ЭРҮҮЛ МЭНД

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд ЭМЯ-нд шаардлага хүргүүллээ

Төр засаг, эрүүл мэндийн яаманд удаа дараа шаардлага хүргүүлсэн ч авч хэлэлцэхгүй байгаа учраас дахин шаардлага хүргүүлж буй талаараа эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, 14000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн төлөөлөл шаардлагаа хүргүүлээд ЭМЯ-ны үүдэнд салбарын сайдыг гарч иртэл зогсоно хэмээн мэдэгдэв.

Тэдгээр иргэдийн төлөөлөл, ЭМЯ-нд гурван зүйлийн хүрээнд шаардлага хүргүүлж байгаа юм.

“Нэгдүгээрт, тархины саажилт, хавдар, уналт таталт, тархины бус төрлийн эмгэг өвчтэй гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай болон эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр санхүүжүүлэх,

Хоёрдугаарт, 5,5 тэрбум төгрөгийн хүүхдийн фонд болон засгийн газрын нөөц  сангаас богино хугацаанд яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг гаргах. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн ар гэр хандив аваад, өр тавиад зуу зуун саяар авч явдаг байдлыг халж, Монголд хагалгаа, эмчилгээ хийлгэх боломжоор хангах.

Гуравдугаарт, тархины саажилт, тархины бусад төрлийн эмгэгтэй хүүхдүүдийн авч байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш тавьж ирсэн энэхүү шаардлагыг дахин тавьж байна” хэмээлээ.

Мөн тэд “Гадаад орнуудад энэ өвчнийг зөв ялган оношилж байхад, манайд тархины өвчтэй бүх хүүхдүүдэд нэг л онош хэлдэг. Бидний хүүхдүүд эрүүл мэндийн үйлчилгээ нь 50 жилээр хоцрогдсон газарт өвчиндөө шаналсаар дуусах тавиланг хүсэхгүй байна” гэлээ.

Н.АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button