Дифлимпийн аварга Н.Эрхэмбаярыг 10 сая төгрөгөөр шагнажээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп гэгддэг дифлимпийн наадамд Монгол Улсын тамирчин Н.Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д түрүүлж, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн. Ингэснээр тэрбээр дифлимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд түрүүлсэн анхны монгол тамирчин болсон юм.

Түүхэн амжилтын эзэн түүнийг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, Аймгийн ЗДТГ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр Н.Эрхэмбаярыг 10 сая төгрөгөөр шагнан, амжилтыг нь мялаав.

Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн шавь Н.Эрхэмбаяр дифлимпийн наадмын алт, мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга тамирчин юм.
Сонирхуулахад, Монголын тамирчдаас "Тайпей-2009" дифлимпийн наадамд гавьяат тамирчин Д.Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг хүртсэн түүхтэй. Улмаар түүний амжилтыг 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр үргэлжлүүлж, Монголын түүхэнд хоёр дахь, чөлөөт бөхөөс анхны аварга болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.