НийгмийнЯрилцлага

Каннын наадамд Ариана Грандетай хамт зургаа авхуулж, IU-д хэлэх үгээ бэлдэж буй “ТОМ” ХАМТЛАГ

Тэд хүүхдүүд. Том амбицтай, том зорилготой, том хүсэл мөрөөдөлтэй, “Том” хамтлагтай жирийн бус хүүхдүүд. Өдгөө есдүгээр ангид сурч буй тэд одоогоор “Том дөрвөн толгой”, Том зургаан толгой”, “Том амжилт” зэрэг  цуврал киногоор мэдэхээс гадна “Том дөрвөн толгой”, Том зургаан толгой”, “Том амжилт”,  "Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” зэрэг  цуврал кино, 30 гаруй дуу, 20 гаруй клиптэй болоод буй нь яах аргагүй том амжилт. Хоёр найз хамтдаа бүхнийг эхлүүлж, хүүхдийн хамтлаг байгуулан, багачуудад зориулсан уран бүтээл хийж яваа нь олон хүний бахархлыг төрүүлж, хайрыг нь татдаг.

2017 онд аравдугаар сарын 3-нд “Том” хамтлагаа анх байгуулсан тэднийг “Том толгойт”-ын Баатараа, Золбоо гэдэг нэрээр нь хүмүүс бүр ч илүү сайн мэддэг. Ингээд бичингүүт хэний тухай бичиж буйг манай уншигчид шууд мэдсэн байх. Тийм ээ, тэд бол авьяаслаг, хөдөлмөрч Сүхжаргалын Бишрэл, Одонбаатарын Эгшиглэнт-Од нар. Монголын хамгийн олон фэнтэй хүүхдүүдийн төлөөлөл нь тэд.

Ялангуяа, өсвөр үеийнхэн, арван жилийнхэн тэдний кино, дууг сонсох үнэхээр дуртай. “Хичээл дээр”, “Охидыг хайрлая”, “Танилцъя охин” зэрэг дуугаар нь андахгүй. “Хичээл дээр” дууг нь л гэхэд “Youtube” хуудаснаас 20 сая хүн үзсэн нь Монголын урлагийн салбарт дээгүүрт орох үзүүлэлт. Тэгээд бүр хүүхдийн хамтлагийн уран бүтээл ийм амжилт гаргасан нь бүр ч супер.

2021 оны Монголын шилдэг хүүхдээр тодорсон С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нар хамгийн сүүлд "Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” кинонд тоглосон. Улмаар тус бүтээл “Мөнгөн мод” наадмын шилдэг киногоор тодорсон. Хүүхдийн бус Монголын шилдгээр тодорсныг нь онцолъя. Үүний дараа Каннын кино наадамд С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нарыг урьж, баяр дээр нь баяр нэмжээ. Кино урлагийн бүхий л шилдгүүд, одод чуулдаг тус наадамд монгол хүүхдүүд анх удаа уригдсан нь энэ.

Монголын урлагийн салбарт анхдагч болох гэж буй С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нар Каннын кино наадамд оролцох өдрөө хоног тоолон хүлээж сууна. Тэдэнтэй ярилцлаа. Бид ярилцлагаа арай өөрөөр, өвөрмөц хийхийн тулд “Том” хамтлагийнхнаас хөгжилтэй асуулт асуун, “Хамгийн, хамгийн”-ыг нь тодруулсан юм.

-Юуны өмнө Каннын кино наадамд уригдсанд нь баяр хүргэе. Хөгжилтэй асуултад хариулахад бэлэн үү?

С.Бишрэл (С.Б):- Баярлалаа. Каннын кино наадамд уригдсандаа үнэхээр их баяртай байна. Хөгжилтэй асуултад хариулахад бэлээн. За, эхлэх үү, хоёулаа.

О.Эгшиглэнт-Од (О.Э):-  Тэгье ээ. Би ч бас бэлэн.

-Хэн нь юманд хамгийн няхуур, хариуцлагатай ханддаг вэ?

С.Б:- Энэ дээр ёстой манай найз тодорхой. Би яг салан баавгай шиг хүүхэд байхгүй юу.

О.Э:- “Тийм юм аа хаан тавилаа, харав уу” гээд л асуудаг.

С.Б:- Тэгдэг. Орхиод л яваад байдаг.

О.Э:- Найз минь няхуур, хариуцлагатай үедээ нямбай.

-Хэн нь хамгийн хор шартай вэ?

С.Б:- Би байх аа. Эгшиглэнт-Од өөрийгөө бусадтай харьцуулах дургүй. Хүн намайг эвгүй байдалд оруулбал би амархан гарчихдаг. Ер нь шартай шүү.

О.Э:- Би ч бас шартай. Тэгэхээр хоёулаа хор шартай юм байна.

-Хэн нь илүү царайны бядтай вэ?

С.Б:- Нүүрний булчин уу?

О.Э:- Үгүй ээ, царайлаг вэ гэсэн үг байхгүй юу. Хоёулаа царайлаг.

С.Б:- Би жижигхэн үстэй болсноос хойш царайлаг болоод байгаа л даа. Ер нь хоёулаа царайлаг. Царайнд нэг их ач холбогдол өгдөггүй. Сүүлийн үед биедээ анхаарч байгаа. Зөв хооллохыг хичээдэг.

-Хэн нь хамгийн уян бэ?

С.Б:- Хоёулаа хатуу, чанга шүү дээ.

О.Э:- Чи арай уян.

С.Б:- Айн, би юу. Нэг жишээ хэл дээ.

О.Э:- Уянгын кино үзээд эмордог.

С.Б:- Би уян биш ээ. Хоёулаа л ер нь тийм. Гэхдээ эхнэртэй болвол базуулах байх өө.

-Хэн нь хамгийн эмо вэ?

О.Э:- Манай найз.

С.Б:- Тийм ээ, би. Би ер нь аягүй олон төрлийн хүн.

О.Э:- Би ер нь эмордоггүй. Манай найз ёстой эмо. Дуу сонсоод, бороонд норж суугаад.

С.Б:- Ер нь хааяа эморох гоё шүү дээ.

О.Э:- Яг зөв, хүн л юм чинь.

-Хэн нь олон охинд сэтгэлээ илчилсэн бэ?

С.Б:- Жаахан байхдаа ганц нэг охиныг шохоорхсон юм шиг байна лээ. Нөгөө хайр энэ тэр нь байгаагүй ээ.

-Та хоёр найз охинтой юу?

О.Э:- Хоёулаа байхгүй. Бид хоёр өмнөө том зорилго тавьсан. Одоогоор түүндээ хүрэхийн тулд бүх анхаарлаа хандуулж, бүхнээ зориулж байгаа.

С.Б:- Цаг нь болоогүй ээ. Өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорч байгаад л үерхэнэ.

О.Э:- Одоо бид хоёрт урлаг, зорилго чухал. Бүхний юмны нэгдүгээрт тавигдаж байгаа.

С.Б:- Заримдаа хөөрхөн охидуудтай таардаг. “Хөөх, ямар хөөрхөн охин бэ” гэж бодоод л өнгөрдөг.

-Охидоос хайрын захиа хэн нь их авдаг вэ?

С.Б:- Тийм хайрын захиа, үерхэх санал ирдэггүй юм өө. Саяхан манай сургууль дээр “Crush box” болж, крашдаа захидал бичсэн юм. Надад нэг ч захидал ирээгүй. Манай ангийн гурван охинд аймар олон захидал ирсэн.

-Манай найзад бас ирээгүй гэсэн. Тэгэхээр бид хоёр...

О.Э:- Хэрвээ охиноос үерхэх санал ирвэл яах вэ?

С.Б:- Уучлаарай, би үерхэл гэж юу байдгийг мэдэхгүй ээ л гэнэ. Одоогоор бид хоёр зорилгоо нэгдүгээрт тавин, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж яваа. 18 нас хүрэхдээ гоё машин унанан. Тэр машиныхаа тал мөнгийг нь цуглуулчихсан байвал гоё шүү дээ.

О.Э:- Нээрэн бид хоёр нэг мөрөөдөл бий, хэлчих үү?

-Тэгээ, тэг бололгүй яах вэ.

О.Э:- Хувийн онгоцтой Монголын анхны жүжигчид болохыг мөрөөддөг.

-Хэн нь аливаа зүйлийг илүү олон талаас нь харж чаддаг вэ?

С.Б:- За, энд суу байна. Манай найз толгой сайтай. Юмыг аягүй хурдан ойлгодог, олон талаас нь харж чаддаг. Олон төрлийн авьяастай.

-Хэн нь илүү авьяастай вэ?

С.Б:- Хоёулаа авьяастай. Яг л Наруто, Сасүкэ хоёр шиг.

-Хэн нь хамгийн залхуу вэ?

С.Б:- Өө, би.

О.Э:- Би аягүй ажилсаг, ооё (инээв).

С.Б:- “Анд аа, тэгчих, ингэчих” гээд найзыгаа ойр зуурын юмаа хийлгээд байдаг шүү дээ.

О.Э:- Жилийн өмнө надад “Би гэгээрсэн. Дахиж залхуурахгүй. Би чамайг дахиж зарахгүй” гэж хэлсэн. Тэр нь манай найзын хэлсэн хамгийн худлаа үг байсан.

С.Б:- (Инээв). Гэхдээ арай багассан шүү дээ.

-Хэн нь хамгийн сэтгэл хөдлөл ихтэй вэ?

О.Э:- Энэн дээр хэн нь ёстой тодорхой.

С.Б:- Би сэтгэл хөдлөл аймар өндөртэй.

О.Э:- Гялс уурлаад, гялс гомдоод, гялс инээгээд тэгээд тайвширчихдаг.  

-Хэн нь хамгийн эртэч вэ?

С.Б:- Аймар сонин, Эгшиглэнт-Од гэртээ байхдаа 12.00 цаг хүртэл унтдаг. Манайд хонохоороо 07.00 цаг хавьцаа босчихдог.

О.Э:- Би эрт босъё гэвэл эрт сэрчихдэг.

С.Б:- Би ер хичээлийн цагаа дөхүүлж, сайхан унтаж байгаад 07.00 цаг хавьцаа босдог.

-Хэн нь олон краштай вэ?

С.Б:- Би байх аа. Аягүй олон краштай шүү дээ

О.Э:- Тийм шүү дээ, энэн дээр ёстой тодорхой.

С.Б:- Манай найз ганцхан краштай. Тэр нь IU. Би нэг K поп айдолыг, нэг холливуд одыг крашилдаг. Монголоос крашилдаг хүн байхгүй.

-Та хоёрыг крашилдаг хүн хэр олон байдаг бол?

С.Б:- О.Эгшиглэнт-Одыг хамгийн олон хүн крашилдаг.

О.Э:- Тийм байсан (инээв).

С.Б:- Одоо ч олон хүн чамайг крашилдаг, анд аа. Манай найз царайлаг, фэйсбүүкийн дагагч нь 11 мянга гарчихсан байгаа.

О.Э:- 13 мянга руу дөхөж байгаа.

С.Б:- Аая, тэр харахгүй юу.

-Крашилдгаа хэлэх тохиолдол гардаг уу. Эсвэл нууцаар крашилдаг уу?

С.Б:- Мессэж биччихсэн байдаг. Харах уу гэхгүй юү (инээв).

О.Э:- “Hi crush минь” гээд биччихсэн байдаг.

С.Б:- Нээрэн нэг удаа над руу “Хоёулаа салъя” гээд биччихсэн байсан.

О.Э:- Чи өөрөө мэдэлгүй үерчихэж.

С.Б:- Харин тэгсэн байна лээ. Надтай нууцаар үерхсэн байгаа юм даа. Би мэдээгүй. Гэнэт “Чамаас саллаа. Крашлахаа болилоо” гэсэн (инээв).

-Хөгжилтэй асуултуудаа энд хүргээд дуусгая. Каннын кино наадамд уригдсан талаар тань ярилцлагаа үргэлжлүүлье. Та хоёр болзол, шалгуурыг нь хэрхэн хангасан бэ?

О.Э:- Манай “Brosis pictures”-ын "Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” кино энэ жил “Мөнгөн мод” шагнал хүртэж, кино урлагийн шилдэг уран бүтээлээр тодорсон. Бишрэл бид хоёр удахгүй дэлхийн хамгийн шилдгүүд чуулдаг, 75 дахь Каннын кино наадам руу явах гэж байна. Ёстой бөөн баяр. Их догдолж байна.

С.Б:- Дэлхийн хамгийн том наадам болох Каннын улаан хивсэн дээр алхана, ёстой гоё байгаа биз. Маш их баяртай байна. Каннын кино наадамд өмнө Монголоос хүүхэд уригдаж, оролцож байгаа юм билээ. Бид хоёр анхдагч болж байгаа. Дараа, дараагийн жилүүдэд Монголоос дахиад олон хүүхэд уригдан, бид хоёрын амжилт булган сүүлтэй байх болтугай.

-Каннын кино наадмыг хэрхэн төсөөлж байна вэ?

С.Б:- Мэдээж маш гоёор төсөөлж байна. Ёстой өдрийн бодол, шөнийн зүүд болж байна. Энэ долоо хоног ямар удаан өнгөрч байгаа гэж санана. Яг хоног тоолоод хүлээхээр өдөр, хоног бүр ч удаан өнгөрдөг юм байна. Очоод алдартнуудтай хамт зургаа авхуулахыг хүсэж байна.

О.Э:- Бид хоёр англи хэлний сургалтад явж байгаа. Би ирээдүйд найруулагч болохыг хүсдэг. Гадаадын алдартай найруулагчтай уулзан, зөвлөгөө авахыг хүсэж байна.

-Тэр л одтой уулзах сан, зургаа авхуулсан сан гэж хүсэж буй алдартан бий юү?

С.Б:- Манай найзад байгаа.

О.Э:- Миний краш IU Каннын наадамд оролцоно гэсэн. Түүнтэй уулзахыг үнэхээр их хүсэж байна.

С.Б:- Манай найз хэлэх үгээ бэлдчихсэн байгаа.

О.Э:- Зургаа хамт авхуулаад, кино урлаг, бусад зүйлсийн талаар ярилцвал гоё, тийм ээ.

С.Б:- Тийм шүү. Миний найз хэлэх үгээ англи хэлээр сайн бэлдээрэй.

О.Э:- Тэгнэ ээ. Ямар ч байсан өөрийгөө танилцуулаад, “Таныг сонсдог, дэмждэг” гэж хэлнэ.

С.Б:- Нөгөө хэлэх гээд бэлдэж буй гол үгээ сайн бэлдээрэй. Найз маань IU-д “Та амьдаараа илүү хөөрхөн харагдаж байна” гэж хэлнэ гэсэн.

О.Э:- Ингэж хэрхэн хэлэхээ англиар ёстой сайн бэлдэж, давтаж байгаа. Ингэхэд чи хэнтэй хамт зургаа авхуулахыг хүсэж байна вэ?

С.Б: -Ариана Гранде.

-Та хоёрын хамгийн том зорилго юу вэ?

-Бид хоёр Монголоосоо анхдагч болсондоо, Каннын кино наадамд  "Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” кино маань нэр дэвшсэнд баяртай байна. Биднийг үргэлж дэмждэг, хамтарч ажилладаг “Монос хүнс” компанийн ах, эгч нартаа маш их баярлалаа. Цаашид Оскарын шагнал авах, Холливудэд гарахын төлөө зүтгэнэ ээ. Бүх зүйл бид хоёроос шалтгаална. Хамгийн гол уйгагүй хөдөлмөрлөх, хичээх чухал. Чадна аа, хоёулаа.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Nandin
Nandin

Hoorhon shuu demjdeg shuu blla gej heliidaa

Холбоотой мэдээ

Back to top button