УЛС ТӨРЯрилцлага

Л.Энхболд: Ж.Эрдэнэбатын Засгийн газар "Сауд гоби коэл транс”-д давуу эрх олгосон, засах ёстой

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой Тост, Тосон бумбын нуруу орчим дахь "Сауд гоби коэл транс" ХХК-ийн эзэмшлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авах шаардлага, боломжийн хүрээн дэх асуудлаар ярилцлаа. Тэрбээр уг асуудлаар Засгийн газарт хоёр дахь удаагаа хандаад байгаа юм.

ОД ЧУЛУУ БАРИАД ЖАГСАХ ЗӨВ ҮҮ, ХЭВЛЭЛЭЭР ӨДӨР БҮР ЯРИАД БАЙХ УУ. ГОЛ НЬ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-Өмнөговь аймгийн Гурвантэс сум нь таны тойрогт хамаардаг уу?

-Үгүй ээ. Уг нь Н.Амарзаяа гишүүний тойрог. Миний хувьд Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд анхаарч ажиллахаас өөр аргагүй байна. Гол нь энэ асуудлаар маш олон иргэд ханддаг. “Яагаад дууграхгүй байна. Ашиг сонирхлын зөрчилтэй юм уу” гэж хүртэл харддаг. Бид ард олныхоо дуу хоолойг төр засагтаа хүргэх, тэднийг төлөөлөхөөр парламентад сууж байгаа. Тийм учраас хуулийн хүрээнд асуудлын гарцыг хайхыг эрмэлзэж, Ерөнхий сайдад хоёр дахь удаагаа хандсан. Гэхдээ энэ асуудалд дээр мод чулуу бариад жагсаад байх нь зөв үү. Хэвлэлээр өдөр бүр яриад л байх нь зөв үү гэдгээ бид тунгаах хэрэгтэй. Гол нь шийдэл хэрэгтэй байна.

-Тост, Тосон бумбын нурууны ойролцоох "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагыг та хэрхэн харж байна вэ?  

-Өнгөрсөн жил уул уурхай, байгаль орчны салбар хариуцсан сайд нартай хамт  Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ажилласан. Яг Тост, тосон бумбын нуруунд очоогүй хэдий ч иргэдийн санаа бодлыг нэлээд сайн сонссон юм.  Өнгөрсөн хавраас "Сауд гоби коэл транс" ХХК-ийн үйл ажиллагаа эрчимжээд эхэлсэн. Ер нь Гурвантэс сумын Урт багийн нутаг дахь Нарийн сухайтын ордод 5-6 орд багтаж байгаа. Одоо компаниуд нь үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс “Сауд гоби коэл транс" ХХК-ийн асуудал маргаан дагуулаад байгаа юм.

Маргаан дагуулаад байгаа гол шалтгаан нь, “Сауд гоби коэл транс" ХХК Тост, тосон бумбын нуруунд хамгийн ойрхон лицензтэй юм. Яг тусгай зөвшөөрлийн талбайд нь хошуут буюу хөвдийн баян бүрдтэй. Говь нутаг дахь уг баян бүрдэд хэдэн айл өрх ногоо тарьж, амьжиргаагаа залгуулдаг. Дээрээс нь говьд усны хомсдол ихэссээр байна. Цоохор ирвэсийн бүс бэлчээр нутаг байгаа учраас энэ нутгийг зайлшгүй хамгаалж авч үлдэх шаардлага байгаа юм. Би ийм байр сууринаас хандаж, Ерөнхий сайдад эхний удаад асуулга тавьсан.

-Эхний удаагийн асуулгын хариу нь “Хууль зөрчсөн зүйлгүй байна” гэсэн утгаар ирсэн?

-УИХ-аар энэ асуулгын хариуг сонсохоор хүсэлтээ тавьчихсан байгаа. Эхний байдлаар надад ирсэн асуулгын хариун дээр дүгнэлт хийж үзэхэд, “Тухайн компани ном, журмын дагуу зөвшөөрлөө авчээ. Хууль зөрчсөн  зүйлгүй байна”  гэсэн байгаа юм. Гэхдээ анхан шатны нэгжээс нь асуудлыг хөөгөөд үзэхээр өөр дүгнэлт гардаг. Үүнийг нягталж үзэх хэрэгтэй.

-Тухайлбал?

-Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахдаа ямар бичиг баримт бүрдүүлсэн бэ гэдэг нарийн мэдээллийг би Засгийн газарт очоогүй юм байна гэж ойлгосон. Ашигт малтмалын хэрэг эрхлэхэд анх ямар материал бүрдүүлсэн өгсөн нь ч тэр. Зөвхөн өөрийнхөө харьяа байгууллагын өгсөн ерөнхий мэдээлэл дээр дүгнэлт хийгээд, хариулт илгээжээ гэж би ойлгосон. Тийм учраас би  хоёр дахь удаагаа асуулга тавих шаардлага үүссэн. Учир нь, миний судалж үзснээр анхан шатны материалууд нь асуудалтай. Жишээ нь, Ашигт малтмалын хэрэг эрхлэхээс зөвшөөрөл авахдаа багийн нийтийн хурлын зөвшөөрлийг хавсаргасан уу гэхчлэн асуудлууд байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Шалгахаар  маш их цаг авах гээд байгаа юм.

Тост, тосон бумын нурууны орчмыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын 35-р тогтоол 2016 оны дөрвөн сард гарч, Засгийн газарт чиглэл өгөгдсөн байдаг. Байгалийн нөөцөд авсан учраас Засгийн газар  тусгай хамгаалалтын бүсийн хилийн зурвасыг нь тогтоох үүрэг хүлээсэн.

-ЯМАР Ч БАЙСАН Л.ЭНХБОЛД "САУД ГОБИ КОЭЛ ТРАНС"-ИЙН ЛОББИНД ОРООГҮЙ-

-Хачирхалтай нь, сум, аймгийн ИТХ-ын санал болон судалгааны хамтарсан багийн гаргасан хилийн зурвасаас "Сауд гоби коэл транс" ХХК-ийн талбай Засгийн газар дээр ирээд хасагдсан байдаг?

-Надад ирүүлсэн бичигт ингэж дурдсан байна лээ. Засгийн газар  хилийн зурвасыг тогтоохдоо,

Нэгдүгээрт, салбар яамны шинжлэх ухааны академийн хүрээлэн, ирвэс хамгаалах сантай хамтарч хийсэн судалгааг үндэслэсэн гэж тайлбарласан. Гэтэл тэр судалгаанд сүүлийн таван жилийн дотор  "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд  зургаан эм, долоон эм ирвэс нутаглаж байгааг дурдсан байдаг.

Хоёрдугаарт, "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд Хөвд, Хошуутын баян бүрд багтдаг. Ил задгай ус бүхий газруудыг талбайд хамааруулсан явдал гарч ирж байгаа юм.

Гуравдугаарт, Гурвантэс сумын ИТХ, аймгийн ИТХ, хамтарсан ажлын хэсгээс гаргасан хилийн зурвасын саналд "Сауд гоби коэл транс" ХХК-ийн талбайг хамруулахаар тусгагдсан. Гэтэл Засгийн газар эдгээр саналд үндэслэсэн гэж тайлбарлаад байгаа юм.

Засгийн газрын одоогийн ойлголт ийм байгаа юм. Тиймээс  би өөрөө цуглуулсан материалуудаа хавсаргаж, дахин тайлбарламж хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Та бүхний үндэслэсэн гэсэн санал тань анхнаасаа өөр байсан байна. Тийм учраас  анхны саналыг үндэслэсэн гэж байгаа бол сум, аймгийн ИТХ-ын тогтоолд туссан хилийн зурвас болон хамтарсан судалгааны багийн саналыг дахин харж  үзээч ээ”  гэж байгаа юм.

-Тэгэхээр анхны саналуудад тулгуурлавал "Сауд гоби коэл транс" ХХК-ийн талбай улсын  тусгай хамгаалалтын бүсэд шууд багтана гэсэн санааг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн үг үү?

-Угаасаа ингэж эргэж харахаас өөр аргагүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар "Сауд гоби коэл транс" ХХК-д давуу эрх олгосон. Бичиг баримтуудыг тулгаад харахаар ийм байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнөх саналуудад үндэслээд л, хилийн зурвасыг шинэчлэн тогтоож өгөхийг хүссэн. Ингэснээр түрүүчийн Засгийн газрын алдааг засах юм. Түүнээс биш одоо ямар процесс өрнөөд байгааг би сөхөж ярьмааргүй байгаа юм. Анхны саналуудаа үндэслэсэн гэсэн мөртлөө шал худлаа байна. Эдгээр саналуудаа үндэслэчих ээ гэсэн санаа. Одоо бид хууль хяналтын байгууллагаар шалгуулах, лиценз цуцлах асуудал ярихгүйгээр хамгийн богино хугацаанд бүсээ шинэчлээд тогтоочиход л энэ асуудлыг шийдчих боломжтой юм.

-"Сауд гоби коэл транс"-ийн талбайг улсын тусгай хамгаалалтын бүсэд багтаах бүрэн боломж У.Хүрэлсүхийн Засгийн газарт байгаа гэж ойлгож болох уу?

-Одоо Засгийн газрын бүрэн эрхийн л асуудал.

-Та Б.Чойжилсүрэн гишүүнтэй хувийн шугамаар уулзаж,  энэ асуудлаар ярилцаж үзэв үү?

-Үгүй. Уржигдар Б.Чойжилсүрэн гишүүнтэй таарсан. “Хоёулаа нэг уулзаж ярих юм байгаа” гэсэн. Бид уулзаж амжаагүй явна. Өмнө нь Б.Чойжилсүрэн гишүүн уг компанид хамаагүй гээд хэвлэлээр хэлчихсэн. Би одоогийн байдлаар ийм л ойлголттой явж байгаа. Тиймээс Б.Чойжилсүрэн гишүүнтэй ярихаасаа илүү тухайн ААН,Засгийн газар хоёрын хоорондын асуудал юм байна гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа.

-Хилийн зурвасыг тогтоох үеэр Б.Чойжилсүрэн гишүүн Сангийн сайдаар ажиллаж байсан. Энд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэдэг нь бараг л батлагдсан асуудал шүү дээ?

-2017 онд Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн ажиллаж байх үед энэ шийдвэр гарсан. Тэр үед Ж.Эрдэнэтбатын тэргүүлсэн Засгийн газарт хэн хэн багтаж байсныг та надаар хэлүүлэлтгүй мэднэ.  Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хэн ч хардах эрхтэй болов уу.

-Энэ асуудлыг яагаад тухайн тойргоос сонгогдсон Н.Амарзаяа гишүүн анхаарч болдоггүй юм. "Сауд гоби коэл транс" тойргийн гишүүн болон сумын удирдлагуудад нь байр сав өгөөд аргалчихдаг гэдэг мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?

-Энэ асуудлыг тэр хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Ийм байдал илэрсэн гэдгийг би мэдэхгүй байна. Хэвлэл мэдээллээс л харсан. Ямар ч байсан Л.Энхболд "Сауд гоби коэл транс"-ийн лоббинд ороогүй. Тиймээс би өөрийнхөө  зүгээс л энэ асуултад хариулт өгч чадна. Би дээр ч хэлсэн. Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн гэдэг утгаар цаашид хэрхэн шийдвэрлэж болох арга зам байна гэдэг өнцөгт л анхаарч ажиллаж байгаа.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 13, 2020 11:18

Cialis Sin Receta Valencia Cialis Poco Prezzo [url=http://cialibuy.com]buy cialis online[/url] Can I Take Expired Amoxicillin Pills Clomid

Холбоотой мэдээ

Back to top button