“Эднийх ёстой нэг хөөрхөн контент, хөгжилтэй бичлэг хийдэг шүү” гээд хүмүүс үзэх дуртай цахим хуудсуудын нэг нь "Yojlol". Энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан ч тэд богино хугацаанд цахим орчинд өөрийн гэсэн орон зай, үнэнч үзэгчидтэй болоод хэдийнэ амжсан. Одоо тэдний нэг контентыг дунджаар 500.000 хүн үздэг. Инээлгээд цаана нь бусдад ухаарал, сургамж хайрласан ёгт санаагаа шигтгэдэг "Yojlol"-ын Э.Мөнхжаргал, Л.Мишээл нартай ярилцлаа.

-“Yojlol”-ыг анх байгуулсан, та хоёр хамтрах болсон талаар нь ярилцлагаа эхлүүлье. Нэгэн зорилгын төлөө зүтгэх саналыг анх хэн нь тавьсан бэ?
Э.Мөнхжаргал:- Манай захирлыг Мөнхтулга гэдэг. “Molpedia”-гийн мөн захирал нь. Мөнхтулга ахтай уулзан, хамтарч байлаа. Манай “Yojlol” гурван жүжигчинтэй. Би, Мишээл, Анхбаяр бид гурав. Анхбаяр бид хоёр нэг ангийн найзууд. Мишээл, Анхбаярын найз нь.
Л.Мишээл:- Одоо бодоход их хөгжилтэй. Бид хамрахаар болсон эхний өдрөө шууд эхний бичлэгээ цацаж байлаа. Тэр өдрөө шууд хийгээд. “Эхнийхээ бичлэгийг өнөөдөр цацна” гэсэн чинь Монхоо “Айн, өнөөдөр үү” гэсэн. Ер нь гурвуулаа шоконд орсон.
Гурвуулаа мэргэжлийн жүжигчид, найзууд болохоор эхний өдрөөс л шууд гар нийлсэн. Ямар нэгэн хүндрэл бэрхшээл, үл ойлголцол гараагүй.
-Хамгийн анхны бичлэг нь “Хүмүүс бодсоноо шууд хийдэг бол” бил үү?
Э.Мөнхжаргал:- Тийм ээ. Тэр бичлэг ёстой аймар хандалт авсан, олон хүнд хүрсэн. Тэгж олон лайк, шэйртэй болж, хандалт авна гэж ёстой төсөөлөөгүй.

Л.Мишээл:- Би бас тэгж бодоогүй. Ямар сайндаа “Boost хийчихсэн юм уу” гэж асуух вэ дээ. Ерөөсөө бүүстлээгүй, өөрөө л тийм өндөр хандалт авсан байхгүй юу. “Хөөх, ямар гоё юм бэ” гээд улам хичээх, бүр чанартай, гоё бичлэг, контент хийх урам авч байлаа.
Э.Мөнхжаргал:- Би энд ажиллахаасаа өмнө бичлэг хийдэг болъё гэж боддог байлаа. Гэхдээ аймар хэцүү санагддаг байсан байхгүй юу. “Yojlol”-д ороод хамтдаа хийсэн эхний бичлэг цацагдангуут хоёр цагийн дараа 8000 лайктай болчихсон байсан. Бүр гайхаад, шоконд ороод. “За, ийм бичлэг хийвэл ёстой гоё юм байна” гэж бодсон.
Л.Мишээл:- Хамт олноороо их бахархдаг. Хамтарч ажиллахад их урамтай, гоё хамт олон байдаг юм.
-Жүжигчин мэргэжлээр төгссөнийхөө дараа яг ямар төрөл, жанраар ажиллая гэж боддог байв. Яг түүгээрээ ажиллаж байгаа юу?

Э.Мөнхжаргал:- Би яг хүссэн, төлөвлөснөөрөө ажиллаагүй. Би Драмын театрт орох сонирхолтой байлаа. Гэхдээ шалтгалт өгч байгаагүй л дээ. Нэгэнт жүжигчин мэргэжлийг сонгосон юм чинь залуу байгаа дээрээ бүгдийг оролдоод үзье, хийе, болохоос болохгүйг нь хүртэл явъя гэж боддог. Тиймээс одоо ингээд ажиллаж явна.
Л.Мишээл:- Би драмын төрөлд өөрийгөө сорино, ажиллана гэж боддог байлаа. Гэхдээ Драмын театрт орно гэж бодож байгаагүй.
Зүгээр л драмын жанрын кинонд тоглоно гэж хүсдэг байв. Ийм инээдмийн, хөгжилтэй бичлэг хийнэ, хошин урлагаар явна гэж бодож байгаагүй, үнэнээ хэлэхэд. Гэхдээ эхний бичлэгийн дараа миний бодол өөрчлөгдсөн. “Яагаад би хийж болохгүй гэж. Яагаад би чадахгүй гэж” гэсэн бодол төрсөн.
-Танайх одоогоор хэчнээн бичлэг хийгээд байгаа вэ?
Э.Мөнхжаргал:- Яг тодорхой мэдэхгүй байна. Ойролцоогоор 30 гаруй юм болов уу. 40-өөд ч юм уу. Тэр хавьцаа.
Л.Мишээл:- 40 гарсан байх, тийм ээ.
Э.Мөнхжаргал:- Тэхх, барагцаагаар 40 гаруй бичлэгтэй болоод байгаа юм байна.
-Хийхэд хамгийн хэцүү байсан бичлэг, дүр аль нь вэ?

Э.Мөнхжаргал:- Минийх бараг ойлгомжтой доо. Мөнхцэцэг. Би эмэгтэй дүрд хувирахыг үнэхээр хүсдэг байсан. СУИС-д эмэгтэй дүрийг хэрхэн бүтээхийг заахгүй шүү дээ. Ер нь бол мөрөөдлөө биелүүлсэн дүр минь Мөнхцэцэг. Хамгийн их бодсон, хичээсэн дүр минь.
Л.Мишээл:- Надад ч тийм дүр бараг байхгүй дээ.
Э.Мөнхжаргал:- Чинийх нөгөө юу юм биш үү. Эелдэг ааштай эмэгтэй болсон дүр чинь юм биш үү.
Л.Мишээл:- Аан, нээрэн тийм шүү дээ.
Э.Мөнхжаргал:- Манай Мишээл жаахан эршүүд
Л.Мишээл:- Тэр бичлэг дээр “Уучлаарай” гээд эелдгээр хэлээдэх гэсэн чинь би чадахгүй ёстой хөгжилтэй юм болсоон (инээв).
-Э.Мөнхжаргал сая Мөнхцэцэгийн дүрээ онцоллоо. Эрэгтэй хүн эмэгтэй дүрд хувирах амаргүй. Зарим хүн “Ижил хүйстэн” гэх мэтээр андуурдаг, элдэв сэтгэгдэл бичдэг гэсэн. Танд тийм хандлага анзаарагдаж байна уу?
-Намайг Мөнхцэцэг гэдэг эмэгтэйн дүрийг бүтээхэд хүмүүс анхнаас нь гоёор хүлээж авсан. Аливаа юм хоёр талтай, Шүүмжилж, элдэв сэтгэгдэл бичдэг хүмүүс ч бий. Гэхдээ цөөхөн. Гомо энэ тэр гээд л.
-Эмзэглэдэг үү?
-Би угаасаа гомо биш юм чинь юу гэж эмзэглэх вэ. Тоодоггүй. Харин ч эсрэгээрээ баярладаг. Учир нь би дүрээ хүмүүст хүргэж чадсан байна, тэгж харагдтал жүжиглэж гэж боддог.
-Бүтээж буй дүрүүдээсээ та хоёр хэр өөр вэ. Зарим талаар юугаараа төстэй вэ?

Э.Мөнхжаргал:- За, энэ асуултад ингэх үү. Би Мишээлийг хэлээд, Мишээл намайг хэлчих үү. Тэгвэл сонирхолтой байх.
Л.Мишээл:- Тэгье ээ.
Э.Мөнхжаргал:- Л.Мишээл эршүүд, муухай ааштай эмэгтэйн дүрд ихэвчлэн тоглодог. Гэхдээ Мишээл дүрээсээ шал өөр. Мэдээж аягүй дөлгөөхөн, намуухан, намбалаг бүсгүй. Монгол эмэгтэйд байх учиртай олон зан чанар түүнд бий.
Л.Мишээл:- Аая, одоо яг зөв юм хэллээ (инээв). Мөнхжаргалыг Мөнхцэцэг болоод жүжиглэхэд надад гоё санагддаг. Мөнхцэцэгийн дүрд нь би хайртай. Эмэгтэй хүний дүрийг ингэж бүтээнэ, хүмүүсийн магтаал, шүүмжлэлийг зэрэг хүртэнэ гэдэг чинь хэр ур чадвартайгийнх нь илрэл байхгүй юу. Хэрвээ сайн тоглоогүй, Мөнцэцэгийг яг л эмэгтэй хүн шиг бүтээгээгүй бол өнөөдөр хэн ч ярихгүй шүү дээ. Эрэгтэй хүн, Мөнхжаргал талаас нь тодотговол Монхоо үнэхээр хүнлэг. Би нээрэн аягүй гоё чин сэтгэлийн үгээ хэлчих үү?
Э.Мөнхжаргал:- За.
Л.Мишээл:- Э.Мөнхжаргал үнэхээр мундаг залуу, хөдөлмөрч. Мэргэжилдээ үнэхээр хайртай нь үйлдэл бүрээс нь мэдэгддэг. “Би ийм санаа оллоо. Надад ийм санаа байна” гээд л ажилдаа ороод ирдэг юм. Хамт ажиллахад ёстой урамтай, түшигтэй.
-Та хоёр ихэвчлэн хосын дүр бүтээдэг. Хүмүүс хос гэж хэр их андуурдаг вэ?
Л.Мишээл:- Ихэвчлэн хүүхдүүд тэгж андуурдаг. Одоо хос гэж андуурах нь харьцангүй багассаан. Гэхдээ намайг энд тэнд явж байхад Мөнхжаргалыг, Монхоогоос намайг асуудаг нь хэвээрээ.
Э.Мөнхжаргал:- Надаас “Мишээл хааччихсан юм бэ. Та хоёр салчихсан юм уу” гэж асуудаг. Зарим хүн одоо ч бид хоёрыг хос гэж андуурдаг юм билээ. Гэхдээ тийм биш, тийм ээ.
Л.Мишээл:- Тийм ээ, бид хоёр хамтрагчид
Э.Мөнхжаргал:- Андууд.
-Танайх бичлэг, контентынхоо санаа, зохиолыг хэрхэн гаргадаг вэ. Өөрсдөө гаргадаг уу. Зохиолоо бусдаас авдаг уу?

Э.Мөнхжаргал:- Ер нь манай контентын санаануудыг манай захирал ихэвчлэн гаргадаг. Би бас гаргадаг. Найруулгыг нь ярилцаж байгаад бөөндөө хийдэг. Бид мэргэжлийн жүжигчид. Салбараа үргэлж хайрладаг, зүгээр л нэг инээлгэсэн бус бусдад ухаарал хайрласан, нэгийг бодогдуулсан бүтээл хийхийг хүсдэг. Мөн дүрээ маш сайн бүтээхийг хичээдэг.
Үүний сацуу нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндөхийг зорьдог. Жишээлбэл, нэг бичлэг хийсэн. Гол санааг нь хүмүүс ойлгосон эсэхийг сайн мэдэхгүй байна. Дэлгүүрийн кассууд “Хувь хүн үү, байгууллага уу” гээд асуудаг шүү дээ. Улаан цайм хувийн юм авчихсан, ойлгомжтой байхад ч тэгж асуудаг. Хүмүүс үүнд дургүйцдэг, эвгүй байдалд ордог ч юм хэлдэг нь хуруу дарам.
Цайны газар ороход ямар орчинтой байдаг билээ. Бохир заваан. Тэгснээ бараг идвэл ид, больвол боль гэсэн хандлага, харилцаатай байдаг. Олонх хүн юм хэлэлгүй, дуугүй өнгөрдөг.
Тийм хүмүүсийн өмнөөс бид дуугарч, харилцаа, хандлагын наад захын соёлтой байгаасай гэж хүсдэг юм. Энэ асуудлыг хөндөөд, бичлэг хийнгүүт бүх зүйл күүл болчихгүй. Гэхдээ тодорхой түвшинд нөлөө үзүүлэх юм болов уу, өөрчлөгдөж, шинэчлэгдэхэд нь хувь нэмрээ оруулах юм болов уу гээд хичээж яваа, бид.
Л.Мишээл:- Бид ажлаа ерөөсөө зовж хийдэггүй. Дандаа жаргаж хийдэг. Хүн угаасаа дуртай юмаа хийж байхдаа жаргадаг шүү дээ. Тэр л хамгийн гоё. Тэгээд бас надад хамгийн гоё санагддаг нэг зүйл бий. Тэр нь манай бичлэгийг хүүхдүүд үздэг. Хүүхдийн ирээдүйг, бие хүн болж төлөвшихөд нь манайх тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа. Энэ талаас нь бодохоор их гоё санагддаг. Тиймээс бид контент дээрээ аль болох хараал хэлэхгүйг хичээдэг. Зарим нэг бүр шаардлагатай, мөлийчих гээд байгаа хэсэг дээр л хэлдэг. Тэрийгээ дийд, дийд гэчихдэг.
-Танай бусдаас ялгарах гол онцлог гэвэл юу, юугаа тодотгох вэ?




Л.Мишээл:- Дандаа нийгэмд тулгамдсан асуудлыг хөнддөг.
“Энэ ёстой инээдтэй” гэхээр ямар ч санаагүй бичлэг байхгүй. Бүх бичлэгээрээ дамжуулан бид бусдад юм өгч байгаа. Юун төлөө ёжлол гэж нэрлэсэн билээ дээ.
-Нэрийг нь та хоёр яаж өгч байв. Бүгдээрээ ярилцаж байгаад өгсөн үү?
Э.Мөнхжаргал:- Тийм ээ. Бүгдээрээ ярилцаж байгаад “Ёжлол” гэж нэрлэхээр шийдсэн юм. Манайхны нэг нь “Ёжилсон нэр өгмөөр байна” гэсэн.
Л.Мишээл:- Ёстой олон цаг ярилцаж, хэлэлцсээн. Лав 4-5 цаг болсон. Ёж, лолыг нийлүүлээд хоёр утгатай.
-Бусдын магтаал, шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ. Эмзэглэдэг үү, авах, гээхийн ухаанаар ханддаг уу?
Э.Мөнхжаргал:- Мэдээж хоёр дахь нь. Би бичлэг бүрийнхээ бүх сэтгэгдлийг заавал уншдаг. 1200 сэтгэгдэл байлаа гэхэд нэгийг нь ч алгасахгүй уншдаг. “Аан, нээрэн тэгдэг байж” гэж алдаа, дутагдлаа сэтгэгдлээс олж харах үе бий. Хаа очиж манайх үзэн ядагч багатай.
Л.Мишээл:- Ёстой тийм шүү. Таныг сая ингэж асуухад надад гомдсон, эмзэглэсэн сэтгэгдэл “Ёонк” гээд санаанд орж ирээгүй.
-Цаашид ийм асуудлыг хөндчих юм сан гээд бодож яваа зүйл бий юү. Ямар сэдвээр контент хийх сэн гээд "шатаж" явдаг вэ?
Э.Мөнхжаргал:- Байгаа. Ер нь бол аймшгийн эсвэл драм жанраар бичлэг хийх төлөвлөгөө байгаа. Хүний амьдралд юм өгчихөөр тийм контент. Хүмүүс үзчихээд “Нээрэн л ийм хэцүү байдаг шүү” гэхээр. Хийхэд маш хэцүү л дээ. Гэхдээ оролдож үзнэ.
-Кино хийх төлөвлөгөө бий юү?

Э.Мөнхжаргал:- Мэдээж кино хийе гэж бодолгүй яах вэ. Гэхдээ кино амархан урлаг биш. Маш их судлагаа, туршлага хэрэгтэй. Жил гаруй юу ч гэсэн ингээд яваад үзье. Өөрсдийгөө хөгжүүлье, туршлага хуримтлуулъя.
Хүний амьдрал урт. Ирээдүйд яахыг, юу болохыг одоо хэлж мэдэхгүй байна. Кино хийх бодол, зорилго бол байгаа.
Архи ууж хүүхдээ зоддог, агсам тавьдаг анхаарал хандуулдаггүй эцэг, эхчүүдийг шүүмжилж, дуугармаар санагддаг. Юм хийе гэж бодож байгаа. Өөрөө эсрэг дүр бүтээгээд хийх бодолтой явдаг.
-Жүжигчин хүн бүхэнд бүтээхийг хүсдэг дүр байдаг юм билээ. Та хоёрт бий юү. Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
Л.Мишээл:- Дүр гэхээсээ илүү драм тал руу л өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Эсрэг юм уу эсвэл зодуулж, нүдүүлдэг хүний дүр надад тохирох юм болов уу. Ингэж ярьж болно биз дээ.
Э.Мөнхжаргал: Болно шүү дээ
Л.Мишээл:- Яг тийм дүрд тогломоор байна гэж хэлж чадахгүй. Зүгээр л би чадах, өөрийгөө сорьж үзэх юм сан гэж боддог.
Э.Мөнхжаргал:- Би оюутан байхдаа тайзны яриандаа аймар хайртай, хичээдэг хүүхэд байсан. Гамлетын монологийг уншихдаа сайн чадаагүй, дутуудуулсан. Дахиад боломж олдвол Гамлетын монологийг уншдаг шалгалт л өгчихмөөр байна. Нээрэн тайзны ярианыхаа Ундармаа багшдаа баярлалаа гэж хэлье. Би Гамлетын дүрийг бүтээхийг хүсдэг.

Л.Мишээл:- Эмэгтэй жүжигчин бүхэн Драмын театрт ажиллахыг, Жульетта болох хүсэлтэй явдаг. Би заавал Жульеттагийн дүрд тоглох юм сан гэхгүй ээ.
Э.Мөнхжаргал:- Чи өрлөг эх болно (инээв).
Л.Мишээл:- Зүгээр л өөрт арай ойр байх болов уу гээд л түрүүн тэгж онцолсон юм шүү.
Э.Мөнхжаргал:- Биднийг үздэг, дэмждэг бүх хүнд баярлалаа. Та нарын ачаар л бид өдий зэрэгтэй явж, өсөн дэвжиж байгаа шүү. Цаашид аль болох уйдаахгүй, шинэ содон, шинэлэг, хөгжилтэй, амьдралд хэрэгтэй контент хийхийн төлөө зүтгэнэ. Өнөөдрийн бичлэгээ өчигдрийнхөөс аль болох сайжруулж, чанаржуулж гаргасаар байх болно.

Л.Мишээл:- Биднийг үздэг, магтаал, шүүмжлэлээ харамгүй хайрладаг та бүхнээсээ маш их эрч хүч, урам авдаг шүү. Баярлалаа.
Э.Мөнхжаргал:- Бидэнтэй үргэлж хамт байгаарай, дэмжээрэй. Баярлалаа.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжилтэй хэрнэээ ухаар�##� хайрладаг өас нэг супер урлаг шүү
Хөөөх гоё мэдээлэл бэлтгээ вэ баярл�##�аааа
Өглөөө эрт их гоё илгээлт уншлааа. Эгүүрийн хамт олонд баярл�##�ааа
ИЛҮҮҮ ИХ АМЖИЛТ ХҮСИЙ
Улам их амжилт хүсий хөөрхөнүүдэээ.
Сурга�##�ыг ёжлол маягааар илэрхийлж хүний тархинд нэг юм бодогдуулах гэсэн том урлаг гэж хайрлаж их үздэг шүү.
Манай монголд энэ чиглэлийн урлаг ховор шүү хоёр хөөрхөнөө дөө илүү их амжилт хүсий
Сургамж хэрнээээ ёож гайх�##�тай
Un galtar tojig ve
Сурга�##� хэрнэээ ёож гээд их хөөрхөн юмаа хийгээд бгаа з�##�уучууд бна шдэээ
Ene zaluu haanaas ni ch harsan hytad.Hytdiin erliizuud aihtar.
Ёстой хөөрхөн