө талаар хамтран уран бүтээл хийсэн байна л даа. Яг энэ үйл явц дунд байхад хэр кайф мэдэрсэн бэ?

-Надад маш сайхан байсан. Үйл явцын хүрээнд, би хүмүүст хэрэгцээтэй зүйлийг нь өгч байгаа. Хүмүүс ч бас тарвасаар сольчиход боломжийн гэсэн зүйлээ өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тэдэнд ч, надад ч таашаалтай байсан. Энд давхар таашаалын харилцан солилцоо явагдаж байсан л даа.

-Хүмүүс танд хоорондоо уялдаа холбоо багатай, хаа хамаагүй эд зүйлсээ өгч таарна гэдгийг таамаглаж байсан байх. Үүнээс үүдээд, уран бүтээл болгох шатан дээр ирэхэд хүндрэл гарах болов уу гэж болгоомжилж байсан уу?

-Байсан. Уран бүтээл хийх материал маань ямар байхыг, юу ирэхийг мэдэхгүй байсан хэрэг шүү дээ. Яг миний үзэсгэлэнд зориулж эд зүйлсээ авчирсан хүмүүс ч, тухайн үед өөртөө байсан зүйлээрээ солилцоо хийсэн хүмүүс ч байсан. Хэдийгээр юу ирэхийг мэдэхгүй байсан ч солилцооны үед болон дараа нь ажиллахад маш их таашаал мэдэрсэн.

Яагаад гэвэл энэ материалуудыг би өөрөө сонгоогүй. Нөгөө талаар, материал бүр өөрийн гэсэн хэлтэй юм. Тэгэхээр, материал бүртэй өөрийнх нь хэлээр ойлгож харилцана гэдэг эхэндээ бэрхшээлтэй байсан. Удаан харилцаад л, байршлыг нь сольж тавьж ажаад байх тусам тэдний хэлийг ойлгодог юм билээ. Нэг үгээр, тэдний зохицлыг олно гэдэг мэдрэмж шаардсан ажил байсан гэх үү дээ.

-Уран бүтээл болгохын тулд зайлшгүй өөрөөсөө материал нэмэх тохиолдол гарсан уу?

-Нэмж оруулсан нь энэ модон жаазнууд байна. Хэргээр хуучирсан мод цуглуулж байгаад, рамыг нь захиалж хийлгэсэн. Гэхдээ, жаазанд орчихсон бүтээлүүд тодорхой хэмжээнд гаднын хүчин зүйлээр хязгаарлагдсан нь мэдэгдэж байгаа биз. Яг өөрөөрөө байгаа нь арай өөр оршихуйтай. Тэгэхээр, материалыг өөрийнх нь хэлээр байлгах, дахиад өөр хэв загварт нэмж оруулахад ямар ялгаа гардаг нь ч энэ үзэсгэлэнгээс харагдах болов уу.

-Миний хувьд энэ эд зүйлс бүгд л цаанаа хэрэглэгдэж байсан хувь түүхүүдтэй гэж бодохоор сонирхолтой сэтгэгдэл төрж байна. Танд уран бүтээлийн шатанд ажиллаж байхад материалуудын өгүүлэх түүхүүд сонирхолтой санагдсан уу?

-Түүх гэдэг талаас нь төдийлөн хараагүй юм байна. Яг уран бүтээл болгох шатанд бол тэд хоорондоо хэрхэн зохицож болохыг л их бодсон, анзаарсан.

-Өмнө нь контемпорари чиглэлээр уран бүтээл хийж байсан уу?

-Энэ миний анхны бие даасан үзэсгэлэн. Мөн контемпорари чиглэлээр ч хийсэн анхны бүтээл. Өмнө нь зургаар үзэсгэлэнүүдэд хамтран оролцдог байсан.

-Монголд зураачид цөөнгүй бий. Тэр бүр контемпорари чиглэл рүү ингэж хувирдаггүй. Та энэ чиглэлд ингэж дурласан шалтгаан нь юу вэ?

-Хүн бүрийн дотор эмзэглэл байдаг шүү дээ. Миний хувьд, юмс өөрийн үнэ цэнээ алдаад ирэхээр л нийгмийн асуудлууд, бухимдууд үүсдэг юм шиг санагддаг. Бүх зүйлд үнэ цэн гэж зүйл бий шүү дээ. Гэтэл бид өнөөгийн хурдтай нийгэмд хамгийн үнэ цэнтэй зүйлсийнхээ ч үнэ цэнийг өөрсдийн мэдэлгүй алдагдуулж байна. Харин урлаг бол өөрийгөө илүү гүн сонсож, мэдрэх нэг арга, нэг хэл. Иймд, энэ санааг урлагийн хэлээр дамжуулж хүмүүст хүргэх юм сан гэсэн хүсэл миний дотор тээгдээд л яваад байсан. Концепц болж боловсроод л.

Энэ үзэсгэлэнгээс харвал, хүн өмсөхөө байсан өрөөсөн гутлаа ч тарвасаар сольсон нь бий. Гэхдээ тэр хаягдсан гуталд ч гэсэн өөрийн гэсэн үнэ цэн, хэрэгцээтэй шинж чанар бий шүү дээ. Би уран бүтээл болгосноор тэр үнэ цэнийг нь илүү тодотгохыг зорьсон.

-Та ер нь ямархуу төрлийн зураг зурдаг вэ?

-Абстракт, модерн чиглэл рүү дийлэнх зурдаг. 2021 онд Бээжинд магистр хамгаалаад ирсэн. Монголынхоо нийгмийг өөр өнцгөөс, өмнөхөөсөө өөрөөр харьцуулж харах, эмзэглэж хүлээж авах боломж үүгээр олдсон л доо. Энэ утгаараа ч контемпорари уран бүтээл хийх хүсэл маань хүчтэй өдөөгдсөн.

-Тогтсон ойлголтоор бол уран бүтээлч бол далд тоглогч шүү дээ. Харин ингэж үзэгчидтэйгээ нийлж, татан оролцууож бүтээл хийж байгаа нь шинэ хандлага. Гоё сайхныг нь юундаа бий гэж хардаг вэ?

-Public урлаг гэдэг урлагийн хүртээмжийг нэмэгдүүлдэг давуу талтай. Галлерей доторх үзэсгэлэнг яг зорьж ирсэн, эсвэл үүгээр явж таарсан хүмүүс л үздэг. Бас тэр бүр урлаг сонирхдоггүй хүн галлерейгаар шагайх нь ховор. Харин public урлаг энэ хязгаарыг задалж, хаана ч, хэн ч харах, танилцах боломжийг бий болгодгоороо давуу талтай. Бүх л түвшний хүмүүст нэгэн зэрэг хүрдэг.

-Миний хувьд энэ үзэсгэлэнгийн санаа Монголд анхдагч юм шиг санагдсан. Мэргэжлийн уран бүтээлчид ирж үзээд, сэтгэгдлээ танд хэрхэн илэрхийлж байв?

-Уран бүтээлч Ё.Далх-Очир энэ үзэсгэлэнд маань куратораар ажилласан. Далхаа ах нэгэнтээ өөрөө тамхины иш цуглуулаад public уран бүтээл хийж байсныг нь санаж байна. Ер нь солилцоонд тулгуурласан public уран бүтээл надаас өмнө цөөнгүй хийгдэж байсан. Харин ийм массыг татан оролцуулсан, өргөн хүрээнд хийгдсэн гэдгээрээ анхдагч юм гэж Ё.Далх-Очир үзэсгэлэнгийн үеэр хэлж байсан. Манай уран бүтээлчид сайхан дэмжиж, хүлээж авсан.

-Нээрэн УГЗ Д.Очирболд бас хуушуур хийгээд, тэргэнд түрээд гудмаар худалдаж явсан санагдаж байна. Үүнийгээ надад “Би тэндээс маш олон янзын хувирлыг, хүний мөн чанарыг олж харсан” гэж дурсаж байсан.  

-Тийм. Энэ үзэсгэлэнд бас мөнгөөр биш, биологийн хэрэгцээт зүйлээр солилцоо хийж байгаа нь утга агуулгатай.

-Нэгэнт урлагийн бүтээл болчихсон учраас энэ өрөөсөн гутал, хуучин эдлэл хэрэглэлүүд дахиад өөр, шинэ үнэ цэнтэй болчхож байгаа шүү дээ. Үзэсгэлэнгээс буусных нь дараа яая гэж бодож байна?

-Урландаа л тавих байх. Одоогоор бодсон, шийдсэн зүйлгүй байна.

ГЭРЭЛ ЗУРГУУД:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2022 08:40

Ммммммм

Irgen
Irgen
3 сар 15, 2022 09:05

Him, tegvel hogiin ovoo ih l tom uzesgelen boloh yum bn.

Зочин
Зочин
3 сар 15, 2022 22:56
Reply to  Irgen

Чи хийгээд үзээч...чиний мэдрэмжийг харъяа

Холбоотой мэдээ

Back to top button