Монгол хүн биатлоны спортоор тивийн аваргаас медаль авах нь битгий хэл хичээллэж байна гээд төсөөлөхөд ч бэрх, хол байсан цаг саяхан. Казахстан улсад үргэлжилж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Должинсүрэн Монголын биатлоны спортын түүхэн дэх анхны медалийг хүртлээ.

Монгол Улсад биатлоны спорт улам хөгжих боломжтой, монгол биатлончид олимп, дэлхийгээс медаль авах хэмжээнд хүрэх нөөцтэйг түүний амжилт харууллаа. Тэгээд бүр тивийн аваргаас нэг бус хоёр медаль авсан гээд бод доо, супер байгаа биз.
Залуучуудын ангиллын 12.5 км-ийн индивидуэльд мөнгөн медаль авсан М.Должинсүрэн өчигдөр эмэгтэйчүүдийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртэн, бас нэгэн шинэ хуудас нээлээ. Энэ ангилалд түүнтэй хамт Даваадуламын Энхчимэг, Казахстаны хоёр тамирчин нэг баг болон уралдсан юм.

Түүхэн амжилтын эзэн болсон М.Должинсүрэнтэй цахимаар холбогдон ийнхүү ярилцлаа. Тэрбээр энэ сарын 20-нд тэмцээнээ дуусган, 23-нд эх орондоо ирнэ.
-Монгол Улсын түүхэнд Азийн аваргаас медаль авсан анхны биатлонч болсонд тань баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Мөнхбатын Должинсүрэн гэдэг. Би 2001 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Одоо Эрдэнэт хотод амьдардаг. Эрдэнэтийн “Ирээдүйн одод” дунд сургуулийг төгссөн. Одоо Үндэсний биеийн тамирын дээд сургуульд сурдаг.
Азийн аваргаас медаль хүртсэндээ баяртай байна. Энэ амжилтыг гаргахад тусласан Монголын Биатлоны Холбоо, БТСУХ, Б.Наран-Идэр даргатай Техник спортын төвийн хамт олонд, намайг дэмждэг бүх хүнд баярлалаа.
-Түүхэн амжилтын эзэн болж, мөнгөн медалиа энгэртээ гялалзуулах мөчид юу бодогдож байв?
-Сэтгэл их хөдөлж, догдоллоо. Зорилгодоо алхам алхмаар хүрч байгаа болохоор сайхан санагдсан. Монгол Улсынхаа далбааг Азийн дэвжээнд мандуулахад үнэхээр гоё мэдрэмж төрсөн.
-Ганцаарчилсан төрөлд түрүүлэх боломж байсан уу. Алдаа, оноогоо хэрхэн дүгнэж байна вэ?
-Түрүүлэх боломж байсан. Өрсөлдөгч нар маш хүчтэй байлаа. Цаг агаар хүнд нөхцөлд уралдсан. Уралдааны зам ер нь их хүнд байлаа.
-Гараанаас гарахын өмнө ямар тактик боловсруулав. Түүнийхээ дагуу уралдаж чадсан уу?

-Цанаараа жигд явж, анхаарлаа сайн төвлөрүүлж байгаад буудахыг хичээлээ. Уралдах үеэр хүчтэй салхилж, цасаар шуурсан.
-Биатлоны спортод тэших, буудах зэрэг олон талын ур чадвар, авьяас чухал. Та алинд нь илүү вэ?
-Биатлон бол хоёр төрлийн спортыг хослуулсан гайхамшигтай спорт. Цанаар сайн гулгахад техник, тэсвэр тэвчээр гээд олон зүйл чухал. Буудлагад ч мөн адил. Үүний сацуу аль болох тайван байж, амьсгаагаа зөв хуваарилах хэрэгтэй. Хоёулангаар нь жигд хичээллэн, өөрийгөө хөгжүүлж байж л амжилт гаргана.
-Биатлоны спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ. Анх энэ спортыг сонгоход юу нөлөөлж байв?
-Үндсэн сууриа цанаар тавьсан. Биатлоны спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байна. Би биатлоны спортод үнэхээр хайртай, дуртай. Энэ спорт миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон.
-Биатлоны зориулалтын зам, талбай Монголд байхгүй. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Монголд биатлоны зориулалтын бэлтгэлийн бааз байхгүй. Тиймээс бид бэлтгэлээ гадаадад хийдэг. Энэ бүхнийг Монголын биатлоны холбоо, БТСУХ зохицуулж өгдөг.
-Ивээн тэтгэж, цалинжуулдаг байгууллага танд бий юү?

-Би үндэсний шигшээ багаас цалинждаг. Өөр ивээн тэтгэдэг, цалинжуулдаг байгууллага байхгүй. Биатлоны спортыг монголчууд их сонирхдог ч монгол биатлончдын талаар төдийлөн сайн мэддэггүй. Биднийг ивээн тэтгэх, дэмжих байгууллага хараахан олдоогүй байгаа.
-Цаашдын зорилгоосоо хуваалцана уу. 2026 оны олимпод оролцох бодомж хэр ойрхон байна вэ?
-Дараа жилийн Дэлхийн цомын гараануудад амжилттай уралдан, бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, ур чадвараа ахиулах нь миний ойрын зорилго. Мэдээж 2026 оны өвлийн олимпод биатлоноор оролцохын төлөө зүтгэнэ ээ.
-Азийн АШТ энэ сарын 20-нд дуусна. Эх орондоо хэзээ ирэх вэ?
-Ерөнхийдөө энэ сарын 23-нд эх орондоо очих төлөвлөгөөтэй байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дүүгээ шүтэж амьдаръя