Украин: Бөмбөгдөлтөд өртсөн тоггүй, халаалтгүй байшинд анхны хүүхдээ төрүүлсэн Анна Тымченко

Украины Буча хот бөмбөгдөлтөд өртөж байх үеэр ус цахилгаан болон эмнэлгийн тусламжгүй нөхцөлд өөрөө төрсөн эмэгтэйн түүхийг BBC агентлаг нийтэлжээ. Нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Анна Тымченко айж байлаа. Төрөх дөхсөн тэр хэдэн цагийн турш өвдөж байгаа ч төрөлх хот нь бөмбөгдөлтөл өртөж, орон сууц нь чичирхийлсээр байв. Нөхөртэйгээ хамт үлдсэн түүнд цахилгаангүй, усгүй, тусламж дуудах эмч ч үгүй байлаа.
Нийслэл Киевээс 30 км-ийн зайд орших Буча хэмээх жижиг хот дайн эхэлснээс хойш тасралтгүй бөмбөгдөлтөд өртөж байгаа юм. Хорин нэгэн настай Анна нөхөр, ахынхаа хамт байшингийнхаа хонгилд хоргодож байжээ. Гэтэл цахилгаан тасарч, халаалт нь зогсоход хонгил харанхуйд автаж, тэсгим хүйтэн болсон байна.
Аннагийн нөхөр Володимир Бучад үлдэх эсвэл зугтах сонголтыг хийхээр эргэцэж байв. Эцэст нь тэд машиндаа суугаад, хотоос зугтахыг оролдсон боловч Оросын цэргийн машинуудын цуваа явж буйг сонсоод буцахаас өөр аргагүй болсон гэнэ.
"Ингээд бид орон сууцанд, гэртээ үлдэхээр шийдсэн" гэж Анна ВВС-д ярилаа. "Би тоос шороотой хонгилд биш гэртээ төрөхийг илүүд үзсэн. Амьсгалахад хэцүү, уушиг өвдөж байсан”.
Гуравдугаар сарын 7-ны орой төрөхдөө тэр хөршүүдээ дуудаж тусламж хүсжээ. Харамсалтай нь эх барьж авах туршлагатай хүн тэнд байсангүй. Аннагийн хөрш 49 настай Виктория Забродская хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл яахаа мэдэхгүй, санаа зовж байсан тухайгаа BBC-д ярьсан байна.
Өрөөг лаагаар гэрэлтүүлж, лонхтой ус хөлдөж байжээ "Би ийм нөхцөлд төрнө гэж хэзээ ч төсөөлөөгүй" гэж Анна өгүүллээ. “Миний анхны хүүхэд, би яахаа ч мэдэхгүй байсан”. Цөхрөнгөө барсан Аннагийн хөршүүд эмнэлгийн ажилтнуудтай холбогдохыг оролдсон боловч сүлжээ үргэлж доголдож байв. Тэд эцэст нь Буча дахь эмэгтэйчүүдийн эмчтэй холбоо тогтоож чадсан боловч ирээгүй байна.
Учир нь тэр эмчийн утас эвдэрч, нааш хөдөлж байхад нь Оросын цэргүүд зогсоосон хэмээн уучлал хүсэн захидал ирүүлжээ. Нөхөр Володимир нь гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр төрсөн нялх Алисагийн төлөө нулимс унаган ярилцлага өглөө. Анна эцэст нь хөршүүдийнхээ тусламжтай, амжилттай төржээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.