ТОДРУУЛГА: Тролейбусны шугам унжсан зөрчлийг арилгаж байна

Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөсөн. Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.
Нийгмийн сүлжээнд арван ширхэг хоёр давхар автобусыг шугамд явуулах гэтэл тролейбусны шугамд тулаад явах боломжгүй болсон байна, судалгаагүй ажил хийж хөрөнгө мөнгө үрж байна гэх шүүмжлэл өрнөсөн. Бид НЗДТГ, НТҮГ-аас тодруулан асуулаа.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Зарим газрууд дээр зөрчил арилгуулах ажил л хийгдэж байгаа. Стандартын хувьд автобусны өндөр 4 м 18 см, тролейбусны шугамны өндөр 5 м 5 см. Зарим хэсгүүд дээр тролейбусны шугам унжсан байгаа учраас эхнээс нь янзалж байгаа гэсэн мэдээлэл байна. Тооцоо судалгаагүй ажил хийсэн гэж ойлгож болохгүй” гэлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын ХМОНХ мэргэжилтэн А.Оргилсайхан “Одоогоор үйлчилгээнд хараахан гараагүй, ачаалалтай чиглэлд төлөвлөлт хийгдэж байна. Шугам зам дээр аюулгүй байдал талаас нь судалгаа, хяналт хийж байна. Хүртээмж нэмэгдүүлэх чиглэлд давхар автобус явуулахад аюулгүй байдал хангагдах эсэхийг шалгах ажил хийж байна. Маргаашнаас шугамд яваад эхэлчих байх” гэж хэллээ.
Тус 10 автобус нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, суудлаараа 50 зорчигчийн хүчин чадалтай. Тус автобусыг зорчигч тээвэр 3 ААТОНӨҮГ-ын жолооч нар жолоодох юм байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.