НЭГ ДОРООС: Баяр наадмын тухай хууль хэлэлцэхэд хэн, юу гэв

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр сууриудыг нэг дор нэгтгэн хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанд цол, чимэг олгох хэрэгтэй. Энэ дээр уяачид мөнгө төгрөгнөөс илүү баярладаг, баясдаг юм. Яг хотын хүмүүс энэ амьдралыг ойлгохгүй байна. Би насаараа хөдөө амьдарсан хүний хувьд үүнийг онцолж хэлье.

Ер нь их бөөрөнхий юм болж байна. Эрлийз, монгол морийг хэрхэн ялгах талаар энэ хуульд шинэлэг санаа байхгүй. Ж.Мөнхбат дарга та бөөрөнхийлж байна” гэв.
Үүнд Ж.Мөнхбат “Битгий олон юм яриад байгаарай. Сая цол олгох асуудлыг өнгөрсөн ажлын хэсэг дээр дэмжээд гаргасан. Уначихсан байсан юмыг. Засгийн газар анхнаасаа ийм зөрүүтэй юм оруулж ирсэн. Ажлын хэсгийн буруу юу байгаа юм бэ. Тэгвэл та нар орж ирээд, лообийдоод, үгээ хэлэхгүй яасан юм бэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бямбацогт “Ц.Магалжав халаасан дахь 70 бөхөд цол нөхөж олгоно гэж сошиалаар ярьж байна. Хууль буцаж үйлчилж болохгүй. Нэг бол өмнөх бүх бөхчүүдэд цол нөхөж олго. Эсвэл бүр болих хэрэгтэй. Би бол больсон нь дээр гэж бодож байна. Цаашид хууль буцаж үйлчилдэг жишиг тогтоно, хүн ял авдаг болно” гэлээ.
Үүнд МҮБХ-ны дарга Ц.Магалжав хариу байр суурь илэрхийлэхдээ “Өнгөрсөн 99 наадамд олон бөх эрхэлж буй ажил, нийгмийн байр сууриараа ялгаварлагдаж, цол авч чадаагүй. Шүүх дээр ч маргаан үүсэж байсан” гэлээ.

Улсын аварга О.Балжиннямд даян аварга цол олгох хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан “Би Д.Тогтохсүрэн даргатай санал нэг байна. Хоёр аваргатай нэг наадам гэж байж болохгүй. Яаж ч бодсон.
Улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга болно гэж хуульд тодорхой бий. Түрүүбэл л аварга болно. Үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох асуудал байж болохгүй. О.Балжиннямын үзүүрлэсэн амжилтыг үндэслэн даян аварга өгөх нь буруу.
Саяны хэлдэг шиг улам ойлгомжгүй, талцаж хуваагдахыг дэвэргэх асуудал болно. Үүнийг МҮБХ, ажлын хэсэг анхааралдаа авсан биз дээ. Улсын наадамд түрүүлсэн бөхийг аварга гэж хүндэлсээр ирсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Бөхийн эрэмбийг МҮБХ тогтоогоод хэн ч хүлээн зөвшөөрөхгүй болчхоод байна. Тэгэхээр бөхийн эрэмбийг энэ хуулиар тогтоомоор байна. Жишээ нь Ч.Санжаадамбын дээр П.Бүрэнтөгс зогсох ёстой.
С.Мөнхбат аваргын дээр П.Бүрэнтөгс зогсох ёстой. Төрийн наадамд хоёр түрүүлнэ гэдэг асар өөр асуудал. Хэрэв үүнийг шийдэхгүй бол хуульд энэ бөхийн эрэмбийн асуудлыг тусгаад өгчихмөөр байна. Тэгвэл хэн ч маргахгүй. Тухайлбал Г.Өсөхбаяр, П.Сүхбат аварга хоёр л гэхэд Г.Өсөхбаяр аварга дөрөв түрүүлсэн шүү дээ. Хэн ч маргахгүй. Гэтэл П.Сүхбат нь өмнө нь зогсчхоод хэрүүл болж МҮБХ шийдэж чадахгүй шившгээ тарьж байсан шүү дээ. Тийм учраас хуульд оруулж өгөх ёстой” гэв.
Хуулийн төслийн 9 дүгээр хэсгийн 9-3 дахь хэсгийн олгох батламж гэдгийг хасч мөн зүйлийн 9.3.5, 9.3.6, 9.3.7, 9.3.8 дахь заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулах тухай хэлэлцлээ.
Ж.Мөнхбат: 9.3.5 Ес давсан бөхөд улсын арслан, 9.3.6 улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх арав давж түрүүлбэл улсын аварга, 9.3.7 ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес давж үзүүрлэвэл улсын аварга, 9.3.8 ес давж түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав даван түрүүлбэл даян аварга, 9.3.9 аварга цолтой бөх ес давж үзүүрлэхэд даян аварга, 9.3.10 даян аварга цолтой ес даван үзүүрлэхэд дархан аварга, 9.3.11 аварга цолтой бөх арав даван түрүүлбэл дархан аварга. Санал сонсьё.
Д.Тогтохсүрэн: Энэ бол бас арай дэндүү юм аа. Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй байхгүй юу. Түрүүлсэн бөх нь манлайлж явдаг байхгүй юу. Одоо үзүүрлчхээд бүгд цол авах нь байна ш тээ. Ийм юм хэзээ ч байж болохгүй. Та нар хар л даа. Ес давж үзүүрлэсэн бөх, ес давж түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал аварга. Ес давж түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав давж түрүүлбэл даян болж байгаа юм. Аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юмбол даян аварга. Даян аварга цолтой нь ес давж үзүүрлэх юмбол дархан аварга. Үгүй энэ чинь юу вэ. Энэ бол арай болохгүй ш тээ. Зөв биш байхгүй юу. Монголын ард түмний уламжлал чинь ямар юм гэхээр ерөөсөө л түрүүлсэн бөх л аварга цолоо авч явдаг байхгүй юу. Одоо жишээ нь манай дархан аварга Цэрэнтогтох аварга дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн. Тав үзүүрлээд нэг ч цол аваагүй байхгүй юу. Одоо болохоор үзүүрлэсэн бөхчүүд дандаа цол авах нь байна ш тээ. Би бол үүнийг ингэж хийж болохгүй ээ. Нэг л зарчим үйлчилнэ. Одоо жишээлбэл, хоёр удаа түрүүлсэн бөхөд нэг удаа түрүүлсэн бөх нь дээр нь зогсоод байгаа байхгүй юу. Ес, арвын ялгаа чинь бага байхгүй юу. Нэгийн даваанд нэг хүүхэд л үнсэж байгаа байхгүй юу. Гэтэл хоёр удаа ес давж түрүүлнэ гэдэг чинь аймаар юм байхгүй юу. Хоёр удаа түрүүлчхээд аварга цолтой байхад нэг удаа түрүүлчхээд даян аварга руу явах нь байна ш тээ, наадах чинь. Энэ болохгүй ээ. Монголын ард түмний уламжилж ирсэн энэ том соёлыг цолоор эвдэж хэрхэвч болохгүй. Түрүүлсэн бөх нь аваргаа, даян аваргаа, дархан аварга болно ш тээ, энэ чинь. Ингээд одоо нэг хүнд зориулаад, барилдааны амжилтыг бууруулаад, ингэж болохгүй. Баянмөнх аварга үүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би чинь 11 түрүүлээд хэд хэд үзүүрлэчихсэн хүн ш тээ. Түрүүлээгүй нь цол өгдөг болж байна уу гээд эхэлнэ. Энэ бол арай дэндүү л болж байгаа байхгүй юу. Ингэж монгол наадмын барилдааны чансаа, монголын ард түмний өв соёлын аугаа нандин юмыг эвдэж болохгүй ээ.

Ц.Магалжав: Энэ үзүүрлэбэл цол өгнө гэдэг асуудал бол 1024 бөх барилддаг болоод эхлэхээр ингэхээс бас аргагүй болж байгаа юмаа. Өмнөх уламжлал түүхийг нь хэлэх юмбол жишээ нь 40 жилийн ойгоор Цэрэн аварга 512 бөхөд начин цолтой түрүүлээд улсын аварга, дараагийн арван жилд нь үзүүрлээд даян аварга. Тогтохсүрэн гишүүний хэлсэн манай Цэрэнтогтох аварга 1981 онд үзүүрлээд дархан аварга болж байсан юм. Таны хэлдгээр бол жил болгон 512 бөх барилддаг бол зөв. Түрүүлсэн нь арслан, дахиж түрүүлээд аварга, гурав дахиа түрүүлээд даян, дөрөв түрүүлээд дархан аварга цолоо авах. Одоо хүн амын тоо ч олон болчихсон. Бөхийн тоо ч олон болсон. 1024 бөх барилдахаар есийн даваа гэдэг нь цолны даваа юмаа. Цолны даваа учраас энэнд цол өгөхгүй явна гэхээр өрөөсгөл болчхоод байгаа юмаа.
Д.Тогтохсүрэн: Дэмжигдээд гарлаа. Монголын ард түмэн аугаа шүүмжилнэ ш тээ, Магалжав аа. Энэ хүнд зориулчхаж байгаа байхгүй юу. Балжиннямыг одоо нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн гээд даян аварга өгөх гэж байна ш тээ, энүүгээр. Хоёр түрүүлчихсэн Бүрэнтөгс юу гэх вэ, аварга л байж байгаа ш тээ. Нэг түрүүлж, дөрөв үзүүрлэсэн Сумьяабазарт даян аварга өгөх гэж байна ш тээ. Ард түмэн чинь барьж иднэ ш тээ. Тэгээд та нар үүнийг эргэж үйчлүүлэх гэж байгаа байхгүй юу. Хэрвээ энүүгээр явбал ингэж үйлчлүүлж болохгүй. Төрийн нэр хүндийг унагаж болохгүй. Хэрвээ энүүгээрээ батлагдах юмбол зүгээр л явах ёстой.
Ж.Мөнхбат: Дахиж нэг минутаар тодруулга өгье.
Д.Тогтохсүрэн: Магалжав тэргүүн ээ. Энэ цол чинь бөхийн холбооны эвлэрэх гэж ядаж байгаа юман дээр дайран дээр давс нэмнэ шүү. Санжаадамба цолтой холбоотой юм ярихад “6002 бөхөд 13 давсан надад цол өгөөгүй байж бусад хүнд цол өгөх юм бол онигоо болно” гэж байна лээ. Ингээд эсэргүүцэх хүмүүс цаанаас чинь гараад ирнэ. Тийм учраас цолтой холбоотой асуудлыг хэрвээ ингэж шийдье гэж байгаа бол эргэж үйлчлэхгүй шүү гэдгийг тогтож явах ёстой.
Шадар сайд С.Амарсайхан "Өнгөрсөн жилийн наадамд цол нөхөж авах нэг ч бөх байхгүй. Яагаад гэвэл энэ жил 100, 101 жилийн наадмыг нэгтгэж тэмдэглэнэ гэж Засгийн газрын тогтоол гарсан. Одоо өнгөрсөн жил барилдсан наадмын бөхчүүдэд цол нөхөж олгоно гэвэл Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэг гарна" гэлээ.
Гишүүдийн дунд нэг зарчмаар байх, тодруулбал бөхчүүдэд цол нөхөж олговол өнгөрсөн бүх хугацаан дахь цолыг нэг мөр олгох ёстой. Эсвэл бүр болих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэгдэж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Нэг зарчмаар байна гэдэгтэй санал нэгдэж байна. Иймд өөрийн гаргасан саналыг татлаа" гэлээ. Тэрбээр өмнөх наадмууд дахь нэр бүхий бөхчүүдэд цол нөхөж болгох бололцоо бүхий саналыг гаргаад байсан юм.
Өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол нөхөж олгох санал гаргаад буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өнгөрсөн жил Залуучуудын холбооны 100 жилийн ой болсон. Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Залуучуудын холбооны 100 жилийн ойд цол олгоно гэж заагаагүй. Хэрвээ цол олговол бүгдэд нь олго.
Ш.Адьшаа, П.Пүрэвдорж, С.Бямбацогт, Г.Ганболд гишүүн нарын гаргасан санал маш тодорхой. Би үгээ хэлж байна. Гишүүн хувиар.
“Гамшиг осол, цар тахлын улмаас улсын баяр наадам зохион байгуулагдаагүй тохиолдолд” гэж байгаа юм. Өнгөрсөн жил л улсын наадам өнжсөн. Энэнд л цол өгье гэж байгаа байхгүй юу. 10-аад бөхөд цол олгохын тулд хууль батлаж, бусдыг нь гомдоон, бөөн хэл ам болж яах юм бэ.
Хэрвээ цол нөхөж олгох шалтгаан, амжилтууд байгаа бол МҮБХ бүгдийг нь нэгтгээд Ерөнхийлөгчид өг л дөө. 100 жилээс ганцхан 2021 оныг салгаж, онцлоод цол нөхөж олговол дампуу хууль болно. 10-аад бөхөд цол олгохын тулд энэ хуулийг батлаад хэрэггүй. Өгвөл бүгдэд нь өг. Өгөхгүй бол бүгдэд нь боль. Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү хуулийн заалтаар зохицуулалт хийн хөндөлсөх эрх байхгүй шүү” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ш.Адьшаа, П.Пүрэвдорж, С.Бямбацогт, Г.Ганболд гишүүн нарын гаргасан санал маш тодорхой. 10-аад бөхөд цол олгохын тулд энэ хуулийг батлаад хэрэггүй. Өгвөл бүгдэд нь өг. Өгөхгүй бол бүгдэд нь боль. Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү хуулийн заалтаар зохицуулалт хийн хөндөлсөх эрх байхгүй шүү. Нутгийнхаа бөхөд цол олгох энэ хуулийг санаачилсан гишүүдийг ойлгож байна” гэлээ.
Үүнд С.Бямбацогт хариулахдаа “Архангай шиг хагаж цацсан олох бөх манай аймагт байхгүй. 80 жилийн түүхэнд наадмын ганцхан түрүүтэй. 100 жилийн түүхэнд өнгөрсөн жил Б.Бат-Өлзий маань түрүүлсэн. Хамгийн гол нь, Ц.Магалжав сая хэллээ. 2003 оноос өмнөх 70-аад бөхөд цол олгоно. 70 бөхөд цол олгох юм бол найман бөхөд яагаад болохгүй гэж.
Монгол Улсын 100 жилийн түүхэнд байгаагүй чансаа өндөртэй барилдаан болсон шүү дээ. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Олговол бүгдэнд олгоё. Больвол ганцад нь цол нөхөж олгохгүй байя. Хууль бүх бөхөд жигд үйлчилнэ гэвэл саналаа татлаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулж байгаа бол өмнө нь цол авсан ч допингтой хэмээн цолоо хураалгасан бөхчүүдийг анхаарч үзье. Явж явж манай Баянхонгорын нэг харцага үлдлээ. Өмнө нь допингийн шалгалт, сургалт нь байгаагүй. Хууль дүрэм нь ч тодорхойгүй байсан. Тиймээс одоо нэг гараанаас эхэлье. Допингийн асуудлаа энд нь цэг тавиад өгсөн цолыг нь буцааж өгье гэсэн саналтай байна. Үүнээс хойш л допинг ярья. Бүгдийг нь УИХ өршөөе энэ боломжтой юу

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: МҮБХ-оос зургаан бөхийн барилдах эрхийг хассан. Б.Бат-Оршихын хувьд барилдах эрх нь нээлттэй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Олимпод ордог мэргэжлийн спорт, баяр наадам хоёр ялгаатай. Өв уламжлал бол өөр. Допингийн шинжилгээнд ордог нь мэргэжлийн спортууд. Допингийн сургалт ороогүй байж цолыг нь хурааж болохгүй. Одоо хэн нэгнийг хохироохгүйгээр хураасан цолыг нь бүгдэд нь өгье. Бүхэл бүтэн Баянхонгор аймгийнхан бид бүхнийг харж байна.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: “Хууль тэгш үйлчлэх ёстой. Гэтэл ганцхан Баянхонгорын бөхөд хууль үйлчилж байгааг гайхаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэчхээсэй” гэв.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.