НИЙГЭМ

ОУЭХА-ийн орнуудын стратегийн нөөц 1984 оноос хойших доод түвшинд хүрнэ

Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 31 орны сайд нар 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр яаралтай хурал зохион байгуулж, ОХУ ба Украины асуудлын улмаас газрын тосны зах зээлд үүсээд буй үймээн самууныг намжаах үүднээс газрын тосны стратегийн нөөцөөс хоёр дахь удаагаа яаралтай гаргахаар тохиролцсон бөгөөд хэмжээ болон хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногийн эхээр гарна гэж мэдэгдэв.

ОУЭА-ийн гишүүн орнууд өнгөрсөн 3 дугаар сард үнийн өсөлтийг барих зорилгоор стратегийн нөөцөөс нийтдээ 62.7 сая баррелийг гаргах арга хэмжээний авахыг мэдэгдсэний дараа энэхүү хэлэлцээрийг байгуулсан юм. Геополитикийн хүчин зүйлээс хамаарч дэлхийн газрын тосны зах зээлд хомстол үүсэж, үүний үр дүнд үнийн хэлбэлзэл нэмэгдсээр байгаа бөгөөд Брент төрлийн газрын тосны үнэ олон жилийн дээд түвшинд хүрсэн болохыг сайд нар тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан газрын тосны арилжааны нөөц 2014 оноос хойших хамгийн доод түвшинд хүрснийг дурджээ.

ОУЭА-ийн энэхүү шийдвэр нь тус агентлагийн гол гишүүн болох АНУ стратегийн газрын тосны нөөцөөсөө түүхэн дэх хамгийн их хэмжээгээр гаргах тухай мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа гарчээ. АНУ 2022 оны 5 дугаар сараас эхлэн шатахуун зах зээлд гаргах төлөвтэй байгаа бөгөөд нийт хэмжээ нь 180 сая баррель болно. Энэ нь стратегийн нөөцийн гуравны нэгтэй дүйцэхүйц бөгөөд ингэснээр нөөцийн хэмжээ 1984 оноос хойших хамгийн доод түвшинд хүрнэ. Мөн энэхүү шийдвэр нь ОУЭА-ийн ОПЕК, ОПЕК+ бүлгийг нэмэлт нөөц хүчин чадлаа ашиглах, олборлолтоо нэмэгдүүлэх уриалгыг үл харгалзан ирэх 5 дугаар сард төлөвлөгөөний дагуу өдөрт 432,000 баррелиар нэмэгдүүлэх тухай мэдэгдсэний нэг өдрийн дараа гарсан юм.

ОУЭА Оросын газрын тосонд тавигдах хориг арга хэмжээнээс үүдэн дэлхийн нийлүүлэлт энэ оны 2 дугаар улиралд өдөрт 3 сая баррелиар бууна гэж таамаглаж байгаа бол S&P Global Commodities Insights-ийн таамаг 2022 оны 4 дүгээр сарын сүүлчээс эхлэн өдөрт 2.8 сая баррель хүрнэ гэж таамаглаж байна. ОУЭА-ийн авч буй энэхүү арга хэмжээ нь зах зээлд богино хугацааны нөлөө үзүүлж, үнийн өсөлтийг түр саармагжуулах бөгөөд эдгээр орнууд ирээдүйд стратегийн нөөцийг бүрдүүлж эхлэхэд үнэ эрчимтэй өсөх гол хүчин зүйлүүдийн нэг болно гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: https://www.iea.org/news/iea-member-countries-agree-to-new-emergency-oil-stock-release-in-response-to-market-turmoilhttps://www.spglobal.com/commodity-insights/en/market-insights/latest-news/oil/040122-iea-agrees-second-emergency-stock-release-to-publish-details-early-next-week

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x