Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр дууссан жюү жицүгийн “Condition cup” тэмцээнд зургаа, долоон настнууд өрсөлдсөн нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татлаа. Ялахын төлөө хортой, шартай, адтай, эгдүүтэй нь аргагүй хүч сорьсон нь тун ч өхөөрдөм байлаа. Зарим нь анаж, анаж байгаад санасан мэхээ шийдэмгий хийн ялчихаад бөөн баяр аав, ээж рүүгээ гүйнэ.

Хэдийгээр нас нь балчир ч жюү жицүгийн овоо дөр сууж, багагүй мэх, техник сурсныг нь илтгэнэ. Үүний сацуу зарим нь ялагдсандаа уйлна. Ялагдсан нэгнийгээ тойрч сууж байгаад аргадаж буй нь цаанаа нэг өхөөрдөм. “Condition cup” тэмцээний хөвгүүдийн 6-7 насны ангилалд түрүүлсэн А.Очир-Эрдэнэтэй ярилцлаа. Долоон настай тэрбээр тэмцээнд анх удаа өрсөлдөхдөө алтан медаль хүртсэн адтай тамирчин.
ААВ, ЭЭЖ, АХ ГУРАВ МААНЬ ИРЖ ДЭМЖСЭН БОЛОХООР БҮР ГОЁ БАЙНА

-Тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргэе. Гоё байна уу?
-Баярлалаа. Гоё байна аа. Өнөөдөр намайг дэмжихээр аав, ээж, ах гурав маань ирсэн болохоор бүр гоё байна.
-Тэмцээнд анх удаа оролцохоор дэвжээнд гарахдаа сандарсан уу?
-Сандраагүй. Өрсөлдөгчдөө ялагдах вий гэж айгаагүй. “Ялна, би чадна” гэж бодоод л өрсөлдсөн. Би гурван хүүхэдтэй барилдсан.
-“Очир-Эрдэнэ түрүүллээ” гээд зарлахад юу бодогдсон бэ?

-Гоё санагдсан. “Дахиад тэмцээнд оролцоно” гэж бодогдсон.
-Алтан медаль хүртсэнийх нь дараа аав, ээж хоёр нь хүүдээ юу гэж хэлэв?
-“Миний хүү мундаг шүү. Хичээгээрэй” гэсэн.
БИ БЭЛТГЭЛЭЭ АХТАЙГАА ХАМТ ХИЙДЭГ

-Жюү жицүгийн спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ?
-Таван сар хичээллэж байгаа. Ах маань жюү жицүгээр хичээллэдэг. Би бэлтгэлдээ ахтайгаа хамт явдаг. Манай багшийг Батбаяр гэдэг.

-Бэлтгэлээ долоо хоногт хэдэн удаа хийдэг вэ?
-Дөрвөн удаа хийдэг.
-Хэчнээн мэх, техник сураад байгаа вэ?


-Таван мэх хийж сураад байгаа.
-Аль мэхээ хийх хамгийн дуртай вэ?
-Боох мэх хийх хамгийн дуртай.
БАРИЛДАХ Л ХАМГИЙН ГОЁ

-Жюү жицүгийн спортын юу нь хамгийн гоё вэ?
-Барилдах л хамгийн гоё. Цаашид жюү жицүгээр тууштай хичээллэж, аварга болохыг хүсдэг.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.