АНУ дахь галт тэрэгний хоёр осол: Зургаан хүн нас барж, олон арван хүн шархдав

АНУ-ын Миссури мужид галт тэрэг ачааны машинтай мөргөлдөж замаасаа гарсан осол гарлаа. Ослоор галт тэрэгний хоёр зорчигч, ачааны машинд зорчиж явсан нэг иргэн нас баржээ. Хамгийн доод тал нь 40 хүн ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.
“Amtrak” компанийн галт тэрэг Лос-Анжелесаас Чикаго гэсэн чиглэлд явж байжээ. Галт тэргэнд 243 зорчигч, багийн 12 гишүүн зорчиж байсан ба осол орон нутгийн цагаар 12:42 цагт Мендон гэх жижиг хотын ойролцоо хөдөө тосгоны уулзвар дээр болжээ.

Янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр, галт тэрэгний 7-8 вагон замаасаа гарсан аж. Ачааны машин чухам ямар шалтгааны улмаас төмөр зам дээр гацсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тус улсын Тээврийн аюулгүй байдлын үндэсний хорооноос эл ослыг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Өөр нэг ослын мэдээ байна. Калифорнид мөн галт тэрэгний осол гарсан байна. Галт тэрэг таван зорчигтой автомашинтай мөргөлдөж, зорчигчдын гурав нь нас барж, хоёрыг нь эмнэлэгт хүргэсэн ажээ. Харин галт тэрэгний зорчигчид бэртэж гэмтээгүй байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.