Нийгмийн

Хөгжмийн зохиолч Ц.Нэргүй: Ковид туссанаас элэгний цирроз хүндэрч, солиулахаас өөр аргагүй болсон

МУСТА, Ардын боловсролын тэргүүний ажилтан, концертмейстр, хөгжмийн зохиолч Ц.Нэргүй.  Дуучин Г.Чинболорын  “Арганд минь ороогүй хайр”,  Р.Дэлгэрмаагийн  “Орхиж боломгүй хайр”,  С.Тамир, Г.Оюунцэцэг “Уянгын бороо”,  МУАЖ С.Батсүх, Б.Бат-Энэрэл “Боломж”, МУГЖ С.Нэргүй “Ижий амьтай нутаг”, П.Бат-Ундрах “Талархаж амьдраарай”,   Завхан аймгийн гавьяатуудын дуулдаг “Заяаг минь даасан Отгонтэнгэр”,  “Voice шоуны шилдэг оролцогч Э.Дашням “Ижийдээ сүү бариад очоорой”  зэрэг 300 гаруй дууны хөгжмийн зохиолч элэг солиулах хагалгааг Энэтхэг улсад хийлгэхээр болжээ. Ц.Нэргүй хагалгааны зардлаа олохын тулд хамтран ажилладаг уран бүтээлчдэдээ хандсанаар “Миний ертөнц” хандивын тоглолтыг энэ сарын 25-нд хийхээр болжээ. Ц.Нэргүй Завхан аймгиийн ХДТ-ын концертмейстр, найрал дууны багш, Завхан аймгийн ХБК-д  концертмейстр, хөгжмийн багш, “Түмэн-Эх” чуулгын концертмейстрээр ажиллаж, амьдралынхаа 35 жилийг хөгжмийн урлагт зориулсан уран бүтээлч юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд  “Этүгэн”, “Их засаг”, “Олонлог” сургуулиудад хөгжмийн багш, Агаарын цэргийн ангийн концертмейстрээр ажиллаж байгаад 2022 онд тэтгэвэртээ гарчээ. 

-Таны тухай мэдээлэл цуглуулахад  аравдугаар ангиа төгсөөд шууд аймгийнхаа хөгжимт драмын театрын концертмейстрээр томилогдсон гэж байна. Багаасаа хөгжмөөр хичээллэв үү?

-Миний аав бүжгийн багш Цэрэннадмид, ээж шударга хөгжимчин, дуучин Цэрэнбямбаа хоёр насаараа Завхан аймгийн театрт ажиллаж, ганц хүү, есөн охин нь театрын хашаанд тоглож өссөн. Намайг гуравдугаар ангид байхаас Ардын жүжигчин, хөгжмийн багш Долгорсүрэн өөр  дээрээ авч хичээллэж эхэлсэн. Ингээд 1988 онд аравдугаар ангиа төгсөхөд аймгийн театрт концертмейстрээр шууд оруулсан. Тэр үед надтай ажиллах, заах завтай уран бүтээлч байхгүй, бүх бүтээлийг өөрөө сонсголоороо тоглож сурсан. Би энд гурван жил ажилласан.

-Тэгээд сурахаар явсан уу?

-Үгүй ээ. Тэр үед манай аймаг Хөгжим бүжгийн коллежтой болж,  хуучрын Цэнгэлмаа багш “ энэ авьяастай хүүхдийг манайх концертмейстрээр бэлдэж авнаа” гээд  тийшээ орсон.  1991-1998 он хүртэл ажиллаж, бүх бүжиг, үндсэн хөгжмийн зохиолуудаа тоглож  байлаа. 1998 онд МУАЖ С.Батсүх ахтай аялан тоглолтоор явж байхад аав минь хотод өөд болчихсон. Тэгээд хот руу шилжиж ирээд “Түмэн-Эх”  чуулгад шалгалт өгч тэнцээд 2005 он хүртэл ажилласан.  1995 онд сурахаар шийдэж, хоёр хүүхдээ орхиод Соёлын коллежид элссэн. Хөгжмийн зохиолч Ч.Мөнхжаргал, Ц.Эрдэнэбат нартай нэг анги байлаа. Тэр үед хүүхдүүдээ орхичихсон байсныг ч хэлэх үү, дэээрээс аймгийн ХБК концертмейстэргүй болчихлоо чи л ир гээд, сургуулиа хаяад явсан.

-Та их нутаг амьтай хүн юм...?

-“Түмэн –Эх” чуулгад ажиллаж байхад  2005 онд ахиад нөгөө театраас маань хөгжмийн багш найрал дууны багшгүй боллоо,  Цэрэннадмид гуайн хүүхдүүд ирж ажиллах ёстой, ах чинь завгүй гэнэ, чи л ир гээд дуудсан. Нутаг амьтай нь үнэн шүү. Энэ удаад явахдаа яруу найрагч Ц.Бавуудоржтой  хамтран “Заяаг минь даасан Отгонтэнгэр”  дууг зохиож, очоод бүх дуучдаараа дуулуулсан. Тухайн үед  ар гэр маань  хотод үлдсэн учраас дараагийнхаа хүнийг бэлдэж өгөөд буцаж ирээд “Түмэн-Эх” чуулгадаа орсон.

-Ингээд нэг хотын хүн болов уу?

- Үгүй ээ /инээв/ 2008 онд аймгийн ХБК-д ирж ажиллаач урьж байна гээд дахиад л буцсан. 2018 он хүртэл нутагтаа ажилласан.  2019 оноос элэгний цирроз өвчин архагшиж Өвөрмонголд эмчилгээнд хийлгэхийн хажуугаар жил гаруй төгөлдөр хуурын багш хийсэн. Ирээд  “Этүгэн”,  “Их засаг” лицей, “Олонлог” сургуульд багшилж байгаад бие дийлэхгүй болохоор нь  Агаарын цэргийн ангид ажиллаж байгаад  тэтгэвэрт гарсан.

-Та өөрийн уран бүтээл дээрээ ажилласан он жилүүд гэвэл?

- Хамгийн анх Соёлын коллежид сурч байхад хөгжмийн зохиолын уралдаан болж, ээж, аавыгаа санаад үг, аяаа өөрөө бичиж, өөрөө дуулсан “Үр чинь жаргаж явна”  дуу миний анхны уран бүтээл. Тэрнээс хойш тасралтгүй хөгжмийн бүтээл, дууны уран бүтээл хийсэн дээ. Цомог ч гаргаж байлаа. Одоо эхнээс нь бүх дуугаа ноотлоод ном болгож байна. 300 гаруй дуу бий. Мөн ганц ахынхаа дурсгалыг хүндэтгэж өөрийнх нь зохиосон дуунуудыг ном болгож байна. Би  Ц.Ганхуяг ахтайгаа хамтарсан тоглолт хийдэг байлаа. МУАЖ С.Батсүхийн дуулсан “Торгоны өнгө нь дараад байна Төрөлхийн сайхан бүсгүй еэ чи” .... энэ дуу миний ахын уран бүтээл.  

- Өөр танайхнаас урлагийн хүн бий юу?

- Байлгүй яахав. Миний эгч Ч.Чулуунцэцэг шанз хөгжимчин,  ер нь миний эгч, дүү нар сайхан дуулна. Бүгд л авьяастай. Эгч нь хоёр хүү, хоёр охинтой. Дөрвүүлээ урлагаар явж байна. Том хүү СУИС-ийн арьсан урлалын анги төгссөн, удаах хүү маань ХБК-ийн коллежийн морин хуурын анги төгсөөд үодоо чуулгад ажиллаж байна. Хоёр охин минь одоо хөгжим бүжгийн хийл, саксфоны ангид сурч байна. Манай хүүхдүүдийн аав бас сайхан дуулдаг, хөгжим тоглодог, нум сум хийдэг хүн бий. 

- Элэгний хатуурал өвчин хэдийнээс оношлогдсон бэ?

- 2009 онд оношлогдож,  эмчилгээ хийлгээд гам бариад их гайгүй байсан. Жилийн өмнө ганц ахыгаа элэгний хорт хавдараар алдсан. Ингээд ахыгаа хөдөөлүүлэх  үеэр ковид тусч, элэгний өвчин сэдэрсэн. Гэнэт л хэвлий усаар дүүрч, цус гарч эхэлсэн. Найз нөхөд, ах дүү, төгсөгчид, ангийнхан, сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар бүтэн жил эмчлүүлж, дурангийн хагалгаанд ч орж үзлээ. Гэсэн ч элэг солиулах шаардлагатай гэсэн. Хоёр хүү маань  донорын шинжилгээнд ороод тэнцээгүй. Тэгтэл төрсөн эгчийн маань  охины шинжилгээ яг таарч монголдоо оочерт орсон. Гэвч  монголд  7 хоногт нэгхэн хагалгаа ордог, тэр нь заримдаа багаж нь тасраад хойшилдог. Тэгэхээр 11 сараас наашгүй болж, эгч нь цаг алдах, хүлээх боломжгүй болоод байгаа учраас хандивын тоглолт хийгээд бушуухан л явья гэж шийдээд байна. Сүүлийн үед цус гараад хүүхдүүддээ ч айлгаж, өөрөө ч айдастай болчихлоо.  Бидэнд үнэ өртгийн хувьд хамгийн боломжтой газар нь Энэтхэг юм байна. 

-Донор тань хэдэн настай хүн бэ?

- Миний дүү чинь 39 настай, дөрвөн нялх хүүхэдтэй, оёдлын цехэд ажилладаг  хүн бий.  Ариун цагаан сэтгэлтэй, эгч минь та л эрүүл болж байвал дүүгийнх нь хүсэл биеллээ гэж ярьдаг. Манай монголчууд  их өгөөмөр, элбэг дэлбэг, сайхан сэтгэлтэй ард түмэн юм.  Фэйсбүүкийн найзууд дундаас н.Өсөхбаяр гэж залуу болдог бол би танд элгээ өгмөөр байна гэж бичсэн. Бас нэг хүн “Хэрвээ таарч тохирох бол эгч би элгээ өгч болно шүү” гэсэн байсан. Хүнээс ийм үг сонсох ямар сайхан гээч. Хүн өөрөө зам мөрөө засаж, залруулж явбал хувь тавилан шагнадаг юм байна гэж би боддог. 

-Хүн өвдөөд, асуудал тулаад ирэхээр маш олон зүйлийг ойлгодог, ухаардаг. Таны хувьд?

- Эрүүл мэндийн минь энэ асуудал надад асар их мессэж өгсөн. Өөрийгөө хайрлах, ам руугаа юу хийх чухал гэдгийг ойлголоо. Амрахгүй, махан биеэ хайрлахгүй явсны гор одоо гарч байна. Завханы ХДТ-т 18-хан настай охин ажилд орсон. Шөнө жижүүр намайг бараг хөөж явуулдаг байсан.  12-16 жил сурч байж эзэмшдэг мэргэжлийн ажлын орон тоон дээр итгэл найдвар тавиад оруулчихаар хүн хичээж өөрийгөө дайчилна биз дээ. Би их олон шөнө суусан даа. МУАЖ С.Батсүх ах тэр үед цэргээс халагдаад ирж байсан. Маш хөдөлмөрч, ажилсаг зан чанартай. Би энэ хүнээс их юм сурсан.

- Таныг бас гудамжинд дуулдаг хүүхдэд дуу хийж өгсөн гэж сонссон?

- Би өнөөдөр хэдийгээр 52 настай ч миний дотор нэг тийм сайхан сэтгэлтэй, дэврүүн хүүхэд амьдардаг мэт мэдрэмж төрдөг. Хүнд л туслаад, хүн л баярлуулаад байвал бүх юм санаснаар болчих юмшиг санагддаг. Надаас төрж байгаа энэ аялгуу эгшгээр олон хүнийг уяраахсан, авьяастай ч боломж тааруу хүүхдүүдэд  дуу хийж өгөхсөн гэж явдаг. Тэгээд нэг хөөрхөн хүү дэлгүүрийн урд дуулсан бичлэгийг  үзэж, хайсаар байгаад олж  дуу хийж өгсөн. Хөгжим хүний оюун санаа, сэтгэл, харилцаа гээд бүхий л байдалд яаж нөлөөлдгийг залуустаа мэдрүүлэхсэн гэж хичээдэг.  Этүгэнд багшилж байхдаа өөрийн төгөлдөр хуурын бүтээлээ хүүхдүүдийнхээ нүдийг аниулж байгаад тоглож өгсөн. Гэтэл нэг хүү намайг тэврээд уйлаад, яасан миний хүү гэхэд “Би өвөөгөө санаад, өвөө нүдэнд харагдаад” гэж хэлж байсан.

- Сүүлчийн асуултыг танд үлдээе. ..?  

- Эзэн хичээвэл заяа хичээнэ. Энэ их үнэн үг. Хүн өөрийгөө яаж цэнэглэж, цэвэрлэж яваагаас хувь заяа нь  шалтгаалдаг. Монголын  уран бүтээлчид үнэлэмж багатай ч сайхан  сэтгэлтэй, болно бүтнэ гээд нэгддэг  хүмүүс. Энэ удаад ч гэсэн тэр утгаараа нэгдэж, миний хандивын тоглолтод оролцож байна. Нөгөө талаас манай эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал зарим талдаа учир дутагдалтай. Донорын шинжилгээг нэг дор өгнө гэж байхгүй, өөр өөр тийш нь баахан явуулна. Ядарсан хүмүүс бүр талхигдаж байгаа байхгүй юу. Гэсэн хэдий ч хувь тавилан, заяа төөрөг, сайхан сэтгэлтэй, шударга явсныхаа хариуг эгч нь бурхнаас хүртэж байна. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар эмчлүүлж, одоо ингээд зардал бүрдчихвэл явах гэж байна. Тэгэхээр хүмүүст нэгдүгээрт биеэ хайрлаарай, хоёрдугаарт зөв шударга зам мөртэй амьдраарай гэж хэлмээр санагддаг.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-14 10:32

Дуучин Сарнай элэгнээсээ нөхөр Чинбатдаа өгч, одоо хоёулаа элэг бүтэн сайхан амьдарч байна. Тэгэхээр Ц.Нэргүй танд бас тийм элэг бүтэн амьдрах боломж бий. Эрүүл энхийг хүсье.

Зочин
Зочин
2022-05-15 12:26
Reply to  Зочин

Боломж нь байна. Мөнгө нь ####га гэж байна. Яасан юм ойлгодоггүй. Уг нь 300 дууны зохиогч бол зохиогчийн эрх сайн хамга####агдсан оронд хүнээс мөнгө гуйхгүй байн байх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x