ЭРҮҮЛ МЭНД

"Алтан донор": Д.Эрдэнэчулуун: 208 удаа цусаа өгч, 616 хүний амийг аварсан

Дэлхий нийтээр жил бүрийн зургаадугаар сарын 14-ны өдрийг “Цусны Донорын Дэлхийн Өдөр” болгон тэмдэглэдэг билээ.  Бид энэхүү өдрийг тохиолдуулан Монголын цорын ганц эмэгтэй “Алтан Донор” Д.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Сайн байна уу, өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Даваагийн Эрдэнэчулуун гэдэг, 46 настай. Хувийн байгууллагад ажил эрхэлдэг.

-Хэзээнээс эхэлж, ямар шалтгаантайгаар цусны донор болж байсан бэ? 

-18 насандаа Говь-Алтай аймагт эмнэлэгийн асрагчаар ажилладаг байлаа. Тэр үед цус алдсан өвчтөн ирээд цусны донорын шаардлага гарахад тохирох донор олдохгүй, тохирсон нь цусаа өгчихсөн байсан. Тэгээд би шинжилгээ өгөөд үзтэл цусны бүлэг таарч байсан. Ингэж л анх хүний амийг аврахын тулд цусаа өгч байлаа. Тэр цагаас хойш цусны донор болсон. Намайг анх донор болж байхад миний цусны бүлэг ховор байлаа. Харин одоо бол хоёрдугаар бүлгийн цус элбэг болсон. Хөдөө 13 жил цусаа өгч байгаад Улаанбаатарт шилжиж ирээд үргэлжлүүлэн өгсөөр байгаа.

-Цусны донор болсон цагаас хойш бие махбодь болон сэтгэл зүйд тань ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

-Бие махбодь хөнгөн байдаг. Түүнээс гадна байнга шинжилгээнд хамрагддаг болохоор одоо өвдөөд байдаггүй. Мөн хүний амь аварч байгаа болохоор сэтгэл санаа сайхан байдаг.

-Гэр бүл тань анх цусны донор болж байхад чинь яаж хүлээж авч байсан бэ?

-Ээж маань цусаа өгч байгаад цус багадалттай болно гэж боддог байсан болохоор дургүйцдэг байлаа. Тийм болохоор эхэндээ ээжээсээ нууж цусаа өгдөг байсан. Харин “Хүндэт Донор”, “Алтан Донор”, “Топ донор” болоход “маш зөв зүйл хийжээ” гээд баяр хүргэсэн. 

-Тод донор цолоо хэзээ авсан бэ?

-2017 онд “Алтан Донор” болж, 2022 онд “Топ Донор” гэх хамгийн өндөр цолтой болсон. 1994 оноос хойш 27 жил 208 удаа цусаа өгч нийт 616 хүний амийг аварсан. Одоогоор Монголд арван “Алтан Донор” байдаг бөгөөд ганц эмэгтэй нь би.

-Ойр дотныхондоо цусаа өгөх талаар хэр их зөвлөгөө өгдөг вэ? 

-Би дүү нарыгаа бараг бүгдийг нь ятгаж үзсэн. Одоогийн байдлаар хамаатны дүү, охин хоёр маань цолонд арай хүрээгүй байгаа ч цусаа өгдөг болсон доо.

-Сүүлийн үед залуу хүмүүс идэвхтэй цусны донор болдог болсон. Энэ талаар олон жил цусаа өгсөн хүний хувьд юу гэж бодож байна?

-Намайг анх цусны донор болж байхад хүмүүс цусны донор болох талаар мэдээлэл тун бага байлаа. Цусаа өгвөл цусгүй болчихно гэх мэтчилэн олон шалтгааны улмаас залуучууд цусаа өгдөггүй байсан. Би ч хангалттай сайн мэддэггүй мөртлөө донор болж байлаа шүү дээ. Харин орчин үеийн залуус цусны донорын талаар мэдлэг өндөртэй, цусаа ч сайн өгдөг болж байгааг нь хараад үнэхээр бахархаж байна.

-Цусны донор болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой байдаг вэ?

-Элэгний B, C вирусгүй, ямар ч халдварт өвчин тусаагүй. 18-55 насны, цусаа өгөхөөс өмнөх долоо хоногийн дотор сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх ёстой.

-Жилдээ хэдэн удаа цусаа хандивладаг бэ?

-Цусаа хандивласан хугацаанаасаа хойш эмэгтэй хүн гурван сар болоод, эрэгтэй хүн хоёр сар болоод дахин өгөх боломжтой болдог. Би цусныхаа эсийг өгдөг. Тэр нь 14 хоногт нэг. Жилд 13 удаа цус, цусны эсээ өгдөг.

-Нэг удаадаа хэр их хэмжээний цусыг өгдөг, эргүүлээд цусаа төлжүүлэхэд юуг анхаардаг вэ? 

-Эхний удаад 250 мл, тэгээд ерөнхийдөө 400 мл-ийг өгдөг. Цус эргэлтээрээ төлжчихдөг учраас миний хувьд хүнд хүчир ажил хийхгүй, шингэн зүйл сайн ууж л гам барьдаг.

- Хандивласан цус чинь яаралтай үед хэрэг болоод амь нас нь аврагдсан хүмүүсээс эргээд талархал илэрхийлж байсан удаа бий юү?

-Хөдөө цусны донор болсон хүний овог, нэрийг цусных нь дээр бичдэг байлаа. Харин хотод олон хүн цусны донор байдаг мөн нууцлалтай байдаг болохоор дээр нь код бичдэг тэгэхээр хэн гэдэг хүний цус болохыг мэдэх боломжгүй. Хөдөө хүн ам багатай тул намайг олж ирээд талархлаа илэрхийлж байсан тохиолдол олон. Амаржиж байахдаа цус алдсан эмэгтэйн нөхөр нь ирж уулзаад баярласнаа илэрхийлж, хонь өгч байлаа.

-Тэр баярласан хүмүүсийн талархлыг хүлээж авахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Үнэхээр гэнэтийн сайхан мэдрэмж төрж төрдөг. Дээрээс нь бусад хүмүүс, хоёр хүүхдийн маань ангийн хүүхдүүд ч яаж тийм олон удаа цус өгдөг байна, зурагтаар гараад мундаг юм аа гэж хэлдгийг сонсоод бахархах сэтгэл төрдөг.

-Та 27 жил цусны донор болж олон хүнд тус болж, амьдрал бэлэглэж байна. Харин таны амьдралд тохиолдсон хэцүү зүйл юу ба?

-Тиймээ байсан. Би 2019 онд авто осолд ороод эгэмээ хугалж, толгойндоо оёдол тавиулж байлаа. Эмнэлэгт байтал гурав хоногийн дараа эмч үзээд “оёдол чинь эдгэчихэж, ингэж их цус ахлдсан байхад цус алдалтад ороогүй байх юм” гээ хэлж байсан л даа. Хүний амь аварч байсан хариу маань  ирж байгаа юм болов уу” гэж бодож байлаа. Мөн осолд орсноосоо 21 хоногийн дараа ажилдаа очиход ажлынхан маань ч осолд орчихоод гайгүй юу гээд гайхаж байлаа.

-Байнга судас руугаа зүүгээр хатгуулаад халшрах үе байдаг уу?

-27-н жил нэг гараасаа цусаа өгсөн. Анх зүү нь том байсан болохоор хатгасаар бэрсүү үүсчихсэн. Цусаа өгөх хэцүү биш. Харин бэрсүү үүсчихсэн гарлуугаа хатгуулахаар өвдөж ордог болсон. Тиймээс нөгөө гараасаа цусаа өгч эхэлж байгаа.

-Тийм өвдөлтийг мэдрээд байж цусаа өгсөөр байдаг шалтгаан тань юу вэ?

-Монгол цөөхөн хүн амтай. Нэг ч гэсэн хүн эрүүл болоод гэр бүлтэйгээ элэг бүтэн аз жаргалтай байгаасай гэж бодож цусаа өгдөг. Ер нь хүний амь нас аварсан гээд заавал хариу нэхэх албагүй. Монголд авлагагүй донорууд сэтгэлээрээ хүнд тусалж байгаа нь л том буян гэж бодож донор болдог. Цусаа хандивлаж болох насны хязгаарт хүрэх хүртлээ цусаа хандивлаж хүмүүст тусалсаар байх болно.

Н.АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хайр хүрэм юмаа. Таньдааа эрүүл энх, аз жарг�##� хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. З�##�ууу үеийн бахарх�##� билэээ та

Холбоотой мэдээ

Back to top button