Б.Балжинням: Хөрөнгө оруулагчгүй, цэвэр өөрийн хөрөнгөөр брэндээ босгосон

Сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүд төдийгүй олны танил хүмүүс хүртэл үндэсний хэв маяг шингэсэн дээл хувцас өдөр тутамдаа өмсөх явдал олширчээ. Тэгвэл бид энэ удаа ҮЙЛДВЭРЛЭГЧ булангаараа “Bortua” брендийн үүсгэн байгуулагч Б.Балжиннямтай ярилцсан юм. Түүний загварууд өвөрмөц, нарийн хийцтэйгээс гадна хүн бүрийн зориглож өмсөхөөргүй “high fashion” чиглэлээр урлагддаг гэдгээрээ бусдаас ялгардаг билээ.
ДОТООД СЭТГЭЛИЙН ОНГОД МААНЬ ЭТГЭЭД СОДОН ЗАГВАР ГАРГАХ СЭДЛИЙГ ӨГДӨГ БАЙХ

-Эхлээд уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Батсайхан овогтой Балжинням гэдэг. 2012 онд фейшн дизайнер мэргэжлээр Их засаг олон улсын их сургуулийг төгссөн. Мөн төгссөн цагаасаа хойш тасралтгүй энэхүү чиглэлээр өөрийн брендийг үүсгэн байгуулаад явж байна.
-“Bortua” бренд нээгдээд хэр удаж байна вэ?
-Манайх 2018 оны арваннэгдүгээр сард брендээ албан ёсоор байгуулсан. Одоогийн байдлаар нээгдээд 10 гаруй сарын турш үйл ажиллагаа явуулж байна.
-Ихэвчлэн үндэснийхээ дээл хувцсаар дагнасан бүтээлүүд хийдэг юм байна. Юу таныг ийм чиглэлийн бүтээл хийхэд хүргэсэн бэ?
-Би багаасаа үндэсний хувцас сонирхон судалдаг байсан. Ерөнхийдөө үндэсний хувцасны судлаач байсан учир орчин үеийн чиг хандлагад хэрхэн нийцүүлэх тухай бодож, өөрийн хувцаснуудаа урладаг. Үүнээс хойш үндэсний хувцасны “high fashion” тал руугаа байж болох хувилбаруудыг бодож, загвараа гаргадаг. Уламжлалыг бага зэрэг эвдсэн хэрнээ бэлгэдлийн чанарыг нь алдуулахгүйгээр урлахыг хичээдэг.
-Таны хийсэн бүтээлүүдээс сонирхож үзэхэд өнгө өнгийн материалууд хольж, оёж шигтгэсэн байдал нь нүдэнд туслаа. Ийм өвөрмөц содон бүтээлүүд хийх санаагаа хаанаас олж авдаг вэ?
-Дизайнер хүн бол өөрөө уран бүтээлч хүн байдаг. Уран бүтээлч гэдэг нь зураач хүнтэй агаар нэг. Зураач бүхэнд өөрийн гэсэн өнгө аяс байдаг бол дизайнеруудад ч мөн адил бий. Хүнд дотоод сэтгэлийн онгод гэж байдаг шүүдээ. Тэр онгод маань магадгүй олон материалуудыг нэгтгэж, тэр дундаас этгээд сонин загварыг гаргаж ирэх сэдэл санааг төрүүлдэг гэж боддог. Тийм ч учраас хүн бүхний хийдэг загвар гэхээс илүү хэн хүссэн нь сэдэж үл чадах бүтээлүүд урлахыг эрмэлздэг. Өөр үгээр "цор ганц" гэж болно. Сонин содон, нэг дор байж боломгүй гэмээр бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж уран бүтээл хийх дуртай.
-Ихэвчлэн эмэгтэй хувцас урладаг шиг харагдлаа. Эрэгтэй хувцас хийдэг үү?
-Эрэгтэй хувцаснууд хийдэг боловч одоогийн байдлаар дандаа эмэгтэй хувцсаар дагнаж байна. Эрэгтэй хувцасны хувьд тухайн захиалагчид зориулан цор ганц хувилбараар хийж өгдөг. Хамтлаг дуучид ч юмуу, хувь хүмүүст зориулан урладаг гэсэн үг.
БИ БҮТЭЭГДЭХҮҮН БИШ, БҮТЭЭЛ ГЭЖ ЯРИХ ДУРТАЙ
-Эмэгтэй хувцас байсан ч аль болох захиалгаар, давтагдашгүй урлах гэж хичээдэг байх? Энэ таны уран бүтээлдээ баримталдаг нэг онцлог уу?
-Тиймээ. Аль болох дахин давтахгүйгээр, цор ганц болгон хийж өгөхийг эрмэлздэг. Манай брендийн гол онцлог бол төрөл бүрийн материал ашиглан үндэснийхээ хэв маягийг “high fashion” тал руу чиглүүлж урлах, бусдад харуулахыг зорьдогт оршдог.
-Саяхан хавар, зуны коллекц гаргахад загвар өмсөгчөөр нь Billie Munkh-г ажиллуулсан байсан. Энэ тухай ярилцвал? Одоо коллекц хэр амжилттай явж байна вэ?
-Хавар коллекцоо гаргасан, өнөөдөр загварууд маань зарагдаад дууссан байна.
Би загвараа бүтээл гэж ярих дуртай. Учир нь хүний оюун санаанаас ундран гардаг учир бүтээгдэхүүн гэхээс илүү бүтээл хийж байна гэж боддог.
Загвар өмсөгчөөр яагаад Billie-г сонгосон шалтгаан нь, тэр хувь моделын хувьд “Androgynous” хэв маягтай учраас миний бүтээлүүдэд яв цав тохирч байсан. Иймд хамтарч зураг авалт хийх санал тавьж байлаа.
-Загвар зохион бүтээгчдийн дунд "Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь” гэж үг байдаг. Таны хувьд уран бүтээлийн гараагаа хаанаас эхэлж байв?
-Энэ бүхэн оюутан ахуй цагаас маань эхлэлтэй. 2012 онд Хаврын гоёлын Гранпри шагнал авч байсан юм байна. Үүнээс хойш “Mongol Costumes”-т мэргэжлийнхээ чиглэлээр ажилладаж эхэлсэн. Хожим нь тэндээс гарч, удалгүй өөрийн брендийг үүсгэн байгуулсан. Одоог хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
-Таны хувцаснууд нарийн оруулга ихтэй, ажиллагаа шаардаж хийгдсэн нь харагддаг. Ер нь нэг дээлний захиалга хэдий хэр хугацаанд бэлэн болдог вэ?
-Тухайн загвараас шалтгаалаад янз янз болно. Гэхдээ ямар ч хүнд хэцүү загвар бай гурав хоногоос хэтрүүлэлгүй гаргахыг хичээдэг. Харин урлаг, тайзны хувцасны хувьд загварыг нь зурж гаргах, бодох зүйлс харьцангуй ихтэй. Миний хувьд нэг хувцсаа удаан хийх дургүй, аль болох эмоциороо, хурдан гүйцэтгээд дуусгах нь таатай байдаг.
-Одоогийн байдлаар хэдэн ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Одоогоор дөрвүүлээ ажиллаж байна. Ихэнх нь мэргэжлийн хүмүүс байдаг. Мэргэжлийн сургуульд сурдаг хүүхдүүдийг өөр дээрээ сургаад авчихдаг. Яг энэ мэргэжлээр сурч буй хүүхдүүд ирээдүйд зорилго нэгтэй учраас тэдэнтэй хамт ажиллахыг илүүд үздэг.
ҮНДЭСНИЙ ХУВЦСЫГ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮЕ ШАТНААС НЬ ЭХЛҮҮЛЭЭД УРЛАГИЙН БҮТЭЭЛ БОЛТОЛ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ХҮМҮҮСИЙГ МЭРГЭЖЛИЙН ДИЗАЙНЕРУУД ГЭЖ ҮНЭЛДЭГ
-Аливаа бизнесийг хийхэд зах зээлийн судалгаа чухал ач холбогдолтой байдаг. Та зах зээлийн сегментээ хэрхэн тодорхойлж байсан бэ?
-Намайг сургуулиа төгсөж байх үед энэ төрлийн бизнес тийм их хөгжөөгүй байсан. Манай цаг үеийнхэн гарч ирээд энэ бизнесийг өргөжүүлж байна гэж би дүгнэдэг. 2012 ба 2019 оны хооронд асар их ялгаа харагдаж байна. Энэ бүгдэд бидний оруулж буй хувь нэмэр их байх. Бид монгол бренд гэж бусдад таниулан гаргаж ирээд доод үедээ шат, гүүр нь болж байна гэж ойлгодог.
-Гэнэтхэн л үндэсний хэв маягтай хувцас брендүүд олноор бий болсон шүүдээ?
-Тиймээ, хүмүүс нэг үе үндэснийхээ хувцсыг өмсөж хэрэглэхээ больчихсон байсан. Бараг “уйдчихсан” байсан гэсэн үг. Хүмүүсийн сэтгэлзүй үндэсний гэхээс илүүтэйгээр европ хэв маягийг сонирхож эхэлсэн. Харин сүүлийн үед ердөө хоёр эмжээртэй дээл бус өдөр тутам, гоёлын, бусдаас содон байх этгээд загваруудыг туршиж, сонирхож эхэлцгээсэн. Хэрэглээний үе шатнаас нь эхлүүлээд урлагийн бүтээл болтол нь ажиллаж чадаж буй хүмүүсийг мэргэжлийн дизайнерууд гэж үнэлдэг. Тэд өөрсдөө салбараа сонгож, үйлдвэрлэгч нь болдог. Манай үеийнхэн маш гайхалтай байна гэж би хувьдаа дүгнэдэг. Жил ирэх тусам илүү сайжирч байна.
-Зарим брендүүд эрчээ аваад нийгэмд хэдийн тодорхой байр суурь эзэлчихсэн. Олны танил хүмүүс ч мөн үндэснийхээ брендээр гоёх хандлага түгээмэл ажиглагддаг. Танайхаар олны танил хүмүүс хэр их үйлчлүүлдэг вэ?
-Манайхаар мэдээж үйлчлүүлдэг. Хамгийн сүүлд би “Никитон” хамтлагийнхны хувцсыг хийж өглөө. Мөн “Sweetymotion” хамтлагийн хувцаснуудыг хийдэг, н.Эрдэнэтунгалаг эгчээс эхлүүлээд зохиолын дуучид хувцсаа хийлгэнэ. Киноны жүжигчид, дуучид, киноны хувцаснууд гэх мэт олон салдаг. Тэр болгоныг тухайн цагт нь хийж гүйцэтгээд явдаг.
-Хувцас бүтээлүүдээ урлаж байх үед хамгийн ур чадвар, цаг хугацаа шаардсан ямар захиалга байсан бэ?
-Миний өөрийн гаргасан бүтээлүүд ихэнхдээ ур чадвар, цаг хугацаа шаардсан байдаг. Учир нь би хүнд элементтэй хувцас хийхийг зорьдог төрлийн хүн. Хүнд элемент ихтэй учир дагаад гүйцэтгэл маш сайн байх ёстой. Иймд шинэ загвар, дүрсийг бий болгоход тодорхой хэмжээний хугацаа зарцуулахаас өөр аргагүй. Бид бусдаасаа нэг, хоёр түүнчлэн гурван жилээр түрүүлж сэтгэж байж гэмээнэ бусдад цоо шинэ загварыг харуулж чадна.
Харин бусад захиалгын хувцаснуудаа ажилчидтайгаа ярилцаж байгаад нэг загварын шийдэлд хүрээд урлаж эхэлдэг. Жинхэнэ загварын бүтээлд бол скиз, хээ, эцсийн гүйцэтгэл, материал сонголт бүх зүйлс орж, заримдаа шинэ технологи хүртэл боловсруулах шаардлага гардаг. Тийм учраас хамгийн хүнд загвар бол миний өөрийн хийдэг загвар.
ЦОР ГАНЦ БАЙХЫГ ХҮСДЭГ Ч ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ХАНДАХ НЬ ОЛОНТАА
-Өрсөлдөөнтэй салбаруудын тоонд загварын салбар зүй ёсоор ордог. Сүүлд гаргасан амжилтуудаасаа хуваалцвал?
-Би 2018 оноос хойш “Гоёл” наадамд оролцсон. Энэхүү наадамд 2018 онд багаараа хамтарч оролцоод “Шилдэг загварын товчоо” гэсэн шагналыг хүртсэн. 2019 онд өөрийн брендийг үүсгэн байгуулаад орохдоо “Шилдэг загвар зохион бүтээгч” гэсэн шагналыг гардаж авсан.
-Ямар нэгэн бизнес эхлүүлэхэд хөрөнгө байх шаардлагатай. Та санхүүгийн хувьд анхны алхмаа хэрхэн хийж байв?
-Би бизнесээ өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон. Эргээд харахад би ажиллаж байх хугацаандаа оёдлын машинаас эхлүүлээд жижиг сажиг зүйлсээ өөрөө худалдан авдаг, дансандаа мөнгөгүй үедээ энэ бизнесийг эхлүүлсэн байна. Хөрөнгө оруулагч миний хувьд байхгүй. Цэвэр өөрийн хүч хөдөлмөрөөр брендээ босгосон.
-Бүтээгдэхүүний үнийн хувьд?
-Үнийн хувьд янз бүр байдаг. Манайхаас хэрэглээний болон загварын гэх мэт төрлүүдээр хувцас зохион бүтээгдэн зах зээлд гардаг. Хэрэглээний хувцас мэдээж үнийн дүн харьцангуй бага. Хэрэглээний хувцас гэж өдөр тутамдаа эдэлж хэрэглэж байхад хялбар хувцсыг хэлнэ шүү дээ. Үнэхээр бусдаас өөр “high fashion” ч юмуу сонин хувцас хэрэглэх дуртай хүмүүсийн захиалганд оюуны хөдөлмөр тодорхой хэмжээнд ордог учир харьцангуй үнэтэй хийгдэх тал бий. Загвар тус бүрээсээ шалтгаална гэж болно.
-Таны баримталж буй “high fashion” тал руу чиглэсэн сонин содон хувцаснуудыг хүмүүс хэр их захиалж хийлгэдэг вэ?
-Цор ганц байхыг хүсдэг, түүнийгээ илэрхийлж чадахгүй байгаа хүмүүс ихээр хандаж миний бүтээлүүдиыг авдаг. Сонин содон өвөрмөц хувцас хайхаар монголд олдохгүй байна гэсэн үгийг их сонсож байсан. "Ийм төрлийн хувцас урладаг хүн байдаг юм байна” гэж өөрт минь хэлдэг. Тэгэхээр миний бусдаас ялгарах бас нэг онцлог нь тэр болов уу гэж бодож байна.
-Жижиг дунд үйлдвэр, бизнесийг таниулах өдөрлөг, үйл ажиллагаанууд ихээр зохион байгуулагддаг шүү дээ. Та хэр оролцдог вэ?
-Одоогийн байдлаар оролцоогүй байна. Яагаад гэхээр "жижиг дунд”-ын үйл ажиллагаа нь ихэвчлэн мэргэжлийн биш талдаа, хувиараа хийдэг гар урлалууд ихэвчлэн хамаардаг. Тиймээс ялгаатай байдал үүсдэг учир одоо хүртэл оролцож үзээгүй явна.
БИ ХОББИГОО МЭРГЭЖИЛ БОЛГОСОН УЧИР АЖЛЫГ ЯЛ МЭТ САНАЖ ХИЙДЭГГҮЙ

-“Bortua” гэдэг нэр нь ямар утгатай вэ?
-Би хувь хүнийхээ хувьд ном уншиж, судалгаа хийх дуртай нэгэн. “Bortua” гэдэг бол цэвэр монгол үг юм. Дээхин үед хэрэглэгдэж байсан. Ихэс дээдсийн хувцсыг урладаг хүнийг ийнхүү нэрлэдэг гэдгийг уншиж, судалж байхдаа олж мэдэж байлаа.
-Аливаа бренд танигдахад тодорхой цаг хугацаа шаарддаг. “Bortua” брендийн хувьд өнөөдрийн хэмжээнд очход нь хэдий хэр хугацаа зарсан бэ?
-Үүсгэн байгуулсан цагаасаа хойш өнөөг хүртэл танигдахын л тулд өдөр бүр хөдөлмөрлөж байна. Энэхүү бренд маань оршин тогтнож байх хугацаандаа танигдсаар л байх болно. Жил, улирал бүр шинэ коллекц хийдэг. Тэр бүрт би танигдаж байгаа байх.
-Цаашид
төлөвлөж буй зорилгуудаасаа хуваалцана уу?
-Төлөвлөж буй зорилго зөндөө байна. Хамгийн ойрын зорилго нь гэвэл “Гоёл”
наадамд орно. Түүнээс цааш олон улсын тэмцээнүүд байна. Тухайн цаг үедээ л
шийдэгдээд явна даа.
-Бизнесээ эхлүүлээд удаагүй хүмүүст шантрах тохиолдол гардаг. Та энэ үедээ юунаас урам авдаг вэ?
-Энэ бол миний дурлаж сонгосон мэргэжил. Иймд би нэг их шантраад байдаггүй. Өөрийн хоббигоо мэргэжил болгосон учраас магадгүй ядарсан байсан ч маргааш нь хийж буй бүтээлээ хараад сэтгэл ханамж авчихдаг. Хааяа цаг хэд болоод байгааг ч мэддэггүй. Би ажлыг ял юм шиг хийдэг хүн биш. Ажил бол миний хувьд аз жаргал мэт санагддаг учраас огт түүртэлгүй, “хайрлаж” хийдэг.
-Материалуудыг тань харахад тод өнгө их зонхилсон байна. Ер нь голдуу ямар өнгийн материал ашилан хувцас хийх дуртай вэ?
-Тодорхой хэмжээнд загварынхаа чиг хандлагыг анзаарч хийдэг. 2019 он гэхэд шар өнгө тренд болсон.
Захиалга авахдаа тухайн хүний дотоод ертөнцийг мэдэхийг хүсдэг. Тэр хүн юу хүсэж байна, ямар загвар хэрэгтэй байна гэдгийг мэдэхийг хичээдэг. Нэг талдаа давхар зөвлөх ажил хийдэг шиг. Магадгүй цоо шинэ загварын чиг хандлагаар хувцас хийлгэх хүсэлтэй байгаа бол царайны нь төрх маягт тохирох уу гэдгийг би харж, эргээд зөвлөж байж аливаа загварыг гаргана.
JOHN CALLIONA-ИЙН БҮТЭЭЛИЙГ ЖИЛ БҮР ХҮЛЭЭДЭГ
-Загвар зохион бүтээгч хүн шинэ содон бүтээл хийхийн тулд судалгаа сайн хийх шаардлагатай байдаг. Таны хувьд хэр сайн судалгаа хийдэг вэ? Эсвэл онгод орж ирсэн үедээ зураад бүтээл болгож байна уу?
-Боломж олдох бүртээ маш их судалгаа хийнэ. Одоо цахим ертөнц хөгжсөн учраас хэрэгтэй судалгаагаа хийж, мэдээлэл олоход хялбар болж. Тухайн жилийн чиг хандлага, ерөнхий төлвийг баримжаалах хэрэгтэй. Энэ жилийн тренд гэдэг утгаар нь шууд хуулбарлаж болохгүй. Учир нь түүний ард хэн нэгний оюуны өмч бий. Иймд ерөнхий нэг чиг хандлагатай боловч олон өөр өнгө аясаар өөрсдийгөө гаргаж ирнэ гэсэн үг.
-Үлгэр дууриал авдаг, дуртай олон улсын брендүүдээсээ нэрлэвэл?
-Хамгийн их үлгэр дууриал авдаг хүн маань дизайнер John Galliano. Өөрийн брендийг олон жил авч яваа. Намайг бараг анх мэдээ ороход л тэр хүн ажиллаж байсан. Түүний бүтээлүүдийг жил бүр хардаг, хүлээдэг. Тэгээд “Dior”, “Gucci” гээд олон жил үйл ажиллагаагаа явуулсан хүмүүсээс суралцахыг хичээдэг.
-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл бий юу?
-Миний бүтээлийг ойлгож, дэмжиж, хайрладаг хэрэглэгчиддээ баярлаж явдаг. Хэр баргийн хүмүүс ойлгоно гэдэг хэцүү. Хэрэглээний талын хувцас биш учраас ойлгож хэрэглэдэг хүмүүс нь сэтгэлгээний хувьд өөр байдаг. Тэрхүү хүмүүстээ хандаж хэлэхэд, ойлгон худалдаж авдагт маш их баярлалаа.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cheap Cialis Pills http://abuycialisb.com - Cialis Viagra Frei Verkauflich Buy Cialis Kamagra Order