Т.Туяачимэг: Хэзээ сонгууль болох, аль нам засаглахаас үл хамаарч улс төрийн оролцоотой байх боломжтой

МУБИС-ийн багш, улс төр судлалын докторант Т.Туяачимэгтэй ярилцлаа.
ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ҮНЭТ ЗҮЙЛСТЭЙ УЯЛДУУЛЖ, НАМУУД УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТОГТООХ ЁСТОЙ
-Өдгөө бид улс төрийн үзэл баримтлалаа хэрхэн төсөөлөх нь анхаарал татаж байна. Зөвхөн зүүн, баруун гэж хоёр хуваагдан туйлшрахаас илүү Монголд тохирсон шинэ, холимог хувилбарыг иргэдээс эхлээд улс төрийн намууд хүртлээ бий болгох хэрэгтэй цаг үе ирээд байгаа юм шиг санагддаг, үүнээс ярилцлагаа эхлүүлмээр байна?
-Нэг кэйс ярихад, хэдэн жилийн өмнө эрх барьж байсан нам нь бодлогын хүрээндээ Архангай аймагт урт урт автозам тавьсан юм. Үүнийг тухайн үед иргэд нь ч, нам нь ч томоохон хөгжил мэтээр тайлбарлаж, алга ташин хүлээж авч байлаа. Гэтэл тэр засмал замаас гараад, айл өрх бүрийн үүдийг татаад үзвэл Архангай гэр бүлийн хүчирхийллээр дээгүүр бичигдэж байсан. Тэгэхээр, хөгжил гэж олон зуун сая төгрөгөөр автозам барихыг хэлэх үү гэдэг асуулт тавигдана. Улмаар яриа маань улс төрийн үзэл баримтлалтай холбогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хөгжил гэдэг ойлголтыг тодорхойлох гол тулгуур нь улс төрийн үзэл баримтлал. Харин хувь хүнийг голчлох уу, олонхыг голчилж авч үзэх үү гэдэг нь анхаарал татдаг. Үүгээрээ улс төрийн үзэл баримтлал хуваагддаг. Харин улс төрийн үзэл баримтлалгүйгээр “хөгжиж” буйн нэг илрэл нь саях автозамын жишээ.
Хөгжил хүнээс эхэлнэ. Зүүн, баруун хамаагүй, хүний эрхийг нэгдүгээрт тавьж, энэ үнэт зүйлийг тээх эсэх нь л улс төрийн үзэл баримтлал дээр яригдах ёстой чухал сэдэв. Гэхдээ үзэл баримтлал заавал либерал, заавал социалист байх албагүй. Холимог ч байж болно.
-Үүнийг л яримаар байгаа юм. Заавал баруун, зүүн гэж бэлгэ тэмдгийн хэлбэрээр тунхаглалгүй, өөрсдөдөө тохирсон үзэл баримтлалыг гаргаж ирэх хэрэгтэй гэж хардаг. Одоо хүртэл улс төрчид улс орнуудын өнгөрсөн түүхэн дэх үзэл баримтлалуудыг лоозон болгосоор байна. Өнөөдөр манай улсын улс төрийн үзэл баримтлал яг тодорхой явдаг уу?
-Хууль зүйн хувьд тов тодорхой. Тэр бол манай улсын Үндсэн хууль. Бид 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа гурван тулгуур үнэт зүйлээ тодорхойлсон. Нэгдүгээрт, хүмүүнлэг нийгэм байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл төрийн бүх үйл ажиллагаа хүмүүнлэг байхад чиглэнэ. Гэтэл бид эд материалын хөгжилд хөрөнгө, санхүүг түлхүү хаясаар ирлээ л дээ. Хоёрдугаарт, иргэний нийгэм байгуулна гэж заасан. Иргэн бүр төрөөс хараат бусаар, өөрийн амьдралаа авч явж, оршин тогтнож чаддаг байх тэр орчин нөхцөлийг бүрдүүлэх. Гурав дахь нь ардчилсан байх. Өөрөөр хэлбэл, бүх улс төрийн намууд энэ гурван үнэт зүйлийн дагуу өөрсдийн үзэл баримтлалыг тодорхойлох ёстой гэсэн үг.
Харин Монгол Улсыг шууд ардчилсан үзэл баримтлалтай гэж тунхаглах нь тун учир дутагдалтай л даа. Учир нь ардчиллын 550 гаруй хэв маяг байх жишээтэй. Манай улс яг алинаар нь явж байгааг тодорхойлоход судлаачдын дэмжлэг хэрэгтэй.

ЛИБЕРАЛИЗМ ҮГҮЙСГЭГДЭЖ БАЙНА
-Бид ардчилсан улсад амьдардаг гэж итгэдэг. Гэтэл урт удаан хугацаанд нүүдэлчин хэв маягаар амьдарсан, тэр онцлогоороо хоорондоо нэгдэж чаддаггүй ч гэдэг юм уу, шууд барууныг хуулбарлахад учир дутагдалтай зүйлс байдаг л даа. Өөрөөр хэлбэл, бид “Ардчилсан” гэж ойлгодог ойлголтоо өөрсдөдөө уялдуулж шинэчлэх шаардлагатай юу?
-Энэ асуултыг түүхчдээс болон соёл судлаачдаас асуувал сайн хариулна. Түүхчдийн тухайд, Монголын тэмүүлэх ёстой улс төрийн үзэл баримтлалыг үндэсний шинжтэй ардчилал гэж тодорхойлдог. Монголчууд цөөхүүлээ учир үндэсний чиг баримжаагаа хадгалж, хөгжих нь зүйтэй гэж үзэх нь. Харин соёл судлаачид глобальчлал бол туйлын үзэгдэл гэдэг. Энэ давлагаанд “Монгол” гэдэг соёлын ялгаагаа илүү чухалчилж байж хөгжих нь зүйтэй гэх жишээтэй. Тэгэхээр бидэнд тохирсон тэр холимог үзэл баримтлал нь ямар найрлагатай байхыг судлаачид өөрсдийн чиглэл, чиглэлээр тодорхойлдог.
Харин улс төр судлаачийн хувьд харахад, юун түрүүнд намуудын дүрэм рүү очдог л доо. Дүрмийн хувьд МАН социалист талыг баримтлахаа илэрхийлдэг бол АН чөлөөт эдийн засаг, хувь хүний өмчийг дээдэлнэ гэж бататгасан байдаг. Гэтэл энэ хоёр нам мөнөөх дүрэмдээ нийцсэн мөрийн хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагаа явуулж байна уу гэхээр өөр, өөр. МАН нь барууны мөрийн хөтөлбөр боловсруулна. Либерал гэж боддог АН нь зүүний амлалтууд өгч, үе үеийн сонгуульд оролцож ирсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтыг нь харахаар холилдчихсон, үзэл баримтлалын ялгаа байхгүй болчихсон байдаг.
Хоёрдугаарт, дэлхийд ч голлох үзэл баримтлалуудын чухалчилж үздэг үнэт зүйлс нь бүдгэрч эхэллээ. АНУ-ын загвар улам бүр бүдгэрч байна. Ялангуяа дэлхийн эдийн засгийн харилцаанаас үүнийг тод харж болно. Либерализм үгүйсгэгдэж байна. Дэлхийн нийт баялгийн үнэмлэхүй дийлэнхийг нийт хүн амын хэдэн хувь нь эзэмшиж байгаа бил ээ. Энэ шударга ёс мөн үү гэдгийг сөхөж тавьж байна. 100 хувь либерал байх нь учир дутагдалтай гэдгийг дэлхийн судлаачид сүүлийн 10 жил маш их ярьж, бичиж байна. Ашиг олохын төлөө улсаа худалдахыг зах зээл гэхгүй гэж. Дэлхий дахинд эсрэгээрээ төрийн зохицуулалтыг эдийн засагт оруулж ирээч ээ гэж хашгирах боллоо.
Ялангуяа эдийн засгийн талаас харахад улс төрийн үзэл баримтлалд зүүний өнгө аяс орж ирэх болжээ. Дэлхийн өндөр хөгжиж байгаа улсуудыг харахад эдийн засгийн бодлого нь неолиберал бус зохицуулалтын шинжтэй байна. Тэгэхээр үзэл баримтлалыг эдийн засгийн хувьд ярихаар нэг өөр, улс төрийн хувьд ярихаар нэг өөр болно. Мөн хувь хүнийг голчилж авч үзвэл бүр ч өөр хариулт гарч ирэхээр байна.
-Өнөөдөр АН өрсөлдөхүйц хэмжээнд биш болтлоо доройтсонтой ч холбоотой юу, нийгмийн аль сэхээтэн хэсэг нь нэг намын дарангуйлалд орчихлоо гэж ярих боллоо. Яах ч аргагүй өнөөдөр МАН хүчирхэг байна л даа. Нэг нам ийм хүчирхэг байгаа нөхцөлд нөгөө ардчилал, Үндсэн хуульд заагдсан үнэт зүйлүүдээ бодитой болгох хэр боломжтой вэ?
-Юуны түрүүнд, нэг нам үнэмлэхүй ялалт байгуулахад нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Үүний нэг нь “Ковид-19”. Цар тахлын үед иргэдийн нийгэм, улс төрийн оролцоо буурсан байсан. Өөр улс орнуудаар ч жишээ татаж ярих боломжтой. Дэлхийн олон улс орны сонгуулийн үр дүн цар тахлаас болж, таамаглаж байснаас өөрөөр гарсан. “Ковидын үеийн сонгууль” гэдэг сэдвээр дэлхийн судлаачид тусдаа судалгаа хийж байх жишээтэй.
Хоёрт, өрсөлдөгч намынх нь дотоод хагарал, сонгуульдаа бэлтгэлтэй оролцож чадаагүй гэх мэт зохион байгуулалтын асуудлууд ч нөлөөлсөн. Тиймээс МАН айхавтар мундагтаа сая олонх болоод, эсвэл АН муудаа ялагдчихсан хэрэг биш юм л даа. Гадаад, дотоод өөр хүчин зүйлс нөлөөлснийг бодолцох нь зүйтэй.
-Ер нь энэ хоёр намаа өнөөдөр нэг шинээр ойлгомоор. МАН гэхээр залуус айхавтар Хойд Солонгостой адилтгаж хардаг болсон. Харин Ардчилсан нам гэнгүүт л 30 жилийн өмнө талбай дээр жагсаж нийгмийг өөрчилсөн...
-Түүнийгээ бэлгэ тэмдэг, слоган болгодог...
-Тийм, түүгээрээ одоо хүртэл пи-араа хийж байна л даа. Гэтэл өнөөдөр тэр түүхийг байнга сануулж сурталдах нь хэр нийцтэй юм бэ ч гэдэг юм уу, асуудлууд бий?
-Нам гэдэг зүйлийг ойлгох хоёр өнцөг бий. Нэгдүгээрт, сонгуульд хоёр янзын л хүн нэр дэвшиж байна. Нэг нь аль нэг намаас нэр дэвшигч, нөгөө нь бие даагч. За, бие даагчид парламентад ядаж 1/3 хэмжээнд сонгогдож чадахгүй бол шийдвэр гаргалтад нөлөөлж чадахгүй. Тийм хэмжээнд олонх болж сонгогдлоо гэхэд бие даагчид өөрсдөө нэгдмэл байх хэрэгтэй гэх мэтээр зөвшилцлийн соёл шаардагдаж эхэлнэ. Тэгэхээр улс төрд орж, шийдвэр гаргахад нөлөөтэй оролцмоор байгаа хүн нам руу явах шаардлага үүсээд байдаг.
Хоёрдугаарт, нам бол ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөө нэгдсэн улс төрийн байгууллага. Тэд намын дүрэмдээ “Эх орноо хөгжүүлнэ” хэмээн үндсэн ашиг сонирхлоо тунхагладаг. Гэтэл, үүний цаана нүдэнд харагдахгүй бас нэгэн ашиг сонирхол байдаг нь, засаглах эрх мэдлийг авах замаар хувийн эрх ашгуудаа гүйцэлдүүлэх явдал. Наана нь улсаа хөгжүүлнэ гэдэг ч цаанаа амин хувийн ашиг сонирхлоо давхар хэрэгжүүлэх сонирхол намын тогоонд үргэлж дагаж явдаг. Гэтэл үүний төлөө л байгуулагдсан байгууллагыг улс төрийн нам гэхээс өөр аргагүй гэж онолчид үзэж байх юм.
Иргэдийн улс төрийн боловсрол өндөр байвал улмаар намууд дүрэмдээ заасан зорилгоо хэрэгжүүлж байна уу, эсвэл үүний ард нуугдсан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байна уу гэдгийг хянаад, шаардаад явчихдаг. Яг энэ үед хэвлэл мэдээлэл асар чухал үүрэгтэй орж ирнэ.
Жишээлбэл, Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг нэр дэвшигч их өндөр рейтингтэй явж байсан. Гэтэл халз мэтгэлцээний өмнөх өдөр нэгэн сэтгүүлч нэр дэвшигчийн бугуйн дахь үнэтэй цагийг фокусалж, мэдээлсэн. БНХАУ-д айлчилж байхдаа бэлгэнд авсан цаг гэдгийг нь илчилж, авлигал авсан байж болзошгүй фактыг мэдээлснээр түүний рейтинг унасан байдаг. Яг үүн шиг, намуудыг хянадаг гол байгууллага нь иргэдээс гадна хэвлэл мэдээлэл юм л даа.

30 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ЖАГСААЛ Ч БИЙ
-Ингэхээр иргэдийн улс төрийн оролцооны асуудлыг ярилцаж эхлэх болж байна. Одоогоор олон нийтийн улс төрийн хүрээнд шүүмжилж байгаа хит өнцөг нь “МАН-ын дарангуйлал” болчхоод байна?
-Нам сонгогчдын олонхын саналыг авснаар хууль ёсны дагуу эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгэнт хийсэн сонголтоо шүүмжлэх нь өөрөө өөрийгөө алгадаад авч байгаатай адил. Залуусын сонгуулийн идэвх хангалтгүй байсаар байна. Гашуун үнэн нь, ахмад дийлэнх настнууд идэвхтэй оролцож хийсэн сонголтыг, залуу хүн өөрөө сонгуульдаа оролцоогүй байж шүүмжиллээ гэхэд утгагүй юм.
Түүнчлэн, улс төрийн оролцоотой байя гэвэл ганцхан дөрвөн жилд нэг удаа сонгуульд саналаа өгөх л хувилбар байгаа юм уу гэж. Гэтэл өөр хувилбарууд ч бий. Хэрэв бид ажлын байрыг нэмэгдүүлье гэвэл харьяа яам, агентлагууд руу хэдэн мянган удаа ч хамаагүй захидал бичиж, акц зохион байгуулж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Албан, албан бусаар сонгууль хоорондын улс төрийн оролцоог идэвхтэй хийж чадвал та шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжтой. Гэвч өнөөдөр нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг бид хамар дороо яриад л өнгөрдөг, дөрвөн жилд нэг удаа алдаг оног сонгуульдаа оролцдог. Гэтэл сонгууль хоорондын хугацаанд улс төрийн бодит оролцоотой байж чаддаггүй.
Би өөрт тохиолдсон кейсийг ярья л даа. Жирэмсэн байхдаа ипотекийн зээл хөөцөлдсөн юм. Яг шийдвэр гаргах эцсийн шатанд над руу харснаа “Та жирэмсэн юм байна. Жирэмсэн хүнд ипотекийн зээл өгөхгүй шүү дээ” гэсэн. Яг над шиг, хэдэн мянган эмэгтэй жирэмсэн байгаагийнхаа төлөө ипотекийн зээл авах боломжгүй болох ёстой вэ. Үүнийг бид Фэйсбүүктээ бичээд өнгөрөх биш, олонхоороо нэгдэж өөрчлөх ёстой. Өөрчлөх ч боломжтой. Ийм оролцоотой байхад МАН засаглана уу, АН засаглана уу хамаагүй. Намаас үл хамаарч иргэд улс төрийн оролцоотой байх боломжтой.
-Энэ утгаараа саяын залуусын жагсаал шинэ салхи боллоо л доо. Өнгөрсөн 30 жилийн алдааг хүүхэд насандаа үүрсэн сэтгэл зүй нь тэсэрлээ гэж харсан. Залуусын улс төрийн оролцоо гарч ирлээ. Яг үүн дээр нь дөрөөлж хэлэх мессеж судлаачийн хувьд юу байх вэ. Жишээлбэл, залуус улс төрийн оролцоог бий болгосон нь сайшаалтай ч УИХ-аас юу шаардах, Засгийн газраас юу хүсэх боломжтойгоо ялгаж салгаж харахгүй байлаа шүү дээ?
-Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалыг зөв, буруу гэж шүүж болохгүй. Учир нь Үндсэн хуулиар баталгаажсан эрхийнхээ хүрээнд тэд жагссан. Харин судлаачийн үүднээс харахад, яг улс төрийн жагсаал гэх хэм хэмжээнд багтаагүй зүйлс ажиглагдсаныг тэмдэглэж, анхааруулах хэрэгтэй байгаа юм.
Нэгдүгээрт, жагсаал хэзээнээс хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхой, төлөвлөгөөтэй байх ёстой. Сая төлөвлөгөөгүй, сэтгэл хөдлөлөөр явчихсан. “Save the Whale” гэж хөдөлгөөн 30 гаруй жил жагссан түүхтэй байдаг. Цэнхэр халимыг хамгаалахгүй бол далайн экосистем устах нь гэж, зорилгодоо хүрэхийн тулд 30 жил жагссан байхгүй юу. Яг үүн шиг, залуус зорилгодоо хүрэхийн тулд ямар хугацаанд жагсахаа цаашид төлөвлөх хэрэгтэй.
Хоёрдугаарт, зохион байгуулж буй лидерүүд нь тодорхойгүй байсан. Лидер тодорхойгүй байхад жагсагчдын үзэл санаа хаашаа ч гуйвч, гуйвуулагдаж болно. Гуравдугаарт, шаардлага нь тодорхойгүй. Маш ерөнхий, 30 жилийн турш хуримтлагдсан 10 орчим асуудал жагсаагаад биччихсэн байлаа. Тэдний олонхыг Засгийн газар, УИХ нийлээд ч шийдэж чадахгүй. Яг энэ хуулийн энэ заалтыг ингэж өөрчилж өгөөч гэж шаардвал түүнийг холбогдох байгууллага нь хэлэлцэнэ. Гэтэл инфляцыг бууруул гэж шаардах жишээтэй. Зэсийн үнэ олон улсын зах зээл дээр хэрхэн хэлбэлзэхээс хүртэл хамаарч буй энэ асуудлыг Ерөнхий сайд ганцаараа гарч ирээд шийдэж чадахгүй.
Ер нь Монголд болдог жагсаалуудыг харж байхад, тавьсан шаардлагынхаа хариуг хэн хэзээ авах нь тодорхойгүй явдаг. Хэвлэл мэдээлэл л шаардлагынх нь биелэлтийг нэхэх, шаардах үүрэг хүлээгээд, удалгүй мартагддаг.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ИЙМ УЧРААС ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛ ГЭЖ НЭРЛЭДЭГ
-Залуусын жагсаалыг ярьсных, ер залгамж халаа үеийнхний эх оронч сэтгэлгээний асуудлыг хөндмөөр байна л даа. Улс төрийн оролцоотой байна гэдэг нь хувь хүнээ болон улс орноо бодсон хоёр талтай. Хувийн аз жаргалыг эрхэмлэж, улс төрд оролцох нь жам ёсны зүйл ч өөрөөс гадна, эх орноо бодох агуулга гэдэг, хөндүүр сэдэв болоод байна?
-Хүний нийгэмшлийн маш чухал асуултыг асууж байна л даа. Ардчилсан хувьсгалын үед төрсөн залуус маань одоо 30 нас хүрч байна. Эх оронч биш байгаа нь ганц Монголын биш дэлхий нийтийн асуудал болчихлоо. Улс орнууд даяаршиж, соёлын хувьд ижилсчихлээ. Цөөн хэдэн орныг эс тооцвол ихэнх нь үндэсний ялгаа онцлогоо гээгдүүлж байна. Энэ бол даяаршлын нөлөө.
Хоёрдугаарт, эх орондоо амьдрах суурь боломжууд хангагдахгүй байгаатай холбоотой. Монголын төлөө ядуу амьдрах уу гэж эрхгүй хэн ч бодох бодит нөхцөл байна л даа.
Харин судлаачид, төрийн бодлого тодорхойлогчид үүн дээр жинхнээсээ ажиллах ёстой. Үндэсний дархлаагаа авч үлдэхэд чиглэсэн тусдаа, хүчтэй бодлогууд хэрэгтэй. Залуусыг төрсөн цагаас нь эхлээд яаж эх оронч сэтгэлгээтэй болгох вэ гэдэг чиглэлд тусдаа хүмүүсийн толгой ажиллах хэрэгтэй байна. Харин залуусын толгойны өвчин байх ёсгүй.
-Үүрэг хүлээх хүмүүс нь тусдаа?
-Тийм, хуулиараа ийм үүрэг хүлээсэн хүмүүс ч бий. Хуулиар хүлээгээгүй ч ёс суртахууны хувьд үүрэг хүлээх ёстой хүмүүс ч байгаа.

-Төгсгөлд нь асуухад, МАН хүчирхэг байдлаа урт хугацаанд хадгалахын тулд бусад намуудаа сулруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүхэд нөлөөлдөг болов. Хэдийгээр өмнөх Засгийн газруудын зориглоогүй том ажлууд эдгээр жилд урагшилж байгаа нь сайшаалтай ч урт удаан засаглахын тулд бусад намуудаа дэвслэн хичээх нь өөрөө хэр зөв голдирол вэ?
-Нэг нам хүчирхэг хэвээр ноёрхоод үлдчихвэл сонгууль ч болох боломжгүй. Тэгэхээр ардчилал ч байхгүй гэсэн үг.
Нөгөө талаас, аль ч улс төрийн намын эцсийн зорилго сонгуульд ялалт байгуулах. Эрх баригч нам ч, аль ч нам бай дараагийн сонгуульд ялалт байгуулахын тулд ажиллах нь ер онолын хувьд гарцаагүй. “Манай нам найман жил эрх барьсан юм чинь одоо больё” гэхгүй л дээ. Би ч өөрийн улс төртэй намтай байсан бол дахин, дахин сонгогдохын тулд хичээнэ. Харин хууль бус арга ашиглаж байвал түүнийг тусдаа байгууллагууд хянах ёстой, энэ ардчилал мөн үү гэдэг асуудал сөхөгдөнө.
Тийм ч учраас хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал гэж нэрлэдэг нь ийм учиртай. Хуульд заагаагүй замаар эрх барих үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нь ард түмний өмнөөс хянаж, мэдээлэх онцгой эрхтэй.
Миний хувьд ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Өмнө нь их, дээд сургуулийн хэмжээнд улс төр судлалын хичээлийг заавал үздэг байсан. Сүүлийн үед сонгон судалж үздэг болчихсон. Тэгэхээр зарим оюутан энэ хичээлийг сонгохгүй байна. Залуусыг улс төрийн боловсролтой болоод их, дээд сургууль төгсөж байна гэж итгэлтэй хэлж чадахгүй байна. Иймд энэ хичээлийг заавал судлах хичээлээр үздэг болгомоор байгаа юм. Үүнд би багшийн хувьд санаа зовж явна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь Монголд болдог жагса�##�уудыг харж байхад, тавьсан шаардлагынхаа хариуг хэн хэзээ авах нь тодорхойгүй явдаг. Хэвлэл мэдээлэл л шаардлагынх нь биелэлтийг нэхэх, шаардах үүрэг хүлээгээд, уд�##�гүй мартагддаг.
Энэ үнэн байнаө
ийм хүмүүс одоо л их хэрэгтэй байна даа
эрүүл улс төр л монголд хэрэтгэй байна даа
Сэтгүүлчийн асууж бгаа асуулт өөр бна шүү өөрөө учраа мэддэг сэтгүүлч учир мэдэх хүнийг их сөйхан ухаж яриулжээ