У.Эрхбаяр: Би “Өнөө өглөө” хөтөлбөрөөрөө хүмүүжиж яваа

Монголын хамгийнолон үзэгчтэй өглөө хөтөлбөр “Өнөө өглөө”. Шалгуур их, босго өндөртэй энэ айлын гишүүн болно гэдэг хөтлөгчдийн хувьд нэр төр. Эерэг дулаан уур амьсгал, сонирхолтой зочид, өнгөлөг төрх, нөр их хөдөлмөрөөрөө ялгардаг “Өнөө өглөө”-гөөр “хүмүүжсэн” хөтлөгчид үргэлж бренд болж, салбартаа жишиг болдог нь аргагүй үнэн.
Бид энэ удаа “Өнөө өглөө” хөтөлбөрөөсөө суралцаж, хөтөлбөрөөрөө “амьдарч, амьсгалж” яваа залуухан хөтлөгч У.Эрхбаярыг урин ярилцлаа. Түүний өглөө бүр хэдэн цагт хэрхэн эхэлдэг, түм түжигнэж бум бужигнасан их хотын хэмнэлд өглөөний хүн хэрхэн “амьдарч” яваа тухай, түүний мэргэжил, алдаа оноо, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр хэрхэн тэмцсэн зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцав.

БҮТЭН САР АМРААД, МАРГААШ НЬ ЭФИРТЭЙ ГЭХЭД ДОГДЛООД ШӨНӨ НОЙР ХҮРЭЭГҮЙ
-Өглөөний мэнд. Таны өнөө өглөө хэдэн цагаас эхлэв?
-Миний өглөө 04.50-05.10 цагийн хооронд эхэлдэг. Жаахан ядарсан үед сэргүүлгээ ганц нэг удаа таван минутаар ухраасаар 05.10 цаг болгочихдог. Харин амралтын өдөр нэвтрүүлэг маань 09 цагаас эхэлдэг учир 07 цаг гэхэд босчихсон байдаг. Өглөө 07 цагаас сэрнэ гэдэг маш сайхан амралт болдог шүү.
-Өглөө 05 цагт босохын тулд орой хэдэн цагт унтаж амардаг вэ?
-Стандартынхаа дагуу 11 цагаас хэтрэхгүй орондоо орсон байх ёстой. Хүн өдөртөө 6-8 цаг унтсан тохиолдолд бүрэн амарч чаддаг. Миний хувьд жаахан хэлбэлзэлтэй. Заримдаа шөнө сууж ажиллаад 1,2,3 цаг хүргэх нь ч бий. Монгол телевиз наадмын дараачаас кино сар зарлаж, албуудаа амраасан юм. Ингээд наймдугаар сарын 26-нд эфир эхлэх болов оо. Гэтэл би яг л есдүгээр сарын 01-нд хичээлээ бэлдэж байгаа хүүхэд шиг, өмнөх орой нь догдлоод нойр хүрдэггүй, шөнийн 03 цаг хүртэл орондоо хөрвөөдөг юм. Эфир эхлэх гэж байгаа гээд ганц нэг цамц шинээр худалдаад авчихсан, шинэ хувцсаа ч өмсмөөр санагдаад, шөнөжин догдолсон тохиолдол бий. Тэр шөнө хоёрхон цаг унтаад буцаад сэрж байсан. Сэрэхдээ сэргэлэн цовоо, баяр баясгалантай л босож байгаа юм.
-Ер нь таны өдрийн цагийн хуваарь хэрхэн өнгөрдөг вэ? Өглөөний 09 цагт хүмүүсийн ажил дөнгөж эхэлж байхад таны ажил дуусаж байдаг шүү дээ.
-Ажлын өдрүүдэд өглөө 05 цагт сэрээд ажил дээрээ 06 цаг гэхэд ирсэн байдаг. Ингээд хувцасаа сольж өмсөх, бэлтгэл ажил, нэвтрүүлгийн хөтөлбөрөө дахин төлөвлөх гээд ажлуудаа амжуулна. Өглөөний 06:30 цаг гэхэд багийнхан маань студид бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж хурлаа хийгээд 07:00 цаг гэхэд нэвтрүүлгээ шууд цацаж эхэлдэг дээ. Ингээд нийт гурван цаг буюу 180 минутын турш нэвтрүүлгээ шууд дамжуулж, 10 цаг гэхэд дуусаж, өнөөдрийн нэвтрүүлгээ хэрхэн хүргэсэн талаараа дүгнэн хуралддаг. Үүний дараа сэтгүүлчидтэйгээ маргаашийн нэвтрүүлгийн талаар зөвлөх, мэдээлэл авах гэсээр 14-15 цагийн хооронд миний үндсэн ажлын цаг дуусдаг. Үүнээс хойш хувийн ажлуудаа төлөвлөдөг. Гэвч 15 цагийн үед нойр маш их хүрдэг. Болж өгвөл хариад унтчих юмсан гэж их бодогддог /инээв. сурв/ Би 2017, 2019 онуудад хувиараа нэг ном гаргаж байсан, одоо 2021 онд дараагийн номоо гаргахаар урдаа зорилт тавиад байгаа. Тиймээс 15 цагаас хойш ихэвчлэн номын судалгааны ажил дээрээ суудаг учир тэр бүр гэртээ харьж унтаж чаддаггүй. Явсаар орой 20 цагийн үед л гэртээ ордог.

ӨГЛӨӨ ЭРТ АЖИЛ ЭХЭЛДЭГ УЧИР ТҮГЖИРДЭГГҮЙ, ЗОГСООЛ ХАЙДАГГҮЙ
-Өглөө 05 цагт босож хэвшээд хоёр жилийн хугацааг ардаа үдэж. “Өглөөний хүн” байхын ач холбогдлоосоо хуваалцвал?
-Маш их бий. Өглөө эрт босоход хүний бие маш сэргэг байдаг. Амжуулах зүйлс ч их тул цаг хугацаа ч их гардаг. Ядаж л өглөө ямар ч түгжрэлгүйгээр ажилдаа ирдэг. Улаанбаатарт зогсоол олддоггүйгээс болж хүмүүс маш их стрессддэг. Харин намайг өглөө ажилдаа ирэхэд бүх зогсоол хов хоосон байдаг. Хоололт маш зөв болдог. Бид өөрсдөө өглөө бүр үзэгчдэдээ зориулан зөв хооллохыг сануулж, өглөө бүр ус уухыг сануулдаг тул түүнийгээ амьдрал дээрээ хэвшүүлдэг. Байнга яриад байхаар өөрөө ч түүнийгээ дагаж эхэлдэг. Маргааш өглөө үзэгчидтэйгээ уулзах тул тэднийгээ хүндлээд орой үдэш найз нөхөдтэйгөө элдэв газраар орж явахаа ч больсон. Найз нөхөд ч “Эрхээ рүү залгавал маргааш нэвтрүүлэгтэй юм чинь угаасаа гарахгүй” гээд мэддэг болоод залгахаа ч больсон. Маш их амжуулж, эрүүл зөв хооллож, стрессгүй амьдарч байна.
Нөгөөтэйгүүр, хүмүүс надаас өглөө эрт босохын нууц чинь юу вэ? гэж маш их асуудаг. Маш энгийн. Зорилготой байх. Маргаашийн шууд нэвтрүүлэг миний хамгийн эхний зорилго. Өглөө босоод юу ч хийхгүй, зорилгогүй бол босоод ч нэмэргүй. Магадгүй уншиж байгаа номоо 10 хуудас явуулна, ажилдаа явахаасаа өмнө дасгалаа хийнэ гэх мэт жижиг зорилгууд ч байж болно шүү дээ.
-Өглөөний хүн болох гэсэн ч гэр бүлийнхний хэв маягт нийцэхгүй, унтаж байхад нь түчигнээд байх хэцүү учир ийм зорилгоосоо ухардаг тухай хүмүүс хамгийн их ярьдаг шүү дээ? Харин та?
-Өглөө ус буцалгагчны чимээ л хамгийн хэцүү /инээв. сурв/ Тиймээс ганцхан аяга ус маш хурдан хугацаанд буцалгаад л уучихдаг. Би өглөөний хүн боллоо гээд бусдыгаа хүндлэхгүй байж болохгүй шүү дээ. Нээрэн, өглөө эрт босоход төлөвлөгөө хамгийн чухал. Тухайлбал, би орой нь маргааш өмсөх хувцас, авч явах зүйлсээ бэлтгээд унтдаг. Надад нэг өдөрт ажилдаа өмсөж явах хувцас, эфирт өмсөх хоёр төрлийн хувцас хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол өглөө хүмүүс унтаж байхад их чимээ гаргаад байх нь зохимжгүй. Нэг талаар цаг хугацаагаа ч хэмнэчхэж байгаа юм.

-Мэдээж хүн л юм хойно хааяа ядардаг л байх. Ийм үедээ сэтгүүлч хөтлөгч хүн эфирт орохын өмнө бие болоод сэтгэл санаагаа бэлдэх ёстой вэ?
-“Манай Эрхээ их тууштай” шүү гэж ажлынхны минь хэлсэн үг хэзээ ч мартагддаггүй. Хоёр жилийн хугацаанд би ажлаа тасалж, хойш нь татаж, хоцорч үзээгүй. Тэдний маань хэлсэн энэ үг надад үргэлж урам өгдөг. Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх гэдэг миний хувьд ажлаас хоцрох шалтаг биш. Бие өвдөөд босож ирсэн ч чөлөө авах гэхээсээ илүүтэй гурван цагийг инээмсэглээд давж гарч чадна гэсэн итгэлтэй сэрдэг.
Телевизийн салбар бол багийн ажил. Өнөө өглөө хөтөлбөрийн ард маш олон хүн ажилладаг. Хоёр, гуравхан хүн камерын өмнө гараад зогсож байгаа ч продюсер, зураглаач, найруулагч, дууны найруулагчид, сэтгүүлчид, инженер техникийн алба, жолоочид гээд бүгдийнх нь хүч хөдөлмөрөөр өнөө өглөө хөтөлбөр минь үзэгчдэд хүрдэг. Өвдсөн, ядарсан үед энэ олон хүмүүс маш их урам зориг өгч, дэмжлэг үзүүлдэг. Ялангуяа продюсерууд хөтлөгчдийг маш сайн анзаарч байдаг. Өглөө жаахан ядраад ороод ирэхэд л шууд анзаарна. “Өчигдөр орой хэдэн цагт унтсан бэ”, “Ядарчихсан юм уу”, “Нойрмог байна уу даа” гээд л өглөөний кофе уулгаж, чанга дуугаар бусдыг уриалан урам зориг, хүч өгдөг. Хоёрдугаарт, хамт олныхоо ийм хандлагыг хараад би өөрөө маш их хичээдэг. Хамт олон минь ингэж сэтгэл гаргаж, ийм их хичээж байхад тэднийхээ бэлдсэн мэдээллүүдийг маш сайн хүргэх ёстой гэх сэтгэл. Хөтлөгчид бид тэр олон хүний бэлдсэн зүйлийг дамжуулах л үүрэгтэй шүү дээ.
ХАМГИЙН ИХ ЭРЧ ХҮЧ АВДАГ ЗҮЙЛ БОЛ АЖЛЫН ХАМТ ОЛОН
-Үзэгчдийн өглөө хэрхэн эхлэх вэ гэдэг та бүхнээс шалтгаалдаг. Тиймээс өвдсөн ч инээмсэглэж, ядарсан ч сайхан үгсийг олж хэлэх шаардлага гардаг болов уу?
-Судалгаанд хүртэл бий. Хүмүүс өглөөний 11 цаг хүртэл төдийлөн инээдэггүй аж. Харин бид 180 минутын турш инээмсэглэж, үзэгчдэдээ сайхан энерги, аз жаргал бэлэглэхийг хүсдэг. Продюсерууд ч “Үзэгчид харж байгаа шүү, өглөө дөнгөж сэрсэн үзэгчдэдээ гунигийн царай битгий харуул” гэж үргэлж захидаг. Өглөө нэвтрүүлэгтээ зориулан инээмсэглэсээр энэ нь миний амьдралд нөлөөлж, би энгийн амьдралдаа ч үргэлж инээж, бусдад сайн сайхан энерги бэлэглэхийг хүсдэг болсон.
Өнөө өглөө хөтөлбөр маань ч өглөө бүрийг эерэг гэгээлэг мэдээллүүдээр угтдаг. Хүмүүс сэрүүтээ л хар бараан мэдээлэл авбал тухайн өдрийн сэтгэлзүй яг л тиймээр үргэлжилдэг. Магадгүй уналтад орчхоод амжилтад хүрсэн нэгний ярилцлага гундаж яваа нэгэнд түшиг, тулгуур нь ч болох юм билүү. Хөтөлбөрийн маань ийм гэгээлэг бүхэн миний амьдралд ч эерэгээр нөлөөлсөн. Магадгүй түгжрэл байхгүйд ажилдаа ирдэг болохоор би ямар ч стрессгүй. 15 цагийн үед ажил тардаг тул бас л яг түгжрэл хамгийн бага үеэр замын хөдөлгөөнд оролцдог. Гэрлэн дохиогоор гарч хэвшихийг өглөө бүр бид уриална. Бусдад уриалж буй зүйлээ өөрөө ч хэвшүүлэх ёстой. Энэ мэтээр их хотод амьдрах соёл, эерэг дулаахан байх бүхэн надад нөлөөлж, би өөрөө энэ “Өнөө өглөө” хөтөлбөрөөрөө хүмүүжиж байгаа.

-Олон сайхан зочидтойгоо өглөө бүр ярилцдаг. Хэдий та бүхэнд сэтгүүлчид тань материалууд бэлдэж өгдөг ч судалгаа хийх шаардлага гардаг байх. Зочдоо хэрхэн судалдаг вэ?
-Маргааш ярилцах зочдын мэдээлэл өмнөх өдөр нь ирдэг. Энэ мэдээлэл дээрээ түшиглэн судалгаагаа хийдэг. Өглөө зочидтойгоо нүүр дүүрэн инээмсэглэлтэй мэндчилж, шууд эфирээс өмнө нүүр тулан уулзаж, ярилцаж үзэхээс л судалгаа эхэлдэг. Магадгүй анх удаа шууд нэвтрүүлэгт оролцож байгаа зочин байвал сандарч байгаа эсэхийг нь ажиглаж, түүнийг тайвшруулах, энгүүн сайхан яриа өрнүүлэх талаас нь ажиллана. Тэр хүнд халуун дулаан уур амьсгал мэдрүүлж, өглөөг сайхан угтсан эсэхийг асууж байж дараа нь үндсэн сэдэвтэй ордог.
-Та өмнө МҮОНТВ, ECO TV-д ажиллаж, шууд эфирт орж байсан туршлагатай шүү дээ. Гэвч Монгол телевизийн Өнөө өглөө хөтөлбөр яах аргагүй хөтлөгчдийн хувьд хэн бүр орж чадахгүй өндөр босготой айл. Иймд айлд орж анхны эфиртээ ороход сандарч байв уу? Алдаа гаргасан уу?
-Алдаа зөндөө бий. Би анх 2007 онд энэ салбарт фм-ийн хөтлөгч болон орж байсан. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа телевизийн салбарт хөл тавьж байлаа. Сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч нэвтрүүлэгч хийхийг чин сэтгэлээсээ хүсэх болсон. Гэвч хүн өөрийнхөө хийх ёстой зүйлийг эрж хайгаад л, удаан хугацаанд төөрч явдаг юм билээ. Ингэж явсаар “Өнөө өглөө” хөтөлбөрт оръё гэж шийдсэн. Гэвч тийм амар байгаагүй. Энэ хөтөлбөрт хөтлөгчөөр орно гэдэг маш том, олон шалгууртай. Пробонд орно, ажлын ярилцлагад орно, тодорхой хэмжээнд хариугаа хүлээх шаардлага гарна, дагалдан хийх гээд анкет өгснөөс хойш 3-6 сарын хугацаа өнгөрүүлсэн. Үүнээс хойш нэвтрүүлэгтээ ороход үзэгчид өмнөх хөтлөгчөө үгүйлэх, шинэ хөтлөгчийн алдаа мадгийг алдалгүй харах, би ч өөрөө сандарсан гээд шантрах үе байсан. Өнөө өглөө хөтөлбөрийн өмнөх хөтлөгчид бүгд л “бренд” болчихсон, үзэгчдийн гэр бүлийнх нь гишүүн мэт дотно сэтгэгдэл төрүүлдэг болсон байх үед нэг шинэ хүн “гэрт нь ороод суучихаар” аргагүй ч биз. Харин хамт олон минь намайг маш сайхнаар хүлээж авч, хэрхэн ажиллах ёстойг деталь бүрээр нь зааж өгсөн нь надад их дэм болсон.
Анх эфирт гарахад үзэгчдээс сөрөг хандлагууд ч мэдрэгдэж байлаа. Үзэгчдийн 30 хувь нь сөрөг байхад “Би чадахгүй юм байна, болохгүй байгаа юм байна” гэж өөрийгөө чамлан шантрах үед хамт олон минь л “Чи ганцхан өдрийн дотор шийдээд орж ирээгүй шүү дээ, гурав дөрвөн сар хичээчхээд жаахан сөрөг коммент ирэхээр шантраад гарч болохгүй. Энэ бүхнийг давж гараад өөрийгөө үзэгчдэдээ таниул, гэр бүлийнх нь гишүүн бол” гэсэн. Надад ч өөр телевиз соль явах сонголт байгаагүй, энэ л хөтөлбөрт байх ёстой гэж өөрийгөө бодон, урагш алхсан даа.

БИД ҮСЭЭ БУДАХ БАЙСАН Ч ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ
-Шантарч байсан үеэс тань хойш хоёр жилийн хугацаа өнгөрч. Энэ хугацаанд та хэдэн зочинтой ярилцлага өрнүүлж вэ?
-Бодож үзээгүй юм байна шүү. 700 хоногт дунджаар 3-4 хүнтэй ярилцсан гэж тооцвол 2800 орчим зочинтой ярилцсан байна.
-Эдгээр зочдоос таны хувь хүнд хамгийн их нөлөөлсөн эрхмүүд хэн байв?
-Гадны их дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо хийж бүтээхээр ирсэн залуустай ярилцах маш дуртай. Тэдэнтэй ярилцсаныхаа дараа ахин суралцахсан, тэднээс үлгэр дуурайлал авахсан гэх эрч хүч, “Монгол залуус минь мундаг байна даа” гэх бахархал миний дотор асдаг. Мөн аялагчидтай ярилцах дуртай. Тэдний явсан жимээр явж, тэдний үзсэнийг нүдээр харахсан гэх бодол дотроос салдаггүй.
-Телевизийн эфирт гарах дүр төрх мэдээж чухал. Үзэгчдээ хэр хүндэлж вэ гэдгийг үг яриа төдийгүй тэдний хувцаслалт, үс засалтаас ч хардаг. Тэр утгаараа хөтлөгч нэвтрүүлэгчдийн имиж, дүр төрх телевизийн өмч гэж ярих нь бий. Таны имижийг хэн бүрдүүлдэг вэ?
-Тийм шүү. Бид үсээ будах байсан ч зөвшөөрөл авдаг. Өмсөж буй хувцас хүртэл төлөвлөгөөний дагуу явна. Тухайлбал, баярын дугааруудад ямар хувцас өмсөх гэж буйгаа зургаар явуулж шалгуулна, болохгүй гэвэл өөр хувцас сонгоно. Имиж бүрдүүлэлтэд ч стилист, продюсерууд зөвлөгөө өгнө. Анх телевизэд орж ирэхэд миний үсний засалт ийм байгаагүй шүү дээ. Хувцаслалт ч өөрчлөгдсөн. Би анх костюм өмсөж, зангиа зүүдэг байлаа. Одоо чөлөөт хувцас өмсдөг болсноор зочинтойгоо ярилцахдаа ч чөлөөтэй сайхан яриа өрнүүлж чаддаг юм билээ. Нөгөөтэйгүүр, телевизийн салбарт эфирт өмсөх хувцасны норм ч гэж бий. Магадгүй, хэт гял цал, эрээлжилсэн хувцас өмсөх нь үзэгчийн нүдийг ядраах, зорьсон сэдвээсээ өөр тийш анхаарал сарнихад хүргэдэг.

-Таны хамтрагчдын талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. Анх таныг шинээр ажилд ороход маш туршлагатай эмэгтэй хөтлөгч угтаж авсан байх. Алдаа оноо гаргахад бие биенийхээ дутууг нөхөж явдаг вэ?
-Би өмнө нь ихэвчлэн албан ёсны хөтлөлт хийж байсан болохоор энтертаймент чиглэлд алдаа их гаргана. Тэр бүрт туршлагатай хамтрагч маань намайг хөтөлж байсан. Угаас дэлхийн жишигт “Morning show”-г хамтрагчтай хөтөлдөг. 180 минут ганцхан хүнийг харах магадгүй уйтгартай. Хоёрдугаарт, бие биенийхээ дутууг нөхдөг тул хамтрагчтай байна гэдэг давуу тал. Нэг удаа надад нэвтрүүлгээ ганцаар хөтлөх шаардлага гарлаа. Тэр үед 180 минут маш удаан өнгөрөх шиг санагдсан шүү /инээв. сурв/ Харин хамтрагчтайгаа удаан хамт хөтлөөд ирэхээр бие биенээ маш сайн мэдэрдэг болдог. Хэзээ ч бие биетэйгээ давхцаж ярихгүй, хэзээ ч бие биенийхээ өмнүүр орж ярихгүй. Хамтрагч минь энэ сэдвийг маш их сонирхож байгаа нь мэдрэгдвэл дараагийн асуултыг асуух боломжийг нь олгож, өөрийгөө татдаг. Нүдний харц, биеийн хэлэмж, амьсгаа авч байгаагаар нь хамтрагчаа мэдэрдэг болчихдог. Одоо хөтлөгч Хонгорзул, Дэнсмаа нартай нэвтрүүлэгээ хөтлөж байгаа.
АЙДСААСАА БОЛЖ ТАЙЗАН ДЭЭРЭЭС БУУВАЛ МИНИЙ ОРОНД ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ ИРЭХ МАШ ОЛОН ЗАЛУУС БИЙ
-Шууд эфирийн үеэр алдаа гаргах тохиол гардаг л байх. Ийм үед та бүхэн хэрхэн зохицуулалт хийдэг.
-Энэ үед яг л хамтрагч минь тус болдог. Нэг нь алдсан тохиолдолд нөгөө нь заавал засаж өгдөг. Магадгүй би нэг тоо баримт буруу хэлбэл хамтрагч маань “Өө, Эрхээ тийм биш шүү, үндсэн тоо баримт нь энэ шүү” гээд шууд нэвтрүүлгийнхээ үеэр, тэр дор нь засна.
-Мөн шууд нэвтрүүлгийн үеэр айдастайгаа нүүр тулах, нулимсаа тэвчих, инээдээ барьж дийлэхгүй байх гэх мэт сэтгэл хөдлөлтэйгөө тэмцэх үеүд ч тохиодог байх?
-Тийм. Тухайлбал, багаасаа л аалзнаас айдаг, яагаад ч юм жигшдэг хүүхэд байсан. Гэтэл шууд нэвтрүүлгийн үеэр зочин маань аалз аваад ирсэн. Надад тэр аалзны хажууд суугаад ярилцлага хийнэ гэдэг аймшгийн кино. Гэсэн ч энэ бол миний ажил учир хийх л ёстой, үзэгчдэдээ харуулах л ёстой. Яах аргагүй ажлын шаардлагаар олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй болдог. Манай студид багтаж болох бүх л амьтан ирсэн байх шүү.

-Та одоо эфирт гарахдаа сандардаг уу?
-Одоо цэгцэрсэн. Гэхдээ шинэ зүйлтэй нүүр тулахад эсвэл олон хүний өмнө гарахад хүн бүрт айдас байдаг. Нэвтрүүлэг анх хөтөлж байхад камерын өмнө зогсоод сандрах үе бишгүй. Ийм үед би өөртөө хэлдэг түлхүүр үгтэй, өөрөө өөртэйгөө маш сайн ярилцдаг. Олон хүн үүнийг “тайзан дээр гарах айдас” гэж нэрлэдэг. Ийм айдсыг би “Миний насны маш олон мундаг хөтлөгч залуус бий, надад олдож байгаа боломжийг чи бүрэн дүүрэн ашиглаад, хамгийн сайнаараа дав” гэж өөртөө хэлж, тэмцдэг. Магадгүй би энэ айдсаасаа болж тайзан дээрээс буувал, миний оронд тайзан дээр гарч ирэх маш олон залуус байгааг хардаг.
-Статистик харах шаардлагагүйгээр хамгийн олон үзэгчтэй өглөө хөтөлбөрийг хөтөлдгийн хувьд таныг гадуур явахад олон хүн таних уу?
-Өнөө өглөө хөтөлбөрөө хөтлөөд хагас жил болоход хүмүүс таньдаггүй байсан. Одоо харин гадуур явахад хүмүүс “Хүүе хаана харлаа” гээд л хүмүүс мэндэлдэг. Ихэвчлэн тэд намайг таньдаг хүнээ эсвэл хамаатныхаа хүнийг байна гэж андуурах нь бий. Мөн “Өглөө бүр танай нэвтрүүлгийг үздэг шүү, таньдаг хүн шиг минь санагдаад мэндчихлээ” гэх хүмүүс ч бий. Тэр бүрт нь би яг л өглөө хөтөлбөрөө хөтөлдөг шигээ тэдэнтэй халуун дулаанаар мэндчилж, энгийн яриа өрнүүлдэг.
ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЭНЭ САЛБАР РУУ ХӨТӨЛСӨН
-Одоо та өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?
-Би цаашид энтертаймент чиглэлийн хөтлөгчөөр өөрийгөө илүү сайн хөгжүүлэхэд чиглэж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Хажуугаар нь ном унших дуртай. Ном бичих сонирхолтой. Одоо хоёр ч сонсдог номоо гаргасан байгаа. Зөвхөн ярихаас гадна бичвэрийн ажлуудаа давхар хөгжүүлэх бодолтой ажиллаж байна.
-Та цаашид юу зорьж, ямар зарчим баримтлан урагшилж байна?
-Ажил хийж сурах тусам улам л их завгүй болж байна. Надад одоо зав тун муу. Багаасаа үерхэж нөхөрлөсөн найзуудтайгаа ч хааяа л утсаар ярина. Яг л ажилдаа төвлөрч, өөрийгөө хөгжүүлэхэд төвлөрч байгаа. Харин орхиж болохгүй нэг зүйл бий. Тэр бол гэр бүл. Би гурван эрэгтэй дүү, ээжийнхээ хамт амьдардаг. Эрэгтэй дүү нартай учраас ах хүний хувьд сайн анзаарч явахгүй бол буруу гишгэхвий гэж эмээдэг. Тиймээс тэдэнтэйгээ сайн ярилцаж, тэдэндээ урам өгч, сайн сайхан бүхнээ хуваалцах гэж хичээдэг. Миний нэг өдөр ажилдаа ирэх, өдрийн уулзалт, өөрт зарцуулах цаг, гэртээ харих гэсэн хуваарьтай үргэлжилж байна. Ингэхдээ хэн нэгэнд гай болохгүй, муу зүйл хийхгүй, хүнд муухайг ярихгүй, ажлаараа ч амьдрал дээрээ ч бусдад эерэг зүйл түгээхсэн гэсэн зарчимтай амьдарч явна.

-Хамгийн сүүлд таны ээжийн тухай асууя. Хүн болгон мэддэг хөтөлбөрт хөтлөгчөөр ажиллаж буй хүүгээ хараад таны ээж их баярладаг байхдаа? Үүнийгээ танд илэрхийлдэг үү?
-Илэрхийлдэг. Бүх зүйл эхэлсэн түүхээ яривал их сонин. Би багадаа их эрх хүүхэд байсан шиг, нэр нь хүртэл Эрхбаяр шүү дээ. Тэр жил фм-ийн хөтлөгчөөр анх ажилд орохоор шалгуултал тэнцээгүй. Гэтэл ээж түүнийг мэдчихээд “Манай хүүхдэд цалин мөнгө өгөөд хэрэггүй, өөрөө их хүсэж байгаа юм, зүгээр л хажуудаа аваад дадлагажуулаад аваач” гэж захирлаас нь очиж гуйсан байгаа юм. Маргааш нь л захирал над руу залгаж, би дагалдан хийхээр боллоо. Намайг хөтлөгч болохыг тийм их хүсэж байгааг ээж маань мэдэж шүү дээ. Ингээд би орой бүр текст уншиж, хэл зүгшрүүлэх дасгалуудаа хийж, их ч хичээсэн.
Аав минь цэргийн хүн, одоо бурхны оронд бий. Аав цэргийн хүн болохоор нуруу, туруутай юм чинь мэргэжлээ өвлүүлнэ гэнэ. Ээж бас банк санхүүгийн салбарын хүн, энэ салбарт орооч гэнэ. Гэтэл би компьютерийн чиглэлээр суралцахаар сонголт хийчихлээ. Энэ чиглэлд суралцаж байх хугацаандаа фм-ийн хөтлөгчөөр ажиллаж, нэг ёсондоо өөрийгөө олсон. Хөтлөгч болохын тулд ямар мэргэжлээр суралцвал илүү дөхөм байхыг судалж, сэтгүүлч мэргэжлээрээ суралцахаар шийдсэн. Компьютер техник хангамж, сүлжээний чиглэлээр сурч төгссөнийхөө дараа сэтгүүлч мэргэжлээ эзэмшсэн. Тиймээс ч одоо технологийн чиглэлийн зочин ирвэл ярилцахад илүү ойр байдаг.
Ингээд бодоход ээж минь намайг энэ салбарт хөтөлж оруулсан. Одоо ч ээж байнга дэмжинэ. Өглөө бүр үзнэ. Хааяа зөвлөгөө өгч, ярилцана. Намайг энэ ажлаа хийхэд ардаас ямар ч татлаа түтлээгүй ажиллах бүх боломжоор хангадаг. Шинийн нэгний өглөө үүрээр манай телевизийнхэн гэрийнхэнтэйгээ золгож ч чадалгүй гэрээсээ гардаг, шинэ жилээр 31-ний өдөр байнга л шууд нэвтрүүлэгтэй, оройдоо ам мөлтөс гэртээ орно. Телевизийн салбарынхан баярын өдрүүдэд хамгийн их ачаалалтай ажилладаг салбарын нэг. Энэ бүрт ээж, дүү нар минь ард бат зогсоно шүү дээ.
-Бидэнд цаг гарган ярилцсанд танд маш их баярлалаа. Сүүлийн асуултаа танд үлдээе.
-Та бүхэнд ч мөн баярлалаа. Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж яваа гэр бүлийнхэн болон хамт олондоо маш их баярлалаа. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр бол “Өнөө өглөө” хөтөлбөр минь юм.
Б.ГЭРЭЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.