М.Өлзийтөмөр: Амьтан бол хэд хоног зугаагаа гаргаад буцаадаг ТОГЛООМ биш

Амьтанд хайртай, тэжээвэр амьтантай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Тэгвэл энэ удаа бид монголын томоохон амьтны дэлгүүрийн нэг болох “Amazon” амьтны дэлгүүрийг үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөртэй ярилцлаа. Багаасаа цаг зав гарвал амьтантай ноцолдож өнгөрөөх дуртай, амьтанд чин сэтгэлээсээ хайртай түүний сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншина уу.
ХҮМҮҮС ЗУНЫ УЛИРАЛД ЗУГААЛГААР ХӨДӨӨ ГАДАА ЯВДАГ БОЛ НАДАД ТИЙМ БОЛОМЖ ОЛДДОГГҮЙ

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийнхөө тухай яриач?
-Би багаасаа амьтанд сонирхолтой байсан. Мэдээ орсон цагаасаа л бүх төрлийн амьтанд хоббитой хүүхэд байлаа. Цаашлаад дунд сургуульдаа энэ төрлийн хичээлдээ илүү сонирхолтой байсан ч барилгын инженер болох хүслээрээ мэргэжил эзэмшиж төгссөн. Одоо бол дуртай зүйлээ буюу амьтантай холбоотой амьтны дэлгүүр ажиллуулж байна. Удахгүй амьтан судлаачаар мэргэших зорилготой байна. Дараа жилээс сурч эхэлнэ.
-“Amazon” амьтны дэлгүүрээ хэзээ нээж байсан бэ? Анх нээж байхад хэцүү тулгамдсан асуудлууд тохиолдож байв уу?
-Одоогоос 6-7 жилийн өмнө нээж байсан. Нээсэн цагаасаа хойш маш завгүй ажилласаар өдийг хүрсэн байна. Хүмүүс зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар их явдаг бол надад тийм боломж олддоггүй. Олон амьтан асарч халамжилдаг учраас нэг өдөр ч орхиж явж чаддаггүй. Энэ ажил маань нэг хийгээд өнгөрдөг ажил биш. Барааны дэлгүүр бол нэг сайхан тоосыг нь арчаад өрөөд тавьчихвал болчихдог. Харин бидний ажил байнгын асарч, хооллож, цэвэрлэн нэг өдрийн дотор маш их зүйл хийдэг ажил. Энэ нь л анхандаа хэцүү байсан байх. Сонирхолгүй хүн бол аль хэдийн больчих байсан. Гэвч дуртай сонирхдог зүйлдээ хэзээ ч шантарч залхдаггүй. Надад сонирхол, зорилго байсан учраас л өдийг хүрсэн. Энэ салбар төдийлөн хөгжөөгүй учраас эхний гурван жил их алдагдалтай ажилласан. Түүнээс хойш ашиг өгч эхэлсэн, энэ хугацаанд би ерөөсөө шантраагүй.
БАЙРНЫХАА ХҮҮХДҮҮДТЭЙ НИЙЛЖ ГУДАМЖНЫ ГӨЛӨГНҮҮДИЙГ ЦУГЛУУЛАН ҮҮР БАРЬЖ, НУУЦААР ХООЛЛОЖ ТЭЖЭЭДЭГ БАЙСАН

-Та хэдэн настайгаасаа амьтан тэжээж эхэлсэн бэ?
-Зарим хүмүүс хэтэрхий бага насныхаа дурсамжуудыг санадаггүй шүүдээ. Би гурван настайгаасаа хойшхи үйл явдлыг санадаг. Анх гуравдугаар ангиасаа яст мэлхий, загас тэжээж эхэлсэн. Бага байхад гэр бүлийн гишүүдээс аав, эмээ хоёр амьтан тэжээхийг хориглодог байв. Түүнээс өмнө байрныхаа гадаа шоргоолжны үүрэн дээр ажиглалт хийж өнгөрөөх, телевизээр амьтны холбогдолтой нэвтрүүлэг үзэх дуртай байсан. Байрныхаа хүүхдүүдтэй нийлж эзэнгүй, гудамжны гөлөгнүүдийг цуглуулж, гэрээсээ нууцаар хоол гаргаж өгөөд, өвөл үүр сав бариад тэжээдэг байв. Гэр бүлийн маань ихэнх гишүүд амьтанд хайртай байсан боловч зарим гишүүдийн шаардлагаар багаасаа гэртээ амьтан тэжээж чадаагүй. Гэрийн гадаа бол зөндөө амьтан тэжээж үзсэн.

-Одоо та хэдэн амьтан тэжээдэг вэ? Ямар ямар амьтан байдаг вэ?
-Тоог нь нарийн гаргах боломжгүй дээ. Ямар төрлийн амьтан хэдийг тэжээж байгаагаа ч мэдэхгүй. Сая амралтын өдрүүдээр нохойнууд дунд зохиогддог монгол улсын аварга нохой шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд манайхаас 11 нохой оролцож тодорхой амжилтуудыг үзүүлсэн. Монгол улсын залуу аварга 2, монгол улсын аварга 2, Их аварга нэг шинээр төрсөн. Монголын нохой судлалын холбоо хэмээх байгууллага маань дэлхийн томоохон холбооны гишүүн байгууллага болсон бөгөөд мэргэжлийн шүүгчид шүүж, холбооны дүрмээр оролцдог байгаа. Сүүлийн үед цолны системд шилжих, олон төрөлд өрсөлдөх гэх мэт маш сонирхолтойгоор зохион байгуулагдаж байна.
Мөн тэжээвэр амьтад дундаас хамгийн том бас гоёдоо тооцогддог нь мэдээж муур, нохой хоёр. Миний яг өөрийн тэжээдэг 20 гаруй муур байна. Ховор үүлдэрийн олон муур бий. Үүлдэрээс нь дурьдвал, Бенгал үүлдэрийн бар шиг судалтай муур, “British short hair” хэмээх бандгар эгдүүтэй бамбарууш шиг муур, “Scottich Fold” буюу бандгар унжуу чихтэй муур, “Seamese”, “Pers”, “Kornish Rex” гэх үс нь унадаггүй муурууд бий.
ТУХАЙН АМЬТНЫГ ТЭЖЭЭСНЭЭР АСАР ИХ КАЙФ, СЭТГЭЛИЙН ТААШААЛ АВДАГ, ҮҮНИЙГ АШИГ ГЭЖ ХАРЖ ЧАДАХГҮЙ БОЛ АМЬТАН ТЭЖЭЭХ ХЭРЭГГҮЙ

-Ховор үүлдэрийн мууруудыг холоос авчрах нь хэцүү байх. Хаанаас оруулж ирдэг вэ?
-ОХУ, БНХАУ-аас ихэвчлэн амьтан авчирдаг. Учир нь ойрхон, тээврийн зардал бага гардаг. Өөр улсаас амьтан авлаа гэж бодоход зарж барамгүй үнэтэй болдог. Аль ч улсаас амьтан авсан өндөр удамтай, цэвэр цусных байх тусам үнэтэй байна. Зарах борлуулах амьтан голдуу БНХАУ-аас ирдэг. Харин борлуулах гэхээс илүүтэй өөрийн сонирхлоор, карьер хөөх гэсэн сайн цусны нохойг ОХУ-аас илүү өндөр үнээр худалдаж авна. Тээвэрлэх, хил гааль зэрэг асуудлаас эхлээд амьтан бол арчилгаа шаарддаг бүх зүйлс нь хамгийн хэцүү тээвэрлэлт гэж боддог.
-Таны хувьд амьтан тэжээх хүнд байх ёстой чухал чанаруудаас нэрлэвэл?
-Амьтан тэжээх гэж буй хүмүүсээс би нэлээд их асуулт асуудаг ба тэр болгон зарахыг боддоггүй. Манай дэлгүүр амьтан зарахаас илүү бараа бүтээгдэхүүн дээр суурилдаг. Бараа бүтээгдэхүүний тухайд 5000 гаруй төрөл бий. Монголд бол “pet shop” дотроо хамгийн том нь болсон гэж боддог. Гадны томоохон орнуудаас туршлага судалж, энэ төрлийн судалгааг их хийсэн. Дэлгүүрээ үүнээс илүү томруулна гэж бодсон ч зах зээл нь жижигхэн гэж харсан. Яваандаа удаанаар тэлж томруулах зорилготой. Тухайлбал, нохойны зориулалтын салон угаалга, сургалт, өдөр өнжүүлэлт гэсэн тал руугаа орно гэж бодож байна.

Амьтан худалдан авч буй хүмүүсээс тухайн амьтнаа арчилж чадах уу?, амьтнаа хэр судалсан байна, олон хүндрэлүүд гарна энэ бүхнийг тэвчиж чадах уу? гэх зэрэг олон зүйл асуулдаг. Мөн хоног заагаад хэтэрсэн хойно нь буцаана гэвэл үнийн дүнгийн 50 хувийг буцаан өгдөг байгаа. Яагаад талыг нь өгч байна гэхээр амьтан бол тоглоом биш. Хэд хоног зугаагаа гаргаад буцаадаг зүйл биш учраас өндөр шаардлага тавихыг хичээдэг.
-Хэр их хүмүүс үйлчлүүлдэг вэ? Амьтан худалдан авч буй хүмүүс юуг их асуудаг вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн маш ачаалалтай ажилладаг. Хүмүүс их үйлчлүүлдэг. Хүмүүсийн асуудаг хамгийн утгагүй асуултуудаас дурьдвал, “Үс нь унадаг уу? Баадаг уу? Шээдэг үү?” гэж их асуудаг. Ийм анхан шатны ойлголтгүй хүмүүстэй бараг ярихыг ч хүсдэггүй, амьтнаа зархаас татгалздаг. Мөн “ямар ашигтай вэ?” гэж их асуудаг. Ашиг гаргадаг амьтан гэвэл аж ахуйн чиглэлийн таван хошуу мал байна. Эзэндээ өндөг, мах, түүхий эд, ноос ноолуураа өгдөг. Харин гэрийн тэжээвэр амьтдаас шууд ашиг гардаггүй. Хэрэв амьтан нь зулзагалаад түүнийг зарж борлуулвал ашиг гэж хэлж болох байх. Хамгийн гол нь тухайн амьтныг тэжээснээр яваандаа асар их кайф, сэтгэлийн таашаал авдаг. Үүнийг ашиг гэж харж чадахгүй байвал амьтан тэжээх хэрэггүй. Би 30-хан минут гараад ороод ирэхэд ноход маань намайг хараад маш их баярлачихсан намайг хүлээж байдаг. Намайг хараад сэтгэлийн хөөрөл нь дээд цэгтээ хүрчихсэн, догдолчихсон байдлыг нь харахад надад аз жаргал мэдрэгддэг.
ТЕХНИК ТЕХНОЛОГИ ХӨГЖСӨН ҮЕД АМЬД ХАРИЛЦАА ҮҮСГЭХЭД АМЬТАН ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

-Бага насны хүүхдүүд амьтан тэжээх сонирхолтой байдаг шүүдээ. Таны хувьд анх удаагаа амьтан авч тэжээх гэж буй хүмүүст ямар амьтан зөвлөх вэ?
-Бага насны хүүхдүүд юуны түрүүнд аав , ээжийнхээ зөвшөөрлийг авч, гэрийн бусад гишүүдэд төвөг удахгүй тэжээхэд хялбар амьтдаас эхлэх хэрэгтэй гэж боддог. Чадаж байвал дараа дараагын шат ахисан амьтан тэжээх нь зөв. Миий хувьд амьтантай цаг зав гарвал зууралдах дуртай байсан учраас бага нас минь муу муухайгаас холуур өнгөрсөн. Одоо хүртэл би архи дарс хэрэглэдэггүй, холуур хүмүүжсэн. Техник технологи хөгжсөн энэ үед амьд харилцаа үүсгэхэд амьтан чухал үүрэгтэй. Мөн өөрөөсөө гадна хэн нэгэнд анхаарал халамж тавих зан багаасаа төлөвшинө.
-Нялх хүүхэдтэй айл амьтан тэжээхээр амь булаалддаг гэж хүмүүс ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Би хүүхэд байхаасаа шинжлэх ухаанч үндэслэлтэй болж хүмүүжсэн. Ямар нэгэн шашин шүтдэггүй. Миний ганц итгэдэг зүйл бол Чарльз Дарвин гэх агуу эрдэмтний “Хувьслын онол”. Бүх зүйлийг би түүнтэй холбож бодох дуртай. Шашин эсвэл мухар сүсэг байхгүй учраас ийм ярианд би дургүй.

-Хүмүүс сүүлийн үед яст мэлхий их тэжээх болсон. Яст мэлхий өөрөө хоёр нутагтан. Усанд байхаар өвдөөд байх шиг, хуурай газар байхаар хуяг нь хатаад их асуудал тулгардаг. Яг яаж тэжээвэл зохих вэ?
-Манай пэйж хуудсанд ямар ч амьтныг хэрхэн арчлах тухай дэлгэрэнгүй зөвөлгөө өгдөг. Манай улсад “Pet shop” сайн хөгжөөгүй учир хүмүүс тэр талын хангалттай ойлголт, мэдээлэл авч чадахгүй байна. Яст мэлхий өөрөө халуун орны амьтан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гадаадын иргэд тухайн амьтан ямар үнэтэй байх хамаагүй түүний амьлрах таатай орчинг бүрдүүлэхийн тулд чийг ялгаруулагч, усны халаагуур зэрэгт хэдэн ч доллар зарцуулахад бэлэн байдаг. Манай оронд бол хүмүүс амьтны үнээс хэрэгсэл нь илүү байна гэх гомдол гарна. Яст мэлхий бол хоёр нутагтан учир хүссэн үедээ газрын гадарга дээр гарах боомжтой тавцан хийж өгөх нь чухал. Мэдээж халуун орны амьтан учир +30 градустай орны бүлээн усанд дассан байдаг. Амьтны температур орчноо дагаад солигддог. Иймд загасны халаагуур хийх хэрэгтэй, калциар баялаг хоол өгч, усыг цэвэрхэн байлгах хэрэгтэй. Цөөхөн хэдэн зүйлсийг бүрдүүлсэн байхад газрын яст мэлхийнээс илүүтэйгээр тэжээхэд хялбар байдаг.
-Танай дэлгүүрийг ажиглахад ховор аалз, могой, гүрвэл зэрэг амьтад бас анхаарал татаж байна. Хүмүүс хэр их худалдаж авдаг вэ?
-Амьтан судлал дотроо шавьж судлал бол маш нарийн хөгжсөн. Хүнд худалдана гэхээс илүү миний хобби гэж ойлгож болно. Сонирхлынхоо хүрээнд хүмүүст таниулах, үзмэр маягаар байлгадаг. Мэдээж хүсвэл худалдаж авах боломжтой. Энэхүү амьтад их зарагдаж ашиг өгдөггүй боловч ирээдүйд хөгжинө гэж үзэн хувь нэмрээ оруулж байна.
ГУДАМЖНЫ ЗОВЖ БУЙ НОХОЙГ ЦӨӨЛӨХИЙН ТУЛД СПЕЙ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ АРГА

-Хүмүүс амьтанд спей хийлгэх тал дээр өөр өөр байр суурьтай байдаг. Зарим нь амьтны эрхийг боолоо гэдэг бол зарим нь зөв гэдэг. Таны хувьд?
-Нийт массын хувьд энэ нь сайн зүйл. Хүмүүс амьтнаа зулзагалууллаа гэхэд амьдралынх нь турш хянаад явах боломжгүй. Нэг муур зургаан зулзага гаргалаа, зулзаганууд нь жилийн дараа зулзагалана. Ингээд үзэхэд геометр прогрессоор өсөлтийг нь тооцож үзэхэд нэг муур зургаан жилийн дараа 12 сая болно гэсэн тооцоо байдаг. Хараа хяналтгүй үржиж буй гудамжны амьтад яагаад бүр их олшрохгүй байна вэ гэхээр тэр хэмжээгээрээ үхэж буйтай холбоотой. Гудамжны зовж буй амьтдын тоог цөөлөхийн тулд хамгийн тохиромжтой арга нь спей хийлгэх гэж боддог.
-Хүмүүс сүүлийн үед гудамжнаас их нохой олдог ч хаана хандахаа мэддэггүй. Танай дэлгүүрийн хувьд ийм амьтан авдаг уу?
-Авах боломжгүй. Хэрэв бид аваад эхэлвэл бараг өдөрт зуун амьтан ирнэ байх. Заримдаа хүмүүс залгаж асуудаг. Монголд энэ амьтад анхаарал хандуулдаг Азтай савар ТББ байдаг. Тэнд хүмүүс олсон нохойгоо тэжээх, бусдад өгөх, заримдаа нохойныхоо эмчилгээнд хандив авах зэрэг зорилгоор ханддаг.
НОХОЙ ЖИЛИЙН ДОТОР 16 НАСТАЙ ХҮН ШИГ ТӨЛӨВШИЛТЭЙ БОЛДОГ

-Саяхан таны Тина хэмээх нохойныхоо төрсөн өдрийг хийж буй бичлэгийг үзсэн. Та нохойгоо бараг гэр бүлийнхээ гишүүнээ гэж боддог уу?
-Нохой бол урт насалдаггүй амьтан. Манай Тина найман нас хүрсэн. Би нохойныхоо төрсөн өдрийг тийм ч их тэмдэглэж өгөөгүй, хоёрхон удаа л тэмдэглэж үзсэн. Зарим хүмүүс нохойны насжилтын талаар их асуудаг. Олон орны насжилтын хүснэгт арга байдаг боловч надад Японых илүү дөхөм санагддаг. Нохой жилийн дотор хүнээр бол 16 настай хүн шиг төлөвшдөг.
-Нохой эзэндээ дасах гэж хэр уддаг вэ?
-Тэр бол цэвэр эзэн нохой хоёрын харилцаанаас шалтгаалдаг зүйл.

-Та амьтантай холбоотой дурсамжуудаасаа хуваалцвал?
-Маш олон дурсамж бий. Манай хамгийн ахмад нохой
Тина бол надад байгалиас заяасан байх ёстой нохой гэж би боддог. Учир нь яг надтай адил амьтанд маш дуртай. Би ойр ойрхон хайрцагтай амьтан бариад ороод ирэхээр их сонирхож танилцдаг. Хааяа би жижигхэн амьтан алдаад юман доогуур зугтаалгачихдаг. “Хайгаарай, хайгаарай” гэхээр нохой хариу хэлж чадахгүй ч гэсэн хүний хэлийг сайн ялгаж салгадаг. Жижигхэн амьтантай найзалж буй бичлэгүүд нь манай цахим хуудсанд их бий. Мөн шинээр ирсэн зарим “далжигнасан” амьтныг сургаж хүмүүжүүлнэ. Ажилд маань их тусалдаг. Ээж маань бүр “цагдаа” гээд хочилчихсон. Гэртээ ч гадаа ч ажилд ч хамтдаа байдаг.
-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл бий юу?
-Хүмүүс гар утас авахдаа их сонирхож судалсан байдаг. Үүнтэй адил амьтан авахдаа ч их судалж, тэжээж чадах үгүйгээ дотроо бодож бэлтгэсэн байх нь чухал. Нохой бол хүний хамгийн дотны анд байдаг. Үргэлж таньтай хамт байна, түүний хувьд та бүх зүйл нь. Энэ үүднээс хандаасай гэж би хүсдэг.

С.ХОНГОРЗУЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag zaluu ymaa ajild ni amjilt amdrald ni az jargal sain saixniig xusen eruuy.
Үнэхээр хөдөлмөрч з�##�уу шүү.. Хичээн олон азтай саварт тусламжийн гараа сунгаж байсан гэж санана.
Одоо ч эзэндээ гологдсон, өвчиндөө шан�##�сан олон амьтныг асарч яваа мундаг з�##�уу шүү.. Бахархмаар..
Baga baihiin l amitand hairtai huuhed baisan uurchlugduugui baina shuu.
Ийм сайхан хүмүүжүүлсэн ээж аав мундаг юмаа.надыг жоохон хүүхэд бхад амьтан хайрлах ямарч ойлголт бгаагүй..байрны хүүхдүүд гөлөг муужгай там�##�ж �##�аа л ээ бурхан гэж