Г.Майцэцэг: Энэ ярилцлагаар бүгдийг ойлгуулж, цэг тавимаар байна

“Exclusive”-ийн Г.Майцэцэг “Үйлдвэрээ зарна” гэхийг сонсох итгэхэд бэрх байлаа. Тэр төдийгөөс өдийг хүртэл Монголд масс үйлдвэрлэл хөгжүүлэхээр галтай тэмцэж ирсэн. Монголын олон үйлдвэрлэгч, ажил олгогч нарын өмнөөс түүний дуу хоолойг хүргэх хэрэгтэй цаг үе тохиожээ. Бид үйлдвэрийнх нь байран дээр, цаг орой болсон хойно сууж ярилцлаа.
ВИДЕО:
-ТУРКТ ЯВАХДАА УХААН АЛДАЖ УНАСАН, МАГАДГҮЙ ТҮР ЦЭГ ТАВЬ ГЭЖ ЦАГ ХУГАЦАА ХЭЛСЭН БАЙХ-
-Хоёр жилийн өмнө танаас шантардаг уу гэж асууж байлаа.
-Тийм бил үү. Тэгэхэд би юу гэж хариулж байсан бэ?
-“Зорилгоо санахад л шантрах тухай бодол ор мөргүй арилдаг” гэж байсан.
-Яг үнэн. Тийм шүү дээ.
-Монголд массын үйлдвэрлэл хөгжүүлэх гэж хичээж буй хүмүүсийн хамгийн мятрашгүй төлөөлөл нь та байлаа. Гэнэтхэн л үйлдвэрээ зарах нь гэсэн мэдээ дуулав. Энэ тийм ч амаргүй тусаж байх шиг, олон хүнд. “Яагаад” гэж эхэлье л дээ?
-Өөрийн гараар босгосон зүйлээ эргээд өөрийн гараар үгүй хийж байгаа хэрэг юм даа, нэг талдаа. Гэхдээ надад хармын сэтгэл төрөхгүй байна. Харин Монгол Улсад нэг массын үйлдвэрлэл хаалгаа барихдаа хүрч байгаа нь гунигтай. Хүн хамгийн гол нь эрүүл байх ёстой юм байна. “Мааяа, чи өөртөө нэг апдэйт хийх хэрэгтэй болжээ. Магадгүй түр цэг тавиадах” гэж цаг хугацаа надад хэлсэн, ийм үе нь таарлаа. Цэг тавиад томоор эхэлдэг. Эсвэл гурван цэг болоод замхарч ч магадгүй юм. Харин энэ мэдээг хүлээж авч буй хүмүүсийн хандлагыг хараад зөв зүйлийн төлөө өдийг хүртэл хөдөлмөрлөж гэдгээ ойлгож байна.
Итгэл үнэмшил байгаа цагт хүн амралтаа мартдаг юм байна. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа, өмсөж зүүхээ хүртэл умартдаг юм байна. Урагдаагүй л бол хувцас гэдэг шиг машин шиг зүтгээд л байдаг юм байна. Энэ тусдаа асуудал. Харин би үйлдвэрлэгчдийг дэмжсэн, тэдэнд ээлтэй тогтолцоо бий болох ёстой гэж дуугарч ирсэн. Одоогийн буруу тогтолцоо заавал засагдах ёстой юм шүү. Би амин хувиа бодсон бол заавал 21 аймагт 100 үйлдвэр байгуулна, малгайнаасаа гутал хүртэл нь үйлдвэрлэнэ гэж солиотой юм шиг зүтгэхгүй байсан байх. Гэхдээ өнгөрсөн бүхэнд харамсах зүйл алга. Сонголтыг би өөрөө хийсэн. Хувцсаа төрд шахаж, борлуулалтаасаа хувь өгөөд явах ч боломж надад байсан, гагцхүү би тэр замналыг сонгоогүй юм байна.
-Та олон жил тогтолцооны эсрэг дуугарч ирсэн. Үргэлж тэмцэгч Мааяа байлаа. Тийм учраас үүнд мохоогүй байх гэж бодох юм. Гэнэт их ядарснаа мэдрэв үү. Таны ярианаас эрүүл мэндэд нь асуудал үүсэж гэж ойлголоо?
-Санаж байгаа бол дөнгөж сарын өмнө би Турк яваад ирсэн. Түүний өмнө нэгдүгээр сард явахдаа хилийн хориг тавиулснаа мэдээд багагүй асуудал үүссэнийг санаж байгаа байх. Хоёр дахь удаа дахиад яваад ирсэн шалтгаанаа ярья л даа. Бид 2011 онд нанотехнологиор хийгдсэн, ус нэвтэрдэггүй материалаар ажлын хувцас хийж байсан юм. Одоо энэ материал бүр хөгжчихсөн байна. Туркийн цэрэг цагдаагийнхан өмсдөг энэ хувцас ус нэвтэрдэггүй, дотроосоо хөлс шингээдэг, галд шатдаггүй материалаар хийгдсэн байна. Энэ материалыг худалдан авах гэрээ хийж, бас л нэг бүтээгдэхүүн хөгжүүлье гэж Туркэд очсон нь тэр. Тэгэхээр би шантраагүй байгаа биз. Хүүхдийн биеийн тамирын хувцасны материалын үнэ БНХАУ-д 50 хувь өссөн. Иймд энэ материалыг бас Туркээс хямд худалдаж авах гэрээ хөөцөлдөж явсан. Ингэж байгаад Туркт гэнэт ухаан алдаж унасан. Дөнгөж сарын өмнө л би зүтгэсээр байж. Машин бол сэлбэгтэй, эвдэрвэл засчихна. Хүн өвдөх үед сэлбэг байдаггүй юм шиг байна. Ингээд эрүүл мэндийн нэг асуудалтай гэдгээ анх мэдлээ л дээ. Үүнийг яриад яах вэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж. Сайхнаар төсөөлбөл хагас жилээс жилийн хугацаанд өөртөө жаахан засвар хийх хэрэгтэй болсон. Засвар үйлчилгээнд явах шаардлагатай болсон /Инээв, Сурв/. Дахиж боломж олдвол би буцаад ирнэ.
-13 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙГ МИНЬ ЦААШ НЬ ЗӨВ ХҮМҮҮС АВЧ ЯВААСАЙ ГЭЖ БОДСОН-
Харин энэ хооронд үйлдвэрлэл маань битгий эзгүйдээсэй, зөв хүмүүс нь цааш авч яваасай гэж бодсон. Би өр зээлийн асуудлаасаа үүдээд гадагшаа эмчилгээнд явахад ч хүндрэлтэй байна. Тийм учраас хамгийн түрүүнд өргүй л болмоор байна. Энэ бүхнийг босгоход бидний 13 жилийн хөдөлмөр орсон юм шүү. Бизнес хийхэд хүн бүх эрсдэлийг тооцдог л доо. Миний хамгийн том алдаа нь Монголд авлигал өгч байж бизнес явна гэдэг эрсдэлийг л тооцоогүйд байсан шиг.
Хүмүүс хэлдэг. “ЭМЯ хамгаалалтын хувцсыг 38 мянгаар авч байгаа бол чи 38-аар нь өгөхгүй яасан юм. Тэгээд зөрүүг нь тэдэнд хувь болгож өгөөд явч болно ш дээ” гэж. Би 18 мянга, 10 мянгаар нь өгөхийг хүссэн юм. ЭМЯ энэ хувцсыг төсвийн мөнгөөр авна шүү дээ. Энэ чинь хэн нэг даргын биш ард түмний мөнгө. Би хамтарч хулгай хиймээргүй санагдсан л байхгүй юу даа. Хэмнэхийг хүссэн.
-Та ханиа алдаад удаагүй байна. Хамт зүтгэж ирсэн хань түшгээ алдах амаргүй даваа...
-Манай хүн өнгөрөөд нэг жил ч болоогүй байх юм. Хүний итгэл үнэмшил гэдэг зүйл эзэнтэйгээ хамт мөнхөрч, үлддэг гэдгийг нөхрөөсөө харсан даа. Долоон настайдаа л оёдлын машинаар юм оёж байсан, ёстой нөгөө массын үйлдвэрлэл хөгжүүлье гэж чин сэтгэлээр зорьсон хүн л дээ. Манай хүн намайг харж байгаа байх аа. Намайг ямар их зүтгэснийг мэдэж байгаа.
Үнэндээ ийм цаг үе надад ирнэ гэж бодож байсангүй. Хоёулаа нэг биш удаа ярилцаж байсан. Хамгийн сүүлд хамгаалалтын цагаан хувцсаа Европ руу нийлүүлэх бүтэн жилийн гэрээ хийсэн байсан ч Монгол Улс стандартаа батлаагүй байснаас цуцлагдсан талаар ярилцаж байсан санагдаж байна. Стандартаа дөрвөн сарын дараа батлуулж аваад, дахиад ОХУ руу гаргах гэтэл экспортын зөвшөөрөл шаардагдаж, мөн л хугацаа алдаад бүтээгүй. Уг нь цар тахлын хүнд эдийн засгийн үед үйлдвэрлэгчдээ дөрвөн сар хүлээлгэдэггүй, дөрвөн өдөрт нь асуудлыг шийдэж өгдөг, хүнд сурталгүй, зөвшөөрөл авах гэж олон шат дамждаггүй смарт төр байсан бол өнөөдөр байдал шал өөр байх байсан.
-ЗЭЭЛ ГЭДЭГ НЬ МОРИН ТЭРГИЙГ ФЕРРАРИГААР СОЛИХ МЭТ ХУРДАСГУУР-
-Анх ярилцаж байхдаа танай компанийн данс 2014 оноос хойш хаалттай байгаа талаар мэдээд, гайхаж байлаа. Нэг талаараа таныг зээлээ төлж дийлэхгүй болоод, санхүүгийн хүндрэлийн улмаас дампуурч, үүдээ барилаа гэж харж байгаа. Таны авсан зээл, санхүүгийн хувьд туулж ирсэн асуудлыг энэ хүрээнд сонирхмоор байна?
-Уг нь үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн зээлгүй байна гэж байхгүй шүү дээ. Зээл гэдэг тийм буруу, муу ойлголт биш. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд энэ бол хурдасгуур. Морин тэргээр явж байсан бол “Феррари” дээр сууя л гэсэн санаа байхгүй юу. Өнөөдөр би энэ ярилцлагаар бүгдийг ойлгуулж, цэг тавихыг хүсэж байна л даа.
-“Чингис бонд”-оос 750 сая төгрөгийн зээл авсан асуудал таныг дагаж ирсэн. “Exclusive”-ийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх чиглэлд хэр үр өгөөжтэй зарцуулж чадсан бэ. Зээл авчхаад, төлөхгүйгээр зугатах нь гэж олон хүн харж байсан?
-“Exclusive” анхнаасаа хувь захиалгын дагуу үйлчилгээ үзүүлдэг газар байя гэж зориогүй. Хийе гэж мөрөөдсөн зүйл нь массын үйлдвэрлэл хөгжүүлэх, Монголын нэг “Zara”, “H&M” нь болох байсан. Энэ хүрээнд үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд 2013 онд, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед арилжааны банкнаас зээл авсан. “Чингис бонд”-ын гэж чичлүүлдэг зээл маань энэ л дээ.
Тухайн үед би 20-иод жил Польшид амьдарч, Монголдоо ирээд удаагүй байлаа. АН, МАН хоёрыг хүртэл андуурдаг, улс төрийн тийм нимгэн мэдлэгтэй хүн байв шүү дээ. Анх 5 тэрбум төгрөгийн зээл хүсэж байсан юм. Тэр нь 3 тэрбум болж буурсан. Дараа нь эргэлтийн хөрөнгийн зээл олгохгүй, зөвхөн тоног төхөөрөмж худалдаж авах чиглэлд санхүүжилт олгоно гэсэн учраас дахин энэ дүн 1.5 болж буурсан. Харин яг арилжааны банкан дээр очиход барьцаа хөрөнгөд маань тааруулж, 750 сая төгрөгийн зээл олгох болсон юм.
2009 оноос хойш “Exclusive” гэдэг брэнд зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлээд дөрвөн жил болсон байсан ч зээл авснаар бүтээмжээ нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ үнийг буулгасан. Сөдөн курткаг 580 мянган төгрөгөөр гаргаж байсан бол 180 мянга болгож буулгасан нь бидний хувьд масс үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгодоо ойртсон, маш том амжилт болсон.
2013 оны аравдугаар сард зээл батлагдсан байдаг. Тэр өдрүүдэд манай нэг найз тоглоомоор “Орой телевиз асаах бүрд л чи гарч байх юм. “Чингис бонд”-ын хамаг мөнгийг чи авчихсан юм уу” гэж хэлж байсан нь санагддаг.
-Гэхдээ нэр цэвэр лав байгаагүй?
-Би тэр үед насаараа хөдөлмөрлөж, зүтгэсэн үйлдвэрлэгчид зээлд хамрагдаж чаддаггүй гэдгийг мэдээгүй байсан гээд бод доо. Гэтэл манай компани бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангаад, “Чингис бонд”-ын эх үүсвэртэй арилжааны банкны зээлийг авч чадсан. Тийм учраас манай компанид хорссон хэсгүүд ч байсан. 2018 онд ЖДҮХС-гийн асуудал дэгдсэний дараа би ойлгосон л доо. Дандаа улс төрчид, тэдний хань хамаарлын хүмүүс зээл авдаг байж, хийгээд л, зүтгээд л байдаг хүмүүст нь очдоггүй байж гэдгийг. 2013 онд намайг зээл авахад хүмүүс “Нэг ч гэсэн үйлдвэрлэгч үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь” гэж баярлахаас илүү хорсож хүлээж авсныг тэгэхэд л ойлгосон. Үүнийг атаач сэтгэл гэхээс илүү гомдол, цөхрөл нь юм гэж боддог.
Би тэр үед шинэчлэлийн Засгийн газрыг маш их магтаж ярьдаг байсан, үнэн. Яагаад гэвэл Монгол Улсаа хөгжүүлье гэсэн халуун хүсэл эрмэлзлээр, гэр бүлийн сонголт хийж эх орондоо ирээд байсан үе маань. Миний том хүү монголоор уншиж, бичиж мэдэхгүй л гэр бүлээ дагаад Монголд ирж байсан. Бид Польшид массын үйлдвэрлэл хийж байсан, түүнийгээ л Монголдоо хөгжүүлье гэж зорьсон.
Ингээд хандлага маш буруу байгааг мах ясаараа мэдрээд, “Ийм байж болохгүй ш дээ, өөрчлөх, засах ёстой” гээд л орилж гарсан юм билээ. Уг нь гадаадад бол зээл авсан нь чадамжтайн баталгаа болж харагддаг. Гэтэл тэр үед улс төрчтэй ойр ажилласан, шантааж хийсэн гэж л харагдаж, хараалгуулсан. Маш их ганцаардаж байсан. Гэхдээ энэ хандлагыг засчих юм сан гэж хичээсэн. Хүний характер юм даа. Зарим хүнийг дарах тусам шарандаа босож ирдэг, бууж өгдөггүй дээ. Тийм л зан юм байна.

-НАД ШИГ ХУУРАМЧ НӨАТ-ЫН БАРИМТ АВЧ ХОХИРСОН ХЭДЭН ЗУУН КОМПАНИ БИЙ-
Өнөөдөр хүмүүсийн ойлголт их өөр болжээ. Үйлдвэрлэгчдээ хайрладаг, зээл гэдэг ойлголтыг эрүүлээр хардаг болж.
-Одоо шал өөр болсон л доо. 2015 оноос хойш долоон жил өнгөрч. Долоон жилийг давж, тэсэж гарна гэдэг маш том шалгуур байлаа. Өнөөдөр “Exclusive”-ийг яаж, ямар нүдээр хардаг болсон нь фэйсбүүк дэх комментуудаас ойлгогдож байна. Хэрэв 2015 онд би буугаад өгчихсөн бол зээл аваад төлөлгүй зугтчихсан компани болж л түүхэнд үлдэх байсан байх.
-Зээлийн эргэн төлөлт доголдож ирсэн шалтгаан юунаас эхлэлтэй вэ. Татварын ерөнхий газраас танай компанид НӨАТ-ын асуудлаар акт тавьснаар данс хаагдсан гэж та өмнө нь ярьж байлаа. Тухайн цаг үед нь ч та энэ талаар хэвлэлүүдэд нээлттэй ярилцлага өгч байсан. Одоо дахиад нэг ярихад гэмгүй байх гэж бодож байна?
-Манай компанийн гол өрөнд орсон шалтгаан нь энэ НӨАТ-ын асуудал. 2013 онд хүмүүс НӨАТ-ыг тэр бүр мэддэггүй, ойлгодоггүй байсан. Одоо их өөр болж. Миний тэр үед НӨАТ-ын баримтыг өгдөг газар нь Татварын ерөнхий газар байсан. Гэтэл тэр баримтыг хэн нэг хүмүүс зараад явж байдаг байлаа. НӨАТ-аар мөнгө олдог компаниуд хүртэл байсан. Манайх тийм компаниудын л золиос болчихсон.
-Тодруулбал?
-Надад хуурамч НӨАТ-ын баримтууд өгч ирсэн байсан. Жишээ нь, худалдан авалт хийх бүрдээ би НӨАТ-ын баримт авна. Гэтэл зах дээрээс даавуу худалдаж авахад л “Жаст ойл”, “Экоконстракшн” гэдэг компаниуд дээр бүртгэлтэй НӨАТ-ын баримт өгчихсөн байх жишээтэй. Даавуу зардаг хүн НӨАТ төлөгч биш, тэгээд хуурамч баримт өгдөг байж л дээ.
Сар болгон НӨАТ тайлагнахад Татварын ерөнхий газар ямар нэг асуудал тавьдаггүй байсан. Гэтэл хоёр жилийн дараа шалгалт хийгээд “Хуурамч баримтууд байна” гэж гаргаж ирсэн. Акт тавина гэсэн. Би гэтэл тэр баримтуудыг хуурамч эсэхийг нь мэдэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл би хохирсон. Гэтэл хуурамч баримт гаргасан компаниуд нь 2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиар цайрчихсан. Ийм хууль батлагдана гэдгийг урьдчилж мэдэж байсан ч юм уу, маш зоригтой ингэж явж ирсэн юм билээ. Над шиг хуурамч НӨАТ-ын баримт авсан гэдэг шалтгаанаар хохирсон хэдэн зуун компани бий л дээ.
-Хэдэн төгрөгийн акт тавьсан бэ?
-170 сая төгрөгийн акт тавьсан. 2013 оны сүүлээр. Арилжааны банкнаас дөнгөж нөгөө 750 сая төгрөгийн зээлээ аваад байсан үетэй бараг давхацсан. Ийм юм үзээгүй хүн чинь сэтгэл зүйн хувьд төөрөгдөл, балмагдалд орж байгаа юм л даа. Шөнө оройн цагаар дуудагдаад л, яг гэмт хэрэг хийчихсэн хүн шиг. Өнөөдрийн Мааяа шиг байсангүй. “Би яг юуг буруу хийчихсэн юм бол” гэсэн бөөн айдас, гайхшралтай.
Үнэхээр би буруу зүйл хийсэн бол актаа шууд тавина биз дээ. Гэтэл “Ийм акт тавих гэж байна. Тавих юм уу, хувиа өгөх юм уу” гэж байн байн үзүүлж шантаажилдаг байсан. Тэр үед актын дүнгийнхээ 10 хувийг татварын байцаагч нарт өгөөд, хаалгах боломж байдаг байсан шүү. Ийм жишиг тогтчихсон байсан. Би үүнийг сонгоогүй. Яагаад гэвэл би буруу юм хийгээгүй. Тийм учраас актаа тавибал тавиг гэдэг сонголтыг л хийсэн. Яг Европт төлөвшсөн зангаараа л тэрссэн юм билээ.
2013 оны арванхоёрдугаар сард акт тавьж, 2014 оны гуравдугаар сард данс хаасан. Би давхар зээлтэй хүн учраас актаа хувааж төлөх график гаргаж өгч байсан юм. Тэгтэл хуульд тийм зүйл байхгүй, нэг дор 100 хувь төлөх ёстой гэж хандах жишээтэй. Тэр үеэс хойш манай компанийн данс хаагдсан, түүнээс хойш өнөөдрийг хүртэл хэвээр байна.
-Хувцсаа үнэгүй тараадаг нь энэ үед бил үү. Тэгж та нэг мөр олны анхаарлын төвд сайн, муугаар хоногшсон. Нэлээд ширүүн байсан байх шүү?
-Тухайн үед би энэ асуудлыг хэвлэлээр олон ярьсан л даа. Нэртэй, устай нь хэлээд шоронд ч орох шахаж байсан. 2015 онд Өршөөлийн хууль батлагдаад, НӨАТ-ын хуурамч баримтаар луйвар хийдэг байсан нөгөө компаниуд цайрч байгааг хараад би эрхгүй бачимдсан байхгүй юу. 2014 онд дансаа хаалгачхаад нэг жил ямар хүнд хэцүү даван туулав аа. Гэтэл энэ яагаад ч шударга санагдаагүй.
Ингээд хамгийн анх “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгсөн байдаг. Нэртэй устай нь ярьсан. Гэтэл татварынхан “Зууны мэдээ”-г дарамталсан. Сэтгүүлч нь баахан сандарчихсан ярьж байв. Ийм юм сонсоод бүр зэвүү хүрээд сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд хандсан юм. Ингээд “Цензургүй яриа”-нд орж, маш дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Гэтэл миний орсон нэвтрүүлгийг цагт нь гаргаагүй шүү дээ. Хан-Уул дүүргийн Татварын газрын дарга телевиз дээр очоод, “Энэ хэсгийг нь хас, үүнийг гарга” гэж зааварлаж байхыг би өөрийн чихээр сонссон. Телевизээр яг миний нэвтрүүлэг гарах байсан цагаар Л.Эрдэнэчимэг гишүүний ярилцлагыг давтаад гаргачихсан. Харин нэвтрүүлгийн багийнхан адтай, ярилцлагыг маань “Youtube”-д байршуулсан л даа. “Цензургүй яриа”-нд орсон маань тэгж телевизээр биш, “Youtube”-ээр хүмүүст хүрсэн.
Миний төлөвшсөн Польшид татварын алба зөвлөгч маягаар ажилладаг. Учир нь тэд өөрсдөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг учраас ААН-үүддээ зөвлөгөө өгч, алдахаас нь урьдчилан сэргийлж байдаг. Би тэгж л ойлгодог байсан. Гэтэл Монголд ирээд авлигал нэхдэг, айлгаж дарамталдаг байхыг хараад би эвэртэй туулай үзсэн юм шиг цочиж байлаа. Тэгээд хулгайчдадаа зориулж хууль баталж байгааг хараад бүр гайхсан. Ярилцлагын асуудлаар би цагдаад байцаагдаж, нэр хүндэд халдсан гээд Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдах дөхсөн.
Энэ бүхэн чинь тайван ажлаа хийх нь битгий хэл шударга бусын эсрэг тэмцэх сэтгэл зүйг өдөөсөн. Ингээд 2015 оны есдүгээр сард акт тавьсан 170 сая төгрөгт нь дүйцэх хэмжээний бараа, бүтээгдэхүүн үнэгүй тарааж “хашгирсан” л даа. Тэр айхавтар бүүм болсон. Өмнө нь үйлдвэрлэгчээр минь таньдаггүй байсан ч түүнээс хойш нөгөө хашгирч, тэмцэж л байдаг дүрээр намайг тогтоочихсон, би ч өөрөө тэгээд харуулчхаж. “Чингис бонд”-ын мөнгийг тэр чигт нь авчихсан хүүхэн болж хувираад л. Татвар төлөхөөс, зээлээ төлөхөөс зайлсхийлээ гэсэн буруу ухуулга хуурай өвсөнд гал тавихтай адил хурдан тархдаг юм билээ.
Гэхдээ энэ кэйс маань нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд маш том өөрчлөлт ороход нөлөөлсөн юм билээ. Гурван жил яригдаад болоогүй өөрчлөлтийг манай кейс дээр тулгуурлаж, гурав хоногийн дотор баталсныг хэзээ хойно нь мэдсэн л дээ. Тэр үед чичлүүлж байсан ч өнөөдөр маш олон ААН-үүдэд бизнес эрхлэх ээлтэй орчин бүрдэхэд нөлөөлж чадсан нь намайг өег байлгадаг.
Одоо ингээд харахад амжилттай яваа хүмүүс чимээгүй байдаг юм байна л даа. Шаардлагатай бол таван төгрөгийг нь өгөөд зохицож, зохицуулаад явчихдаг ч юм уу. Гэтэл би зохицох биш, “Тийм байх ёстой” гэсэн зарчмыг шаардаж, засахын төлөө асаж ирсэн. Өртэй, хилийн хоригтой, нэг тийм гадуурхагдсан, хүний тооноос хасагдсан юм шиг мэдрэмж их новшийн байхгүй юу.

-70 САЯЫН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ ҮЕДЭЭ ХУУЛЬЧИД ХАНДАХАД "КОМПАНИА ДАМПУУРУУЛЧИХ" ГЭЖ ЗӨВЛӨСӨН-
-Улс төрчдийг шахаж эхэлсэн болохоор бас тэдэнтэй нэр холбогдох болсон?
-2009-2012 он хүртэл үйлдвэрлэлдээ 100 хувь анхаарлаа хандуулдаг байсан. Гэтэл түүнээс хойш дуугарч, тэмцэх нь илүү болж ирсэн. 2015 оны үйл явдлаас хойш ямартай ч монголчууд “Exclusive”-ийг сайнаар ч, муугаар ч мэддэг болж дээ.
Харин улс төрчид ашиглаад хаядаг хүмүүс л юм билээ. Тухайн үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дуудаж уулзсан нь сайн хэрэг боловч надад дахиад л хортой туссан. “Ерөнхий сайдтай уулзаад энэ хүүхэн асуудлаа шийдүүлчихлээ” гэж нийгэм ойлгосон л доо. Бодит байдалд данс хаалттай, татварын акттай хэвээр.
Уг нь татварын өртэй байна гэдэг чинь нүгэл биш шүү дээ. Европт татварын өртэй гэвэл бараг “Тэгээд юу гэж” хэмээж л хандана. Харин данс хаана гэдэг бол Европт мөнгө угаасан, хүний наймаа эрхэлсэн зэрэг ноцтой кэйсүүд дээр яригддаг. Гэтэл Монголд татварын өртэйн улмаас нь ААН-ийнхээ дансын хааж, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгодог нь бүр гайхмаар. Тэгээд хилийн хориг тавина. Монголоос гарахгүй бол яаж хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм бэ. Гадаадаас бэлэн бараа оруулж ирээд, ашгаа нэмээд зарж буйгаас үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг асар ялгаатай, асар их үнэ цэнтэй шүү дээ.
Яг “Чингис” бондын асуудал яригдаж байхад Н.Алтанхуягийн хүн болсон. Хамгаалалтын цагаан хувцас үйлдвэрлэхэд хамгийн анхны худалдан авалтыг Ерөнхийлөгч хийснээс хойш Х.Баттулгын хүн гэгддэг болчхоод л явж байна. Уг нь цар тахлын тэр цаг үед хамгаалалтын хувцсыг монголчууд өөрсдөө хийдэг болж буйг хамгийн түрүүнд мэдэрсэн нь сайшаалтай баймаар.
-Одоо тэр 170 саяын татварын акт төлөгдсөн үү?
-Төлж явсаар 70-аад сая төгрөг үлдсэн байгаа. Тухайн үед хуульчаас зөвлөгөө авахад, “Компаниа дампууруулчих” гэж байсан гээд бод доо. Татварын өртэй бол компани нь дампуурахад шууд цайрдаг юм байна л даа. Бас л нэг хуулийн цоорхой. Дампуурал бүрийн цаана улсад хэчнээн төгрөгийн алдагдал үүсэх вэ. Би хэчнээн өртэй ч компаниа дампууруулахыг хүсээгүй. Тэгэх бүрэн боломж байсан. Гэхдээ би төлөх ёстой мөнгөө төлөөд, эсрэгээрээ шилдэг татвар төлөгч болж, жишиг болж харагдахын төлөө хичээсэн.
-Одоо ч гэсэн хувь дансууд хүртэл хаалттай байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм, аягүй өрөвдмөөр. Өнөөдөр би талийгаач нөхрийнхөө дансыг хаалгаагүй, ашиглаад явж байна, гашуун үнэн.
-Энэ бүхний эцэст үйлдвэрээ зарахаар шийджээ. Үйлдвэрийн байраа тоног төхөөрөмж, бараа материалтай нь худалдана гэж ойлгосон, зөв үү?
-Тэгнэ. Энэ хоёр давхар үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж бүхнээ зарахад ямар ч байсан өргүй болчихно. Гэхдээ би Голомт банканд маш их талархаж явдаг. Анхнаасаа үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн миний зорилгыг тэд дэмжсэн. 2016 онд анх санхүүгийн сахилга бат алдсан асуудлаар шүүхэд очсон. Би маргаан үүсгээгүй. Авсан нь үнэн. “Төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөө өгнө” гэдэг гэрээг би өөрөө хийсэн нь үнэн. Тийм учраас анхан шатны шүүхээр л өрөө төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Хамгийн сайхан нь, Голомт банк намайг “Та манай хамгийн сайн үйлчлүүлэгч” гэж хэлсэн шүү. “Би сайн үйлчлүүлэгч байж чадаагүй ээ. Би зээлээ төлөх ёстой цагт нь төлөөгүй. Төлсөөр байгаад багасаж байгаа ч санасанд минь хүрээгүй” гэж би хариулсан. Үйлдвэрлэл хөгжүүлэх гэж яаж зүтгэж байгааг минь харж байгаа учраас өнөөдрийг хүртэл надад боломж олгож ирсэн.
-Уг нь хэдэн онд төлж дуусах хуваарьтай байсан юм бэ?
-2018 онд төлж дуусах байсан. Татварын актын улмаас данс хаагдаад л эргэн төлөлт доголдож эхэлсэн. Нэгэнт энэ бүхэн миний шийдвэр учраас банканд буруу өгч болохгүй. Өнөөдөр Голомт банкнаас утастаад “Дараагийн үйлдвэрлэл явуулах хүмүүсийг тань дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байна” гэж хэлж байх жишээтэй. Үүнээс би их урам авч байгаа. Цаг хугацаандаа зээлээ төлж чадаагүй ч ийм урмаар тэжээгдсэндээ баяртай л байна.
-Үйлдвэрээ худалдах тухайгаа та өнгөрсөн амралтын өдрүүдэд зарласан. Энэ өдрүүдэд хүмүүс хандсан уу?
-Эхнээсээ үзэж, сонирхож л байна. Энэ бол автомашин худалдаж байгаатай ч юм уу адил зүйл биш л дээ. Яах вэ, үйлдвэрлэлийн үнэлэмж, үнэ цэн үгүй болсон цаг. Сайн хүнд нь би өгнө. Харин дараа нь би ямар дүрээр, яаж ирэхээ сайн мэдэхгүй байна. Таашгүй юм даа. Гэхдээ хэлж, шүүмжилснээр юм хөгждөггүй юм байна.
-Том нөлөөлөл бий болгож чадаагүй гэж үү?
-Нөлөөлөл бол байсаан. Гэхдээ тогтолцоог засахын тулд төрийн бодлого л хэрэгтэй юм байна. 2009 онд “Exclusive” үүсгэн байгуулагдаж байхад Монголд хэдэн брэнд байлаа, өнөөдөр хэд боллоо. Залууст энэ итгэл үнэмшлийг өгч чадсан нь миний хожил.

-ХҮЧИН МӨХӨСТӨЖ, ТОЛГОЙ ГУДАЙХ ҮЕ ЯГ ОДОО ТОХИОЛДЛОО-
-Таны охин өөрөө хувцасны дизайн гаргаж, урлаж байгааг харахад баярлах сэтгэл төрж байлаа. Таны өөрчлөгдөхөд нь хувь нэмрээ оруулсан таатай орчинд охин нь энэ салбарт бизнес хийгээд явахыг харах сайхан байх болов уу.
-/Инээв, Сурв/. Би хүүхдүүдийнхээ сонголтыг тулгахгүй ээ. Бидний ээж, аав өөрсдийнхөө хийж чадаагүй зүйлийг биднээр хийлгэхийг хүсдэг байсан. Би тэгэхгүй.
Ямар ч байсан энэ хугацаанд миний тэмцлийн дүнд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хоёрт, Монгол Улс маань хамгаалалтын цагаан хувцас үйлдвэрлэх стандартгүй явж ирсэн бол “Exclusive” энэ стандартыг анх батлуулсан. Ийм хоёр бодит өөрчлөлт авчирсандаа баяртай байна.
Магадгүй бууж өгч байгаа мэт боловч өөрийн эрхгүй хүчин мөхөстөж, толгой гудайх үе байдаг л юм байна. Яг тэр үе нь одоо тохиолдлоо. Ямар ч байсан хүн эрүүл, амьд байх ёстой гэдгийг л маш сайн ойлголоо. Бид хүнийг амьдад нь л хайрлах ёстой юм байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайчин шүү
Дэлгүүрт н орж юм авж өмсий гээд орход өдөр тутам өмсчих хувцас үнэндээ олдоогүй ,дандаа эмэгтэй сонин2 хувцас байсан.магадгүй би загвар ойлгохгүй хүн байж магадгүй ээ
Мундаг эмэгтэй. Сайн ч тэслээ2. Бхархаж байна. Түр амасхийх цаг нь болсон
Мааяа эгч минь мундаг байлаа. Одоо түр амасхий
Уг нь их тэмцсэндээ. Дайчин бүсгүй шүү
Битгий шантар,бүү бууж өг хэзээ нэгэн өдөр үнэнд гүйцэгдэж ялах өдөр ирнэээ......
Uruu tulj ylsaa hohirolgyi bolgoid 50 nas 60 nastani egneend tabtai moril tegd zaigaa tabij bj ystana da hu
Бдл өгөө энхийн цагаан тагтаа больчихжээ бас. Сайханбилэгын засгийн газрын үед төрөөс хөнгөлөлттэй зээл авчихаад буцаагаад төлдөггүй б�##�иар авгай. Тэр зээлийг төлөхгүй гэж элдэв ПИ АР хийгээд явдаг зээлээ төл м�##�аа.
Төр засаг үндэсний үйлдвэр хөгжүүлэх, шудрага хандлага шүүмжлэл, улс орны эрх ашиг, хөдөлмөр зүтгэлийн үнэлэмж, зэргийг анхаарч авч үзээгүйгээр ядуухан явцуу үзэл бодол хээл хахуулд шунасан хүмүүсийн гай уршигаар энэ бүсгүй ийм байд�##�д хүрчээ. Ийм байхаар үнэсний үйлдвэр яаж хөгжих вэдээ! Хөөрхий бүсгүйн урамыг ч хуг�##�аад ууцыг нь ч хуг�##�аад хаячихлаа даа. Улс төрчид эрх баригчидад ур ухаан мэдрэмж мэдлэг чадвар ухамсар хайрлах болтугай!
zeelee tul
Тэр НӨАТ зардаг бол яг үнэн байдаг байсан зүйл, өршөөлийн хууль гэж заваан юмаар хичнээн компани хичнээн сая, тэрбумын нуусан орлогоо ил болгож өршөөгдөж өнгөрсөн. Тэгээд хохирсон аан-үүдийг адилхан өршөөлд хамруулахгүй... Үнэхээр шударга бус байна
шудрага, дайчин бүсгүй. Чамаар бахархаж байдаг шүү, битгий бууж өгөөрэй. Ийм хүмүүс олон болвол Монголын нийгэм жааханч болтугай цэвэршинэ, бид хөгжинө.
за бараг зарсан дээрдэээ нам дагасан өлөн хулгаачуууд заав�##� авилга авч байжл ажилаа хиидэг л�##�руудшдэээ үйлдвэрээ зархад одоо хэд дахин илүү үнээр зарна хамаагүй ашигтай чинии үйлдвэрлсэн цамц жинсэн өмдиииг монголчууд авч дэмжсэнүүүү м�##�уудааа бүү том том хуц
Хурдан эдгээрэй амжилт хүсье.
mundag bvsgvi baharhaj bna ard tvmnee tatvarar daramtaldag ni vnen shvv
Их шунасныхаа горыг амсаж дээ. Нүгэл нүдээрээ. Хамга�##��##�тын нэг удаагийн хувцсыг 49000-р төрд шахсан шүү дэа. Өвчин зовлонгоор бизнес хийж, өр зээлээр ашиг олж яваа бузар эм.
Толгой нудайж болохгүй, ямагт өөдрөг бай, Ийм нийгэм г бид хүсээгүй
том том хуцсан л�##�рууд нэгч түц нээж нам дагасан өлөнгүүдиин дарамт амсаж үзээгүй шээсүүдл хохин гэж хэлэндэээ ер нь монголд нам нам дагасан �######� цүнх долоогч пялдагауудл хагатлаа баяждаг иргэдиин боломжиииг энэ шүлжээнүүдл хулга�##�ж бүүр сүүлдэээ ждү банкниии доллорииг хүртэл зээл нэрэээр дээрэмдчихлэээ �##�тан дээр суусан өлөн гуйлгачингууд боллооооо том том ярьсан м�##�уудааа
За яахав.1ха�##�га хаагдахад илүү сайхан өөр 1 ха�##�га нээгддэг жамтай.Хамгийн гол нь эрүүл энх жаргаж амьдраарай.Амжилт
Битгий нугарч шантраасай . Түрхэн зуур зогсоод, тайвшраад, тэгээд ... тэгээд... Чадна гэж итгэж, бас хүсч байна. ???? Хүчтэй байна гэдэг хэзээ ч нугарахгүй байхыг хэлдэггүй, нугарсан газраасаа өндийхийг хэлдэг гэж боддог.
Iim tom baylag bvteej chadsan hvn dondogma hvvheldeishig yaj ch tvlhej unagasan butsaad bosod irne biye sn emchlvled uur salbart ergen irelt hiigerei ta chadna baharhadagshv
Mundag eruul l baigaarai busad ni ayndaa bolno do????????????????
Энэ хүн зүгээр ажлаа хийгээд явахгүй хажуугаар нь од ,улс төрч, болох өөрийгөө борлуулчих гээд олон юмруу самгардаад ингэчлээ
Ер нь зүгээр ээлжит өөр дээрээ г�##� дуудаж попрох хаврын синдром байхөө ккк
Монголын үндэсний үйлдвэрлэгчид бол зүгээр л шулаачид олигтой юм хийхгүй байж үнэ нь тэнгэр хадчихсан
Үндэсний үйлдвэрлэл монголд хөгжихгүй ээ
Зүгээр л аятайхан юм импортлосон нь дээр
ЭНЭ ЭМГЭН ҮНЭН ЗАЛЬТАЙ ҮНЭН ШОРОН ЗАНТАЙ ЛУЙВАРЧИН ЮМАА.ТЭР ИХ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ГАДААД РУУ ЗУГТАХ ГЭЭД ХОРИГТ ОРСОН ,ОДОО ӨВЧИНИЙГ СОНГОЖ БАЙНА ШҮҮДЭЭ ЯАГААД ИЙМ МУУХАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЗАНТАЙ БАЙДАГ ЮМ БЭ? ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨ ЗАЛЬТАЙ АВГАЙ.ШАЛ ХУДЛАА ЖАШСААЛ ЦУГЛААН ЭНЭ ТЭР ДЭЭР ХЭДЭН ОЁСОН ЮМ ГАРГАЖ ШОУДЧААД БУСАД ҮЕД ШАЛ ХУДЛАА.ЭНЭ АВГАЙ ОРОЛЦОХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ 50-60 оныхон ҮХЭЖ ДАЛД ОР ГЭЭД БАЙСАН ОДОО БҮҮР 70-80 оныхон үхэж д�##�д орвол гээд ХуЦАЖ БАЙГАА АВГАЙ ШҮҮДЭЭ.ӨӨРӨӨ БАХ МЭЛХИЙ ШИГ БУЗАР МУУХАЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЗАНТАЙ ЧӨТГӨР ШУЛМИУС ЭНЭНЭЭС АВСАН ЮМ ХҮН ӨЛЗИЙГИЙГӨӨ ӨГӨХГҮЙЭЭ ХЭН БҮҮ АВААРАЙ .50-60 ОНЫХОН ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ ГЭД ХУЦААД БАЙЛУУ ГЭХДЭЭ ЧИ ХУДЛАА ЧИ БОЛ ХУДАЛЧ ШУЛМАС 50-60,70-80 ОНЫХОН ҮХСЭНИЙ ДАРАА Л ҮХ
Хэдхэн хүнд үйлчилдэг Монголын засагын үнэн дүр харагдаж л байна татвар ,мэргэжилийн хян�##�т, нийгэмийн даатг�##�ын гээд ёстой хүн хогоор дүүрсэн газар гэдэг нь үнэн.Гүйэ тэр тэтгэвэрээ тогтоолгох гэж байгаа хүмүүсийг ямар аймаар чирэгдүүлдэг гээч би өөрийн биеээр туулаж мэдсэн нийгэмийн даатг�##�ын авилагч нарыг.Миний тэтгэврийг буруу тогтоосон .Яг энэ эмэгтэйн ярьж байгаа шиг авилага өгөх үү эсвэл бага тогтоолгох уу гэж байсан шүү новшийн юмнууд нэгэн цагт шүүгдэж хүн хохироож байсан төлөөсөө төлөх цаг ирдэг л юм тэдгээр авилагч хулгайч шимэгчидэд .Өөдгүй хүмүүс өөдгүй үйлдэлээ болоод байна гэж андуураад л байдаг тэгж явсаар байгаад нэг л өдөр унадаг .Майцэцэгийн ярьж байгаа нь үнэн .Майцэцэг унаагүй Майцэцэгийн босгосон бэлэн үйлдвэрийг авах гэсэн дайрлага явж байгаа байх тэгээд л данс энэ тэрийг нь хааж хавчиж байгаа биз .Хүний хөдөлмөрийг хулгайлаж шимэгчилээд хол явахгүй л дээ .
Энэ худ�##�ч хулгайч авгайд оролцохгүй юм гэж бхгүй юмаа.Юун бренд бэ? Дэлгүүрээс нь авах юм юу ч бхгүй муруй саруй оёсон хогийн юм бдаг юм бна лээ.Улс төр дагаж Чингис бондоос зээл авчихаад т�##�ыг нь хэнд өгсөнөө хэлэх цаг нь болсон юм биш үү.Гомдолж ярихын оронд мөнгө өгсөн улс төрчөө хэлээч.Өртэй болгоны дансыг хаадаггүй юм май авгай худлаа ярьж бна. Манай компани өртэй бага багаар төлөөд зүгээр л бна.Худлаа төрийн �##�ба руу дайрахын оронд өөртэй дүгнэлт хий энхийн цагаан тагтаа шиг юм ярихаа боль тэнэг хүнийг хуурч бгаа юм шиг л юм ярих юм.Эрүүл мэндээ болон мэдрэлээ эрүүл бна гэж ш�##�гуул Май авгай минь:
Мундаг эмэгтэй юм даа. Төлөвшөөгүй нийгэм, таагүй эрсдэлтэй орчинд үйлдвэр эрхэлж болдгийг яруу тодоор харуулж чадсан баатарлаг эмэгтэй.