“Game of Thrones”-ийн Жозеф Гатт "хүүхэдтэй мессежлэсэн" хэргээр баривчлагдлаа

“Хаадын тоглоом” /Game of Thrones/ цувралын жүжигчин Жозеф Гатт насанд хүрээгүй хүүхдүүдтэй мессеж бичсэн хэргээр баривчлагджээ.
Лос-Анжелес хотын цагдаагийн газраас гаргасан хэвлэлийн мэдээгээр, хууль сахиулахынхан жүжигчний үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлэг авч, орон байранд нь нэгжлэг хийсэн байна. Жүжигчнийг эрийг эрэн сурвалжилсны эцэст түүнийг саатуулж, “насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэх үндэслэлээр цагдан хорьсон байна. Гэсэн ч, баривчлагдсанаас хойш хэдхэн цагийн дараа Жозеф Гатт 5 мянган ам.долларын барьцаагаар суллагдсан байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба цагдаа нар жүжигчний бусад хохирогчдыг хайж олоход туслалцаа үзүүлэхийг олон нийтээс хүссэн аж. Өмнө нь Жозеф Гатт бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт сэжиглэгдэж байжээ.

Гатт өөрөө “Твиттер” хуудсаараа дамжуулан баривчлагдсан талаараа тайлбар хийж, тэрбээр ямар ч гэм буруугүй гэдгээ тайлбарласан байна. “Сүүлийн үед миний эсрэг аймшигт гүтгэлэг гарах болсон. Надтай холбоотой тэдгээр бүх хэргүүд бүгд 100 хувь худал зүйл. Би цагдаа нартай хамтран ажиллаж, сайн нэрээ эргүүлэн авахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн бичжээ.
Жүжигчин Жозеф Гатт “Хаадын тоглоом” киноноос гадна “Банши” олон ангит кино, “Дамбо” кино, бусад олон ангит кинонд тоглосноороо алдартай нэгэн юм.
Эх сурвалж: Cosmopolitan
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.