АНУ ам.долларын “ноёрхол”-ыг дэлхийд тогтоож, дараа нь цөлмөн "дээрэмдэх" үү
Кэмбрижийн Куинс коллежийн Ерөнхийлөгч, “Allianz”, “Gramercy” хөрөнгө оруулалтын компаниудын санхүүгийн зөвлөх Мохамед эль-Эрианий нийтлэлийг та бүхэнд хөрвүүлэн хүргэж байна.
Яг одоо дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд маш олон зүйл өрнөж байгаа энэ цаг үед ам.долларын ханшийн өсөлт сүүлийн үеийн таамаглаж байснаас ч анхаарлын төвд төдийлөн өртөхгүй байгаа юм.
Онолын хувьд ам.доллар бол дэлхийн хамгийн тогтвортой мөнгөн тэмдэгт хэвээр байгаа ч түүнийг бэхжүүлэх нь дэлхийн эдийн засаг дахь үйл явцыг зохицуулахад хувь нэмрээ оруулах учиртай. Энэ нь эцсийн дүндээ импортын өртгийг бууруулах замаар АНУ-ын инфляцын дарамтыг бууруулж, сул дорой хөгжилтэй улс орнуудын экспортыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Гэвч, өнөөгийн нөхцөлд ам.долларын ханшийн өсөлт нь аль хэдийн ганхаж эхлээд буй дэлхийн эдийн засгийн “сайн сайхан байдал” бас түүний тогтворгүй санхүүгийн зах зээлийн аль алинд нь эрсдэл учруулж эхэлсэн.
2022 он гарснаас хойш ам.долларын ханш бусад валюттай харьцуулахад долларын ханшийн индекс арав орчим хувиар өссөн байна. Одоогийн байдлаар гурван хүчин зүйл ажиллаж байна.
Нэгдүгээрт, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бусад өндөр хөгжилтэй орнуудын төв банкуудаас илүү хүчтэй өсгөнө гэсэн хүлээлт.
Хоёрдугаарт, дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө татдаг АНУ-ын эдийн засгийн хүчирхэг гүйцэтгэл.
Гуравдугаарт, Америкийн санхүүгийн зах зээлийн харьцангуй аюулгүй байдал.
Одоогийн байдлаар АНУ-ын өрсөлдөх чадварыг сүйтгэж, худалдааны алдагдлыг түүхэн дээд хэмжээнд хүрэхэд нөлөөлж буй чиг хандлагыг улс төрийн зүгээс ирэх эсэргүүцэл бага байгаа юм. Өмнө нь, ам.долларын ханшийн ийм өсөлт нь “худалдааны дайн”-ыг эхлүүлэх аюул эрсдэл дагуулж байсан. Харин өдгөө АНУ-ын хүчирхэг хөдөлмөрийн зах зээл нь болзошгүй хурцадмал байдлыг даван туулахад тусалж байна.

Гэвч, ам.долларын ханш чангарахад улс төрийн эсэргүүцэл, нөлөө байхгүй байгаа гэдэг нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлын төлөө бүх зүйл хэвийн явагдаж байна аа гэсэн үг огт биш. Эдийн засаг, эрчим хүч, хоол хүнс, өрийн хямралын илэрхий аюул нүүрлээд байгаа хөгжиж буй улс орнуудын хувьд эрсдэл нь онцгой ач холбогдолтой зүйл.
Тэдний ихэнхийнх нь хувьд ам.долларын ханш чангарах нь импортын үнэ өсөх, гадаад өрийн үйлчилгээний зардал нэмэгдэх, санхүүгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлийг бий болгоно. Ам.доллар хэдий хэр хүчтэй байх нь цар тахлын эсрэг тэмцэх хэрэгцээ шаардлагын улмаас эдийн засаг нь суларч, буланд шахагдсан орнуудад нэмэлт дарамт учруулж байгаа юм.
Хоол хүнс, эрчим хүчний үнэ хурдацтай өсөж буй бага орлоготой орнууд онцгой эмзэг байх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, тэдгээр орлого багатай хамгийн эмзэг орнуудад айл өрхийн амьжиргааны өртгийн хямрал нүүрлэж, жинхэнэ “өлсгөлөн” болж хувирах аюул заналхийлж байна гэсэн үг.
Энэ бүхнийг шийдвэрлэхгүй орхивол “хаа сайгүй гал түймрийн синдром” буюу эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдал нүүрлэсэн улс орнуудын тоо улам л нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлт, гадаад өрийн дефолт зэрэг илүү том бөгөөд аюултай хосолмол үзэгдэл болж хувирч болзошгүй юм. Хосолмол гэдэг нь нийгэм, улс төр болоод геополитикийн тогтворгүй байдал.

Үүний үр дагавар нь хөгжингүй эдийн засагтай орнуудад ам.долларын ханшийн өсөлтийн шууд нөлөөллөөс ч илүү ноцтой асуудал үүсгэж болзошгүй. Стагфляц буюу мөнгөний ханш уналттай давхацсан эдийн засгийн зогсонги үе нэмэгдэж байгаа энэ цаг үед ийм эдийн засгийн өсөлтийн гадаад хөдөлгүүрийг сулруулахаас гадна шинээр хөгжиж буй орнуудын тогтворгүй байдалд ч нөлөөлж, олон эрсдэл дагуулах нь санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж болзошгүй.
Холбооны Нөөцийн Санг эрсдэлд оруулж буй байнгын өндөр инфляцын улмаас санхүүгийн зах зээлүүд хүүгийн эрсдэлийн мэдэгдэхүйц өсөлттэй ажиллах шаардлагатай тулгарсан. Үүнээс үүдэн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой айдас хүйдэс нэмэгдэж эхэлснээр Засгийн газрын бондтой холбоотой асуудал зах зээлийн бусад сегментүүдэд тархсан. Тиймээс одоо зах зээлүүд дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралд илүү их санаа зовох учиртай юм.
Энэ жилийн хувьд дэлхийн хэмжээнд баялгийн хэмжээ буурах үзэгдэл хэдий түгшүүртэй байсан ч түүний эдийн засгийн идэвхжилд үзүүлэх нөлөөллийг намжааж, зах зээлийн гүйцэтгэлд ямар нэгэн эрсдэл хараахан гараагүй байгаа юм. Гэвч, хурц нүдтэй, овжин хүмүүс дэлхийн эдийн засаг суларсан үеийг далимдуулан крипто зах зээл гэх мэт шинэ зах зээлд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тэд АНУ-ын болоод дэлхийн эдийн засгийн суурь үзүүлэлтүүд дэх ханшийн зөрүүг аль хэдийн мэдэрч чадсан.

Тавдугаар сарын эхээр АНУ-ын Холбооны Нөөцийн Сан хүүгээ даруй 50 нэгжээр нэмэгдүүлснээ мэдэгдсэн. Энэ нь сүүлийн 40 жилийн доторх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн ам.долларын хувьд инфляцын эсрэг мөнгөний чанга бодлого баримтлахаар зорьж, ирэх зургадугаар сараас балансаа аль болох хумих бодлого хэрэгжүүлэх гэж төлөвлөсөнтэй холбоотой. Тиймээс, дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээл дахин том цохиолтод өртөх вий гэсэн болгоомжлол, түгшүүр Олон Улсын Хамтын Нийгэмлэгт төрөөд эхэлсэн.
Өмнө нь хэрэгжүүлж байсан зээлийн хүүг тэглэх, эсхүл зөөлрүүлэх бодлогоос үүдсэн ханшийн огцом өсөлт, өдгөө авч хэрэгжүүлж буй валютын хатуу бодлого зэрэг нь ам.долларын “ноёрхол”-оо тогтоох эрхээ далимдуулан хямралыг нь дэлхий нийтэд тохоож үүрүүлэх зорилготой гэгдэж байна. Энэ нь эцэстээ коронавируст цар тахлын дараахан дөнгөж сэргэж буй шинээр хөгжсөн эдийн засагт асар их нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Нөгөөтэйгүүр, АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өсгөсөн нь ам.долларын хөрөнгө оруулалтыг улам татаж, хөгжиж буй зах зээлээс хөрөнгийг гадагш урсгах, валютын ханшийг сулруулах зэрэг эрсдэл дагуулж болзошгүй. Ингэснээрээ дэлхийн олон орныг өрийн дарамт, эрсдэл рүү түлхэж магадгүй юм.
Мөн ам.долларын ханш өссөнөөр бусад орны мөнгөн тэмдэгтийн ханш ч уналтад орж, улс орнуудын хүн амын худалдан авах чадварт ч сөргөөр нөлөөлж, хөгжиж буй эдийн засгийг сэргээх үйл явц удаашралтай, хүндрэлтэй байгаа дээр нь улам бүр булан руу шахах болно.
Үнэн хэрэгтээ, АНУ өөрийн мөнгөн тэмдэгт ам.долларын “ноёрхол”-ыг дэлхийд тогтоосныхоо дараа дэлхийн нөөц баялгийг цөлмөн дээрэмддэг уламжлалт башир аргаа дахин ашиглахыг үгүйсгэх аргагүй. Харин АНУ валютын зөөлөн бодлого хэрэгжүүлбэл Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ ч бууруулж, улмаар хөгжиж буй зах зээлүүд тэр хэрээр АНУ-аас их хэмжээний зээл авч, эдийн засаг нь эрчимжинэ. Гэвч, эдийн засаг нь эргээд уналт руу орох эрсдэл бас дагуулна.
Харин Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр шинээр хөгжиж буй зах зээлтэй улс орнуудын хувьд хөрөнгө нь гадагш урсаж, ханшийн савлагааг бий болгож, цаашлаад валютын болон санхүүгийн хямралыг бий болгох нь тодорхой.
Эдийн засгаараа дэлхийд хамгийн томд зүй ёсоор орох АНУ эдийн засгийн уналтад орох нь өөрөө асар их эрсдэл дагуулах нь гарцаагүй.
Эх сурвалж: Financial Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОЛЛОРЫН ЭЗЭД БУДАГТАЙ НОГООН ЦААС ХЭВЛЭЖ БУСДЫН БАЯЛАГИЙГ МӨЛЖДӨГ ТЭР Л ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗОРИЛГО НЬ ХЭРЭГЖИЖ БАЙГААГ ХЭН БУГАЙ Ч МЭДДЭГ ОЙГОДОГ БОЛЖЭЭ. ШРИ-ЛАНГЫН ДЕФОЛТ БОДИТ ҮНЭНИЙ НОТОЛГОО ЮМ ЭРХЭМ МАНАН ШУНАЛТ ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Юань, рубльд шулуулж байснаас л дээр юм даа