НИЙГЭМСПОРТ

Улсын наадмын сурын алтан шар зурхайгаас нэг жил түрүү хүртсэн хос

2015 оны улсын наадам. Монгол даяараа амьсгаа даран хүлээнэ. “Энэ жил наадамд хэний түрүүлж, аль нутгийн харваач сум хамгийн онч байх бол” гэсэн бодол эргэлдэнэ.

Г.Батбаатар мэргэн сүүлчийн сумаа эвшээлгэж, нэлээд барьж байгаад харвалаа. Олон түмэн уухайлаад л явчихлаа. Тайлбарлагч “С.Батбаатар түрүүлж, мэргэн цолны болзол хангалаа” гэв. Эрэгтэй харваачид “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гээд үзэгчийн суудал руу алхаж явсан бол С.Батбаатарын хувьд тэр жилийн наадам дуусаагүй.

Эмэгтэй харваачид түрүү байрын төлөө ид цэц булаалдаж байлаа. Тэдний дунд хань С.Энхтунгалаг нь бий. Бүр бусад харваачдыг тэргүүлж байв. С.Энхтунгалаг мэрийсээр, оносоор түрүүлсэн. Ингэснээр гэр бүлийн хоёр хос нэг жилийн наадмаар, тэгээд бүр нэг өдөр улсын наадамд түрүүлсэн түүхэн амжилтын эзэн болсон юм. Монгол наадмын түүхэнд нэг жил улсын наадмын түрүү хүртсэн хос тэднээс өөр үгүй.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, улсын мэргэн Г.Батбаатар болон түүний хань, улсын даян мэргэн С.Энхтунгалаг нартай ярилцлаа. “Алдар” спорт хорооны харваачид тэд биднийг ярилцлага хийхээр энэ сарын эхээр очиход наадмын бэлтгэлээ ид базааж байлаа.

-Хоёр мэргэний хараа хурц, сум мэргэн, сайхан зусаж байна уу?

Г.Батбаатар (Г.Б): Сайхан зусаж байна аа. Наадмын бэлтгэлдээ гарчихсан, ид хийж байна. Цар тахлын улмаас өнгөрсөн жил наадам болоогүй. 2022 он гарангуут л улсын наадамдаа харвах гэж догдоллоо. Наадмын бэлтгэлээ тавдугаар сарын сүүлээс хийж эхэлсэн. Яг “Алдар”-аараа гал болж гараад нэлээд хэд хонож байна.

С.Энхтунгалаг (С.Э): 1981 он алтан шар зурхайдаа анх харвасан. Ардын хувьсгалын 65 жилийн ойгоор, 1986 оны улсын наадамд түрүүлж, улсын мэргэн цол хүртэж байлаа.

Хань бид хоёр 2015 онд улсын наадамд хамтдаа түрүүлсэн. Тэр жил би улсад хоёр дахиа түрүүлж, даян мэргэн цол хүртсэн юм. Манай өвгөн надаас нэлээд сүүлд, 2000 оноос харваж эхэлсэн. Хожуу орж ирсэн ч гэсэн авьяас, хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимээр улсын мэргэн болсон юм.

Би улсынхаа наадамд завсаргүй 41 дэх жилдээ харваж гэж байна. Сэтгэл догдлолгүй яах вэ.

-Эхнэр, нөхөр хоёр адил спортоор хичээллэн, ижил зорилгын төлөө зүтгэхэд давуу тал мэдээж олон. Наадмын бэлтгэл дээрээ нэгэндээ ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ?

Г.Б: Нэг нэгнээ илүү сайн ойлгоно, зөвлөнө, туслана гээд давуу тал олон. Үргэлж хамтдаа бэлтгэл хийн, харвадаг тул нэгнийхээ алдаа, оноо, харвааг андахгүй. Сумаа харвахаа эвшээлгэхэд нь л “За, сумаа жаахан давуулчихлаа” гэхэд яг тэгж байгаа юм. Тэгтлээ андахаа больчихдог юм.

С.Э: Бие биенээ маш сайн дэмждэг. Хоёулаа нэг зорилгын төлөө зүтгэж яваа болохоор хамаагүй сайхан байдаг юм. Түшигтэй, үл ойлголцол ер гардаггүй.

-Та хоёр хэдэн онд танилцаж гэр бүл болсон бэ. Г.Батбаатар мэргэнийг үндэсний сураар хичээллэхэд хань нь хэр их нөлөөлөв?

Г.Б: Бид хоёр сурын алтан шар зурхайд анх танилцаж байлаа. Тэр үед хань минь харвадаг болчихсон байсан үе. Нэг найз минь намайг үндэсний сураар хичээллүүлэх гээд дагуулж ирсэн юм. Тэгж ирэхдээ ханьтайгаа 1982 онд танилцаж байлаа.Үндэсний сураар тууштай хичээллэн, улсын мэргэн болтлоо зүтгэхэд хань минь хамгийн их нөлөөлсөн.

С.Э: Хань минь сураар анх хичээллэхдээ Гарамсүрэн мастер дээр бэлтгэл хийдэг байлаа. Бид хоёр нэг их удаагүй танилцсан. Угаасаа нэг дор бэлтгэл хийж, харваж байгаа юм чинь. Тэгж ханьтайгаа гал голомтоо бадрааж байлаа. Бид хоёр нэг охин, хоёр хүү, долоон ач, зээтэй.

-Аав, ээжийнхээ үргэлжлэл болж, харваж байгаа хүүхэд бий юү?

С.Э: Хоёр хүү минь багаасаа харвасан.

-Нэг жил хамтдаа түрүүлсэн 2015 оны улсын наадмыг үргэлж дурсах дуртай нь мэдээж. Тэр жил хоёулаа түрүүлнэ гэх зөн совин төрж байв уу?

С.Э: 2013, 2014 онд хань минь түрүүлэхийн төлөө харваад хоёуланд нь товхоо алдсан. 2015 оны нээлтийн харваанаас л харваачид “За, энэ жил Г.Батбаатар ах дутуугаа гүйцээгээрэй, түрүүлээрэй” гэж байв. Тэр жил хань наадмаар сүүлийн дөрвөн сумаа дараалуулан оноод түрүүлсэн. Хань минь улсын наадамд түрүүлж, мэргэн болоход их сайхан санагдсан. Сэтгэл нэлээд ханачихдаг, тайвширдаг юм билээ.

Сүүлийн дөрвөн сум дутуу байхад би эмэгтэй харваачдаа тэргүүлж байв. Ямар ч байсан хичээн харваж байгаад түрүүлсэн.

Г.Б: Улсын наадамд түрүүлээд тайвширсан ч “Хань минь түрүүлээсэй” гээд дэмжсэн, сэтгэл догдолсон. “С.Энхтунгалаг улсын наадамд хоёр дахиа түрүүлж, даян мэргэн боллоо” гэхэд нь үнэхээр их баярласан. Наадам наадмаас 2015 оных хамгийн дурсамжтай, онцгой нь.

С.Э: Төв цэнгэлдэхэд наадамчин олныхоо өмнө Ерөнхийлөгчөөсөө шагнал хүртэн, би даян мэргэн, хань минь улсын мэргэн болоход их сайхан санагдсан.

-Баярт мөчөө үр хүүхдүүд, хамаатан садангуудтайгаа хурдхан хуваалцах сан гээд гэр рүүгээ хамтдаа яарч явах мэдрэмж их гоё байсан болов уу?

Г.Б: Тэгэлгүй яах вэ. Ах, дүү, хамаатан садангууд, үр хүүхэд, Ерөө сумынхан минь их баярласан. Ерөө сумын Засаг даргын гар утас өдөржингөө дуугарч, хүмүүс баяр хүргэсэн гэнэ лээ.

С.Э: Улсын наадамд түрүүлсний дараа Ерөө сумынхан минь бид хоёрт хүндэтгэл үзүүлж, сайхан наадам хийж өгсөнд баярлаж явдаг. Хань бид хоёрын амжилтыг том машинаар мялаасан. Цолны мялаалга болж байхад залуучууд хонь дүүрч ирээд, баяр хүргэсэн. Тэр бүхэн бид хоёрт бүр ч сайхан санагдсан, урамшсан.

Г.Б: Сэтгэлээсээ өгсөн бэлэг тийм сайхан, хэзээ ч багадахгүй.

-Нэг жил улсын наадамд гэр бүлийн хоёр хүн түрүүлсэн өөр тохиолдол бий юү?

Г.Б: Байхгүй. ээр яах вэ, хос улсын мэргэн бий. Гэхдээ нэг жил түрүүлээгүй. Хоёр өөр жил түрүүлсэн.

С.Э: Дагвасүрэн, Насангэрэл мэргэн хоёр.

Г.Б: Эхнэр, нөхөр хоёр улсын наадамд нэг жил түрүүлнэ гэдэг үнэхээр хэцүү. Ховор байхаас аргагүй амжилт. Ханьтайгаа хамт улсын наадмаас нэг жил түрүү хүртсэнээрээ бахархалгүй яах вэ.

С.Э: Үндэсний сурын спортод гэр бүлийн харваач цөөнгүй бий. Гэр бүлийн харваачдын аварга шалгаруулах тэмцээн болдог. Ер нь их сайхан спорт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-11 09:42

Бүх амьдр�##�аа үндэсний өв уламжл�##�даа зориулсан сайхан хлс байна

Холбоотой мэдээ

Back to top button