Төрийн ордны үсчин Б.Энхтуяа: Залуудаа С.Удвал гуайн үсийг тайрах шахсанаа одоо бодоход айдаг

Товлосон цагаасаа нэг цагаар хоцорч яарч сандран хаалга тогшсоор ороход “Одоо л хүн цөөрч байна. Яг цагаа олж ирлээ. УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаантай өдөр бусад өдрүүдээсээ арай илүү ачаалалтай байдаг” гэсээр биднийг угтсан юм. Энэ хүн бол “Парламентийн эмэгтэй гишүүд, төрийн хатагтай нар, төрийн ордонд ажилладаг эгэл жирийн эмэгтэй ажилчдын үсийг засдаг Б.Энхтуяа. Тэрбээр төрийн ордонд эмэгтэйчүүдийн үсчнээр 43 жил ажиллаж байгаа ховорхон хувь тохиолын эзэн. 1979 оны наймдугаар сарын 30-нд анх орж ирж ажиллаж эхэлсэн түүхээсээ бидэнтэй хууч дэлгэн хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.
Б.Энхтуяагийнх ам бүл гурвуулаа. Түүний хань тэтгэвэрт гарч, хүү нь Үндэсний дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажилладаг.
-АНХ ТӨРИЙН ОРДОНД ЦАЙ ЗӨӨГЧӨӨР ОРСНООС ХОЙШ ҮСЧНЭЭР 43 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА-

-Үсчин мэргэжлийн анх яаж сонгож, амьдралаа хэрхэн холбож байсан дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлье?
-Би хүүхэд байхаасаа л ах эгч, дүү, болон ангийнхныхаа үсийг үйлийн хайчаар хайчлаад, засаад өгчихдөг гарын ур дүйтэй байлаа. Өөрийн гэсэн сонирхолдоо хөтлөгдөөд тэр л дээ. Тухайн үед үсчин мэргэжилтэй хүн болоод үс засдаг газар элбэг дэлбэг байсан биш. Аравдугаар ангиа төгсөөд элсэлтийн шалгалтаа өгчихөөд үсчний 45 хоногийн курст суралцсан. Цэвэр өөрийн сонирхлоор. Анхны багш маань н.Заман гэдэг хүн байлаа. Мөн яг дагалдуулж ажиллуулсан н.Бадамханд багш минь байлаа. Энэхүү 45 хоногийн курст суралцаад төгсөхдөө шалгалт өгч, онц дүн авч байсан юм. Сургалтаа чанартай заадаг, маш сайн бэлтгэдэг байв шүү дээ. Ингэж л анх үсчин болох сонирхолдоо хөтлөгдөж орсон.
-Төрийн ордны үсчнээр ажиллах хувь тохиолын тухайд хуучилбал?
-Энэ их сонин хувь тохиолтой. Төрийн ордонд анх үсчнээр биш цайны зөөгчөөр ажилд орж байлаа. Цайны зөөгчөөр нэг жил гаруй хугацаанд ажилласан байдаг юм. Ингэж ажиллахдаа үсчний өрөөгөөр байнга орж, гарна. Үсээ засуулж байгаа хүмүүст цайг нь оруулж ирнэ. Аягаа аваад буцахдаа ганц хоёр хүний үсийг бас засалцах боломж гарна шүү. /инээв.сурв/ Тухайн үед үсээ одоогийнх шиг сэнддэггүй. Голдуу бигуж ороодог байлаа шүү дээ. Ачаалалтай, хүн ихтэй байх үед “алив чи нэг заваараа орж ирээд миний үсэнд бигуж ороогоод өг” гэх гуйлтууд намайг үсчний өрөөрүү их дууддаг байв. Тэр нь миний хоббиг хөдөлгөж, үсчнээр ажиллах сонирхлыг илүү нэмэгдүүлж, намайг хөтөлж байсан.
-Цай зөөх нэг жилийн хугацаа таны үлдсэн амьдралын хувь заяа руу тань хөтөлсөн байх нь ээ?
-Тийм шүү. Тухайн үед жижигхэн паднос дээр цайгаа зөөгөөд явдаг байлаа. Тэгж явахдаа үсчний өрөөгөөр орж гардаг байсан маань намайг ийн хөтөлсөн. Миний амьдралын гараа энэ жижигхэн булангаас эхэлсэн. Сонирхлоо дагаад л явчихсан хүн дээ. Нэг өдөр Үйлчилгээ аж ахуйн дарга н.Болод гуай “Энд ажиллаж байсан эмэгтэй жирэмсний амралтаа аваад явах гэж байна. Хоёр эмэгтэй үсчний тушаал гаргалаа. Чи үсчний мэргэжил эзэмшсэн юм чинь энд ажилла” гэж хэлээд намайг оруулчихаж билээ. Шинэхэн төгсөгч сам, хайчаа барихдаа ч маруухан амьтан байсан байлгүй дээ, тухайн үед. /инээв.сурв/ Хүүхэд байсан тул айж сандраад л. Гэхдээ зориглож ажиллаад нэг мэдэхэд л өдий хүрч ирсэн байна.
-Та яг хэдэн настай байсан үе вэ?
-19 настайдаа төрийн ордонд цайны зөөгчөөр орж ирээд 20 настайдаа үсчин болж байлаа.
-С.УДВАЛ ГУАЙН ТЭР ГОЁ ИМИДЖИЙГ НЬ ЭВДСЭН БОЛ ЯАНАА ГЭЖ ОДОО БОДДОГ-

-Төрийн түшээдийн үсийг засуулах тул хатуу сонгон шалгаруулалт зарладаггүй байсан хэрэг үү?
-Социализмын үед нилээн чанга хатуу шаардлага тавьж, сонгон шалгаруулдаг байсан юм билээ. Үсчид ч цөөхөн байсан үе. Бидний үед бол харьцангуй гайгүй болчихсон байсан. Жирэмсний амралтаа авсан эмэгтэй оронд орж, багштайгаа ажиллаж байгаад багш маань 1991 онд тэтгэвэртээ гараад явсан. Ёстой л хувь заяа хөтөлсөн гэх үү дээ.
-Тухайн үед ар гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч, дэмжиж байв?
-Гэрийнхнийхээ үсийг засаад байдаг байсан болохоор их ойлгож дэмжинэ. “Яах вэ, миний охин өөрийнхөө хүсэл сонирхлоор л яв” гэдэг байсан. Тэг, ингэ гэж зааж тушаагаад байдаггүй байсан болохоор жинхэнэ өөрсдийнхөө сонирхлоор явж ирсэн.
-43 жил гэдэг чамгүй урт хугацаа шүү. Хуучлах сонин содон дурсамж их бий биз?
-Нэг түүх ярихад тухайн үед Удвал гуайн үсийг их янзалдаг байлаа. Нэг удаа орж ирээд “Гадагшаа явах болчихлоо. Үсээ яажшуухан аргалдаг юм билээ хүүхээ” гэж асуудаг юм байна. Залуу ч байсан, зоригтой ч байсан болохоор “Таны үсийг тайраад гоё болгож янзлаад өгөх үү” гээд хэлчихсэн. Гэтэл “Энэ том дух зохих ч юм уу, үгүй ч юм уу” гэж байж билээ. Тэгэхэд би мөн ч залуу, хүүхэд байж дээ. Тийм гоё имидж бүрдүүлчихсэн хүний үсийг яах гэж ч байсан юм бүү мэд. Одоо эргээд бодож суухад “Тэр гоё имиджийг нь эвдсэн бол яанаа”. Тухайн үед шар сонин гэж байсан бол тэрүүгээр л нэг гарах байсан байх даа гэж боддог байхгүй юу. Өөрийн хүсэл эрмэлзлээр өөрчлөөд хаячих байсан байна шүү дээ. /инээв.сурв/ Тодхон үлдсэн дурсамжуудын маань нэг нь энэ юм даа. Өөр олон ч дурсамжууд бий.
-Яриад өгөөч?
-Би чинь эмэгтэй үсчнээр суралцаж, мэргэшсэн хүн шүү дээ. Энд ажиллаж эхлээд удаагүй үе. Нэг өдөр эрэгтэй үсчид тараад явчихсан байлаа. Гэтэл Улс төрийн товчооны гишүүн н.Алтангэрэл гуай орж ирээд “үс засаад өг” гээд суучихдаг юм байна. Эрэгтэй үс засч чадахгүй гэж бодоод айгаад хойд өрөөндөө ороод нуугдаад суучихсан. Цайны зөөгч залуу миний үеийнх болохоор надаар үсээ засуулчихдаг байсан. Тэрнээс л сонсоод орж ирсэн хэрэг байж л дээ. Би ч яахав, үеийнх юм болохоор өнөөх зөөгчийнхөө үсийг айж, эмээхгүй засаад өгчихдөг байсан. Нэг өдөр даргыгаа дагуулаад ороод ирэхэд нь айж чичрээд нуугдчихсан нь тэр. Тэгж байтал Алтангэрэл гуай “Хүүхээ чи яагаад алга болчихов оо гараад ир” гээд дууддаг юм байна. “Би айгаад байна” гэтэл “чи хүнээс яахаараа айдаг юм” гэж билээ. Эрэгтэй хүний үс засч чаддаггүй тухайгаа хэлэхэд “Худлаа яриад бай, манай зөөгчийн үсийг зассан л байна шүү дээ” гэж загнахад сам, хайч хоёроо бариад чичирсэн амьтан. /инээв.сурв/ “За тайвшир миний, энэ Цогтсайханы үсийг яаж зассан. Яг тэрэн шигээ л засчих” гээд л тайвшруулж байгаад үсээ засуулж билээ. Тэр цагаас хойш 1993 он хүртэл надаар үсээ засуулж байсан юм. Иймэрхүү дурсамжууд олон бий. Дандаа л соёлтой, боловсролтой, сэхээтэн хүмүүс надаар үйлчлүүлнэ. Тийм болохоор би өөрийгөө азтай гэж боддог.
-Аливаа зүйлийг дөнгөж эхэлж байх үеийн дурсамжсэтгэлд илүү тод үлддэг байх даа?
-Мэргэжлээ эхлүүлж байх үеийн дурсамж их ээ. Биднийг арван жилийн сурагч байхад дотогшоо пөмбийлгөөд хайчилчихдаг үс ид моданд орж байлаа. Яг тэгээд л хайчилж өгнө шүү дээ. Ангийнхаа найзуудын үсийг барьж аваад л хайчилна. Тэгээд л өөрөө өөртөө бол гоё болчихлоо гэж бодоод л явна. Яг мэргэжлээрээ суралцаад ирэхийн цагт арай өөр санагдаж байсан. Хүний авъяас, сонирхол хоёр гэдэг цаанаасаа
-Мэдрэмжийн хувьд?
-Үс засах нь сонирхолтой сайхан санагдаж догдолж сандрах нь их байсан санагдаж байна. Тухайн үед төрж байсан мэдрэмжүүдээ одоо бүр мартаж орхиж. /инээв.сурв/
-ХУРЛЫНХАА, АЖЛЫНХАА ДУНДУУР ОРЖ ИРСЭН ХҮМҮҮСТ МАШ ХУРДТАЙ ҮЙЛЧЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ-

-Таны ажлын байр, үйлчилгээ үзүүлэгч хүмүүсээс тань эхлүүлээд бусад үсчдээс ихээхэн ялгаатай. Төрийн хамгаалалт бүхий тусгай обьектод ажилладаг. “Төрийн ордны үсчин” гэхээр бусдын хандлага ямар байдаг вэ?
-Төрд үйлчилгээ ойрхон байх ёстой. Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилчдаас эхлүүлээд дарга цэрэг, УИХ-ын гишүүд, төрийн өндөрлөгүүдэд хүртэл бүгдийг нь ялгалгүй үйлчилдэг онцлогтой. Хэн орж ирнэ, бүгдэд нь үйлчилгээ үзүүлээд гаргадаг даа. Энэ утгаараа ашгийн бус үйлчилгээний байгууллага юм.
-Төрийн ямар ямар өндөрлөгүүдэд үйлчилж байв?
-Үе үеийн УИХ-ын эмэгтэй гишүүд. Арай дээхнэ үед бүх эмэгтэй гишүүд л орж ирж үйлчлүүлдэг байлаа. Одоо бол харьцангуй өөр. Зарим нь үйлчлүүлдэг, зарим нь өөрийн гэсэн үйлчлүүлдэг газартай болчихсон. Зарим нь Төрийн ордонд үсчин байдгийг мэддэггүй юм шиг байна лээ. Явахынхаа алдад орж ирээд “үсчин байсан юм уу” гээд гайхаад байдаг. Ц.Гарамжав гишүүн “би одоо өдий болтол үсчин байдгийг мэдэхгүй явж. Явахаасаа нэг жилийн өмнө орж ирж үйлчлүүлж байна” гээд явсан.
-Үсчин гэдэг хариуцлага өндөртэй мэргэжил. Та өөртөө ямар шаардлага тавьж ирсэн бэ?
-Цаг нартай уралдаж ажилладаг төрийн хүмүүст хурдан шуурхай үйлчлэх нь өөртөө тавьж ирсэн хамгийн том шаардлага. Эдгээр хүмүүсийг дараа дараачийн ажлаас нь хоцроохгүй байх ёстой. Улс орны төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Надаар үсээ засуулж, үйлчлүүлж байгаа хүмүүс тайван тухтай салон хэсч зугаалж яваа хүмүүс биш байдаг. Ажлын цагаар, хурлынхаа дундуур маш хурдтай орж ирж, яаралтай үсээ засуулаад гоё болоод гарах гэсэн хүмүүс байдаг. Тиймээс аль болох л хурдан үйлчлээд гаргадаг. Энэ утгаараа би маш сайн цаг баримталдаг. Тодорхой хэмжээний үүрэг хариуцлага бидэнд байлгүй яах вэ. Цаашлаад үйлчилгээний соёл, харилцааны соёл гэхчлэн олон зүйл бий. Тэр болгоныг дотроо хичээж ажилладаг даа.
-Ажил, мэргэжилдээ дадах, гаршихын сайхныг мэдэрч яваа хүн гэж тодорхойлмоор санагдлаа?
-Намайг үйлчлүүлэгчид маань “маш хурдан” гээд байдаг. Яарсан хүмүүс орж ирээд “хурдлаарай” л гээд байдаг шүү дээ. /инээв.сурв/ Заримдаа би “үүнээс хурдан ч гэж юу байхав” гээд тоглож хариулдаг юм. 43 жил хийсэн ажилдаа дадна, гаршина гэдэг зүйл байлгүй яахав.
-АНХНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН НЭГ АЛТАНЦЭЦЭГ БАЙНГА ЗОРЬЖ ИРДЭГ-
Биднийг ийн хуучилж суутал Төрийн ордны үсчнээр ажлын гараагаа эхлүүлж байх үеэс л үсээ засуулж эхэлсэн анхны үйлчлүүлэгчдийнх нь нэг орж ирлээ. УИХ-ын тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгээр ажиллаж байсан н.Алтанцэцэг орж ирсэн юм. Тэрбээр 40 гаруй жил үйлчлүүлж байгаа гэнэ. Төрийн ордны харуул хамгаалагч нар оруулах юм бол орж ирээд л үсээ засчуулчхаад гараад явдаг гэв.
-ТӨРИЙН ОРДНЫ ҮЙЛЧЛЭГЧЭЭС ЭХЛЭЭД ДАРГА ЦЭРЭГ ГЭЖ ЯЛГАЛГҮЙ ҮЙЛЧИЛДЭГ. БҮГД МИНИЙ ХҮНДТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД-

-н.Алтанцэцэг гуай шиг эртний үнэнч үйлчлүүлэгч нар тань хэр их зорьж ирдэг вэ?
-Коронавирусийн цар тахал гараагүй, нээлттэй үед их л зорьж ирцгээдэг байлаа. Хөл хорионы дэглэмээс болж багассан. 30, 40 жил үсээ засуулсан үнэнч үйлчлүүлэгч нарын маань зарим нь одоо ч ингээд зориод ороодирдэг дээ.
-Өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ?
-Янз бүр шүү. Хүн багатай өдөр гэхэд л таваас зургаан хүн орж ирж үйлчлүүлдэг. Анзаарахгүй өнгөрөх тохиолдол их ээ. Заримдаа яарсан хүмүүст үйлчлэх гээд хэд орж ирж байгааг ч анзаарах сөхөө байдаггүй. Гэхдээ коронавирусийн цар тахлаас хойш үйлчлүүлэгч эрс багасчхаад байгаа шүү.
-УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхтэй зэрэгцээд л таны ачаалал нэмэгдэх үү?
-Чуулгантай ч бай, үгүй ч бай байнга шахуу ажилладаг.
-Хамгийн хүндтэй үйлчлүүлэгч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Үнэ хүндтэй төрийн олон түшээдийн үсийг засч ирлээ. Яг тэр нь, энэ нь гэж ялгах зүйл алга. Олон жил үйлчлүүлж байгаа төрийн түшээд бий, бий. Жирийн үйлчлэгчээс эхлээд дарга, гишүүд бүгд л миний үнэ хүндтэй үйлчлүүлэгчид гэж боддог шүү дээ. Ажил албан тушаалаар нь ялгахгүй адилхан л үйлчлээд гаргадаг.
-Сонирхоод асуухад гадны элч төлөөлөгчид орж ирж үсээ засуулж байсан тохиолдол бий юу?
-1990-ээд онд Унгарын парламентийн гишүүний үсийг Их тэнгэрт очиж л засч байлаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг эгч байна аа, амжилт хүсье
Төрийн ордоных гэхээр яадгийн ард бид нар шиг жирийн нь л нэг үсчинд орж болдоггүй юмуу арай юуу
ЖИРИЙН Л САЙН АЖИЛТАН ХӨӨРХИЙ ТЭМДЭГ ӨГӨӨРЭЙДӨӨ
Хөөрхөн эгч вэ. Дурсамж дүүрэн ажиллажээ