СПОРТ

Э.Цэндбаатар: Токиогийн олимп, 2021 оны ДАШТ-д дутуугаа гүйцээчихээд мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө

“Үнэнийг хэлэхэд би энэ жил ДАШТ-д оролцохгүй гэж бодож байсан юм. Өөрийгөө 57 кг руу жингээ хасаж чадахгүй байх, 63 кг-д Чинзоо ахтай өрсөлдөхийг хүсээгүй. Өнгөрсөн жил улсын аварга болж чадаагүй. Тэгээд мэргэжлийн боксчин болохоор шийдэн, түүнийгээ Монголын боксын холбоонд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт, гэр бүлийнхэндээ хэлчихсэн байсан. УАШТ-д 57 кг-д түрүүлсэн Х.Энх-Амар ах үнэхээр эр хүн шиг зан гаргасаан. “За, дүүдээ амжилт хүсье. Ах нь зүгээр ээ. Бэлтгэлийг нь сайхан хангаад өгье. Заавал медаль аваарай” гээд амжилт  хүсэхэд үнэхээр сайхан санагдсан. Хэрвээ тэгээгүй “Би улсын аварга болсон тул дэлхийн аваргад оролцоно. Миний оронд өөр тамирчин өрсөлдүүлэхийг зөвшөөрөхгүй. Гомдолтой байна” гэсэн бол хаана хаанаа хэцүү” хэмээн Эрдэнэбатын Цэндбаатар өгүүлэв. Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпорацын тамирчин тэрбээр энэ жил ДАШТ-д анх удаа өрсөлдөөд хүрэл медаль авсан юм. Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Азийн наадам, Азийн АШТ –ий аварга түүнтэй ярилцлаа.

Охин минь миний тоглолтыг зурагтаар үзэн, залбираад суусан гэнэ лээ

-Юуны өмнө дэлхийн медальтан болж, үе үеийн ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалсанд тань баяр хүргэе. Эх орон руугаа, гэртээ хурдан ирэх сэн гэж хэр их яарав?

-Баярлалаа. Мэдээж яаралгүй яах вэ. Би нээрэн ДАШТ-ээс медаль хүртсэн гэж үү гэсэн шокноосоо одоо ч гараагүй явна. Зорилгодоо хүрээд эх орондоо ирэх үнэхээр сайхан байлаа. Аав, ээж, хань, хүүхэд минь үнэхээр баярласан. Өчигдөр (уржигдар) гэртээ сайхан амарч өнжлөө. Охин минь гурван настай. Миний тоглолтыг зурагтаар үзэх их дуртай. Дэлхийн дэвжээнд хийсэн тоглолтуудыг минь зурагтаар үзэн, залбираад суусан гэнэ лээ. Тэмцээнд явахад “Ааваа та надад медаль авч ирээрэй” гээд л үнсээд үлддэг юм. ДАШТ-д оролцохоор ОХУ-ыг зориход ч мөн тэгсэн. Ямар ч байсан охиныхоо даалгаврыг биелүүллээ (инээв). Би хүрэл медалийн болзол хангасныхаа дараа баярлаагүй, амжилтдаа ханаагүй. Хүмүүс цахим хуудсаар дамжуулан “Мундаг байна шүү. Дэлхийн аварга болоорой” гээд амжилт хүссэн нь надад нөлөөлөөгүй. За, нөгөөдөр яаж жиндээ орно оо л гэж бодсон. Үнэнийг хэлэхэд өөр юм бодох сөхөө байгаагүй.

-Жиндээ орохын тулд 10 кг хассан гэж дуулсан. Жингээ тэгж их хасан, өдөр бүр жингээ барьсан нь таны тоглолтод хэр нөлөөлсөн бэ?

-Нэг их нөлөөлөөгүй ээ. Өглөө нь жингээ үзүүлчихээд орой нь тоглоод байсан болохоор ядарч, цуцаагүй. Сэргэж амжаад байсан гэсэн үг л дээ. Миний сэтгэл зүй үнэхээр өндөр байсан. Жиндээ орж чадсан юм чинь энэ мууг ялна гээд л өрсөлдлөө. Рингэнд гарахынхаа өмнө “Би дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны удам. Заавал ялах ёстой” гэж өөрийгөө зоригжуулаад тоглосон. Хүрэл медалийн болзол хангасныхаа дараа медалийнхаа өнгийг хувиргана, дэлхийн аварга болно л гэж бодсон. Даанч түүндээ хараахан хүрч чадсангүй. Хагас шигшээд Узбекистаны боксчинг ялсан л гэж бодож байгаа.

УЗБЕКИСТАНЫ БОКСЧИНД БААРАГГҮЙ ЯЛАЛТАА ЛУЙВАРДУУЛЧИХЛАА

-Та түүнд 5:0-ээр дийлдсэн. Монголын боксын холбооноос гомдол гаргасан ч AIBA (Олон улсын боксын холбоо) хүлээж аваагүй. Та шүүгчийн шийдвэртэй санал нийлж байгаа юу?

-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ гомдолтой байна. Баараггүй ялалтаа луйвардуулчихлаа. Тэгээд бүр 5:0-ээр шүү. Түүнд ялагдсандаа харамсахгүй байна. Түүнтэй дахин таарахдаа заавал ялна даа.

-Түүнтэй тоглохын өмнө ялалтаа луйвардуулах вий гэсэн хардлага танд байсан уу?

-Түүнтэй учраа таарахад л тэгж бодсон. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн тамирчныг, дараа нь дэлхийн аварга Кайратыг булхайгаар ялсан. Түүнийг илт давуугаар ялаад, шүүлтээр луйвардуулахгүйг хичээсэн, уг нь. Надад харамсах юм алга. Үе үеийн шилдэг тамирчдынхаа амжилтыг үргэлжлүүлсэндээ  баяртай байна. 12 жил хөдөлмөрлөж, зүтгээд ДАШТ-ий медальтан боллоо. ДАШТ-д анх удаа оролцоод медаль хүртэн, монгол түмнээ баярлууллаа. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Би өмнө нь хэд хэдэн ДАШТ-д бас бус шалтгааны улмаас оролцож чадаагүй. Улсын аварга болж, болзлыг нь хангасан ч залуу тамирчин, туршлагагүй гээд оролцуулаагүй тохиолдол цөөнгүй. Тухайн үед үнэхээр шантарсан, бокс тоглохоо больё гэж бодсон. Өөртөө тэгж амархан ялагддаг байсан байгаа юм. Одоо бол тэгэхгүй шүү дээ.

Болзлыг нь хангасан ч гурван ДАШТ-д оролцож чадаагүй

-Хэд хэдэн оны ДАШТ-д тийм шалтгааны улмаас оролцож чадаагүй билээ?

-Би 2013 онд УАШТ-ий 49 кг-д түрүүлсэн ч насанд хүрээгүй учраас ДАШТ-д оролцож боломж бүрдээгүй. Түүнээс хойш 2015, 2017 онд улсынхаа шилдэг болж, болзлыг нь хангасан ДАШТ-д хүч сорьж чадаагүй.

-ДАШТ-ий өмнө нуруугаа бэртээсэн гэж дуулсан. Тоглолтын үеэр хэр зовиурлаж, өвдөв?

-Тоглолтондоо улайраад нуруу өвдөж байгааг тоогоогүй ээ. Ялна гээд л зүтгэснээс нуруу өвдөж байна гээд баашлах сөхөө байгаагүй.

ДАШТ-ИЙ ӨМНӨ МЭРГЭЖЛИЙН БОКС ТОГЛОХООР ШИЙДЧИХСЭН, ТҮҮНИЙГЭЭ МБХ-НД ХЭЛЧИХСЭН БАЙСАН

-УАШТ-ий 57 кг-д оюутны дэлхийн наадмын аварга Х.Энх-Амар түрүүлсэн. Та харин 63 кг-д өрсөлдөхдөө Б.Чинзоригт дийлдэн, мөнгөн медаль авсан шүү дээ. Х.Энх-Амарыг бус таныг дэлхийн дэвжээнд сойсон нь сонирхол татаж байна.

-Би өмнө нь 60 кг-д өрсөлддөг байсан. ДАШТ-д 57 кг-д өрсөлдөнө гэж ёстой төсөөлөөгүй. Үнэнийг хэлэхэд би энэ жил ДАШТ-д оролцохгүй гэж бодож байсан юм. Өөрийгөө 57 кг руу жингээ хасаж чадахгүй байх, 63 кг-д Чинзоо ахтай өрсөлдөхийг хүсээгүй. Өнгөрсөн жил улсын аварга болж чадаагүй. Тэгээд мэргэжлийн боксчин болохоор шийдэн, түүнийгээ Монголын боксын холбоонд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт, гэр бүлийнхэндээ хэлчихсэн байсан. Тэгэхэд МБХ-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ ах “Тэгж болохгүй ээ. ДАШТ-д оролц, чи чадна аа ахын дүү” гэж хэлсэн. МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан ах “57 кг-д жиндээ орж чадах уу. Хэрвээ тэгж чадвал сорилт хийлгүйгээр чамайг оролцуулъя” гээд надад итгэл хүлээлгэсэн юм. Жиндээ хэр ядарч орох бол гэж би эргэлзсэн. Тэгвэл өрсөлдөгчөө ялж чадахгүй шүү дээ. Х.Энх-Амар ах улсын аварга болсон, дэлхийн дэвжээнд өрсөлдөхийг хүсэлгүй яах вэ. Тэгэхийн төлөө л өдөр шөнөгүй хөдөлмөрлөн, зүтгэж байгаа шүү дээ. Түүний урдуур орох надад амар байгаагүй.

-ДАШТ-д Х.Энх-Амар та хоёр хоёулаа очсон. Хэнийг нь оролцуулахаа тэмцээний өмнө шийдсэн шүү дээ. Танд боломж нээсэн ч өөр тамирчны боломжийг хаасан. ДАШТ-д Цэндээг өрсөлдөлдүүлэхээр шийдвэрлэхэд Х.Энх-Амар юу гэсэн бэ?

-Энх-Амар ах үнэхээр эр хүн шиг зан гаргасаан. “За, дүүдээ амжилт хүсье. Ах нь зүгээр ээ. Бэлтгэлийг нь сайхан хангаад өгье. Заавал медаль аваарай” гээд амжилт  хүссэн. Тэгэхэд надад үнэхээр сайхан санагдсан. Хэрвээ тэгээгүй “Би улсын аварга болсон тул дэлхийн аваргад оролцоно. Миний оронд өөр тамирчин өрсөлдүүлэхийг зөвшөөрөхгүй. Гомдолтой байна” гэсэн бол хаана хаанаа хэцүү.

-Тэгж цагаан мөрөөр гаргаж өгснийх нь буянаар та дэлхийн медальтан болсон байх.

-Тэгэлгүй яах вэ. Би ч бас тэгж бодож байна. Сая ДАШТ-д оролцох үеэр Роё Жонсон миний тоглолтыг үзсэн. Мэргэжлийн боксын гэрээ энд тэндээс надад байнга ирдэг. Одоогоор хэнд нь ч нааштай хариу өгөөгүй байгаа. Тэд “Сонирхогчдын боксоо орхичих. Мэргэжлийн дэвжээнд өрсөлдөөд аварга болвол эх орноо бүр ч илүү сурталчилна, дэлхийд таниулна” гэж ятгадаг. Би тэгэхийг үнэхээр хүсдэг. Гэхдээ одоо цаг нь биш.

Цаашид 57  кг-д өрсөлдөнө

-Би ч бас таныг Токиогийн олимпод дутуугаа гүйцээчихээд мэргэжлийн дэвжээнд өрсөлдөөсэй гэж хүсэж байна.

-Мэдээж тэгнэ ээ. Би Токиогийн олимпод зорилгодоо хүрчихээд 2021 оны ДАШТ-д түрүүлэхийг хүсэж байна. Тэгчихээд мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Энэ жил би дэлхийн аварга болно гэсэн зорилготой өрсөлдсөн. Түүнээс биш хүрэл медаль авахыг зориогүй шүү дээ. Дутуугаа заавал гүйцээнэ.

-Олимпын медалиас өөр дутуу үлдсэн амжилт бий юү?

-Байхгүй.

-Олимпын эрх олгох эхний тэмцээн хоёрдугаар сард болно. Та 57 кг-даа өрсөлдөх үү?

-Тэгнэ. Жингээ эртнээс бариад өрсөлдөхөд ямар ч асуудалгүй. Үндэсний шигшээ багийнхан 14 хоног амраад цугларна. Би амрахгүй ээ, маргаашнаас хөнгөн бэлтгэл хийнэ.

Өнгөрсөн жил Азийн наадмын аварга болсных нь дараа түүнтэй хийсэн ярилцлагынхаа хэсгээс уншигч та бүхэнд сонирхуулъя

-Энэ онд олон улсын зургаан тэмцээнд оролцон, таваас нь медаль хүртэж, ер нь өнгөтэй байсан. Цэндбаатар эргэн ирснийг Азийн наадамд гаргасан амжилт тань харууллаа. Жил гаруй хугацаанд “тарчилсан” хүнд байдлаас гараад түрүүлэхэд ямар мэдрэмж төрөв?

-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Азийн наадамд анх удаа өрсөлдөөд, түрүүллээ. Би тэмцээнд оролцолгүй жил гаруй болсноо энэ оны эхнээс хүч сорьж эхэлсэн. Хэдийгээр бэлтгэл сайтай байсан ч анхандаа нүүрээ гэмтээчих вий гэж санаа зовоод тоглолтоо бүрэн гаргаж чадахгүй байв. Сэтгэл зүйн хувьд ч өмнөх шигээ байж чадаагүй. Харин Казахстанд болсон олон улсын тэмцээнд түрүүлснийхээ дараа өөртөө итгэх итгэл нэмэгдсэн.

Санаа зовохоо больсон нь Азийн наадамд манлайлахад их нөлөөллөө. Ер нь Индонезын дэвжээ надад ээлтэй. Би өмнө нь тус улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх тэмцээнд түрүүлж байсан. Шагналын тавцанд зогсож байхад сэтгэл их хөдөллөө. Тухайн үед гэлтгүй одоо ч рингэндээ эргэн ирсэндээ л их баярлаж байна. Жилийн хугацаанд их зүйл үзлээ, олон юм ухаарлаа. Өдий хүртэл намайг дэмжиж, түшсэн гэр бүлдээ, ханьдаа баярлалаа. Боксын спортоор эргэн хичээллэх, тэмцээнд оролцох боломж олгосон Монголын боксын холбооны хамт олонд талархаж байна.

-Боксын спортод шүүлтийн булхай гэж айхтар “өрсөлдөгч” бий. Шигшээд Узбекистаны боксчинтой өрсөлдөж байхад шүүгч таныг торгож, ялалтыг хэнд нь ч зааж мэдэхээр байсан. Эргэлзээтэй шүүлтийн улмаас дийлдэх вий гэж эмээсэн үү?

-Нэлээд эвгүй тоглолт байлаа. Өрсөлдөгч төдийгүй шүүлтийн хувьд. Шүүгч сав л хийвэл надад сануулга өгөөд л. Тоглолтын хэмнэлээ яг сайхан олоод, урагш довтлохоор сануулчихна. Тэгэхээр хэмнэлээ алдчихдаг юм. Тиймээс аль болох тайван өрсөлдөж, шүүгчтэй нь хамт хожихыг хичээсэн. Энэ жил Казахстаны тэмцээнд оролцохдоо ийм байдалд орсон болохоор хавьгүй туршлагатай байлаа. Ер нь илт илүү л тоглохгүй бол ялалтыг узбекистан тамирчинд өгөхөөр байсан шүү.

Өрөлдөгчөөсөө илүү оновчтой олон довтолж, идэвхтэй хүч сорьсон болохоор шүүгчийн шийдвэрт нэг их санаа зовоогүй ээ. Тэмцээний үеэр олон хүн надад амжилт хүсэн, дэмжихэд сайхан байсан. Хүн сэтгэлийн амьтан гэдэг үнэн юм билээ. Дэвжээн дээр монгол түмэн минь намайг түшиж, тулах шиг санагдсан. Рингэнд гарахдаа би юуны түрүүнд төрсөн нутгаа, аав, ээжээ боддог. Миний нүүрэн дэх сорвинууд задрах магадлал өндөр. Тиймээс аль болох нүүрэндээ цохиулж, тулж довтлохгүйг хичээж байгаа. Өмнөх шигээ дайрч, улайрч өрсөлдвөл баларна.

-Риогийн олимпоос хойш оролцсон хамгийн том тэмцээн тань энэ байлаа. “Рио-2016”-д анх өрсөлдөхдөө АНУ-ын Ш.Стивенсонд ялагдан, V байрт шалгарсан. Түүнийг ялах боломж байсан нь мэдээж. Алдаагаа хэрхэн дүгнэв?

-Тухайн үед өнөөгийнх шиг туршлагатай, сэтгэл зүйтэй байсан ч болоосой. Би гэнэн байж. Хэн нэгэн ийм, тийм гэнгүүт тэрэнд нь юу ч бодолгүй итгээд л. Олимп, дэлхийн медальтай тамирчин гэхээр нь сүрдэнэ. Надад Ш.Стивенсоныг ялах боломж 100 хувь байсан. Даанч би хэтэрхий их хичээж, тэгж, ингэж тоглоно гэж бодсоны улмаас ялагдсан. Сая Азийн наадамд зөвхөн түрүүлэх зорилготой өрсөлдсөн. Харин би олимпод тэгээгүй. Хүрэл медаль хүртвэл л болох нь тэр гэж бодохоор яаж өндөр амжилт гаргах вэ. Олимпоос өмнө Азийн АШТ юм уу, ДАШТ-д ядахдаа ганц ч болтугай оролцчихсон бол тэс өөр байхгүй юү. Яалт ч үгүй туршлага дутсан.

-Та 2016, 2017 оны УАШТ-ий шигшээд Э.Идэрхүүг ялан, түрүүлсэн ч тухайн жилүүдийн тив, ДАШТ-д таныг бус, түүнийг сойсонд олон хүн өдгөө ч гайхдаг. Таныг яагаад оролцуулдаггүй байсан юм бол?

-Монголын боксын холбоо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын шийдвэр л дээ. Дотооддоо босоо байгаа мөртлөө томоохон тэмцээнд өрсөлдүүлэхгүй байхаар урам хугарч, шантардаг юм билээ. Бокс тоглохоо больё гэдэг бодолтой тулсан ч ээж, аавынхаа ачийг хариулмаар санагдана. Спортоор амжилт гаргахаас өөрөөр би яаж ачийг нь хариулж чадах билээ. Үүний сацуу мөрөөдлөө тийм амархан орхиж, ялагдаж болохгүй гээд л гүрийсэн. Идэрээ ах 2015, 2016 оны Азийн АШТ, ДАШТ-ээс медаль авч чадаагүй. Азаар намайг олимпын эрхийн тэмцээнд өрсөлдүүлэхээр шийдвэрлэсэн.

Би олдсон боломжийг алдахгүйг, хонгилын үзүүрт ассан гэрэлнээс лавхан “атгах”-ыг хичээлгүй яах вэ. Азербайжанд болсон тэмцээнд мөнгөн медаль хүртэхдээ олимпын эрх авсан. Би нээрэн, багадаа өөрийгөө олимпын аварга болж буйгаар төсөөлдөг байлаа. Бүр цаасан дээр зурснаа одоо ч хадгалдаг. Тэгэхдээ би алт, Кубын тамирчин мөнгө, ОХУ, Узбекистаны боксчин хүрэл медаль авснаар дүрсэлсэн юм. Тэгсэн маань “Рио-2016”-д биелэх дөхсөн, жаахан л өөр байсан болохоос. Уг нь Ш.Стивенсоныг ялсан л бол Риогийн олимпоос алтан медаль хүртсэн куба эрийг дийлээд, түрүүлэх боломжтой байлаа.

-Өнгөрсөн жил УАШТ-д жин өгсөн, 60 кг-д өрсөлдөхдөө шигшээд Гавьяат тамирчин Д.Отгондалайг ялан, түрүүлсэн. Тухайн үед Гавьяат цол хүртээд удаагүй байсан түүнийг ялна гэх итгэл хэр их байв?

-Жингээ хасан, 56 кг-д өрсөлдөх боломж байсан л даа. Өөрийгөө “зовоолгүй” оролцъё гээд 60 кг-д хүч сорьсон юм. Медаль авна, түрүүлнэ гэж ер бодоогүй. Зүгээр л жин хасахын зовлонг мэдрэлгүй өрсөлдөөд үзье гэсэндээ тэр. Оки ахтай тоглохдоо заавал түрүүлнэ гэж шунаагүй. Хожиж, хожигдсон ч хамаагүй сайхан тоглохыг л хүссэн юм.

-Тэгэхэд танд удаан хүлээсэн тив, дэлхийн дэвжээнд оролцох боломж бүрдсэн. Гэтэл болчимгүй үйл явдлын улмаас бүх зүйл орвонгоороо эргэсэн шүү дээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-(Толгой сэгсрэв). Хандгайтад байрласан байрнаасаа шөнөөр явсан нь бидний буруу. Үнэнийг хэлэхэд тухайн үед манай байранд хараа, хяналт огт байгаагүй. Би шигшээгийн зарим тамирчинтай дарвиж гараад, шоудсан. Уг нь бид ямар нэгэн асуудал гаргалгүй шууд бэлтгэлийн байр руугаа буцах гэж байсан юм. Архины хар мөр л дөө. Нэг газраас гарч явтал хэдэн залуу араас ирснээ элдвээр хэлсэн.

Бид эхэндээ “Шөнийн цэнгээний газар зодуулсан залуустайгаа андуурч байгаа бололтой” гэж бодсон юм. Тэгээд “Та нар хүн андуураад байна. Бид боксчин. Ямар нэгэн асуудал үүсгэмээргүй байна” гэтэл нэг нь “Чи муу боксчин байхаараа яадаг юм бэ. Томроод байгаа юм уу” хэмээнгүүтээ зодоон эхлүүлж, “Ална” гэж учир зүггүй дайрсан. Бид аль болох зодолдохгүйг хичээн, зугтаасан юм. Би такси барих гээд зогсож байтал нөгөө залуус чинь араас машинаар гүйцээд ирдэг юм байна.

Бүр урсгал сөрөнгүүтээ над руу тулаад ирлээ. Арай ч дайрчихгүй байлгүй дээ л гэж би бодсон л доо. Нэг мэдэх нь ээ эмнэлэгт хэвтэж байсан. Нүүр авах юм байхгүй. Автомашинд дайруулсан болохоос зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн шиг хүнд зодуулж, бусадтай зодолдоогүй юм шүү. Бүх зүйл орвонгоороо эргэхэд үнэхээр хүнд байсан. Амьдрах итгэлгүй болдог юм билээ. Азаар бие харьцангуй хурдан эдгэн, 14 хоног эмчлүүлээд, эмнэлгээс гарсан. Хэсэг хугацаанд Спортын төв ордонд очоогүй, бэлтгэлээ өөр газар хийсэн. Эхний хэдэн сар хамарнаас цус гараад ёстой хэцүү байсан шүү.

Бокс тоглохоо больдог ч юм бил үү гэж шантарч байснаа нуугаад яах вэ. Халгаж, халгаж байгаад нэг өдөр үндэсний шигшээ багийн зааланд очиход хүмүүс над руу эвэртэй туулай үзсэн юм шиг харсан. Бэлтгэл хийн, амжилт гаргахаар хүмүүсийн хандлага өөрчлөгдөж л байна. Эргэж ирэхгүй цаг хугацааг яалтай. Хэрвээ би өнгөрсөн жил Азийн АШТ-д оролцоод, хоёр жилд нэг удаа болдог ДАШТ-ий эрх аван, дэлхийн дэвжээнд өрсөлдсөн бол гэж бодохоор харамсалтай. 2017 онд ДАШТ-ээс медаль авсан бүх тамирчныг би өмнө нь ялсан байсан шүү дээ. Тэднийг медаль хүртэж буйг зурагтаар хараад шар гозойсон. Тэгээд л бүхнийг шинээр эхлэхийн төлөө зүтгэж, чармайж явна.

-Хүн алдахын алийг тэр гэх вэ. Хамгийн гол нь алдаагаа ухаарч, залруулах нь чухал. Хүнд үеийг даван туулж, дэвжээндээ гаран, бүхнийг шинээр эхлэх урам, эрч хүчийг юунаас авав?

-Өнгөрсөн жил үнэхээр хэцүү байлаа. Одоо эргээд бодоход гол харлаж байна (Түүний нүдэнд нулимс цийлэгнэв). Тэр өдөр яах гэж тэгж явав даа. Би охинтой, одоо хоёр настай. Тэмцээнд оролцох эрхээ хасуулчихсан, шигшээ багийн цалингүй тул дээшээ газар хол, доошоо газар хатууг мэдэрсээн. Охиныхоо живхийг солихоос авхуулаад мөнгөний хэрэглээ юу эс мундах вэ. Гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийсэн.

Ерөнхий боловсролын сургууль төгсөнгүүтээ бокс хөөчихсөн надад ямар юмных нь мэргэжил байх вэ. Чаддагаараа бэлтгэлийнхээ хажуугаар дасгалжуулагч хийн, хүүхдүүдэд бокс заалаа. Би эхээс долуулаа, дээрээ ах, эгчтэй. Ер нь төрсөн ах, дүү, аав, ээж, ханиас минь илүү надад үнэнч, миний төлөө бүхнээ зориулах хүн байхгүйг ухаарлаа. Өвчиндөө шаналан хэвтэж байхад тэд минь л дэргэд байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Сүлд” спорт хорооны хамт олон маань, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ ах намайг орхиогүй, бүх талаар тусалсанд талархаж явдаг. Эмнэлэгт эргэж очсон, хэцүү үед тусалсан бүх хүнд баярлалаа. Тэднийхээ ачийг хариулах, монгол түмнээ баярлуулахын төлөө би дэвжээндээ эргэн ирсэн.

-Та ярилцлагынхаа эхэнд өнгөрсөн хугацаанд зөндөө зүйл ойлгож, ухаарлаа гэсэн. Юуг засаж, ямар алдаагаа залруулав?

-Өмнө нь гэнэн явжээ. Бокс тоглож сурах болоогүй гэдгийг ухаарсан. 10 жилийн дараа л мөн чанарыг нь ойлголоо. Өнөөгийн миний амжилт юу ч биш юм байна. Зовохын цагт нөхрийн чанар танигдана гэдэг үнэн юм билээ. Хэн нь нөхөр, хэн нь дайсныг ялгаж, таньж сурлаа. Амжилттай яваа үед хүн бүхэн л хүрээлж “Найз аа, ахын дүү” гэдэг мөртлөө гундуу явахад цөөнгүй нь нүүрээ буруулдаг юм байна. Зарим нэг нь бүр баярласан байх шүү.

Бүдрэхэд татаж босгохын оронд элдвээр хэлж, шүүмжилсэн хүмүүст тухайн үед гомдсон ч харин одоо баярлаж байна. Тэд байгаагүй бол би спортдоо эргэн ирэхгүй, бүхнийг шинээр эхлэхгүй ч байсан юм бил үү. Амьдрал нээрэн сонин шүү. Хамгийн сайн найз минь гэж бодсон хүн нүүр буруулж, дайснаа гэж явсан хүн түшдэг юм билээ. Алдаагаа ухаарахад тусалдаг, буруу тийшээ хазайхад чиглүүлдэг, хандыг минь дардаг гурван хуурай ах надад бий. Нэрийг нь Элбэгсайхан, Жоош, Хуягаа гэдэг юм. Сэтгэл, итгэлийн галаа бөхөөхгүй байхад тэд их тусалсан. Хоёрынх нь жинхэнэ нэр уг нь өөр л дөө, би ингэж дуудаад сурчихсан юм.

-Залуу насны аагаар амжилтдаа эрдэж, биеэ тоож явсан үе бий юү?

-Байгаа. Тэрнээсээ болж л ингэж алдлаа. Олимпын дараа эх орондоо ирэхэд намайг уруу татах хүн олон байсан. Тэгж явсан нь миний л арчаагүйнх байхгүй юү. Хэн нэгэн наашаа гэхээр нь далдаганаж очоод, гэнэн байж дээ. Тэр бүхнийг цэглэж, ухаарсан, одоо. Биеэ тоон, буруу тийшээ хазайсныг бурхан ингэж шийтгэсэн байх. Ухааралгүй урсгалаараа, буруу замаар бүр хол явсан бол юу ч болох байсан юм билээ. Амиа алдах ч байсан юм бил үү. Харин ч бокс дахин тоглон, амьд байгаа нь их юм. Амь насаа алдсан бол яана. Одоо би дахиж алдахгүй ээ. Гашуун идээнээс хол байгаарай, мөрөөдлөө зөв тодорхойлон, түүнийхээ төлөө тууштай зүтгээрэй гэж залуусдаа захья.

-Таныг харахад сэтгэл хөдлөл ихтэй, нээлттэй хүн шиг санагддаг. Аав болохдоо уйлсан уу?

-(инээв). Уйлсаан. Аав болоход зүүд юм шиг санагдсан. Охиноо тэвэрснээ “Ахын дүү” гэж зөндөө хөглөсөн. Надтай усны дусал шиг адилхан үр минь миний эрдэнэ. Би ер нь их уян, зөөлөн талдаа хүн. Тантай ярилцаад суухад үе, үе нулимс мэлмэрүүлээд байгаа биз. Байгаа минь л энэ. Уянгын кино үзэн, ээж, эх орны тухай дуу сонсохоороо уйлчихдаг. Хүнд элдэв юм санаж, тэгж, ингэх вий гэж хар буруу зүйл боддоггүй. Ойр дотнынхон “Манай Цэндээ ёстой хүүхдээрээ, цагаан цаас шиг сэтгэлтэй” гэдэг. Гэхдээ өнөө үед энэ маань заримдаа сул тал болох юм.

-Охид аавдаа илүү амь байдаг гэдэг. Танай охин ч бас тийм байна уу?

-Нээрэн тийм юм байна. Гадаадад тэмцээнд оролцчихоод олон хоногийн дараа гэртээ ирэхэд намайг тэврээд ер салдаггүй юм. Хөөрхий минь аавыгаа их санадаг. “Аав аа, аав аа” гэж шулганаад, эгдүүтэй гэдэг нь. Азийн наадам дуусангуут гэртээ, охиндоо яарсан. Би тэмцээн бэлтгэл, гээд гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Арыг минь дааж, амжилт гаргах бүх нөхцөл, боломжоор хангадаг ханьдаа баярладаг.

-Та хүүхдийн дуу сайн мэдэх үү?

-Мэдэлгүй яах вэ. “Пороро”-гийн дууг ёстой хашраана (инээв). Заримдаа охинтойгоо хамт дуулдаг.

Бээжингийн олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсны дараа боксын спортод дурлан, тэдэн шиг тамирчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн боксчин хүүхдүүдийн нэг нь Э.Цэндбаатар. Багаасаа спортод авьяастай, эрэмгий, хөдөлмөрч байсан тэрбээр Б.Энхтайван дасгалжуулагчаар бокс заалгаж, өдгөө ч түүний удирдлагад бэлтгэлээ базааж буй.

Э.Цэндбаатарын амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар 2013 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 49 кг-д 17 насандаа түрүүлж, олны анхааралд өртөж эхэлжээ. Тэгэхдээ аваргын төлөөх тоглолтод “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнийг ялж, анхны түрүүгээ хүртсэн тэрбээр тухайн үед өсвөр, залуучуудын ангиллын дотоодын бүх тэмцээний аварга болж, аль хэдийн ирээдүйд юм дуулгахаа баталчихсан байлаа.

Инчоны Азийн наадмын дараа Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргжлийн боксыг сонгон, АНУ-ыг зорьсон. Улмаар түүний орон зайг хэн нөхөх, амжилтыг нь хэн залгамжлах вэ гэдэг асуулт спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байв. Үүний хариулт нь Э.Цэндбаатар байлаа. Тэрбээр жин өгсөн тоглож эхэлснээсээ хойш 2015, 2016 оны УАШТ-д Э.Идэрхүүг, хоёр жилийн өмнө Гавьяат тамирчин Д.Отгондалайг ялж, түрүүлсэн. 

Олимпын аварга, мэргэжлийн боксын дэлхийн аварга болох мөрөөдөлтэй Э.Цэндбаатар ярилцлагынхаа төгсгөлд БТСГ, Үндэсний шигшээ багийн хамт олон, дасгалжуулагч нартаа, Монголын боксын холбоо,  ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнэд, гэр бүлийнхэндээ, аав, ээж, ханьдаа болон монгол түмэндээ баярлаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Jeh
Jeh
9 сар 27, 2019 02:07

Gaihamshigtai boxchin.huch bn hurd avyas bn.oor yu dutah ve.ter hun chanargui uls bnaa bn.haa saigui.shigsheehiin tuslah dasgaljuulagch bathuu gej zaluu bh shg bn.tiim l humuus bagsh hiih estoi um shuu.huniig hairlaj chaddag setgeltei mundag zaluu haragdsan

Холбоотой мэдээ

Back to top button