НИЙГЭМСПОРТ

Монгол Улсын шинэ арслан, 24 настай Б.Орхонбаяр гэж хэн бэ

Монгол түмэн шинэ арслан цолтой бөхөө өлгийдөн авлаа. Баярсайханы Орхонбаяр 24 насандаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд үзүүрлэн, улсын арслан цол хүртлээ.

Наадамчин олон түүнийг төрийн наадамд түрүүлэх, том цолд хүрэх ирээдүйтэй хүчтэн гэж дээлийнх нь захыг мушгисаар ирсэн хүсэл ийнхүү биелж, төрийн наадмын түрүү булаалдлаа.

Өнөө жилийн улсын наадмын тод чимэг, наадамчин олны бахархал, хүндэлийг хүртсэн бөхчүүдийн нэг нь яах аргагүй Б.Орхонбаяр. Шинэ арслан түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе.

НЭГ: Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн. 95 кг жинтэй, 180 см өндөр.

ХОЁР: Бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж буй Б.Орхонбаяр дөрвөн жилийн өмнө Цагааннуур сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болсон.

ГУРАВ: 2018 онд сумын заан цолтойдоо Сэлэнгэ аймгийн наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.

ДӨРӨВ: Б.Орхонбаяр 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглоод дахин түрүүлж, аймгийн хурц арслан болсон. Тэгж өмнөх жилийн амжилтаа батлахдаа үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, Н.Баярбаатарыг өвдөг шороодуулсан. Тэгснээр Сэлэнгэ аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон юм. Б.Орхонбаярын амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргасан түүхтэй.

ТАВ: Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдахдаа, тэгээд бүр 21 насандаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх гаргаж байсан юм. Б.Орхонбаярт их ирээдүй байгаа, багаасаа юм дуулгаж буйг нь эндээс бэлхнээ харж болно.

Сонирхуулахад, хамгийн залуудаа улсын цол хүртсэн хүчтэн бол улсын арслан П.Дагвасүрэн. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат тэрбээр 1963 онд улсын начин болохдоо 19 настай байсан юм.

ЗУРГАА: Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов.

Жил жилийн улсын наадмын дараа тэр бөх найраагаар цолд хүрэв үү, үнэн хүчээрээ барилдав уу гэх хардлага олон түмэнд байдаг шүү дээ. Тэгвэл Б.Орхонбаяр тавын даваанд аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунаж барилдаад давсан нь түүний амжилтыг бүр ч тодотгож, олны хүндлэлийг улам хүлээж байгаа нь дамжиггүй.

Ц.Сандагдорж өмнөх даваануудад улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начны таамагт олон жил бичигдэж буй аймгийн арслан У.Береке нарыг өвдөг шороодуулсан “хатуу самар”.

Үүний сацуу 2020 онд Сэлэнгэ аймгийн наадмын түрүүг булаалдсан хоёр хүчтэн өмнөх жил нь улсын цол хүртэн, нутгийн олноо баярлуулсныг нь тодотгоё.

ДОЛОО: Тэрбээр 2020 онд улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул хэдхэн хоногийн өмнө түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.

НАЙМ: Ховд нутгийн хүргэн Б.Орхонбаяр өнөө жилийн наадамд 24 насандаа үзүүрлэн, улсын арслан цол хүртлээ.

ЕС: Тэрбээр улсын арслан болохдоо тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм.   

АРАВ: Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас мэндэлсэн гурав дахь улсын арслан цолтон. Түүнээс өмнө Д.Данзан 1933, Г.Эрхэмбаяр 2011 онд улсын арслан болж байв. Г.Эрхэмбаяр дараа нь буюу 2013 онд төрийн наадамд түрүүлж, улсын аварга болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-13 10:03

Сайхан ннасан дээрээ заан цол авлаа

Зочин
Зочин
2022-07-13 10:04

Аргагүй хэн ч маргахааргүй сайхан Арслан. Ард олон чамд итгэж бахархаж байгаа дараа жилийн аварга болоход ойрхон байна. Амжилт бүхний дээдийг ерөөе.

Зочин
Зочин
2022-07-13 10:05

Орхонбаяр дүү минь уйлж урвайгаад яахав, нас бага цус шингэн байна даа олон жилийн аваргын наадмууд хүлээж байна. Байгаа бүхэндээ т�##�архаж, бүтээсэн бүхэндээ баярла ирээдүйн их аваргадаа их амжилтыг хүсэе.

Зочин
Зочин
2022-07-13 10:06

Монгол бөхийн жудгаа мөнхөд дээдлэн сахиж, ард түмэндээ нэр �##�дартай аврагийн дээд аврага яваарай хүү минь.
Дараа жилийн наадам ойрхон бна,дараа дараагийн амжилт ойрхон бна.
Амжилт бүрийн дээдийг хүсье.Ахин хэлхэд жудагтай, даруулагатай, жинхэнэ монгол эр яваарай.

Dash
Dash
2022-07-14 09:54

Mash Tom bayr. Hurgii. Ulam olon Tom Tom amjilt gargaarai chi chadnaa. Daruuhan baij. Beltgel curguuliig togtmol hiij amjilt …amjilt…

Холбоотой мэдээ

Back to top button