УЛС ТӨР

Яамдын ТНБД, агентлагийн дарга нар Ковидын хууль сунаснаар шалтгаалж, ажлаа өгөхөөс ТАТГАЛЗАЖ БАЙНА

“Ковидын” тодотголоор танил болсон хуулийн хүрээнд төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоонууд хийгдсэн. Тодруулбал, төрийн албаны шалгалт өгөөгүй, ажилласан жил нь тухайн албан тушаалыг хашихад хүрэхгүй зэрэг онцлогтой хүмүүс дээрх хуулийн хүрээнд цөөнгүй томилогдсон байдаг.

Үүнд төрийн албаны шат, шатны албан тушаалуудаас гадна яамдын ТНБД, томоохон агентлагийн дарга нар ч багтаж буй. Тодруулбал:

  • ТНБД-ын хүрээнд: Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг, ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг нарын таван албан тушаалтан
  • Агентлагийн даргын хүрээнд: ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын 17 албан тушаалтныг нэрлэж болно.

Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд Төрийн албаны зөвлөлөөс 411 тоот тогтоол гаргаж, сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөхийг үүрэг болгосон байдаг.

Тухайн үед эл асуудлаар ТАЗ-өөс тодруулахад “Агентлагийн дарга, яамдын ТНБД нар ч энэ хүрээнд чөлөөлөгдөх ёстой” гэсэн хариу өгч байсан юм.

Тэгсэн ч өдгөө ТАЗ-ийн тогтоолын хэрэгжилт хэрхсэн нь анхаарал татаж байна. Одоогоор сонгон шалгаруулалтгүй томилогдсон нэг ч яамны ТНБД, агентлагийн дарга ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа юм.

Энэ асуудлаар ТАЗ-ийн холбогдох албан тушаалтнаас дахин тодрууллаа. Ингэхэд “Ковидын хуулийн хэрэгжих хугацааг 2022.12.31 хүртэл сунгасан. Харин сонгон шалгаруулалтгүй томилгоо нь Ковидын хуулийн хүрээнд хийгддэг. Үүнийг үндэслэл болгож, ТАЗ-ийн ажлаас чөлөөлөх чиглэлийг хүлээж авахгүй байгаа. Бидний хувьд, хэдий Ковидын хууль сунасан ч шаардлага хангаагүй албан тушаалтныг чөлөөл гэдэг байр суурийг баримталж байгаа. Гэвч Ковидын хууль сунасан гэдэг үндэслэлээр үл зөвшөөрөх хандлагатай байна” гэлээ.

Ковидын хуулийг хамгийн анх 2021.12.30-нд зургаан сараар сунгасан байдаг. Харин 2022 оны нэгдүгээр сард тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлыг УИХ шийдвэрлэхдээ давхар Ковидын хуулийг дахин сунгах агуулгыг оруулж ирэн баталсан. Улмаар тус хууль 2022.12.31 хүртэл хэрэгжиж буй.

ТАЗ-ийн хяналт шалгалтаар Ковидын хуулийн хүрээнд 1000 гаруй шат, шатны албан тушаалтан сонгон шалгаруулалтгүй томилгоо илэрсэн юм. Өдгөө тэдний 80 гаруй хувь нь ТАЗ-ийн чиглэлээр шийдвэрлэгдсэн буюу албан тушаалаас нь чөлөөлжээ. Уг нь хэрэгжилт сайн байгааг харуулж буй. Гэвч яамдын ТНБД, агентлагийн дарга нар Ковидын хууль сунаснаар шалтгаалж, “гүрийж” байгаа аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-17 22:03

Монголд eр нь хууль гэж байх хэрэг байна уу. Нэг даргын хүсэл л бүхнийг шийддэг тогтолцоотой

Холбоотой мэдээ

Back to top button