Нийгмийн

Сумынхаа сургуулийн коридорт үзэсгэлэн гаргасан сурагч А.Гантөмөр: Би дэлхийд алдартай зураач болно

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын арван жилийн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Гантөмөр сургууль дээрээ “1000 цагийн бүтээлүүд” үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд А.Гантөмөрийн харандаан хөрөг, уран зургаас бүрдсэн дал гаруй бүтээл тавигдсан байна. Үнэ төлбөргүй, нээлттэй эл үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

-Өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач?

-Намайг А.Гантөмөр гэдэг. 16 настай. Аав, ээж, ах, дүүтэйгээ ам бүл тавуулаа. Аав, ээж хоёр маань малчин хүмүүс. Сумын төвөөс 20 гаруй км-ийн зайтай амьдардаг. Ах дулааны инженер  мэргэжилтэй. Би сумын төвд дүүтэйгээ хамт амьдарч, хичээлдээ явдаг. Сургуулиа төгсөөд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид орохоор шийдсэн. Сургуулийхаа жижигхэн зайд өөрийнхөө анхны зургуудаар анх удаа үзэсгэлэн гаргаад байгаа.

-Хэдийнээс зурж эхлэв?

-Бага, дунд ангид байхдаа хааяа анимэ зураг зурдаг байсан. Тэгж явж байгаад 2020 оны 10 дугаар сараас тасралтгүй зурж эхэлсэн. Харандаан хөрөг зургийн төрлөөр бараг өдөр болгон 2- 3 цагийг зурж өнгөрүүлдэг. Саяхнаас байгалийн уран зураг, шог зургийн төрлөөр зурж эхэлсэн.

- Энэ зургууд бүгд танай сумын хүмүүсийн хөрөг үү?

- Хөрөг олны танил хүмүүсийг зургийг зурсан. Цөөн  хувь зураг нь л манай хамаатны хүмүүс болон миний найзуудын хөрөг зураг. Сумын хүмүүс захиалгаар зураг зуруулдаг.

-Үнэ ханш тогтоож зурж өгдөг үү. Үзэсгэлэнгийн зургаасаа зарах уу?

-Үнэхээр сонирхоод худалдаж авахыг хүссэн хүн байвал 5-10 мянган төгрөгөөр зарна.  Одоогоор зураг зарагдаагүй байгаа. Захиалж зуруулж байгаа хүмүүст бас л 5-10 мянган төгрөгөөр үнэлж зурж өгдөг. Олсон орлогоороо зургийн хэрэгсэл авч, цаашдынхаа уран бүтээлд зориулна.

- Гэр бүл нь сайн дэмждэг үү? Үзэсгэлэн гаргах санаа хэрхэн төрсөн бэ?

- Гэр бүлийнхэн надад байнга тусалж дэмжээд байж чаддаггүй ч хэрэгтэй үед заавал туслахыг хичээдэг. Үзэсгэлэнгийн тухайд богино хугацаанд маш эрчимтэй олон зураг зурсан учраас энэ бүхнээ бусадтай хуваалцья гэж бодсон. Зурагзүйн багш маань болон сургуулийн хамт олон дэмжсэн. Энэ ташрамд намайг дэмжиж, тусладаг хайртай, дотны бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

-Гэр бүлд нь зурдаг хүн байна уу?

- Манай гэрээс ах бид хоёр зурах дуртай. Аав зураг зураад суудаггүй ч гарын их дүйтэй хүн бий. Ах над шиг харандаан хөрөг гоё зурдаг.

-Чиний мөрөөдөл юу вэ?

- Би өөртөө их том зорилго тавьсан байгаа. Ирээдүйд дэлхийд нэртэй зураач болно гэж мөрөөддөг. Хүмүүс мэргэжлээ сонгосон уу гэж асуухад хариуд нь би дэлхийд алдартай зураач болно гэж хэлдэг. Зурагаа зураад суухад хэчнээн ч цаг өнгөрсөн би ядардаггүй, жаргалтай байгаагаар мэдэрдэг. Тийм болохоор би зургийн урлагт амьдралаа зориулна гэж боддог.

-Сумынхаа тухай яриач?

- Хөвсгөл аймгийн Баянзүрх сум бол үзэсгэлэнтэй байгальтай. Хойд хэсгээрээ Лам тайга, Улаан тайга гээд онгон дагшин газруудтай залгаа оршино. Мөрөнгийн гол манай сумын хажуугаар урсдаг. Өндөр уул, өтгөн ой модтой тал газар багатай, сайхан хангай нутаг байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-04-30 13:57

Баяр хүргэе. Ямар мундаг хүү вэ? Зорьсон зам нь шулун дардан байх болтугай.

zochin
zochin
2022-04-30 16:03

saixan zurdag xuu baina zaxialga egch zurag zuruulax yumsan

Irgen
Irgen
2022-05-01 07:19

Mundag huu bna. Bayar hurgeye. Husel moroodol ni biyeleh boltugai.

Холбоотой мэдээ

Back to top button