Нийгмийн

Ц.Бат-Эрдэнэ: Түүхэн барилгыг нурааж, үгүй хийж болохгүй

Нийслэл Улаанбаатар хот тогтсон стандарт мөрдөөгүй, буруу төлөвлөснөөс үүдэж одоогийн нийгэм өөрчлөхөөс аргагүй олон муу үр дагавартай нүүр тулж байна. Хот төлөвлөлт буруу хийсэнээс үүдэн хүн амын хэт их төвлөрөл үүсч, нийгмийн амьдрал хэвийн үргэлжлэхэд саад хийж буй. Замын түгжрэл, дуу чимээний бохирдол, зай завсаргүй олон барилга, байшин гээд хөндөгдөх асуудал мундахгүй их. Тиймээс ч дагуул хот байгуулна, их дээд сургуулиудыг нүүлгэнэ гэх мэт асуудлууд яригдах болсон. Энэ цаг үед хот төлөвлөлтийн, барилгын зураг төслийн мэргэжилтнүүдийн чухлыг дурдах нь зүй. Бид Герман улсад мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж, салбартаа амжилттай яваа барилгын архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэй Ц.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-ЭЦЭГ ЭХ ХААНА БАЙНА, ЭХ ОРОН ТЭНД БАЙНА ГЭЖ ХААНААС Ч ЮМ УНШИЖ БАЙСАН. ҮНЭНИЙ ОРТОЙ САНАГДДАГ-

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Германд ажиллаж, амьдраад нэлээд удаан хугацааг өнгөрүүлж байгаа шүү дээ?

-Ярилцах санал илгээсэнд баярлалаа. Намайг Цэрэндондогийн Бат-Эрдэнэ гэдэг. Германд ирж суурьшаад 20 гаруй жил болж байна. Саяхан юм шиг хэрнээ цаг хугацаа их хурдан өнгөрчээ. Би архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэй. Хоёрдогч эх орон гэж хэлж болохоор суугуул энэ нутагт мэргэжлээрээ ажиллаад, бусдын адил амьдарч л явна даа.

-Хамгийн сүүлд эх орондоо хэзээ ирсэн бэ. Та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамжууд таван шарын 12 дугаар сургуультай салшгүй холбоотой. Миний аав Төв аймгийн Баянцагаан сумын хүн. Ээж маань харин Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. Хамгийн сүүлд 2016 оны зун эх орондоо очоод ирсэн. Хайртай аав минь бурхан болоод, очиж ажил явдалд нь оролцоод тэнгэрт үдчихээд ирсэн дээ. Харамсалтай нь сүүлийн мөчид амжиж уулзаж чадаагүй. Үргэлж дэргэд минь байх юм шиг л санаж явж. Хүнд мэдээ дуулаад тэнгэр нураад ирэх шиг л санагдсан. Эцэг, эх хаана байна, эх орон тэнд гэж хаанаас ч юм уншиж байсан маань санаанд ордог. Яагаад ч юм үнэний ортой ч юм шиг санагддаг. Одоо харамсалтай нь яг үнэнийг хэлэхэд Монгол руу жил бүр явдаг байсан минь эрс багассан. Энэ зун харин явна гэж төлөвлөж байна. Жаахан цаг зав гаргаад хөдөөгүүр бага зэрэг аялна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн хоёр жил цар тахлаас болоод очиж чадсангүй ээ.

-Таны мэргэжил өөрийн өвөрмөц онцлогтой, нарийн няхуур, чимхлүүр ажил ихтэй санагддаг. Тэр хэрээр хариуцлага, ур чадвар шаарддаг байх тийм үү?

-Тийм ээ. Хариуцлага өндөр. Ур чадварын хувьд. Жишээ нь нэг ном уншаад дуусгачихдаг шиг биш энэ мэргэжлээр насан туршдаа л шинэ юм суралцаж байдгаараа онцлог байх. Шинэ барилгын материал, шинэ хууль дүрэм, шинэ технологи гээд л тогтмол шинэчлэгддэг салбар. Би сургамж авч байсан нэг дурсамжаа ярья.

-За тэгээч та?

-Анх сургуулиа төгсөөд удаагүй байлаа. Ерөнхий зураг төсөл гаргаж байх явцдаа анзааргагүйгээс болоод зурган дээрээ хэмжээсийг нь зурахдаа бетон шалнаас нь биш, гүйцэтгэгдсэн шалны өндрөөс хэмжилт хийгээд гүйцэтгэлийн компанидаа өгчихсөн. Тэр компани Архитекторын өгсөн зургийн дагуу л ажлаа гүйцэтгэчихэж байгаа юм. Гэтэл тэр давхрын бүх суултуур, угаалтуур гэх мэт сантехник маань 15см-ээр нам баригдчихсан. Бүр сүүлд угсралт явагдсаны дараа энэ алдаа минь гарч ирээд, буцаж нормонд оруулж барих гэж бараг бүх сантехникээ буулгаж, ахин шинээр барих ажил гарсан даа. Та жишээ нь хэт намхан суултуур дээр сууж байна гээд төсөөлөөд үз л дээ. Босч суухад асуудалтай санагдаж байгаа биз? Нормын дагуу баригдахгүй бол нэг жижиг алдаанаас дараа дараагийн гарах үр дагавар нь их. Гэхдээ яах вэ, мэдэээж хүн л юм хойно хаа нэг алдаа гаргана. Гэхдээ энэ алдаанаас хойш гүйцэтгэлийн компани руугаа зургаа илгээхдээ заавал хамт ажилладаг хүнээрээ ч юм уу, хоёрдогч хүнээр шалгуулж байж илгээдэг болсон доо.

-БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ГАРГАХ АРХИТЕКТОРЫН АЖИЛ БОЛ ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ Л АДИЛ-

-Түүхэн дурсгалт барилгын архитектур, хот төлөвлөлтийн архитектур, аялал жуучлалын архитектур гэх зэргээр олон салбарладаг. Та аль чиглэлээр ямар компанид ажиллаж байна. Таны сонирхлыг татагч гол зүйл нь юу байдаг вэ?

-Би яг одоо ажиллаж байгаа компанидаа түрүү жилийн найман сард орсон. Манай компани надтай нийлээд долуулаа, орон сууцны барилгаар голцуу дагнадаг. Энд таваас дээш ажилтантай бол дунд зэрэглэлийн компани болоод явчихдаг. Орон сууцнаас гадна яг одоогоор хүүхдийн цэцэрлэг бариулж байгаа. Миний өмнө ажиллаж байсан компаниуд усан сан, зочид буудал гэх мэт олон нийтийн барилгын чиглэлээр төрөлжсөн байсан тул орон сууцны салбар дээр туршлага бага байлаа. Тиймээс ч стандарт, дүрэм журам нь арай өөр. Шинээр суралцах зүйл асар их байгаа. Гэхдээ өмнө нь хийж байгаагүй салбартаа ажиллах сонирхолтой байгаа л даа. Шинээр суралцаад л явж байна.

-Цаасан дээр буулгасан таны төсөөлөл тэрхүү зураглал бодитоор сүндэрлэхэд төрдөг мэдрэмжээсээ хуваалцвал?

-Мэдээж сайхан. Архитектор хүн төсөөлөн бодох чадвар сайн байвал зүгээр. Зураг төслөө хийх явцдаа ихэвчлэн дотроо төсөөлөөд, анхаарлаа төвлөрүүлж зурна, төлөвлөнө. Тэр төсөөлөл маань амьдрал дээр хэрэгжээд, нүдэн дээр сүндэрлээд, баригдаж дууссаны дараа бүр олны хүртээл болоод явааг харах сайхан. Нэг ёсны хүүхэд өсгөхтэй адилтгачихвал бараг буруудахгүй байх. Төслийн санаа гаргана, гаргасан санаагаа төлөвлөнө, тооцоолно, зурна. Зурсан зургийн дагуу барилга баригдана. Явцын дунд мэдээж их асуудал, бэрхшээл, хүндрэл гарна. Тэр бүгдийг даваад баригдаж дууссаны дараа за дууслаа гээд орхидоггүй. Барилга дууссаны дараа 10 жилийн хугацаанд архитекторын хариуцлага дагалддаг. Миний нэг танилын архитекторын компанийн хийж гүйцэтгэсэн барилга нь хоёр, гурван жилийн дараа цасны даацыг даахгүй дээвэр нь нураад олон хүн дарагдаж гэмтэж байсан нэг тохиолдол бий. Хариуцлага нь архитектор дээр бууж, тэр компани хохирлыг барагдуулах ёстой байдаг. Тиймээс алдаа гаргахгүйн тулд маш нарийн төлөвлөнө дөө. Энэ бүгдийн ард гараад өөрийн хамтарч бүтээн босголцсон байшингийн дэргэдүүр яваад дотор нь ямаршуухан амьдрал буцалж буйг харах сайхан. Миний хамтарч бариулж байсан нэг усан сан маань Германы топ 10 усан сангийн нэгээр шалгараад, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл өндөр, сэтгэл ханамж сайхан байгааг харах үнэхээр таатай. Харин төлөвлөөд, төсөөлөөд явж байтал төсөөллөөс минь өөр болох ч юм уу, буруу баригдах ч юм уу тийм тохиолдолд харин өөр.

-Цаг хугацаа их шаардагдах онцлогтой. Бас олон цагаар суух, сэтгэх, бясалгах, төвлөрөх, тооцоолох гээд. Эдгээр нь таны хувь хүний төлөвшилд, амьдралд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг байх. Та их тайван хүн шиг анзаарагддаг?

-Зарим өдрүүдэд манай ажилчид хоорондоо бараг үг солихгүй тохиолдол ч гарна. Тус тусын зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд ажлаа хийцгээдэг болохоор. Хаа нэг утас дугарч, хэн нэг нь утсаар ярихад л нам гүм байдал байхгүй болно гэсэн үг. Мэргэжлийн онцлогоос шалтгаалсан хувь хүний хөгжил гэвэл архитектор хүн өөрийн төлөвлөсөн зураг төслөө зөв баригдаж дуусах тал дээр анхаарна. Гүйцэтгэлийн компаниас ямар нэгэн алдаа гарвал тэрийг нь хэлж ойлгуулах, үзэл бодлоо хамгаалах гэх мэт чанарууд хөгждөг юм шиг санагддаг. Хүнтэй мэтгэлцээд ямар үед нь буулт хийх, ямар үед нь өөрийн санаагаа хамгаалах гэх мэт. Харин төсөл хураалгах цаг дөхөх ч юм уу, уулзалтын цагтай үед түүндээ бэлтгэх, хийж дуусгах гээд зарим тохиолдолд орой сууна. Зураг зураад дэлгэцний өмнө олон цагаар хөдөлгөөнгүй суухаар мэдээж  эрүүл мэндийн хувьд нуруу өвддөг ч юм уу сөрөг үр дагаврууд мэдрэгдэнэ. Дэлгэцийн өмнө болсон болоогүй юм идэж жин нэмэх ч юм уу. Үүний эсрэг хөдөлгөөн, спорт хийх хэрэг гарна. Сүүлийн үед хооллолт тал дээрээ анхаарч байгаа гэх мэт амьдралын хэмнэлд нөлөөлдөг.

-ТҮҮХИЙН ГЭРЧ БОЛСОН БАРИЛГЫГ БУУЛГАЖ, НУРААЖ, ҮГҮЙ ХИЙЖ БОЛОХГҮЙ-

-Ямар нэгэн барилга байгууламж тухайн цаг үеийнхээ түүх соёлыг онцлог шинжийг өөртөө агуулсан байдаг. Цаг хугацааны уртад түүх болж хувирах үнэт зүйл гэж хэлж болохоор. Энэ тал дээр таны бодол?

-Би Улаанбаатар хотод 12, 11, 22 гээд сургуулиудад суралцаж ерөнхий боловсрол эзэмшсэн. Тиймээс миний хүүхэд насаа дурсах дурсамжууд л гэхэд эдгээр сургуулиудтай холбоотой. Гэтэл одоо энэ гурван сургуулийн хуучин барилгуудыг гурвууланг нь нураагаад оронд нь шинээр барилга барьчихсан. Тэгэхээр миний хувьд л гэхэд хуучин сурч байсан анги танхимдаа орж суугаад ч юм уу, үр ач нартаа ч юм уу би энэ ангид суралцаж байсан, намайг хүүхэд байхад энд ийм тоглоом байдаг байсан ч гэдэг юм уу үзүүлж харуулах зүйл байхгүй болчихсон гэсэн үг. Маш харамсалтай. Түүхийг засварлах, баллуурдах эрх бидний хэнд ч байхгүй. Түүх гэдэг хар ч бай цагаан ч бай яг л тухайн үед өрнөөд өнгөрсөн үйл явдал. Тиймээс энэхүү түүхээ үнэн мөнөөр нь ирээдүй хочид тэмдэглэж, хэлж, ярьж үлдээх нь хэн хүний үүрэг. Түүхээс буюу ямарваа нэг өнгөрсөн зүйлсээс сургамж авч, улам сайжруулах, алдаагаа давтахгүй байх нь чухал гэж боддог. Үүний нэг адил тухайн үед аж төрж байсан хүмүүсийн бүтээн байгуулалт нь мөн л энэ түүхэнд хамрагдаж байгаа. Жишээ нь, бид Манжийн дарангуйлалд 200 жил байсан уу, байсан. Социалист нийгмийг бүтээн байгуулалцаад ардчилалд шилжсэн үү, шилжсэн. Эдгээр цаг хугацааны түүх болон үлдсэн бүтээн байгуулалтуудыг бүр мөсөн устгадаггүй юм аа гэхэд сэргээн засварлаад явбал маш сайн. Улаанбаатар хотын барилга байгууламжийн насжилт нь Европын хотуудтай харьцуулашгүй залуу ч гэлээ хангалттай түүхийг элээж буй. Монголд эдгээр цаг үеийн гэрч болсон түүхэн барилгыг хамгаалалтад авч, сэргээн засварлах цаг болсон. Үүний тулд хариуцсан мэргэжлийн байгууллага, ажлын хэсэг байгуулж, хотын захиргаанаас дэмжих ёстой. Түүх, дурсгалын барилга байгууламжийн норм стандарт гэхээр зүйл ч нэвтрээгүй л байна. Германд жишээ нь 2-р дайны үеэр еврейчүүдийг хорьж, тамлаж байсан хорих лагеруудын музей байдаг. Эдгээр байгууламжуудад маш хэрцгий, гашуун үйл явдалууд болж өнгөрч байсан ч гэсэн тэд нураагаагүй. Яг тэр чигт нь үлдээгээд музей болгочихсон. Хоригдлуудын хэрэглэж байсан гутал, тайрсан үс гэх мэт нь үзмэр болчихсон байх жишээний. Дотор нь ороход хана болгоноос нь тэр их зовлон зүдгүүрийн дуу чимээ сонсогдох шиг болж бие арзайж байсан. Энэхүү гашуун туршлагыг ахин давтахгүй юм шүү хэмээн ирээдүйд хэлэх ёстой.

-Таны зургаар бүтсэн барилга хэр олноор тоологдох вэ. Гаргасан амжилт гэж хэлэх нь хэр зохистойг сайн мэдэхгүй юм. Өөрөөр хэлбэл ямар ч салбарт өрсөлдөөн түүнийг дагаад үнэлэх үнэлэмж тогтдог шүү дээ. Та хэр хэмжээнд амжилттай явна вэ?

Ямар ч байсан миний оролцоотой бүтээлцсэн тодорхой хэмжээний бүтээн байгуулалтууд Германд байгаа. Шинээр баригдсан гэвэл хоёр акуа парк, усан сан, нэг зочид буудал, нижгээд орон сууц, хувийн хаусууд гэх мэт. Ерөнхий их засвар хийлгэсэн мөн л нилээн байгууламжууд бий. Ажлаа хийгээд л, өгсөн даалгаврыг нь биелүүлээд л яваа учир тодорхой хэмжээгээр хүнд ярих зүйлтэй яваа л гэж ойлгож болно. Харин энийг амжилт гэж тодорхойлох буруу байх. Эмч хүн эмчилсэн хүнийхээ тоогоор бусдаас амжилттай яваа гэж хэлдэггүй шиг архитектор хүн бариулсан барилгын тоондоо биш хүнд хүрсэн, аюулгүй орчинг бүрдүүлсэн бүтээн байгуулалт барих нь амжилт гэхээсээ илүү үүрэг юм. Хүн болгон өөр өөрийн чаддаг зүйлээ сэтгэл гаргаж, чанартай хийгээд явахад л хангалттай.

-Хот суурин газрууд хөгжихөд хот төлөвлөлт чухал нөлөөтэй шүү дээ. Үүнд та бүхний оролцоо ч үүрэг өндөр. Одоогийн энэ нийслэл хотыг та мэргэжлийн нүдээр хэрхэн хардаг бол?

-Миний мэддэг байсан, өсөж торнисон Улаанбаатар маань төрөл арилжсан гэмээр болсон. Хаа сайгүй битүү хашаа, чигжүү барилга, саарал бетон хавтангууд. Дэлхийн хамгийн үзэж харах зүйлгүй аттрактив биш нийслэлээр шалгарчихсан. Үүнд маш их харамсаж явдаг даа. Хэдэн оны билээ дээ "Дэлхийн хотуудын лавлах" дээр Улаанбаатарыг неоклассик загварын хот гэж тодорхойлсон байж билээ. Неоклассик гэдэг нь нэг ёсондоо барок, ренасанс стилийг орчин үеийн модерн стильтэй (дөрвөлжин хэлбэртэй, шулуун шулуун ханануудтай) холигдмол барьсан байдлыг хэлдэг шиг. Юутай ч "Aзийн цагаан дагина" гэх мэт өөрийн гэсэн өвөрмөц дуудуулах нэртэй л байж дээ. Хот суурин гэдэг өөрийн гэсэн стил, имижтэй байх их чухал. Жишээ нь, Дархан хотыг залуучуудын хот гэдэг. Үүн дээрээ тулгуурлаад үзвэр үйлчилгээ, урлаг уран зураг, орчин үеийн шийдлүүдээр төвлөрүүлчихмээр санагддаг. Эрдэнэт хотыг үйлдвэрлэлийн хот болгоод хүнд болон хөнгөн үйлдвэрлэлээ төвлөрүүлчих жишээний. Тэгээд зөвхөн манай хотод л ийм арга хэмжээнд оролцох боломтжой гэдэг ч юм уу, зөвхөн манай хотоос гарсан бренд гэдэг ч юм уу төрөлжүүлээд. Бүх засаг захиргааны нэгжүүдээ нийслэлдээ төвлөрүүлчхээр хүн амын нүүдлийн бодлого ганц Улаанбаатарыг л зорих нь аргагүй.

Ц.Хулангийн бичсэн Хотын реквиэм гээд шүлгэнд их дуртай:

Хот минь

Хогшил минь

Хорин нэгэн зууны хамгийн том алдаа минь

Дээгүүр нь шувуу нисээд бардаггүй

Дэлхийг бүрхсэн цардмал нутаг минь... гэж байгаа юм. Энэ хэдхэн мөрнөөс л хүн төрөлхтөний алдааг уншаад ойлгочихож болно доо.

-ОЙРЫН МӨРӨӨДӨЛ ГЭВЭЛ МОНГОЛДОО БАРИЛГЫН ЯМАР НЭГЭН ТӨСӨЛД ХАМРАГДАХ-

-Дагуул хот байгуулна. Хүн амын төвлөрлийг саармагжуулна зэргээр шийдэл хайж байгаа. Энэ зөв оновчтой сонголт байж чадах болов уу. Германтай харьцуулагдах жишээ мөн эсэхийг мэдэхгүй байна л даа?

-Өмнөх асуултад бараг хариулчих шиг боллоо. Германчууд хууль дүрэмдээ ягштал баригдана. Нэг бодлын хэцүү юм шиг боловч энэ олон хүн амыг тэгж байж л замбараатай болгохгүй бол болохгүй. Барилгын хуулиас зөрсөн, дутагдалтай баригдвал торгууль төлнө, алдааг нь буцааж засуулна. Хот төлөвлөлтийн болон барилгын норм журмаа л барьдаг болцгоочихвол уул нь энэ их эмх замбараагүй хөрөөний ир шиг барилгуудын учир нь дороо л шийдэгдчих асуудал.

-Танд ойрын үед төлөвлөсөн эсвэл эхлүүлчихсэн яваа зураг төсөл байвал сонирхуулаач?

-Яг одоогоор 49 айлын дөрвөн хаус бүхий орон сууцны төсөл дээр ажиллаж байна. Энэ сарын хоёрноос эхлээд газрын ажил нь эхэлчихсэн байгаа. Удахгүй цутгалтын ажил эхлэнэ. Харамсалтай нь барилгын материалын үнэ дийлдэхээ байлаа, улам л өсч байна. Энэ дайн дажинтай шууд холбоотой. Үнийн өсөлтөд нэрвэгдээгүй салбар бараг байхгүй байх. Барилгын материалын олдоц ч ховордож байна. Ийм нөхцөл байдалтай тулгарна чинээ санаагүй явж. Даваад л гарна даа. 

-Та зорьсон зорилгодоо хэр ойртож байна. Ийм л бүтээн байгуулалтыг бий болгочихвол гэсэн мөрөөдөл мэдээж байгаа байх?

-Мэдээж дотроо бодсон зүйлүүд байгаа л даа. Одоо ийм тийм гэж -зарлаад юу гэх вэ. Мөрөөдөл гэдэг хэмжээ хязгааргүй зүйл. Гэлээ гээд хүн мөрөөдөлгүй болсон цагт л зогсонги байдалд ордог болов уу. Тиймээс дотроо ямар нэгэн зүйлийг мөрөөдөөд явж байхад нэг л мэдхэд биелчихсэн явж байх жишээний. Ойрын мөрөөдөл гэвэл Монголдоо ямар ч хамаагүй нэг барилгын төсөлд хамрагдах сан л гэж бодож явдаг.

-ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ ГАЗРАА ХҮРЭХ БҮРТЭЭ ЖИЖИГХЭН ГЭДГЭЭ ҮРГЭЛЖ МЭДЭРДЭГ-

-Монголдоо ирж ажиллах бодол байдаг уу?

-Гадаадад төгсөгчдийг эргэн эх орон руугаа татах зорилготой "Зөгийн үүр“ гээд сайхан төсөл 2000 оны дундуур хэрэгжиж эхлээд нэг их удаагүй сураггүй болсон юм. Би тэр төсөлд хамрагдаад бараг буцах дөхөж байсан. Гэхдээ яах вэ. Заавал төрөөс элдэв зүйл хүсэх албагүй л дээ. Эрүүл орчинд, тайван амьдрах л хүсэлтэй. Амьдралын минь гол төв энд Германд байдаг гэж хэлж болно доо. Тэгэхээр яг үнэнийг хэлэхэд буцахгүй л болов уу даа.

-Сүүлийн асуулт, таныг уран зохиол их уншдаг, аялах дуртай. Шагай харвадаг гэж мэдэх юм байна. Өөр хобби бий юу?

-Тийм ээ, аялах дуртай. Өөр улс оронд очихоор өөрийгөө хэр жижигхэн гэдгээ үргэлж мэдэрдэг. Дэлхийн нэг өнцөгт тэс ондоо, чихэндээ сонсож ч үзээгүй харь хэлээр урьд нь төсөөлж ч үзээгүй амьдрал өрнөж байхыг харах сонирхолтой. Монголоос ирж байгаа хүмүүс юу захих вэ гэхээр уран зохиолын ном их захидаг. Долоо хоногтоо нэг удаа шагай харвадаг найзуудтайгаа хамт сум тавина. Сүүлийн үед цаг зав таарахгүй түр орхигдуулаад байна. Ажлын хажуугаар сайн дурын ашгийн бус холбоонд ажиллана. 2009 онд үүсгэн байгуулцсанаас хойш одоог хүртэл явж байна. Нийгмийн сайн дурын ийм ажил хүнийг маш их хөгжүүлнэ дээ. Монгол руу хэд хэдэн том төсөл оруулж хэрэгжүүлж дуусгасан. 24 цаг багадаад байгаа юм шиг санагдах үе олон. Өглөө гэрээс гараад л гэртээ шөнө орж ирнэ шүү дээ. Ер нь завгүй байх их дуртай. Гэлээ гээд амралт, эрүүл мэндээ орхигдуулж болохгүйг бас ойлгоод байгаа. Өөр хобби гэвэл хоол хийх дуртай. Элдэв шинэ амталгаа гаргаж турших их гоё. Энд тэнд явж байхдаа тухайн газрын хоол амтлагчаас авч ирдэг. Хоолны соёл агуу шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2022-05-09 11:54

nutgiin zaluu bna.amjilt

хэхэ
хэхэ
2022-05-09 11:57

воов

Last edited 1 Он Өмнө by Админ
Зочин
Зочин
2022-05-09 20:24

Mongol shig tuuhee nuraadag gazar baihgui ee busad ni bugdeeree l demjij bga

Зочин
Зочин
2022-05-09 20:48

Mongol shig tuuhee nuraadag gazar baihgui ee busad ni bugdeeree l demjij bga

Зочин
Зочин
2022-05-09 20:52

Tuuh soyolgui bol uls oroh gj bhgu bolno

Зочин
Зочин
2022-05-09 20:56

Hytaduudiin hiij baiga hereg

Зочин
Зочин
2022-05-10 09:13

huuh

Холбоотой мэдээ

Back to top button