Нийгмийн

“Voice”-ын оролцогч Д.Бямбасүрэн: Тайзан дээр гарахад доторх “араатан” минь сэрдэг

Үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уяж” буй “The voice of Mongolia” шоуны содон “өнгө”-үүдийн нэг нь Д.Бямбасүрэн. “Хурд”-ын Д.Отгонбаярын багийн гишүүн тэрбээр эхний шатанд даруухан гэгч нь гарч ирээд Ники Минажийн “Chun Li” дууг дуулсан нь ёстой бут авсан, шуугиулсан. Ники Минажаас ч илүү дууллаа гэж түүнийг үнэлэх хүн цөөнгүй. ЦЕГ-ын “Сүлд” чуулгад цохивор хөгжимчнөөр ажилладаг, мэргэжлийн артист болох зорилго тээн яваа Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

Д.БЯМБАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ

Дармаабазарын Бямбасүрэн 1997 оны хоёрдугаар сарын 22-нд Завхан аймгийн Улиастай хотод төрж, өссөн. Эхээс дөрвүүлээ, айлын отгон. СУИС-ийг цохивор хөгжимчин мэргэжлээр сурч, төгссөн. Одоо ЦЕГ-ын “Сүлд” чуулгад цохивор хөгжимчнөөр ажилладаг. Цагдаагийн дэд ахлагч цолтой.  

Фэйсбүүк хаяг: Бямбака Дармаа

Инстаграмм хаяг: byambaaka.d

YouTube хуудас: Byambasuren.D

ТАЙЗАН ДЭЭР ГАРАХААР АЙДАСГҮЙ, ӨӨРИЙНХӨӨРӨӨ, ЧӨЛӨӨТЭЙ БОЛЧИХДОГ

-Энэ удаагийн шоуны содон оролцогчдын нэг нь, Та. “Voice”-д оролцох шийдвэрийг хэрхэн гаргав. Удаан төлөвлөж байгаад оролцсон уу. Хэн нэгний зөвлөснөөр гэнэт шийдсэн үү?

-Би “Voice” шоуны топ фэн, үнэнч үзэгч. Ажлаа яаж ийж зохицуулж байгаад “Voice”-ын дугаар бүрийг алгасалгүй үзсээр ирсэн. “Оролцох юм сан” гэж үнэхээр их хүсэж, зорьж байгаад энэ удаа өрсөлдлөө, өөрийгөө сорьлоо.

Энэ шоунд маш амжилттай оролцсондоо баяртай байна.

-Тайзан дээр анх гарахад ямар мэдрэмж төрсөн бэ. “Шүүгч нар эргэж харахгүй байх вий” гэх айдас хэр байв?

-Тийм айдас байгаагүй. Учир нь тайзан дээр гарахад миний доторх “араатан” сэрдэг. Юунаас ч айхгүй, өөрийнхөөрөө, чөлөөтэй болчихдог. Эхлээд Ука шүүгч, Наранзун шүүгч хоёр эргэж харахад тайвшран, “Үзэгчдийг улам доргиосон, чөлөөтэй, гоё үзүүлбэр үзүүлье” гэж бодлоо.

ӨӨРИЙН ХЭВ МАЯГ, ДОТООД ЕРТӨНЦИЙГ “CHUN LI”-Д ШИНГЭЭЖ ДУУЛАХЫГ ХИЧЭЭЛЭЭ

-Эхний шатанд Ники Минажийн “Chun li” дууг дуулсан нь олны сонирхлыг ихэд татсан, шуугиулсан. Хэр удаан бэлдсэн бэ?

-Шоунд оролцохоор бүртгүүлэхээсээ өмнө сонсдог байсан. “Voice”-ын тайзан дээр дуулах зорилгоор сурсан.

-Ямар ч дууг дуулахдаа яг өөрийн болгож, өөрийн гэсэн хэв маягийг оруулахгүй бол олонд хүрэхгүй. “Chun li”-г дуулахдаа Д.Бямбасүрэнгийн өнгө аяс, хэв маягийг хэрхэн шингээе гэж зорив?

-Ники Минаж дэлхийд алдартай дуучин. Ийм алдартай уран бүтээлчийн хит дууг коверлосон олон хувилбар бий. Тэднээс би яаж ялгарах вэ, Бямбакагийн хэв маяг, дотоод ертөнц, онцлогийг хэрхэн гаргах вэ гэдэг дээр нэлээд анхаарлаа. “Chun Li” яг л миний уран бүтээл юм шиг өөрийн болгож дуулахыг хичээлээ.

ХИП ХОП ДУУ ДУУЛНА ГЭЖ ТААМАГЛАХААРГҮЙ ХУВЦАСЛАЯ ГЭЖ ЗОРЬСОН

-Тайзан дээр анх гарахдаа та их даруухан харагдсан юм шиг байна лээ. Хип хоп дуу дуулна гэж таамагласан хүн хуруу дарам. Үүнийг анзаарсан уу?

-Анзааралгүй яах вэ. Хэн нэгэн намайг гаднаас нь хараад хип хоп дуу дуулна гэж харахааргүй, таамаглахааргүй хувцаслая гэдэг зорилгыг би бараг өөртөө тавьсан. Учир нь, яагаад реппер хүн энгийн хувцастай, энгийн нүдний шилтэй байж болохгүй гэж. Яагаад даруухан, эмэгтэйлэг, оффислог байж болохгүй гэж. Намайг нээрэн хүмүүс “Оффисын ажилтан, нарийн бичгийн дарга шиг харагдаж байснаа бут авлаа” гэсэн сэтгэгдэл их хэлсэн. Бусдад ингэж харагдсан, ийм стайл бүрдүүлсэн нь надад магадгүй давуу тал боллоо.

-Оролцох, түрүүлэхийн аль нь танд илүү чухал байсан бэ?

-Мэдээж оролцох чухал байсан. “Өөрийгөө сорьё, үзэгчдэд дуу хоолойгоо хүргэе” гэж би зорьсон. “Voice” шоу миний мөрөөдлийн, амжилтын гүүр боллоо. Зорьсноо хоёр, гурван шатаар ахиулсандаа сэтгэл хангалуун байна.

-Хэдийгээр танд оролцох чухал байсан ч “Blind ausition”, “Battle” шатанд тэнцсэний дараа түрүүлэх талаар бодогдох юм уу?

-Тэмцээн, уралдаан л болсон хойно хүн хортой, шартай. Эхний хоёр шатанд тэнцсэний дараа түрүүлэх талаар бодолгүй яах вэ.

“UP”-ИЙГ САНАСАНДАА ХҮРТЭЛ ДУУЛСАН БОЛОХООР ХАСАГДСАНДАА ХАРАМСАХГҮЙ БАЙНА

-“Knock out” шатанд танай багаас эхлээд Даваадалайг тэнцүүлсэн. Хагас финалд өрсөлдөх эрх авсан дараагийн хүн нь та өөрөө байгаасай гэх итгэл хэр байв. Өөр оролцогчийн нэрийг зарлахад гонсоймоор санагдсан уу?

-Хагас финалд шалгарах эрх авсан хоёр дахь оролцогчийн нэрийг зарлахын өмнө би өөртөө итгэлтэй байсан. Учир нь “Curdi B”-гийн “Up” дууг өөрийнхөө түвшинд хангалттай дуулсан болохоор сэтгэл хангалуун байна.

Манай “Дайчид” баг үнэхээр шилдэг. Мундаг, хүчирхэг хоолойтой олон гишүүнтэй. “Knock out” шатандхасагдсан гээд надад харамсах зүйл огт байхгүй. Тэмцээн л болсон хойно нэг нь ялж, нөгөө нь ялагддаг. А.Уянга оролцогч дараагийн шатанд шалгарсанд баяртай байна. Амжилт хүсье, цаашид ч тултал нь дэмжинэ ээ. “Up” дууг санасандаа хүртэл дуулсан болохоор хасагдсан ч харамсахгүй байна.

Удахгүй “Voice”-оос том тайзан дээр уулзъя. Амласандаа Бямбака нь заавал хүрнэ ээ.

-Өмнө нь ямар нэгэн шоу, тэмцээнд оролцож байсан уу?

-Ёстой оролцож байгаагүй. Анхны шоу. Гэр бүлийнхэн, найз нөхөддөө зориулаад дуулах хэмжээнд л байсан. Одоо ингээд бодоход, миний анхны тайз бол манай ахын хурим. “Ice top”-ын “Уйлах эрхгүй хайр”-ыг дуулсны дараа хуриманд ирсэн хүмүүс баяр хүргэн, алга ташилтаараа дахиулах хүсэлтэйгээ илэрхийлэхэд нь үнэхээр их урамшсан.

-Та мэргэжлийн цохивор хөгжимчин. Аяа мэдэрдэг, сонсгол сайтай нь танд давуу тал болдог уу?

-Тэгдэг. Хэмнэл ихтэй, ритмтэй дуу дуулахыг илүүд үздэг. Гурав дахь шатны үзүүлбэртээ цохивор хөгжим тоглон, хөөмийг оролцууллаа. Дөнгөж сурч байгаа болохоор хангалттай хэмжээнд хөөмийлж чадаагүй. Цаашид улам сайн сурч, төгс үзүүлбэр үзүүлэхийн төлөө хичээнэ.

-Караокед ч юм уу энгийн үед ямар төрлийн дуу дуулах дуртай вэ?

-Ихэвчлэн хип хоп дуу дуулдаг. Энгийн үед ч уянгын дуу нэг их дуулдаггүй. Хурдан хэмнэлтэй дуу надад таалагддаг.

СҮҮЛИЙН ҮЕД ГАЛТЫН “WANLI” ДУУ НАДАД ИХ ТААЛАГДАЖ БАЙГАА

-Хамгийн дуулах дуртай дуу тань аль бол?

-Сүүлийн үед реппер Галтын “Wanli” дуу надад их таалагдаж байгаа. Монгол ардын дууг, хип хоп урлагтай хослуулсан нь их сонирхолтой.

Би цагдаагийн дэд ахлагч цолтой. Цагдаагийн албан хаагчдыг урлагаар соён гэгээрүүлэх нь миний үүрэг. Юуны төлөө ЦЕГ-ын “Сүлд” чуулгад ажиллаж байгаа билээ. Цагдаагийн албан хаагчдад зориулж уран бүтээл хийхийг хүсдэг.

Мэдээж мөн зөвхөн цагдаагийн тухай бус бүхий л сэдвээр дуу хийхийг зорилгүй яах вэ.

-Найз залуутай юу?

-Ганц бие. Мөрөөдөлдөө хүрсэн цагтаа энэ талаар бодож үзнэ ээ.

-Voice”-д оролцохын өмнөх Бямбасүрэн, одоогийн Бямбасүрэн хоёр хэр ялгаатай вэ. Энэ шоунд өрсөлдсөнөөр та өөрийгөө хэрхэн хөгжүүлэв?

-Гоё асуулт байна. Өнгөрсөн жил би нэлээд махлаг байсан. “Voice” шоунд оролцохын тулд эрүүл мэнд, бие галбиртаа анхаарсны өгөөжөөр зорьсон үр дүндээ хүрээд байгаа. Өөрийгөө ялж, өөрчилж чадсан. Одоо ингээд ярилцлага өгөөд сууж байгаа минь өөрийгөө илэрхийлэх, нээх боломжийг олгож байна. “Voice” надад маш олон эерэг зүйлийг өгсөнд, энэ шоугаар дамжуулж өөрийгөө хөгжүүлж чадсандаа олзуурхаж байна.

ЦОХИВОР ХӨГЖМИЙГ ХИП ХОП УРЛАГТАЙ ХОСЛУУЛСАН УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

-Цаашид үндсэн мэргэжлээрээ “Сүлд” чуулгадаа ажиллах уу. Урлаг, ажил хоёроо хослуулаад явах уу?

-Мэргэжлээ, ажлаа орхихгүй. Аль алиныг нь хослуулаад явна. Хип хоп урлаг дотроо олон урсгалтай. Аль болох шинэлэг уран бүтээл хийхийг хүсэж байна. Миний зорилго бол артист болох.

Ямар нэгэн хэлбэрт баригдахгүй, хөрвөх чадвартай уран бүтээлч болох чин хүсэлтэй. Хөгжмийн урлагаа хэзээ орхихгүй. Цохивор хөгжмийг хип хоп урлагтай хослуулсан уран бүтээл хийж яагаад болохгүй гэж.

-Яг тийм уран бүтээл хийх бодол бий юү?

-Байгаа. Энэ талаар “Voice” шоунд оролцсон цагаасаа хойш бодож байна. Амттай талхны булангаас нь амсуулахад дахиад идмээр санагддаг даа. Яг үүн шиг миний дууг хүлээж байгаа хүмүүст күүл уран бүтээлээр бэлэг барихыг хүсэж байна. Бямбака нь тун удахгүй “come back” хийнэ ээ.

Ойрын хугацаанд уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа. Гуравдугаар шатны шалгаруулалтын дараа өөртөө маш том зорилго тавьсан.

-Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн удахгүй болно. Та очих уу?

-Би төрд тангараг өргөсөн алба хаагч. Жил бүр болдог Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд очих нь бидний үүрэг. Жагсаалын үзүүлэх тоглолтод маршийн бөмбөр цохино. Өнөөдөр (уржигдар) Өмнөговь аймаг руу явна.

Намайг дэмжиж буй үзэгчиддээ, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын хамт олондоо, дотоодын цэргийн алба хаагчиддаа, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Бямбака нь та бүхний дэмжлэг, итгэлийг алдахгүй, ачийг нь чанартай олон, олон уран бүтээлээр хариулахын төлөө хичээнэ ээ.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-27 08:31

Мундаг байсан шүү амжилт

Зочин
Зочин
2022-04-27 08:32

Yostoi soliotoi bsn araatan mini hehe

Зочин
Зочин
2022-04-27 08:39

НАДТАЙ ҮЕРХЭЭЧ БИ ГЭР ХОРООЛЛЫН БАНХАР Ч ГЭСЭН УРЛАГИЙГ ОЙЛГОДОГ ДЭМЖДЭГ ЮМ.ЧАМАЙГАА АНГНААСАА ДЭМЖСЭН ХАЙРТАЙ ШҮҮ ХАЙРАА УЙЛАХ ЭРХГҮЙ ХАЙР ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ ЛЯ ЛЯ ЛЯ ХАЙРАА

Зочин
Зочин
2022-04-27 09:37

iluu ih amjilt husey duugaa bitgii bolioroi goy duuldag shuu

Зочин
Зочин
2022-04-27 09:47

Bas l hutsah ymaa yu yriad colirood bga ym be yu yrj bgaiga medehgvi bha ene zlul

zochin
zochin
2022-04-27 18:22

Араатан чинь доод ертөнцийн сүнс хар энерги юм үзүүл

Холбоотой мэдээ

Back to top button