
Гуравдугаар сарын 8-18-ны хооронд Монголын эмэгтэй бүтээлчид нэгдэж, дүрслэх урлагийн "Саарал хайрцаг" үзэсгэлэн дэлгэсэн билээ. Үзэсгэлэнгийн куратораар ажилласан зураач, куратор Д.Баярцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
-Эмэгтэйчүүдийн хамтарсан үзэсгэлэн олон удаа болж байсан. Энэ удаагийнхыг “Саарал хайрцаг” гэж нэрлэсэн. Анх сонсоод, яагаад ч юм энэ нэр “эмэгтэйчүүдийн” гэдэг агуулгадаа арай бараандсан шиг сэтгэгдэл төрсөн?
-Бид эмэгтэй бүтээлчидтэйгээ нүүр номд хаалттай групп үүсгэн нэрийн тухайд, гурав хоногийн турш нээлттэй санал асуулга явуулсан. Үзэсгэлэнгээ төсөл хэлбэрээр зохион байгуулах гэж байсан учраас юун түрүүнд нэрээ тогтох шаардлагатай болсон. Зохион байгуулагчид өөрсдөө мэдээд нэр өгчхөж болох байсан ч хоёр жилийн турш хөл хорио, нийгмийн бухимдал давамгайлсан саарал үеүдийн ард бүтээлчид нэгдэж байна шүү дээ. Олон нэр ирснээс гурван нэрийг өрсөлдүүлэн, олонхын саналаар “Саарал хайрцаг” нэрийг сонгосон.
-Энэ нэрээс нийгэм, цаг үеийн асуудлыг шүүмжилсэн, дуу хоолойгоо өргөсөн үзэл санаа мэдрэгдэж байна. Сүүлийн үед эрчүүдийн гаргаж буй үзэсгэлэнг хараад байхад илүү мэдрэмж рүү чиглэсэн байх шиг санагдаад байгаа. Эмэгтэй бүтээлчдийн хандлага нийгмийн асуудлуудыг бүтээлээрээ хөнддөг, тэр чиглэл рүү явж байна гэдэгтэй санал нэгдэх үү?
-Юун түрүүнд, эмэгтэйчүүдийн үзэл санаа, дуу хоолойг нийгэмд сонсгох нь энэ үзэсгэлэнгийн зорилго байв. Нөгөө талаар, хувь бүтээлч бие даасан үзэсгэлэн гаргах болон 130 гаруй хүний тархи, оюун санаа нэгдэж үзэсгэлэнг дэлгэх хоёр хоорондоо эрс ялгаатай. “Саарал хайрцаг” бол хэн нэгний бие даасан үзэсгэлэн биш. Куратораар ажиллахад, олон өөр бүтээлийг нэг зааланд багтаан, нэгдмэл үзэл санааг илэрхийлэхэд амаргүй байсан. Хамтарсан үзэсгэлэнгийн агуулгад зориулж бүтээсэн нь цөөн, харин өмнө нь бүтээсэн байсан олон бүтээлүүд үзэсгэлэнд шууд ирсэн зэрэг шалтгаан бийг нуугаад яах вэ.
Зохион байгуулагчид бүтээлчдийн хамт, эрхээ хамгаалдаг өдрөөрөө нийгмийн асуудлыг шүүмжилсэн, бараан агуулгатай бүтээлүүд дэлгэнэ. Тэгээд ч асуудлуудын цөм нь эмэгтэйчүүд өөрсдөө, ийм учраас өөрсдийнхөө дотроос үндсэн асуудлуудыг дэвшүүлэхээр чимээгүй хашгирч байгаа улс юм гэдэг санаан дээр нэгдсэн.
-Ахуйн асуудлуудаас болж энэ үзэсгэлэн яг үндсэн концепцоо барьж чадсан эсэхийг кураторын хувьд танаас тодруулмаар санагдлаа. Мөн ололт, амжилт талаас нь ч дүгнэж ярихгүй юу?
-Эмэгтэй бүтээлчдийн тоо жил ирэх тусам өсөж байна. Энэ жил олон бүтээл ирсэн нь сайхан хэрэг. Өмнөх жилийн үзэсгэлэнд цар тахлын улмаас 40 гаруй бүтээл дэлгээд төд удалгүй хаасан сурагтай, энэ жил оролцогчдын тоо гурав дахин өссөн байгаа биз. Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажилласан нь энэ жилийн онцлог байв. 2000-аад оноос хойш эмэгтэйчүүдийн үзэсгэлэн анх удаа төсөл хэлбэрээр хийгдэж, Монголын эмэгтэйчүүдийн сангаас санхүүжилт авсан нь энэ боллоо. Мөн анх удаа Соёлын яам дэмжсэн.
Зохион байгуулагч Монголын Урчуудын эвлэл 30 жилийн турш эмэгтэйчүүдийн уламжлалт үзэсгэлэнгээ бор зүрхээрээ болгож ирсэн төрийн бус байгууллага. “Саарал хайрцаг”-ийн бүтээлчид өөрсдөө багаар ажиллаж бүгдийг зохион байгуулсан, анх удаа каталог гаргаж, гарын бэлэг бэлдэж, бүтээлчдээ дэмжсэн. Энэ бидний хувьд чамлахааргүй амжилт. Урьдынхаараа, бахь байдгаараа л зохион байгуулсан бол нэгдмэл байхын үнэ цэнийг бүтээлчид маань төдийлөн ойлгохгүй байх байсан биз ээ.
Бид энэ удаа эмэгтэй бүтээлчдээ мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ангилалгүй, ирсэн бүх бүтээлүүдийг хүлээн авсан. Бүгдийг нь үзэсгэлэнд оруулсан. Харин энэ бүтээлүүдийг гүйлгэж нэг, тогтож нэг харна гэдэг куратор, шүүмжлэгч, судлаач хүмүүсийн хувьд сайхан боломж. Нэг дор дэлгэгдсэн эрс тэс, онхи ондоо төрлийн бүтээлүүд кураторын хувьд сонирхолтой байсан: За, хэн юу хийж вэ, яаж ахиж вэ, хэрхэн эрэлхийлсэн байна, хэр төөрч, будилж вэ, өөрийгөө хэр эвдэж вэ гэх мэтээр ажсан.
Энэ үүднээс бүтээлчдийн хөгжлийн үйл явцыг, байгаа байдлыг өөрийн нүдээр харах, ялгах, таниих завшааныг тэдэнд өөрсдөд нь олголоо гэж хувьдаа бодож байгаа. Ташрамд намайг куратораар сонгон, урьж ажиллуулсан Монголын Урчуудын эвлэлд баярлалаа. Хамтран ажиллахад таатай байлаа.
Харин таагүй мэдрэмж гэвэл, “Уламжалт үзэсгэлэнг яаж ч хичээгээд өөрчилж болдоггүй юм байна. Уг нь боломжтой хэдий ч асар хэцүү юм” гэдгийг ойлголоо. Бид анх цоо шинэ юм хийе гэж зорьсон, олон зүйлд шинэ хандлагаар хандах гэж хичээсэн ч уламжлалт үзэсгэлэнгийн хандлага, ахуйн нөхцөл байсаар л байсан. Байсаар ч ирсэн. Уламжлалт чиг хандлагатай бүтээлүүд ирнэ, бид хүлээн авахаас өөр аргагүй, гэвч зөвхөн өнөөдөртөө.
Гэхдээ үзэгчид уламжлал, шинэчлэл хоёр нэг дор дэлгэгдсэнийг анзаарсан л байх ёстой. “Аан, уламжлалт бүтээл нь энэ байна, орчин үеийн хандлага бүхий бүтээл харин энэ юм байна, ялгарч байна шүү дээ” хэмээн дүгнэх боломжийг ч үзэгчид өөрсдөдөө нээсэн болов уу.
-Яах аргагүй бүтээлчдийн уламжлалт хандлагаасаа татгалзах дургүй асуудлыг сөхөх ёстой болж байна. Эмэгтэй бүтээлчдийн шинийг эрэлхийлэх, хүлээж авах хандлага ямар түвшинд байдаг вэ гэсэн асуулт юм л даа?
-Маш хүчтэй мэдрэмжтэй нэг нь илт өөр шүү. Өөрийн гэсэн том урлантай, хүссэн материалаа худалдаад авах боломжийн хэмжээний санхүүтэй бүтээлчид ч яг хүссэнээ хийж байна. Өөрчлөгдөж, өөрийгөө эвдэж байгаа нь ч бий. Гэтэл өөрөө өөртөө баригдсан, “Би хийдэг юмаа л хийе. Тэгж байтал авдаг хүмүүс маань худалдаад л авчихна” гэсэн бодолтой, бүтээлийн шинэ эрэл хайгуул хийдэггүй бүтээлчид олон. Өөрийгөө үргэлж өөрчлөхийг хүсдэг, өөртэйгөө тэмцэгчид ч багагүй. Нөгөө талаас, өөрчлөгдөхгүй байгаа мэт боловч тогтсон хэв маягийнх нь бүтээлийн чансаа алсуур, тогтмол өсөж байгаа бүтээлчид ч байна.
Нийт массаар нь авч үзвэл, аливаад шинэ соргог байхаас илүүтэй хуучнаа давтсан бүтээл дэлгэгдсэн нь дийлэнх байсан. Энд шинэ залуу үеийн дуу хоолой, орон зай үгүйлэгдэж байх шиг. Дөнгөж сургууль төгссөн залуусын шинэ соргогийг хүлээж авах хандлага шал өөр. Бид энэ үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн болон гишүүн бус бүхий л бүтээлчдийг хүлээн авахаар зарласан нь угтаа залуу үед боломж олгосных. Гол нь мэргэжлийн түвшний, хүчирхэг дуу хоолой байж чадах эсэхэд шаардлага тавьсан. Тэгээд ч мэргэжлийн байна гэдэг цэвэр авьяасаас шалтгаалах асуудал.
-Оролцогчдын хувьд үзэсгэлэнд оролцох боломжыг нээж, тэлж өгсөн онцлогтой юм байна. Кураторуудын хувьд заримдаа харгис ч гэмээр зан чанар гаргах үе тулгардаг. Та шинэ залууст боломж олгох ёстой гэж үздэг гэсэн, харин хуучнаа, байраа тавьж өгөхгүй байгаа бүтээлчдэд яаж хандах ёстой гэж боддог юм?
-Цаг нь болохоор тэднийг шинэ дуу хоолой өөрөө түрэн гарч ирнэ. Цэцгээр жишээлбэл: Нэг талаас нь шинэ бундуй ургаж байхад нөгөө талд нь хуучин дэлбээ хагдарч байдаг шүү дээ. Тэгэхээр шинэ залуу үеийнхэн илүү хүчирхгээр сэрж, сэтгэх хэрэгтэй болсныг харуулж байна. Контемпорари урлаг дэлхий даяар яагаад хүчтэй газар авч байна вэ гэвэл: Ямар ч цаг үед бүтээгч хүний эрмэлзсээр ирсэн ‘хэний ч бүтээгээгүйг бүтээх сэн’ гэх хүсэл устаагүй, амьд буйн баталгаа.
-Нэг талаас жам ёсны үйл явц хэмээн тайлбарлаж байна, тийм үү?
-Тийм ээ. Бүх зүйл өөрийн цагтаа.
-Гэхдээ бүтээлчид өөр өөрсдийн цагтаа хийж, бүтээгээд л явдаг. Харин тэдэнд зөвлөдөг, чиглүүлдэг мэргэжлийн хүмүүсийн оролцоо чухал шүү дээ. Тэдний ззрэг оролцоо ямар байх юм бэ?
-Сайн куратораас үүдээд сайн бүтээлүүд төрнө гэж байдаггүй. Сайн бүтээл, сайн бүтээлчдийг кураторууд нээдэг. Онцгой гойд шинэ бүтээл кураторуудын анхаарлыг татдаг. Ер нь хамтарсан уламжлалт үзэсгэлэнд концепцын дагуу бүтээл өгнө гэдэг үнэнч байгаагийн илрэл. Мөн хамтран оролцож буй бүтээлчдээ, гол нь өөрийгөө хүндэлж буй асуудал. “Би үүнийг хэдий нь хийчихсэн учраас, үүнийгээ л өгчихье” хэмээх нь хувь хүнийхээ хандлагыг гаргаж буй хэрэг шүү дээ.
-Эрэгтэй бүтээлчид ахуйгаасаа ангижирч, уран бүтээлдээ бүрэн төвлөрөх илүү бололцоотой байх. Харин эмэгтэй хүн үргэлж нөхөр, хүүхэд... бусдын хэрэгцээг нэгдүгээрт тавьдаг. Дээрээс нь бүтээлч байна гэдэг амаргүй. Аль, алийг нь алдахгүй, бүтээлээ туурвиад явахад хөгжих, урагшлах боломжтой нөхцөл бүрдэх үү?
-Миний бодлоор, манай бүтээлчид нийгмийн амьдралд идэвхтэй, хариуцлагатай оролцох шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл цаг үеэ зөнч адил мэдрэх хэрэгтэй байна. Эргэн тойронд юу өөрчлөгдөж, өрнөж байна, хоцрохгүй байя гэвэл би хаана, хэзээ байх хэрэгтэй вэ гэх мэтээр бодох шаарлдага цөөнгүй. Гэр орны, ахуйн асуудлаа даван туулах л хэрэгтэй, өөр арга үгүй. Яриад л, гомдоллоод л байвал хэзээ ч дуусахгүй. Хүнтэй гэрлэсэн гэрлээгүй, хоол идэх хэрэгтэй болдог шиг эмэгтэй хүн өөрийгөө юм уу хэн нэгнийг халамжлах л болно.
-Хүлээн зөвшөөр, даван туул гэсэн санаа юу. Зэрэгцэн чансаатай бүтээл төрөх эсэх нь эргэлзээтэй болохгүй юу?
-“Өөрөө зохицуул” хэмээж буй юм шиг хэр нь ээ бүтээлч анхнаасаа цагийг нь олж зөв сонголт хийж сурах хэрэгтэй бус уу. Ажил, мэргэжилдээ дуртай л юм бол, гялс аягаа угааж, хүүхдээ унтуулчхаад бүтээлээ хийдэг л байхгүй юу. “Арын алба”-аа зохицуулангаа бүтээл хийхээр сайн эсвэл муу болдог гэж би хувьдаа бодохгүй байна. Хамгийн гол нь: Хүн дуртай зүйлээ хийхэд сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч чаддаг. Өөрөөр хэлбэл хийж, бүтээж буй бүхнээсээ таашаал авч чаддаг бол аяга угаах ч, хиртэй хувцсаа угаах нь ч үйлдлийн урлаг болж болно. Гэрийн ажил хиймээргүй байвал хийхгүй ч байж болно шүү дээ.
-Эмэгтэй бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гэхээр санаанд хамгийн анхлан жендэрийн тэгш эрхийг хөндөх юм шиг бууж байсан. Ер нь эмэгтэй бүтээлчдэд гол тулгарч буй асуудал өнөөдөр яг юу байгаа юм бол?
-Зөвхөн эмэгтэй гэлтгүй монгол бүтээлчид куратортай хамтран ажиллах соёлд сураагүй, сэтгэл зүй нь бэлэн болоогүй байх шиг. Үзэсгэлэн дэлгэхэд CV, намтар, концепц, бүтээлийн товч тайлбар бичвэрээ эскизийн хамт цахим шуудангаар илгээх нь дэлхийн хаана ч тавигдаж байдаг наад захын л кураторуудын шаардлага.
Уучлаарай, бараг 60 хувь нь энэ шаардлагыг хангахгүй байна гэдэг өөрөө тодорхой баримт. Шуудхан хэлэхэд бичгийн боловсрол асар тааруу нь олон. Ганцхан эмэгтэй бүтээлчдийг энд хэлээгүй ээ. Олон үзэсгэлэн дээр куратораар ажиллахдаа CV-гүй, амьдралдаа CV бичиж үзээгүй бүтээлчтэй олон л таарч байсан. Арга ядаад өөрөө CV-г нь янзалж, цэгцэлж өгдөг тохиолдол маш олон. Цаашид бүтээлчид бичиг үсгийн өндөр боловсролтой, хууль эрх зүй, зохиогчийн эрхийн тухайд чамбай сайн мэдлэгтэй болмоор байна.
-Орчин цагийн бүтээлч байх тусмаа аж ахуйч, өөрийгөө шахан хөгжүүлэгч байх шаардлага тавигдаж байна гэсэн үг үү?
-Яг тийм. Сэтгэлгээний урлагийн хөгжил манайд удаашралтай явагдаж байгаагийн шалтгаан ч байж мэдэх. Бүгдэд нь хандаж: Аливааг ‘турших’ зоригтой бай гэж хэлмээр байна.
-Тэгэхээр бүтээлчдийг бэлтгэдэг мэргэжлийн коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгах хэрэгтэй шиг. Сэтгэл зүй нь тогтворгүй, хүчтэй савлагаатай хүмүүс өөрийгөө, ахуйн асуудлаа даван туулах тал дээр хүндрэлтэй байх нь элбэг. Бас яг энэ тухайд мэргэжлийн сурган хүмүүжүүлэгчдийн зөвөлгөө, туслалцаа, оролцоо маш чухал юм байна?
-Ерөөс ганц урлагийн салбарт ч биш, бүх салбарт тулгамдаж буй асуудал хүний нөөц. Хувь хүний төлөвшил, ёс зүйн асуудал ажлын талбарт сая хөндөгдөж эхэлдэг. Бүгд л тус бүр, дор бүрнээ хэлдэг биз дээ: “Яагаад бид юу ч хийж сураагүй юм бол”, “Яагаад бид хөгждөггүй, ахиж дэвшдэггүй юм бэ” гэхчлэн.
Саяхан Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааны томоохон ажил хийсэн байна билээ. Тайлангаас харахад, дүрслэх урлагийн салбарт, түүн дундаа бүтээлчдэд тулгарч байгаа нэн түгээмэл асуудал нь: Хууль эрх зүйн ямар ч мэдлэггүйгээс болж өөрийн эрхийг хамгаалж чаддаггүйд байсан. Мөн шинэ залуу төрөн гарч буй бүтээлчдийн суурь боловсролын түвшин маш муу байна, эзэмшсэн гадаад хэлгүй, байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны суурь мэдлэг таг.
Дүрслэх урлагийн академийн хичээлийн байраар та нэг шагайгаад үзээрэй. Урлагийн сургууль гэхэд итгэмээргүй. Жишээ нь, аль нэг захын гудамжинд гоё кофе шоп нээгдэхээр орчин нь дагаад цэмцийгээд, “цэцэглээд” явчихдаг даа. Урлагийн хүмүүс сайхан орчинд оршин байж гэмээ нь бүхэн нь зэрэг хөгжих боломж бүрдэнэ. Францаар дүрслэх урлагийг “Сайхан урлаг” гэсэн утгатай үгээр нэрлэдэг шүү дээ. Харин ‘сайхан’ гэдгийг ганган, гялгар гэж эндүүрэхээ хэзээ болих вэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё уран бүтээлч
1980-2000 оныхны хувьд боловсролоороо тоглуулсан шүү дээ. Чиний хэлэээд байгааг чинь ойлгох хүн байхгүй л болов уу
Уран бүтээл нь их гоё юм. Амжилт
Зурагнууд нь их гоё юм очиж бүтээлийг нь үзнэ ээ
Зүүд шиг минь сайхан зураг байна.
Схан ярилцлага блжээ. Үнэхээр манай зураач.уран бүтээлчдиин дунд боловсрол.соёлын хоцрогдол бгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юүн дүрлэх урлагиин академи бээ..Багш нар нь ихэнх нь нөгөөл соц үеиин арга барил.боловсролтой.хдэн худлаа гавъяат.доктор гсэн гуншинтай зурахаас өөр мэдлэггүй.ш�##�иг онгироо.архичин гарууд л бдагшдээ. Тэр сургууль бл үнэн2..зүгээр л дунд сургуулиас дор юм бдагииншдээ..ххх
Зочин