НИЙГЭМЯрилцлага

ХҮН ЦЭГ: Сэтгэл гутрал, сорилт, итгэл найдвар, "Ганцхан шалтгаан"

Хэрвээ та хорт хавдар тусвал хэрхэн хүлээж авах вэ. Хэн нэгэн танаас ингэж асуувал юу гэж хариулах вэ. Олонх хүн сэтгэлээр унаж, цочирдох нь лав. Амиа хорлосон тохиолдол ч цөөнгүй. Бодит байдалтай шууд эвлэрч, жирийн нэгэн ханиад хүрсэн юм шиг тоолгүй явж чадахгүй нь ойлгомжтой. Үнэндээ төсөөлөхөд ч бэрх асуудал мөн үү мөн.

Тэгвэл Г.Батзаяа хорт хавдартай нүүр тулж, “Би сугалаагаар хорт хавдар хожсон. Харин шагнал нь мянга мянган хүний итгэл найдвар байсан юм” гэж өөдрөг зүтгэсээр ялсан нь олон, олон хүнд итгэл найдвар бэлэглэж байна. Бусдад итгэл найдвар, урам зориг өгсөн нийтлэлүүд цахим хуудсандаа бичдэгээр нь, Thunder, А.Хишигдалай нарын хамтран дуулсан “Ганцхан шалтгаан” дууны гол баатар гэдгээр нь хүмүүс түүнийг илүү сайн мэднэ.

Итгэл найдвараа алдаагүй сэтгэлийн тэнхээ, олны хандивын ачаар хорт хавдрыг ялж, хөл дээрээ босож чадсан Г.Батзаяаг “Хүн цэг” булан онцоллоо.

ӨВӨӨ, ЭМЭЭГИЙН АМЬ

Г.Батзаяагийн хүүхэд насны ихэнх дурсамж өвөө, эмээтэй нь салшгүй холбоотой. Аав, ээж нь өнөөгийн залуу гэр бүлүүдийн адил ажил, ажил гэсээр үр хүүхэддээ гаргах зав хомс байж. Өвөөгийн суран бүс, хүмүүжил өнөөгийн Г.Батзаяаг бий болоход их нөлөөлсөн гэнэ. Тэрбээр багадаа юм бичих их дуртай хүүхэд байжээ.

Хүний амьдрал санаснаар, яг өөрийн хүслээр болохгүй байх үе бишгүй. Үүнийг Г.Батзаяа ч мөн тойроогүй, МУИС-ийн хуулийн ангид элссэн байна. Гэвч хуульч мэргэжилд дур сонирхол багатай, байх ёстой газар нь биш юм шиг санагджээ. Тиймээс дургүй зүйлээ хийн, нэгэн хэвийн урсгалаар амьдраад хожим харамсахгүйн тулд Кино урлагийн дээд сургуульд орсон гэнэ. Тэгэхдээ гэр бүлийнхэндээ огт хэлээгүй, шууд л очоод бүртгүүлчихэж. Улмаар Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн багшийнхаа удирдлагад кино найруулагч мэргэжлээр төгссөн юм.

ЗАЛУУС ЖАГСАХАА, НЭГДЭХЭЭ БАЙЧИХВАЛ БИДНИЙ ДУУ ХООЛОЙ ХЭНД Ч ХҮРЭХЭЭ БОЛИНО

-Өнөөдөр (өчигдөр) Сүхбаатарын талбайд залуус үргэлжлүүлэн жагсаж байна. Та очсон уу?

-Өчигдөр (уржигдар) хамгийн түрүүнд очсон залуусын нэг нь, би. Өнөөдөр (өчигдөр) ч мөн очиж нэгдэнэ ээ. Одоо ярилцлагаа дуусгачихаад очно.

Би ер нь жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог. Иргэд бид жагсаал, цуглааны дараа яг ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр заримдаа харамсалтай санагддаг байхгүй юу. Жишээлбэл, утааны эсрэг жагсахад яасан билээ. Толгойлж байсан хүмүүс нь “Утааны эсрэг ээж, аавууд” групп энэ тэр гэж байгаад л яам, тамгын газарт орчихсон. Нэг хэсэг хүмүүсийг дарга болгохын төлөө иргэд жагсдаггүй шүү дээ, уг нь.

Одоо Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаалд очиход ч мөн зарим хүн “Энэ жагсаалыг зарим нэг нь өөрт ашигтайгаар эргүүлнэ. Битгий оч” гэх мэтээр ятгаж байна. Зөвхөн намайг бус бусад залуусыг ч мөн адил. Эцсийн үр дүнд хэн нэгэн хожсон ч бай хамаагүй иргэд бид заавал очин, дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрвээ жагсахаа, очихоо байчихвал юм бол бидний дуу хоолой хэнд ч хүрэхээ больчихно. Нөгөө талаар “Битгий оч” гэж хүмүүсийн ятгалтанд автан, тархиа угаалгах хэрэггүй.

Одоо Сүхбаатарын талбайд жагсаж буй мянга, мянган залууст өөрийн гэсэн бодол, итгэл үнэмшил бий. Залуус жагсах ёстой, нийгмийн дуу хоолой нь болох ёстой. Өнөөгийн залуус ямар гоё болж байгаа гэж санана.

-Өнөөгийн нийгмийн тэгш бус байдал таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би өнөөгийн Монголын сонирхолтой гэх юм уу өрөвдөлтэй ч гэх юм уу кэйсийн нэг болж хувирчихаад байгаа байхгүй юу. Хэрвээ би, жишээлбэл, хөтлөгч хийдэг, солонгос хүн байсан бол хангалттай мөнгө хураан, нийгмийн даатгалаараа эмчлүүлэх боломжтой. Гэтэл Монголд, манай эрүүл мэндийн тогтолцоо ямар билээ.

Бидний ажил, цалин, нийгмийн даатгал биднийг өвдөхөд хэзээ ч аварч чадахгүй. Одоо бүр ойрын хэрэглээнд ч хүрэхээ болилоо. Гунигтай байгаа биз. Өвдвөл тэгээд үхэхээс өөр сонголт байна уу. Авсан цалин амьдралд хүрэхгүй. Өвдвөл тэгээд эмчилгээний зардлаа хэрхэн олох нь тодорхойгүй, санхүүгийн баталгаагүй, дархлаагүй амьдарч байна. Гэхдээ би эмч нарыг хэзээ ч буруутгахгүй. Байж болох хамгийн бага цалингаар иргэдээ эмчлэхийн төлөө цаг, наргүй ажиллаж байгаа хүмүүс.

МОНГОЛ УЛС ЗАЛУУСТ АЙМАР ЭЭЛГҮЙ ОРОН

“Шантарч, цөхөрч байна. Яаж ийж байгаад гадаад руу л явчих юм сан” гэх бодолтой залуус улам нэмэгдсээр байгаа нь анзаарагддаг. Үүнд эмзэглэдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би гадаадад амьдарч үзээгүй. Гэхдээ залуусыг 1-2 жил гадаадад амьдарч үзвэл зүгээр гэж боддог.  Яагаад гэвэл би гадаадад эмчлүүлж, эмнэлэгт хэвтэж байхдаа эх орны үнэ цэнийг улам их ойлгосон. Гадаадад байгаа хүн бүхэн жаргалтай амьдраагүй, өнгө мөнгөний төлөө яваагүй. Залуус гадаад руу явж, юм үзэж, нүд тайлан, боловсрол эзэмшин, өөрийгөө хөгжүүлэхийг би буруутгахгүй. Зөв. Харин эх орондоо буцаж ирэх хугацаа нь ойрхон байгаасай.

Өмнөх асуултад үргэлжлүүлээд хариулчих уу?

-Тэг ээ тэг, бололгүй яах вэ?

-Би эмнэлэгт байхдаа кино зохиол бичсэн. Эмнэлгийн орон дээрээс амьдралын үнэ цэн, утга учрыг бясалгах хангалттай хугацаа байсан байхгүй юу. Тэр мэдрэмжээрээ зохиол бичин, “Ганцхан шалтгаан” киног хийсэн юм. Энэ процесс дээр намайг эмзэглүүлсэн нэг л жишээг дурдъя.

Би кино зохиолоо бариад олон хүнтэй уулзахыг хичээсэн. Олонх нь миний юу хийх гэж буй, энэ кино ямар агуулга, утга санаатай, зохиолтой уран бүтээл вэ гэдгийг огт сонирхоогүй. “Танай уран бүтээлийн багт хэн, хэн байгаа вэ” л гэж асуусан. Тэгснээ “Гол дүрд нь олны танил хүн тоглоогүй юм байна. Ашиг олохгүй. Залуучууд хийсэн болохоор амжилт олно гэдэгт итгэхгүй байна” гэсэн. Залуус бид юуны төлөө дуугарч, ямар агуулга нийгэмд хүргэх гээд байгаа нь чухал бус зүгээр мөнгөний нүдээр харсан нь харамсалтай. Залуу байгаа нь, залуудаа юм хийж яваа нь бидний буруу биш. Явж, явж манай киног залуу захиралтай “Амьдрал даатгал” компани залуучууддаа итгээд ивээн тэтгэсэнд баярлаад баршгүй.

Монголын нийгэмд өнөөдөр залуус юм хийх үнэхээр хэцүү. Залуус нэгдээд жагсахаар “Мөнгө авчихаж” гэдэг. Нэг юм болохоо байхаар “Залуус дуугарахгүй, жагсахгүй байна” гэж буруутгадаг. Тэгсэн атлаа залуус юм хийх гэхээр “Та нар чадахгүй. Цаг нь болоогүй” гэдэг сонин хандлагатай. Монгол Улс хүүхдэд үнэхээр ээлгүй орон. Үүний адил залууст ч мөн ээлгүй. Залуус өөрийн итгэл үнэмшлээр амьдрахад аймар хэцүү улс. Үүнийг өөрчлөхийн төлөө олон, олон залуу захирал гарч ирж буйд баяртай байдаг. Үүний нэг жишээ нь “Амьдрал даатгал”.

Хэн нэгэн өнөөдөр юм хийхэд “Залуучуудыг чадахгүй” гэж дэмжихгүй байвал битгий шантраарай. Бид нар чадна. Тэгж байж л өөрчлөлтийг авчирна. Шантрахгүй, цөхрөхгүй зүтгээд л байвал зорилгодоо заавал хүрнэ.

НЭГ ӨДӨР ТОЛИНД ХАРТАЛ БИ АЖЛААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ, ХУВИЙН АМЬДРАЛГҮЙ “РОБОТ” БОЛЧИХСОН БАЙССАН

-Шантрахгүй, цөхрөхгүй зүтгэсээр зорилгодоо хүрсэн, хорт хавдрыг ялсан хүмүүсийн нэг нь, Та.  Бодит байдалтай шууд эвлэрч, өөдрөгөөр сөрөхөд танд юу хамгийн их хөшүүрэг болов. Үүнд таны тэмцэгч, гэгээлэг зан нөлөөлсөн үү?

-Тэгсэн. Өвдөхөөс өмнөх амьдрал минь ямар байсан гэж санана. Яг үнэнийг хэлэхэд, над шиг ийм сэтгэл гутралтай хүн Монголд олон байна. Ажилдаа дуртай, дургүй нь чухал биш зүгээр л ажил хийх ёстой учраас хийдэг. Цалин багатай, стресс ихтэй. Өглөө сэрэхдээ “Ажилдаа явах уу, яах вэ” гэж өөрөөсөө асууснаа “Явахгүй бол хоолны мөнгөгүй болно” гэж боддог.

Миний жишээ арай өөр. Би ерөнхий боловсролын сургуулиа төгссөнөөсөө хойш ганцаараа амьдарсан. Тийм удаан ганцаараа амьдрахаар бусдад найдахаа больчихдог. Ажлаа тараад аймар ядарч, стресстэй харихад хоосон гэр угтана. Өвдлөө гэхэд би өөрөө л өөртөө хоол хийж, өөрийгөө асрахгүй бол өөр хэн ч хийж өгөхгүй. Тийм хэмнэлээр яваад л байхад “Намайг угаасаа хэн ч хайрладаггүй. Өөд боллоо гэхэд хэд хоног гашуудаад л мартана. Бусдад би сэтгэл гаргахгүй, бусдаар хайрлуулахгүй. Ажилдаа л сайн анхаарвал, цаг гаргавал албан тушаал өсөөд байна” гэж боддог болчихдог юм билээ. Сэтгэл гутралын нэг хэлбэр байхгүй, энэ. Мэргэжлийн бус хүн ойлгоход төвөгтэй.

Нэг өдөр толинд өөрийгөө хартал ажлаас өөр юм мэдэхгүй, хувийн амьдралгүй, хэнийг ч хайрлаж, хайрлуулдаггүй, яг юуны төлөө ажиллаж буйгаа мэдэхгүй хүн болж хувирсан байв. Бараг зомби шиг.

Яг тийм хэмнэлээр амьдарч байгаад хорт хавдар туссанаа мэдэв. Тэгэхэд хүн амьдралыг арай өөрөөр хардаг юм билээ. Гадаа аймар гоё нар мандчихсан, шувууд жиргэж байгааг анзаараагүй, ажил, ажил гээд робот шиг явж буйгаа анзаарсан.

ТЭР ИХ СЭТГЭЛ ГУТРАЛ, ГАНЦААРДЛААС ГАРАХАД ЭЭЖ МИНЬ НӨЛӨӨЛСӨН

-Хүний сэтгэл зүй эмзэг. Хэн нэгэн хөндлөнгөөс шууд дүгнэж, ингэж л зүгээр болгодог гээд эмчлэх боломжгүй. Та тэр их ганцаардал, сэтгэл гутралаа яаж даван туулсан бэ?

-Сэтгэл гутралаа даван туулахад нөлөөлсөн хүн бол миний ээж. Цусны хорт хавдар туссан гэдгээ мэдэхээс өмнө миний бие богино хугацаанд муудсан, сульдсан. Бие бүр дийлэхээ болиод, туйлдахаар нь гурван сарын дараа ээждээ хэлэв. Яагаад өвдөнгүүтээ шууд хэлээгүй вэ гэвэл, би ер нь чанга, зарчимч хүн. Надад тулгарсан саад бэрхшээлийг би өөрөө л даван туулах ёстой гэж боддог. “Би эр хүн. Өвдсөнөө ээждээ хэлж санааг нь зовоогоод яах вэ” гэж бодоод явсан байхгүй юу. Үнэхээр барахаа болиод ээждээ хэлэхэд тэр өдөр замын машинд суугаад шууд хотод ирсэн.

Маргааш нь эмнэлэгт үзүүлж яваад, хоёр хоногийн дараа хорт хавдартай гэдгээ мэдсэн. “Хорт хавдартай” гэсэн хүнд мэдээг сонсох хэцүү байсан.

Ээж минь “Би гарчих уу, эмч ээ” гэсэн. Эмч миний өөдөөс зөндөө юм ярьсан. Үүнийг нь анзаарах сөхөө надад байгаагүй. Ээжийнхээ араас очиход дөрвөн давхрын ханыг түшээд уйлж байсан. Надад ямар их хүнд байсан гээч, ээжийгээ тэгж уйлж буйг харах. Тэгэхэд “За, Заяа. Хэн ч надад хайргүй энэ тэр гээд ямар олон жил эморч явлаа. Ээж минь энд эхэр татаад уйлж байна, чи ямар арчаагүй юм бэ. Одоо шууд босно, хорт хадврыг ялна” гэж өөртөө хэлсэн, амласан.

-Хорт хавдар туссанаа мэдсэнийхээ орой найзуудтайгаа уулзан, хөгжилтэй байснаа та тэмдэглэлдээ бичсэн. Ер нь та хэр өөдрөг хүн бэ?

-Үхэлтэй нь биш дээ. Үзүүлээд өгье л гэж бодогдоод байдаг юм. Манай найзууд “Заяад хүнд байгаа. Сэтгэлийг нь яаж тайтгаруулах вэ, яаж туслах вэ” гэж бодоод ирсэн гэсэн. Би “Найз нь хорт хавдар тусчихлаа. Нэгэнт ийм юм болсон тул уйлаад яах вэ. Эмчилгээний зардал нь 600 гаруй сая. Найз нь ийм, ийм юмаа зарна. Эмчилгээний зардал яагаад хүрэхгүй нь” гэсэн. Эмчлүүлээд Монголд ирсний дараа манай нэг найз “Чамайг уйлчихсан сууж байгаа гэж бодсон чинь хорт хавдрыг хэрхэн давахаа бодож байсан. Бахархаж байна” гэсэн.

Эр хүн зовлонгоо өөрөө даан, хатуужилтай байх ёстой гээд би тэгж өөдрөгөөр харсан байх. Нөгөө талдаа, яг өглөө нь дээр, доор шатан дээр ээжтэйгээ тэгж уйлсан болохоор шантрахыг, бууж өгөхийг хүсээгүй. Хангалттай уйлчихсан, хангалттай ойлгочихсон. Дахиж уйлах зай үлдээгүй.

Өнөөдөр Монголд 20 гаруй настай залуу дансандаа 600 сая төгрөгтэй байх боломжгүй. Би 70-80 сая төгрөгний байрнаас өөр юм хуримтлуулж чадаагүй, цалингаас цалингийн хооронд амьдарч явсан залуу.

-Тэгээд та шууд БНХАУ-ын Бээжин хотод очиж, эмлүүлсэн. Тухайн үед эмчилгээний зардлынх нь хэдэн хувь бүрдээд байсан бэ?

-Хятадын эмнэлэгт үзүүлчихээд ирье гээд л явсан. Бээжингийн эмнэлэгт үзүүлэхэд “Дахиад хэд хоносон бол эмчлэх боломжгүй болох байж. Дахиад нэг, хоёр хоног алдвал эдгэрэх магадлал, боломж улам буурна” гэсэн. Тэгээд л шуурхай эмчлүүлж эхэлсэн. Ээж, бид хоёр Хятадад 20 гаруй сая төгрөгтэй очсон. Эмчилгээгээ эхлүүлэхэд эхлээд 100 сая төгрөг байршуулах ёстой байсан. Тийм хэмжээний мөнгө байгаагүй. Тэр шөнө ээждээ тэврүүлээд хэвтсэн маань санаанаас ер гардаггүй.  Санхүүгийн боломжгүйгээс болж хэчнээн олон хүн хорвоог орхиж байгааг бодохоор үнэхээр өрөвдмөөр. Өөрийнхөө байж болох хамгийн доод цэгт хүрээд хажуу тийшээ харахад надтай адил аймар олон хүн байсан гээд бод доо. Одоо ч байгаа. Өнөөдөр Монголын бүтээсэн нийгэм энэ.

Би эмчилгээгээ эхлүүлэхэд хандивын аян эхлээгүй байсан. Эмчилгээний явцад өрнөсөн. Хандиваар ойролцоогоор 400 орчим сая төгрөг бүрдсэн. Монгол түмнийхээ буянаар л эдгэрсэн азтай хүн дээ, би.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ БҮРДЭНГҮҮТ ХАНДИВЫН АЯНЫГ ШУУД ЗОГСООСОН

-Эмчилгээний зардал бүрдэхгүй бол яах вэ, эмчилгээ бүтэлгүйтчих вий гэх айдас байсан уу?

-Мэдээж тийм айдас байсан, тэгж санаа зовсон. “Би юу хийх вэ, яах вэ” гэж бодсон. Тэгээд л би бичсэн. Бичсэн зүйлс минь хүмүүст хүрсэн. Монгол түмэн маань надад тусласан шалтгаануудын нэг нь миний дотоод ертөнц, надад итгэсэн итгэл.

Монгол даяараа тусламж, хандив өргөсөн ч харамсалтай нь, эмчлүүлж чадалгүй тэнгэрт хальсан жишээ олон бий. Би хүмүүсээс хандив аваад өөд болчихсон хүн болохоос аймар их айсан. “Ганцхан шалтгаан” дуу бүтэн, олны хүртээл болсны дараа миний эмчилгээний зардал бүрдсэн. Би тэгэнгүүт нь хандивын аяныг шууд зогсоосон.

Би үйлийн үрд итгэдэг. Хэрвээ би эмчилгээний зардал бүрдчихээд байхад илүү мөнгө цуглуулбал эмчилгээ бүтэлгүйтчих ч юм бил үү. Эсвэл би өөрөө өөрийнхөө үйлдлийг үзэн ядаад амьдарч чадахгүй. Хүмүүсийн сайхан сэтгэлийг луйвардчихаад би яаж амьдрах юм бэ. Намайг дотроос минь идээд, би өвчнөөрөө дөрөөлсөн луйварчин болж хувирах байсан.

-Танд төдийгүй олон, олон хүнд урам, итгэл найдвар өгсөөр буй уран бүтээл бол “Ганцхан шалтгаан”. Энэ дууг анх сонсоход танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Гоё санагдсан. Энэ уран бүтээл дахиад хөл дээрээ босох, амьдрахын төлөө тууштай зүтгэх нэг шалтгаан болсон. Би Thunder-ын уран бүтээлүүдийг сонсох дуртай, дууны үг бичих тал дээр лаг авьяастай гэж боддог. Дуугаараа дамжуулан хэлэх гээд байгаа санаа нь үнэхээр гоё байдаг.

Thunder-тай холбоо барьсан минь ийм учиртай. Би бусдын хандивыг аваад л эмчлүүлж байсан. Хариуд нь юу өгч чадах вэ гэж өөрөөсөө асуусан. Өөрөө өвдөөгүй байхдаа анзаардаггүй байсан зүйлийг хүмүүст хэлэхийг хүссэн. Тэгээд би Thunder-тай холбогдон, гол санаагаа хэлсэн. “За, хөгшөөн ойлголоо” гэснээсээ нэг сарын дараа “Ганцхан шалтгаан” дуу бий болсон.

-Thunder-тай уулзсан уу?

-Монголд ирснийхээ дараа уулзсан. Thunder надад “Яг одоо миний урлагийн карьер зогссон ч би харамсахгүй” гэсэн. Лавлаад асуухад “Ганцхан шалтгаан” дууны доорх сэтгэгдлүүдийг уншаарай. Хүмүүсийн жаргал, зовлонг үнэхээр хуваалцаж чадсан уран бүтээл болсон байна лээ” гэсэн. Хагацал үзсэн аягүй олон хүн зовлонгоо хуваалцсан, амьдрал итгэл найдвар авсан байна лээ. “Thunder”-т би үнэхээр баярлаж явдаг.

ГАР ЦҮНХИЙГ НЬ Ч БАРИУЛДАГГҮЙ БИ ЭЭЖИЙНХЭЭ ХАМГИЙН ХҮНД АЧАА НЬ БОЛЧИХСОН БАЙСАН

-Хорт хавдрыг ялах, олон удаагийн хүнд эмчилгээний ард гарах хэцүү байсан нь мэдээж. Хамгийн хэцүү үе аль нь байв?

-Ээж минь бараа зөөдөг. Дорноговь, Хятад хоёрыг өмдөөр холбосон гэж ээжийгээ би өхөөрддөг байхгүй юу. Багаасаа өнөөг хүртэл ээжээрээ би хүнд юм өргүүлж үзээгүй. Гар цүнхийг нь ч барьж явдаг хүүхэд. Химийн эмчилгээний үед би тэнцэнцэр дээр суухаас өөр аргагүй болов. Яалт ч үгүй алхаж чадахаа больсон. Дугуйтай юм чинь хөнгөхөн гэж боддог байв. Гэтэл тийм биш юм билээ. Ээж минь үе мөчний өвчинтэй. Заримдаа хөл нь бадайрахаараа алхаж чадахаа больчихдог. Миний туяа, чөмөг эмчилгээний хоорондын зай нэг км гаруй. Намайг битүү хөнжилд боон, хаван энэ тэрээс шалтгаалаад би 100 гаруй кг болчихсон.

Зовиураасаа болоод хөл нь янгинаж байхад гүрийгээд л намайг түрээд явсан, ээж минь. Хөл нь чирэгдэн, доглоод байгаа нь надад сонсогдоод л. “Ээж ээ, зүгээр үү” гэж асуухад “Зүгээр ээ, миний хүү” гээд гүрийгээд. Гарт нь гар цүнхийг нь бариулахгүй гэж боддог би өөрөө ээжийнхээ хамгийн хүнд ачаа нь болчихсон, тэргэнцэр дээр түрүүлж явсан. Би өөртөө үнэхээр шар хүрсэн, заавал хөл дээрээ босно гэж бодсон. Эмчилгээний явцын хамгийн хүнд үе тэр л байсан. Тиймээс би чөмөгний эмчилгээнээс босоогоороо алхаж гарч ирсэн.

Одоо Монголын замыг харахаар миний уур хүрдэг. Ээж минь Бээжинд бус Монголын зам дээр түрсэн бол ёстой бүтэхгүй.

-Энэ бүхнийг даван туулахад хамгийн их түшиг болсон хүн нь таны ээж. Эхээ өрөвдөхийн зэрэгцээ ээжтэй хүн ямар сайхныг мэдрэв үү?

-Ёстой тэгсэн. Эх хүн хүүхдийнхээ төлөө яаж тэмцэж, бүхнээ зориулдгийг би ээжээсээ харсан, ээжээрээ бахархсан. Хүү нь эмчилгээний үед тэмцээд, шүд зуухад эгцэлж харч чадахгүй шаналж буйг харахаас халгамаар. Надад дараа нь ярьсан зүйлсийг нь бодохоор өрөвдмөөр.

Хорт хавдар тусаад, хүнд, хүнд эмчилгээ хийлгэж байхад ээж намайг загнаад болдоггүй. “Наадах чинь хөнгөхөн өвчин. Чи давна” гэдэг байсан. Ээж намайг тэгж загначихаад л цаг орчим эмнэлгийн гадаа алхдаг байв.

 Ээж намайг л хатуу чанга, сэтгэлээр унагаахгүй гэсэндээ тэгдэг байсан юм билээ. Намайг тэгж загнасныхаа метронд уйлаад л явдаг байсан гэнэ. Намайг л хүчтэй бай гээд хатуужуулсан атлаа цаанаа тэгж шаналж, өмөрсөн байгаа юм даа. Нэг ч хүн танихгүй хүний нутагт уйлаад явж байсан, хэн ч очоод тайтгаруулж, тайвшруулаагүй гээд бод доо.

Амьдрах ямар сайхан, амьдрал ямар баян гээч. Яг ингээд нарийн анзаараад, эд, эсээрээ мэдрээд нэг үзвэл тэс өөр мэдрэмж мэдэрнэ. Ийм гоё зүйлсийг мэдэрсэн, амьдралын, хайрын үнэ цэнийг ойлгосон болохоор эргээд бусдын, нийгмийнхээ төлөө асар их зүйл хийхийг хүсэж байна.

Сүүний мөнгөнөөсөө ч илүүчлээд надад хандивласан монгол түмэндээ халуун сэтгэлийн хариуд барьж буй миний бэлэг. “Ганцхан шалтгаан” дуу бүтсэн шалтгаан нь ч ийм. “Ганцхан шалтгаан” киног бүтээсэн зорилго маань ч мөн ийм.

“Ганцхан шалтгаан” киног үзээд бусдыг өнгөц дүгнэхээ больчихвол, амиа хорлох талаар бодож явснаа больчихвол энэ уран бүтээлийг хийсний, би амьд яваагийн гавьяа. Үүнийг юугаар ч хэмжих боломжгүй зүйл. Би мөнгөөр эдгэрсэн. Гэхдээ өнгө, мөнгөөр хэмжиж, харьцуулахааргүй зүйлийг нийгэмдээ өгөхийг хүсэж байна.

-Тэмдэглэлдээ “Хорт хавдрыг хүнд өвчин гэж боддоггүй” гэж цөөнгүй удаа бичсэн. Энэ бодол нь одоо ч хэвээрээ юү?

-Хэвээрээ. Одоо ч тэгж бодохгүй байна. Тэр үед ч бодоогүй. Үнэнийг хэлэхэд, хорт хавдар намайг эмчилгээний үед олон удаа уйлуулсан, өвтгөсөн, сул доройг минь мэдрүүлсэн. Тэглээ гээд би одоо ч хорт хавдар хүнд өвчин гэж хэлэхгүй.

Өнөөдөр эмнэлгийн орон дээр олон, олон хүн хорт хавдрыг ялахын төлөө тэмцэж байгаа. Тэр хүмүүст би итгэл, найдвар бэлэглэхийг хүсдэг. Хорт хавдрыг давах нь жижигхэн зүйл. Ялсныхаа дараа хүсэл мөрөөдөлдөө хүрэх нь том зүйл. Эдгэчих юм сан гэж бодох бус эдгэснийхээ дараа юу хийх вэ гэж мөрөөдөөсэй гэж хүссэндээ энэ өвчнийг хүнд гэж огт боддоггүй.

Хорт хавдар хүнийг уйлуулна, өвтгөнө, шантруулна. Давах ёстой нэг сорилт, магад амьдралыг өөрөөр харуулах шагнал гэдэг өнцгөөс нь харвал давж гарахад илүү хялбар болно.

Би нээрэн Хятадад эмчлүүлэхээр очихдоо юу хийнэ гэж бодож байсан гээч. Хорт хавдрыг хэрхэн даван туулж, ямар эмчилгээ хийлгэж буйгаараа влог хийе гэж бодож байв. Тэгвэл хорт хавдартай олон хүнд хэрэгтэй мэдээлэл өгч, тус болно гэж бодсон. Тэгсэн чинь юун тэгж влог хийх манатай.

ӨВЧИН МААНЬ ТАВАН ЖИЛИЙН ДОТОР СЭДРЭХГҮЙ БОЛ БҮРЭН ЭДГЭРСЭНД ТООЦНО

-Одоо хорт хавдар нь бүрэн эдгэрсэн үү?

-Эмчилгээ амжилттай болсон. Миний биед хорт хавдрын эс байхгүй. Таван жилийн хугацаанд дахиж сэдрэхгүй бол бүрэн эдгэрсэн гэж үздэг юм билээ. Одоо би чөмөг шилжүүлэн солиулаад яг хоёр жил, 10 хоног болж байна.

-Дахиад өвдөх вий, сэдрэх вий гэж хэр айж байна вэ. Энэ таныг хэр нөмөрч байгаа бол?

-Одоо бол чадсан. Өмнө нь яг энэ айдас, сэтгэлийн хямрал намайг удаан хугацаанд нөмөрсөн, дагасан. “Дахиж өвдвөл яана” гэж жил гаруйн хугацаанд айсан. Шинжилгээ өгөх бүрд санаа зовдог байлаа. Одоо л үүнтэй эвлэрч, дасаж байна.

ОЛНЫ ХАЛУУН СЭТГЭЛИЙН ХАРИУГ "ИНГЭЖ, ТЭГНЭ" ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ҮЙЛДЛЭЭРЭЭ ХАРИУЛНА

-Та цаашид юуны төлөө амьдрах вэ. Хүсэж, зорьж, тэмүүлж буй зорилгоосоо хуваалцахгүй юу?

Хүмүүс ямар ч хариу нэхэлгүйгээр надад амьдрал бэлэглэсэн. Надад тусласан бүх хүний итгэлийг алдалгүй яаж амьдрах вэ гэж би өдөр бүхэн бодсон. Мөнгөөр хэмжигдэшгүй зүйлсээр хариуг нь баръя гэж бодож явна. “Ганцхан шалтгаан” киноны дараах амьдралаа би миний амьдралын хоёрдугаар хагас гэж нэрлэсэн. “Эдгэрчихлээ, болчихлоо” гээд цааш явахыг, “Баярлалаа” гэж хэлээд л өнгөрөхийг хүсэхгүй байна. Надад амьдрал бэлэглэсэн хүн бүхний итгэлийг алдахгүй, халуун сэтгэлийнх нь хариуг барихын төлөө зориулахыг үнэхээр их хүсэж байна. Хийхийг хүссэн маш олон зүйл байна. Гэхдээ одоо яриад дэмий. Тэгнэ, ингэнэ гэж ярихаас илүү бодитоор хийхийг, үйлдлээрээ харуулахыг хүсэж байна.

-“Ганцхан шалтгаан” киноны зохиолыг та бичсэн. Найруулагчаар нь мөн ажиллаж байгаа гэж сонссон, үнэн үү?

-Миний бичсэн зохиолоор хийж буй уран бүтээл. Гэхдээ миний тухай биш. Эмнэлгийн орон дээр төсөөлсөн дүрүүд, мэдэрсэн мэдрэмжээр бүтэж буй кино. Найруулагчаар нь би, Болдбаатар найз минь ажиллаж байгаа. Хоёр найруулагчтай уран бүтээл. “Ганцхан шалтгаан” киноны багт 1990 оноос хойш төрсөн шижигнэсэн залуучууд байгаа.

Киногоор дамжуулж хэлэхийг хүссэн олон санаа бий. Хэн нэгнийг гаднаас нь өнгөж битгий дүгнэдэг байгаасай. Намайг гаднаас нь хараад хорт хавдар туссаныг хэн ч мэдэх боломжгүйтэй адил зүйл шүү дээ. Бусдыг битгий шүүгээрэй, өнгөц дүгнээрэй.

Дээр онцолсончлон манай кинонд нэг ч олны танил хүн тоглоогүй. Олны танил гэхээс илүү тухайн дүрд тохирсон уран бүтээлчийг тоглуулахыг хүссэн юм. Үүгээрээ бусдаас өөр кино.

"ГАНЦХАН ШАЛТГААН" КИНО ЭНЭ САРЫН 20-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

-Кино нь хэзээ олны хүртээл болох вэ?

-“Ганцхан шалтгаан” кино маань энэ сарын 20-нд нээлтээ хийнэ. Бүх кино театрын дэлгэцнээ гарна.

Надад амьдрал бэлэглэсэн хүн бүхэнд баярлалаа. Халуун сэтгэлээр тусласанд хүн бүхэнд үйлдлээрээ баярлаж буйгаа илэрхийлэхийг хүсээд удаан явлаа. “Ганцхан шалтгаан” кино бол баярлаж буйгаа илэрхийлж буй зүйлсийг нэг нь, дөнгөж эхлэл нь. Нэг зүйлийг би амлахад, би аймар хичээж амьдарна.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар мундаг з�##�уу вэ

Зочин
Зочин

Хорт хавдар туссанаа мэдээд үзэлцсээр даваад гарсан.Тэр хугацаанд компани эхнэр гээд хамагаа �##�дсан.Гутраагүй.

Зочин
Зочин

Hvnii itgel aldahgvi oortoo archiatai gam sain barij owchnoo ylsan mundag shvv amidrald ni az jargal saihan bvhniig hvsie

Эмч
Эмч

Ёстоооой мундаг. Өөр хэлэх үг �##�га

Холбоотой мэдээ

Back to top button