ЭнтертайнментЯрилцлага

Б.Эрдэнэцэцэг: “Зүрхэнд шивнэсэн үг” кинондоо тоглож 50 мянган төгрөгөөр шагнуулж байлаа

Найруулагч О.Бат-Өлзий аав МУГЖ У.Осорын мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Зүрхэнд шивнэсэн үг” киногоо бүтээж, “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү” гэх хоолой зангируулан шивнэх охины үгээр үзэгчдийн сэтгэлийн утсыг хөнджээ. Үхсэн амьдын сураггүй болсон эрийг хүлээх эхнэр, охин, ээж гурван эмэгтэйн тухай уг киноны зохиолыг МУГЖ Д.Норовын “Мөнхийн дуудлага” туужаас сэдэвлэн бүтээсэн гэдэг.

Гол дүрийн бяцхан охин киноны үйл явдлын гол зангилааг тун ч чадварлаг гаргах бөгөөд наймхан настай ч жүжиглэлтээрээ олны сэтгэлийг өөртөө татаж, өдгөө ч түүний хэлдэг хэдхэн үгс үзэгчдийн сэтгэлд хадаатай байдаг билээ.

Хүүхэд насны гэнэхэн дүрээ кино зургийн хальснаа мөнхөлж үлдээсэн энэ бяцхан охиныг Батбаярын Эрдэнэцэцэг гэдэг. Өдгөө өөрөө хоёр ч хүүхдийн ээж болсон тэрбээр “Одоо ч киногоо үзэх бүртээ уйлдаг, ээж болоод бүр илүү их ойлгосон” гэсээр бидний яриа эхэллээ.

Зүрхэнд шивнэсэн үг МУСК (2001)

ЖҮЖИГЧИН БОЛОХ ГЭЭД ЧАДААГҮЙ, ХЭТЭРХИЙ ИХ ХИЧЭЭЧИХСЭН ЮМ БОЛОВ УУ ДАА

-Хүмүүсийн сэтгэлд хайр бас харуусал үлдээсэн дүрд тоглох болсон түүх тань их сонин юм билээ. Азтай гэмээр тэр тохиолын талаар та эргэн дурсахгүй юу?

-Би Монголын хүүхдийн ордонд дөрвөн настайгаасаа эхэлж явсан. Д.Саранхүү багшийн удирдаж байсан драмын дугуйланд орох гэтэл хэтэрхий жаахан байна гээд ээж бид хоёрыг авахгүй, буцааж байлаа. Гэвч ээж минь багшаас гуйсаар байж оруулж байв. Охин хүүхэд болохоор их адтай, нэлээд сэргэлэн байсан болохоор ээж намайг чадна гэж мэдээд ийн гуйж байж оруулж байж. Ингээд драмын дугуйланд явах боллоо. Дараа жил нь буюу таван настай байхдаа “Тавилан” кинонд тоглож, удалгүй дугуйлангийн багш маань солигдож н.Амарзаяа багш бидэнд багшлах болсон. Зүрхэнд шивнэсэн үг кинондоо тоглох холбоос нь Амарзаяа багш маань байсан юм шүү дээ. Багш  “Тэр киноны пробонд очоод ороод үз” гэх саналыг анх тавьж, ээж бид хоёр ч дуртайяа зөвшөөрөн, орохоор болсон ч шалгаруулалтаасаа хоцорчихсон. Шалгаруулалт хэдийнээ дуусчихсан байхад бид хоёр явж очсон бөгөөд ээж маань “Манай охиныг шалгаад өгөөч” гэж ахиад л гуйж байж намайг шалгуулж, кинонд тоглох болсон доо.

-Бараг шалгаруулалт авахгүй, таны дүр төрхийг хараад л “мөн юм байна” гэж харж байсан талаар найруулагч нь ярьсан байдаг шүү дээ?

-Тухайн үед надаас “уйлж чадах уу, морь унаж чадах уу” гэх мэт асуултууд асууж, текст уншуулж байсныг санадаг. Яг бүгдийг нь бүтэн сайн санадаггүй юм. Миний бодлоор Сарантуяа эгчийн төрхтэй жаахан төстэй байсан байж магадгүй. Өтгөн хөмсөг, цагаан царай зэрэг нь ойр байсан болохоор тэнцүүлсэн юм болов уу даа гэж одоо боддог. Хэдийгээр гуйж байж шалгаруулалтад орсон ч тэнцэх эсэхээ сайн мэдэхгүй, итгэл муутайхан байсан. Гэтэл удалгүй залгаад тэнцсэн тухай баярт мэдээг дуулгаж, би ч их баярлаж байснаа сайн санадаг.

-Хүүхэд байсан болохоор кинонд тоглоно гэдэг мэдээгээ сонсоод их баярлаж байсан байхдаа?

-Тийм шүү. Би хүүхдүүдийн дунд зохиогддог “Уран жиргээ” уран уншлагын тэмцээнд их оролцдог байлаа. Тухайн үеийн тэмцээнүүд ямар ч арын хаалгагүй, үнэнч шударга болдог байж. Ялагдах үедээ ялагдаж, ялах үедээ ялж, тусгай байр эзлээд л явдаг байсан үедээ шалгаруулалтад тэнцээд их баярлаж байсан.

-Таны ээж таныг жүжигчин болгохсон гэх их хүсэлтэй байжээ? Болохгүй, бүтэхгүй гэсэн болгоныг л тоолгүй, зүтгэж байж шүү дээ

-Яг тийм. Ээж минь Монголын хүүхдийн ордонд дөрөвхөн настай охиноо хөтөлж оруулсан нь угаас сэргэлэн цовоо байсан болохоор жүжигчин болгоно гэж шийдсэнийх байж. Одоо ч ээж минь намайг жүжигчин болоогүйд их харамсдаг шиг санагддаг. Гэхдээ түүнийгээ надад илэрхийлэхгүй. Амьдрал гэдэг их сонин. СУИС-д жүжигчин болох гээд шалгалт өгтөл тэнцээгүй. “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд миний эмээ болдог Ш.Дэлгэржаргал эмээ маань төдийгүй киноны багийнхан бүгд л намайг жүжигчин болно гэдэгт итгэлтэй байсан. Тиймээс ч би өөрийгөө жүжигчин болно л гэж боддог байв. Ээж ч ялгаагүй итгэлтэй байсан болохоор хурдхан жүжигчин болгохсон гэж их хүсэж, ерөнхий боловсролын сургуульд анги алгасаж, хичээлүүдээ давхар судалсаар үеийнхнээсээ түрүүлж төгссөн. Тухайлбал, нэг хоёрдугаар ангидаа суралцаад гуравдугаар ангиа алгассан, оройгоор 11 дүгээр ангийн хичээлүүдээ судалж төгссөн. СУИС-д суралцана гэсэн тийм нэг том зорилготой учир ээж бид хоёр маш их хичээсэн. Ингэж их хичээсэн боловч шалгаруулалтандаа тэнцээгүй. Хичээсэн учир нэг жилээ ч алдахыг хүсээгүй. Тиймээс Радио телевизийн сургуульд конкурс өгч сэтгүүлчийн ангид элсэн орсон. Одоо сэтгүүлч мэргэжил эзэмшсэндээ маш их баярладаг. Миний амьдралд тэс өөр өнгө, солонго нэмсэн.

-Нээрэн та ангийнхнаасаа гурван ч насаар дүү байсан санагдана. Гэсэн ч мөр зэрэгцэн, эн тэнцүү суралцаж байжээ?

-Тиймээ, зарим хүн мэддэггүй ч би ангийнхнаасаа насаар хамаагүй бага байлаа. Ээж минь намайг СУИС-т суралцуулна гэж их ч хичээсэн. Гэвч санаснаар болоогүй. Хэтэрхий их хичээчихсэн юм болов уу даа /инээв. сурв/ Би өөрөө ч их хичээсэн.

АМЬДРАЛ ДЭЭР Ч, КИНОН ДЭЭР Ч ААВЫГАА ХҮЛЭЭДЭГ ОХИН ГЭДЭГ БАЙЛАА

-Ээж тань тэгж их хичээсэн нь магадгүй өөрийнх нь багын мөрөөдөл байсан юм болов уу?

-Үгүй л болов уу. Ээж минь багадаа их сурлага сайтай, номын талдаа хүүхэд байсан. Миний зан төрх л ээжид жүжигчин болчихоор шиг санагдсан байх. Тэгээд ч урлаг соёлын арга хэмжээ алгасахгүй, ангийнхаа урлагийн үзлэгийг өөрөө зохион байгуулаад л явна. Ээж оюутан байхдаа хичээлийнхээ зай зайвсраар намайг Хүүхдийн ордон руу байнга л зөөнө. Хичээлээсээ чөлөө аваад л, заримдаа таслаад л намайг дугуйланд минь хүргэж өгдөг байсныг санадаг. Аав минь ч ялгаагүй, ээжтэй ээлжлээд намайг зөөнө. Би 12 жилийн турш айлын ганц хүүхэд байсан болохоор аав ээж хоёрын анхаарал зөвхөн над дээр. Тиймээс охиноо жүжигчин л болгоно гэж аав ээж хоёр минь зүтгэсэн.

--Та өөрийн гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Манай аавыг Батбаяр гэдэг, харин ээжийг минь Гантуяа гэдэг. Миний бага нас Нэгдүгээр хороололд өнгөрсөн. Харин манай гэр бүлийн хүнийг Доржсүрэнгийн Цэнгэл гэдэг. Бид хоёр анх Австрали улсад танилцаад гэр бүл болсон. Одоо хоёр хөөрхөн охины аав ээж болсон байна.

Д.Эрдэнэцэцэг нөхөр Д.Цэнгэл болон хоёр охины хамт

-Кино зураг авалт хаана болж өнгөрсөн бэ? Натурын орчин таны санаанд ямар дүр зурагтайгаар хадгалагдан үлдсэн байдаг вэ?

-Зураг авалт Төв аймгийн Сэргэлэн суманд болсон. Тухайн айл нь Бат-Өлзий ахын садан төрлийн хүмүүс байсныг санадаг. Тэр жил нэг их царцааны нүүдэл болоод газраар дүүрэн царцаа, гишгэсэн газар бүрт үсэрнэ. Бид том автобусандаа суугаад л инээд ханиадтай, хөгжилтэй явж байсан нь сэтгэлд минь тод үлдэж. Зураг авалтад ээж минь цуг явж байлаа.

2001 он. Төв аймгийн Сэргэлэн сум

Санаанаас гардаггүй бас нэг сайхан зүйл бий. Зураг авалтад орж байсан хүмүүс бүгд майханд байрлана. Майхан дотроо зарим нь юм ярилцаад л суух бол зарим нь текстээ өөрийн болгох гээд майхнаа тойрон давтаад л алхаж явах нь сонирхолтой харагдана. Жүжигчид надад маш сайн, бүгд л өхөөрдөнө. Бямбацогт ах айраг ууна, тарвага бооно. Ер нь л ээж бид хоёрын амьдралд хэзээ ч мартагдахгүй дурсамж, хөгжилтэй сайхан үе минь болж үлдэж.

Бат-Өлзий ах хоёр ихрийгээ зургийн талбайд дагуулан ирсэн байсан. Тамир ах, Сүнжээ эгч хоёр бас бусад жүжигчдийн хүүхдүүд хамт явсан болохоор чөлөө зав гарахаар л хүүхдүүдтэй тоглоно. Гол руу явна. Бат-Өлзий ах намайг их эрхлүүлнэ. Гол гатлахад хүртэл намайг үүрч гаргана. Шөнийн зураг авалт болоход Бат-Өлзий ах намайг зургийн талбай руу тэвэрч хүргэнэ. Зураг авалтын талбай бидний байрлаж байсан газраас жаахан дээр байрладаг байлаа. Жаахан хүүхэд болохоор орой болоход унтчихна. Унтаж байгаа зургийг минь тэгж тэвэрч авч яваад хийж байсан санагддаг.

Ээж ганц надад анхаарахгүй, зураг авалтын талбайд өөрийн чадах зүйлсээрээ туслана. Аав хааяа зураг авалтын талбайд бид хоёрыг эргэхээр ирнэ. Тэгж яваад нээрэн, цэргийн дүрд тоглочихсон шүү дээ /инээв. сурв/ Хэрэв та бүхэн санаж байгаа бол цэргүүд машинд суугаад явдаг хэсэгт аав маань тоглосон.

Бас нэг хөгжилтэй зүйл бий. Зураг авалт яг бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн. Аав ажил ихтэй тул ээж бид хоёр дээр ирэхгүй нэлээд хэд хоног болчихов. Би аавыгаа санахаараа л майхныхаа дээр гараад аавыгаа ирж байгаа эсэхийг харуулдаад хүлээгээд суучихна. Тэгэхээр л кино зургийн багийнхан маань “Энэ Эрдэнэцэцэг кинон дээрээ ч аавыгаа хүлээгээд л, амьдрал дээрээ ч аавыгаа хүлээгээд”  л гээд инээлддэг байж билээ.

-Хотын хүүхэд хөдөө очиж зураг авалтад оролцох, хөдөөний хүүхэд болж тоглоход хэцүү зүйлс олон байсан байхдаа?

-Тиймээ. Хотын хүүхэд болохоор хөл нүцгэн өвсөн дээр гишгэх хэцүү. Бас хувинтай ус зөөх гэтэл дийлэхгүйгээс таллаж нэг үзээд л, бүр багасгаж нэг үзэж байж зураг авалтаа хийж байлаа. Миний бүх л үед кино багийнхан минь надад тохирохоор, амар хялбар болгож ажилласан байсан санагддаг.

Уйлах ёстой үед “За миний охин одоо уйлаарай” гээд л маш эерэг сайхнаар зааварлана. Миний бодлоор их сайн хүмүүстэй хамтарч ажилласан болохоор би ч өөрөө их хичээсэн. Наймхан настай л байсан шүү дээ.

ЯАЖ УЙЛСАН ЮМ, СОНГИНО УРДАА БАРЬЖ БАЙГААД УЙЛСАН ЮМ УУ ГЭЖ АСУУДАГ БАЙСАН

-Одоо хөндлөнгийн нүдээр өөрийгөө харахад “Яаж надаас гарсан юм болдоо” гэж бодогдохоор харц, үйл хөдлөл, үг яриа байдаг уу?

-Байдаг. Одоо хүртэл киногоо өөрөө үзэхээр уйлаад л байдаг. Их сонин, үзэх бүртээ уйлдаг. Магадгүй би өөрөө уйламхай, уяхан хүн юм болов уу гэж боддог. Кинонд тоглоогүй олон жил болчихсон болоод ч тэрүү, “Нээрэн би тийм жаахан байсан байж яаж тэгж уйлж чадсан юм болдоо” гэж бодогдоно. Мөн зарим ширүүхэн хэлдэг үгс кинонд байдгийг та бүхэн мэдэх болов уу. “Та нар миний ээжийг үхснийг мэдээд ирээ юу” гэдэг тэр үгийг яаж тэгэж хэлж чадсан юм болдоо гэж гайхдаг.

-Магадгүй, жаахан охин хэдий ч тэр олон хүний итгэл, найдварыг алдахгүй гэж их хичээдэг байсан юм болов уу. 

-Ээж минь яг ингэж хэлдэг байсан. Баг хамт олон болоод ажиллаж байгаа учраас хичээх хэрэгтэй шүү миний охин гэнэ. Ээж минь ер нь миний төлөө их зүйлийг хийсэн, одоо ч хийж байгаа. Кино натурт байхад ээж миний үсийг өдөр бүр угаана. Тухайн үед их гоё “Шаума” гэдэг улаан савтай шампооноор угаадаг байсан нь ер мартадаггүй /инээв. сурв/ Угаачихаад самнана, арчилна, тордоно. Ээжийн минь хийсэн ажил ихээ, их.

-Хэдий Хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг байсан ч яг зураг авалтын талбайд олон хүний өмнө гарахад сандрах, биеэ  барих тохиолдол байсан уу? Уйлдаг хэсгийн зураг авалтыг та санадаг бол хэрхэн хичээж байв?

-Сандраагүй. Зураг авалтын өмнө надад текстүүдийг өгсөн байдаг. Зарим үед текст өөрчлөгдөнө. Тэр уйлахад хэлдэг текст надад байгаагүй шиг санагддаг. Уучлаарай буруу санаж байж ч мэдэх юм. Кино багийнхан, найруулагч надад юу хэлнэ, түүнийг нь юу ч байсан хийчихдэг л байсан. Сарантуяа эгчийн хажууд суучихсан, цай ууж байгаад уйлдаг хэсэг дээр “За би уйлах ёстой юм байна” гээд л уйлж байснаа тод санадаг.    

-“Жүжигчин”-ий хувьд зураг авалтын үед хамгийн хүнд хэсэг юу байв?

-Ээжийгээ бодоод л усаа зөөж яваа охин “Ээжийнхээ очиж амардаг газар л очиж амрах юмсан” гээд алхаж явна. Надад “Энд л зогсоорой” гээд тэмдэг тавиад сануулсан ч тэр хүртэл явах жаахан хэцүү байсан юм болов уу, их олон удаа авахуулснаа санадаг. Өвсөн дээр явахаар хөл хатгаад, хажуугаар нь хувинтай ус барьчихсан нь жаахан хүнд, нэмээд би ээжийгээ бодож яваагаар жүжиглэх ёстой байв. Бусад үед ч гайгүй. Сарантуяа эгч, Бат-Өлзий ах хоёр маань надад зааварчилгаа өгөөд л, би үгэнд нь ороод л ажилласан.

Нээрэн, ахлах ангид манай ангийн зарим хүүхэд надаас “Чи яаж уйлсан юм, сонгино урд чинь барьчихсан байсан уу” гээд л их асуудаг байж. Уйлдаг хэсгүүдэд тийм зүйлс огт ашиглаагүй, яагаад ч юм тэгээд л уйлчихдаг байсан /инээв. сурв/

МАГАДГҮЙ ДАХИАД ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА КИНОГОО ҮЗЭХЭД ӨӨР НЭГЭН УХААРАЛ АВЧ МЭДНЭ

-Тэгвэл та их “нүүр хагарчихсан” байж шүү дээ?

-Тийм шүү. Энэ кинонд тоглохоосоо өмнө таван настайдаа “Тавилан” кинонд тоглож байсан болохоор тэр байж магадгүй. Одоо үзэхээр үнэхээр инээдтэй. Монголын хүүхдийн ордны хоёр найзтайгаа хамт Нэгдүгээр хороололд зураг авалтад оролцож байсан санагдана. Жаахан хүүхдүүд болохоор амттай юманд дуртай ч байж. Зураг авалтын газарт хөргөгчинд зөндөө их зайрмаг хийчихсэн. Бид гурав зайрмагаа идээд л, кинондоо тоглоод гүйж явсан нь мартдаггүй. “Тавилан” кинонд багаасаа найзалсан хоёр хүү, нэг охин, гурван найз том болоод хэрхэн амьдарч буй тухай гарна. Омголон зангаасаа болж алдаж буй тухай, хайр сэтгэл, нөхөрлөл гээд олон зүйлийг өгүүлдэг. Би тэр кинонд “Тэр нь буувал танайд тоглоно, энэ нь буувал манайд тоглоё” гээд л хэлнэ. Ер нь би их азтай шүү, сайхан кинонуудад оролцож.

Б.Эрдэнэцэцэгийн таван настайдаа тоглосон Тавилан киноны хэсгээс

-Та одоо ч киногоо үзээд уйлдаг гэж ярьсан. Магадгүй тэр охины уяхан мөртлөө хатуужилтай чанар таны дотоод хүнтэй ижил байсан учир илүү сайн дүр гарсан болов уу гэж та бодож үзсэн үү? Ер нь тэр бяцхан охин таны дотоод хүнээс хэр өөр вэ?

-Яг одооны би тухайн үед байсан тэр дүр хоёр магадгүй төстэй. Уяхан үедээ уяхан. Би чинь эрчүүд, шазруун үедээ шазруун. Нээрэн, би ерөөсөө ингэж бодож үзээгүй юм байна шүү.

-Найман настай охин киноныхоо нарийн ширийнийг сайтар ойлгохгүй оролцон тоглож байсан байх. Одоо та киногоо үзээд юу ойлгож, ухаардаг вэ?

-Тиймээ, тухайн үедээ юу ч бодоогүй л байх. Одоо үзэхнээ эмэгтэй хүний гайхамшигтай тэсвэр тэвчээр, хүнд хэцүүг туулан гарч буй сэтгэлийн хат, хэзээд өвдөг нугарч бууж өгдөггүй чанарыг харуулсан шиг. Хэдхэн жилийн өмнө би киногоо үзэхдээ ээжийнхээ дүрийг бүрэн сайн ойлгож, өрөвдөж хайрлаагүй ч байж. Одоо би ээж болж, хоёр сайхан үртэй болсон. Үүний дараа үзэхэд маш өрөвдөлтэй. Нөхрөө хүлээж буй хүүхэдтэй эх хүн, хүүгээ хүлээн шаналаж буй эх хүн, захиа бичээд шаналан суугаа тэр дүр төрх, амьдралд тохиох аар саар шалдар булдар асуудлуудыг даван гарч буй тэдний, эх болсон хүмүүсийн амьдрал. Эмэгтэйчүүд гэдэг үнэхээр л тэсвэр тэвчээртэй юм гэдгийг киногоо үзэх тоолондоо мэдэрдэг. Магадгүй дахиад хэдэн жилийн дараа киногоо үзэхэд өөр нэгэн ухаарал авч мэднэ. Бүх талаар олон зүйлийг шингээсэн кино. Тэр холоос ирдэг аавын тухай бодоход ч өөр нэгийг өгүүлдэг.

-Одоо та хамт тоглосон жүжигчидтэйгээ холбоотой байдаг болов уу?

-Тиймээ, холбоотой байдаг. Хамгийн ойр холбоотой байдаг хүн маань Дэлгэржаргал эмээ.  Байнга очино, цагаан сар болгоныг алгасахгүй. Настай хүн болохоор санаа минь зовоод байдаг юм. Сарантуяа эгч, Бат-Өлзий ах хоёртойгоо утсаар ярина, фэйсбүүкээр холбоотой байна. “Сайн уу, миний хүү, хаана явна, юу болж байна” гээд л холбоо барьдаг. Бусадтай нь тийм ч сайн холбоотой биш.

КИНО ЗУРАГ АВАЛТААС ГЭРТЭЭ ИРЭЭД ХЭСЭГ ГУНИГЛАСАН

-Кино нээлтээ хийж байсан нь хэдэн он бэ?

-2001 онд зураг авалт болж, удалгүй нээлтээ хийсэн.

-Киноны нээлт хийж байсан үеийг та санадаг уу? Ямар орчин, ямар хүмүүс таныг угтаж та юу хэрхэн гоёж гангалж, ямар баяр хөөртэй байсан тухай...

-Кино маань Ард кино театрт нээлтээ хийсэн. Их гоёсоон гоёсон /инээв. сурв/ Ээж минь үсийг буржийлгаад, шүлжиж, элдэв янз болгоод л, цэнхэр өнгөтэй гоё даашин өмсөж очиж байлаа. Яг киноны нээлтэн дээр би маш олон хүнд үнсүүлснээ л тод санаад байдаг юм. Үнсүүлсэн хүн бүрээсээ л бамбарууш цэцэг аваад, өөрөө даахгүй ээж аав хоёртоо бариулаад л, хүмүүст үнсүүлээд бэлэг цуглуулаад явна. Киноны нээлт гэж юу байдгийг ч мэдэхгүй жаахан охин оччихоод л бэлгээ даахгүй буцаж байсан. Тэр дурсамжтай бамбаруушууд минь одоо ч надад бий.

Зураг авалтын хаалт болон нээлт гэж уран бүтээлчид хийдэг, тусдаа зүйл байдаг шүү дээ. Тэр үеэр хүмүүс авьяасаа их үзүүлнэ. Би “Уран жиргээ”-д их ордог байсан болохоор дээлээ өмсөж байгаад л шүлгээ уншиж байснаа санадаг. Бүтэн сар тэр хүмүүстэй хамт амьдарч, тэр л хүмүүсийн хайр халамжинд байчихаад буцаад гэртээ ирэхэд их сонин санагдаж байсан. Жаахан байсан хэдий ч их гунигтай болж байснаа санадаг.

-Дуу оруулалтыг нь сүүлд хийхэд та өөрөө дуугаа оруулсан гэдэг байхаа?

-Тийм шүү. Тэр дурсамж минь үнэхээр гоё. Кино эхлэхээс дуусах хүртэл жүжигчид МҮОНТВ-ийн студид өөрсдөө дуугаа оруулсан. Эхлээд намайг “Манай охин арай чадахгүй байх” гэж байсан ч ээж минь бас л “Миний охин өөрөө чадна” гэсээр оруулсан. Яагаад ч юм нэг их орой л дуу оруулалт хийсэн. Магадгүй хүмүүсийн ажил, цаг завт л тааруулсан байх. Маш сонирхолтой байсан шүү. Хоол идэж байгаа чимээг гаргахын тулд аяган дотор цаас дэвтээж байгаад л сороод л. Энэ бүхэн миний сонирхлыг маш их татсан учир би дараа нь дуу оруулагчийн сургалтанд хүртэл сууж байлаа.  

-Та кинонд тоглоод цалин авч байсан уу?

-Нууц /инээв. сурв/ Мэдэхгүй юм, “Тавилан” кинонд тоглоод цалин авч байсан эсэхээ огт санадаггүй ээ. Харин “Зүрхэнд шивнэсэн үг” кинондоо тоглоод 50 мянган төгрөгийн цалин авч байсан. Маш их мөнгө шүү дээ. Анх сургуульд орж байсан болохоор ээжийг юу авахыг минь асуухад “Шугам авна, харандаа авна, үзэг авна, үзэгний сав авна” гээд л байн байн ярьдаг байж билээ.

-Кинонд тоглосны дараа гудамжаар явахад тань хүмүүс андахгүй таньдаг болсон байхдаа?  

-Тухайн үед кинондоо зун тоглоод, намар нь нэгдүгээр ангид орсон. Ээж бид хоёр тэр жил Арслантай гүүрний ойролцоо алхаж явтал ном зардаг ах намайг шууд л таниад биднийг дуудсан. “Хөөх чи тэр кинонд тоглосон охин байна шүү дээ, чи ёстой хөөрхөн шүү, мундаг байсан” гээд надад “Үүлэн бор” үлгэрийн ном бэлэглэж, би бөөн баяр хөөр болж байсан. Тэр номыг би одоо болтол хадгалдаг. Ер нь хүмүүс намайг их өхөөрдөж, бэлэг их өгнө. Гэртээ дүүрэн л бамбарууштай байлаа даа.

-Энэ кино таны амьдралд юу өгсөн гэж та боддог вэ?

-Одоо ч амьдралын минь салшгүй нэг хэсэг. Бага насаа кинонд мөнхөлсөн нь миний хувьд маш үнэ цэнэтэй зүйл.

СУИС-Д ОРЖ ЧАДААГҮЙГЭЭ СОНСООД ГАНЦААР БААХАН УЙЛСАН

-Та СУИС-ийн РТВС-д сэтгүүлч мэргэжил эзэмшсэнээс хойш зэргээ дээшлүүлсэн гэж сонссон. Энэ хугацаанд та өөр юу хийж бүтээж, амжуулав?

-Би Радио телевизийн дээд сургуулийг 2012 онд төгсөөд, Солонгос улс руу зэргээ дээшлүүлж суралцахаар явсан. Буцаж ирээд МҮОНТВ-д ажиллаж эхэлсэн. Гэсэн ч ахин суралцмаар санагдаад Австрали улсад хэлний бэлтгэлд суралцаж, үргэлжлүүлэн өөр мэргэжил эзэмших төлөвлөгөөтэй эх орноосоо явлаа. Гэтэл “мама”-тай болсон учир зорилгоо орхиод Монголдоо ирээд байна.

-Одоо та хоёр охинтой гэсэн. Хүүхдүүд “гараас гарах” үед юу хийх төлөвлөгөө зорилготой байгаа вэ?

-Ээж минь яг оёдолчин биш ч оёдол эсгүүр хийх их дуртай. Тийм болохоор би хоёр охиныхоо хажуугаар “Тэрлэг” нэрийн дээл ээжийнхээ хамт хийж эхэлсэн.

https://www.facebook.com/2302382906701654/photos/a.2314578368815441/2338485353091409/?type=3&theater
Тэрээр өөрийн “ Тэрлэг ” нэрийн дээлээр гоёсон байв

-Шинэ брендээ босгоход маркетинг сурталчилгаа, мэдээллийн тал дээр таны үндсэн мэргэжил их түшиг болж байна уу?

-Яг тийм шүү. Ийм төрлийн бизнес эрхэлдэг олон газрууд бий. Тэднээс юугаараа ялгарах вэ, хэмжээ дамжаа, бусдаас хямд үнэ санал болгож байгаа зэрэг мэдээллүүдээ би л ярьж хэлэх болдог. Энэ бүрт мэргэжил минь хамгийн их хань болдог. Мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа ч энэ мэргэжилдээ маш их хайртай.

-“Зүрхэнд шивнэсэн үг” кинонд тоглосноос хойш танд кинонд тоглох саналууд их ирж байсан гэдэг. Хүмүүсийн хүлээлт одоо ч их байна. Яагаад кинонд тоглохоо зогсоосон юм бэ?

-Тухайн үед ӨМӨЗО-ноос болон бас бусад саналууд ч ирж байлаа. Харамсалтай нь миний бие өвдсөн тул үргэлжлүүлэн кинонд тоглож чадаагүй. Аав ээж хоёр минь намайг киноноос түр холдуулж, хэсэг хугацааны дараа харин ээж бид хоёр жүжигчин болохоор зүтгэсэн. Конкурс өгөхөд ч их олон хүн надад тусалсан.

-Та юун дээр алдсан болоод тэнцэж чадаагүй гэж боддог вэ?

-Алдсан байх. Магадгүй сандарсан, өөрийгөө бүрэн дайчилж чадаагүй ч байж мэднэ. Шалгалтын багийнхны сэтгэлд нийцэж чадаагүй нь угаас миний л буруу.

-Тэгж их хүсэж хүлээсэн мэргэжлийн ангидаа тэнцэж чадаагүй гэх мэдээг сонсоод та, таны гэр бүлийнхэнд их хүнд байсан болов уу?

-Тиймээ. Аав ээж хоёртоо ч хэлж чадахгүй алхаж явсан. СУИС дээр очиж дүнгээ сонсчихоод, алхаж явсаар гэрийнхээ хажуу талын сургуулийн хашаанд суугаад зөндөө их уйлсан. Ганцаараа уйлсаар гэртээ ороод аав, ээж хоёртоо хэлсэн. Тэр хоёр маань юу гэж уурлахав, “Зүгээрдээ миний охин, болно доо” гэж билээ.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлс, урлагийн ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button