Ярилцлага

Т.Билгүүн: Би монгол хүн мөн эсэхдээ эргэлзэж байна

Т.Билгүүн энэ хавар МУИС-ийг социологич мэргэжлээр төгссөн. Өдгөө Киргиз улсад, үндэсний аюулгүй байдлын сэдвээр магистрын зэрэг хамгаалахаар болж, хилийн дээс алхаад байна.
Үзэл бодол, хувь хүний төлөвшил, уншсан номууд нь анхаарал татсан учраас Киргиз явахаас нь өмнө уулзаж ярилцсан юм. Бидний чухал сэдвээрх сонирхолтой ярилцлагад анхаарал хандуулна уу.


ӨӨРИЙГӨӨ ОЛОХЫН ЧУХЛЫГ ОЙЛГОСОН НЬ

-Залуус магистрын зэрэг хамгаалахаар явахдаа өндөр хөгжилтэй, барууны орнуудыг сонгох нь дийлэнх. Гэтэл Төв Азийн Киргизэд, тэр дундаа үндэсний аюулгүй байдлын сэдвээр суралцах гэж байгаа нь анхаарал татаж байна. Яагаад, өөр боломж байсан уу?

-Монголчууд өнөөдрийг хүртэл өөрсдийгөө Зүүн Азийн оронд багтааж, тийш гадаад бодлогоо чиглүүлэх хандлагатай байж ирсэн. Гэхдээ улам бүр Төв Ази гэдэг орон зайг сонирхох хэрэгтэй болж байна. Тэд бидний адил ЗХУ-ын хүчтэй нөлөөнд байсан. Мөн нүүдэлчид болоод эсгий туургатнуудын нутаг зэргээрээ ч бидэнтэй ижилсдэг. Нийгэм, улс төрийн нөхцөл байдлын хүрээнд Монголтой ижил дүр зураг олон харагддаг. Ийм учраас Киргизийг сонгосон.

Өөр боломж нэг их хайгаагүй. Нэгэнт зорьсон байсан тул зүтгээд, энэ боломжоо атгасан. Харин үндэсний аюулгүй байдлын сэдвийг социологич мэргэжлээр суралцаж байхдаа их сонирхох болсон л доо. Олон улсын харилцаа тогтворгүйжиж буй нөхцөлд, энэ сэдэвт ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болж байна.

-Төв Азийн орнууд одоог хүртэл Оросын нөлөөг тээсээр байна. Гэвч үндэстний агуулгаар хөгжихөөр хүчтэй эрмэлзэж байгаа нь анзаарагдаж байгаа. Тэгэхээр энэ сонголт тань эх оронч сэтгэлгээтэй нягт холбоотой байх. Ийм мэдрэмжийг хэзээ авч эхэлсэн бэ?

-Багадаа өөрийн хүслээр хөөмий, морин хуураар хичээллэсэн. Үүнээс хойш “Тэд болон бид” гэсэн ялгаат бодролуудыг тээж эхэлсэн л дээ. Анх намайг хөөмийлж сурч байхад хүмүүс ардын урлагийн үнэ цэн, гоо сайхны талаар маш муу ойлголттой байсан. Ийм үед хэн нэгний албадлагагүйгээр, яг өөрөө сонирхож, аав ээждээ хэлээд хөөмий сурч байсан юм. Яагаад ч юм тэгмээр санагдаад. Дараа нь морин хуур тоглож сурсан. Намайг их огшоож, хүчтэй мэдрэмжүүд төрүүлж байсан. Хөөмийг дэлхийд таниулна гэж ч бодож байж дээ /Инээв, Сурв/.

-Хэдэн настай байв?

-12 настай байсан. Дараа нь өдөр тутамдаа дээл өмсөж эхэлсэн. Тэр үед дуучин С.Жавхлан л дээл өмсдөг гэдгээрээ алдартай байсан. Би зүгээр л хүмүүсийн хариу үйлдлийг харъя гэж бодсон. Тэр хариу үйлдлүүдээс монголчууд Монголоо юу гэж ойлгож явдаг нь харагддаг байсан. Одоо харьцангуй их дээл өмсдөг болж. Харин тэр үед дээл өмссөн хүнийг шоолдог л байсан. Яван явсаар улсынхаа сул дорой, ядуу байдалд санаа зовдог, учир шалтгаан, гарц гаргалгаа эрдэг болсон.

-Нэг үеийнхэн нь “Хараал идсэн газар төрчихлөө, хурдан явах сан” гэж нийтлэг хэлдэг болчихлоо. Тэднээс ялгарах ийм үзэл бодол тээхэд нь нийгмээс олж харсан эмзэглэлүүд, бусад хүчин зүйлүүд нөлөөлсөн байх. Эдгээрээс хуваалцахгүй юу?

-Хүүхэд насан дахь эмзэглэлүүд гэвэл: Хөөмий сурч байхад намайг амаараа унгадаг гэж дооглож байсан. “Нэг хэхрээд үзүүлчхээч” гэдэг ч юм уу. Олон мянган жилийн турш байгаль ба ахуй соёлтой уялдан бий болж, өвлөгдөж ирсэн зүйлсээ мэдэхгүй байгаа энэ мэт дүр зургууд их эмзэглүүлдэг байсан. Одоо харьцангуй морь унах, дээл өмсөх зэрэг соёлын өвүүддээ анхаардаг болж байгаа ч “Тэдний юм сайн, биднийх муу” гэсэн хандлагын давамгайлал хүчтэй хэвээр л байна .

Нөгөө талаар, надад зааж зөвлөдөг нэг хүн байсан. Мөн л хүүхэд байхдаа сүнс, сүнслэг байдлын талаар их сониучирхдаг байлаа. Олон янзын шашин сонирхож, ямар нэг итгэл хайж байсан үе л дээ. Энэ үедээ учирсан бөө хүн бий. Тэр хүн хамгийн түрүүнд өөрийгөө олох чухлыг ойлгуулж билээ. Гэтэл энэ амаргүй зүйл байсан. Одоо ч би өөрийгөө эрж байна. Ерөнхийлөөд хэлэхэд, дээрх үйл явдлууд одоогийн үзэл баримтлалыг олж авахад минь түлхэц болсон.  

МАНАЙ НИЙГЭМ, БИДНИЙ ӨВ VS ГАДНЫН СОЁЛ

-Мэдрэмжээ гадагш ийн илэрхийлж байсан ч эргээд өөрөө өөр лүүгээ чиглэсэн эрэл хайгуул их хийсэн байх. Язгуур мөн чанар луугаа эгэхэд юу нэмэр тус болж байсан бэ?

-Өөрийгөө нээхэд социологич мэргэжил маань маш их нөлөөлсөн. Анх сэтгэл судлаач болохыг хүсдэг байсан юм. Хүнтэй ярилцаж, хүний бодлыг тайлах сонирхолтой санагддаг байв. Гуйлга гуйгаад сууж байгаа хүнтэй ч мэндлээд, тамхилаад, юу ч хамаагүй яриад суудаг байсан. Харин социологиор суралцаж эхэлснээс хойш илүү өөрийгөө ойлгосон л доо. Миний хайж байгаа зүйл социологи дотор байсан. Системчилсэн мэдлэгийг олж авахад, бодлоо цэгцлэхэд болон таньж мэдэж сурахад тусалсан. Энэ хугацаанд миний амьдралд гэр бүлийн, найз нөхдийн болон хайр дурлалын олон асуудал тохиолдсон. Мэргэжлээрээ энэ бүх үйл явдлыг харахыг хичээж, тэр бүрийд намайг хурцалж байсан.

Хүн ер нь өөрийн бодлоо таньж ойлгох ёстой юм билээ. Юу хүсээд буйгаа, юуг яаж бодоод буйгаа ойлгохгүй бол амьдрал магадгүй там болно. Дотоод ертөнцөө танихгүй бол гадаад ертөнц замбараагүй. Мэддэг юм шиг мөртлөө огт мэддэггүй маш олон зүйл бий ч бид хайхардаггүй л дээ.

Нөгөө талаар, хүн болгон адилгүй. Тодорхой асуудалд уурлах, баярлах бүр нь өөр. Харин нийгэмшлийн хүчин зүйл, туулсан үе шатын улмаас энэ ялгаатай зан төрхийг олж авч байгаа. Ийм байдлаар, олон янзаар нийгэмшсэн хүмүүс өдгөө ямар нийгэм бүтээж байна вэ. Эргээд энэ нийгэм ямар хүмүүсийг бүтээж байна вэ гэдэг маш их анхаарал татах сэдэв. Угтаа хүүхдүүд ямар соёлоор хүмүүжиж, ахмад үе нь залууст ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа нь маш том асуудал болчихсон. Ер нь нийгэм гэхээр удирдах боломжгүй, эзэн биегүй хаос гэж л ойлгодог. “Нийгэм нь угаас ийм юм чинь” гэж бурууг чихдэг. Гэтэл нийгэм угтаа нэгж хүнээс тогтдог шүү дээ.

-Нийгэм маань ирээдүйн нэгж хүмүүсээ хэрхэн бэлтгэж байгааг бид огт хайхрахгүй байна л даа. Тэдэнд нөлөөлж буй нийгэмшлийн хүчин зүйлсийг залуурдах нэн шаардлагатай гэж харж байна. Иймд нийгмийн хүчин зүйлс хүний зан төрхийн төлөвшилд нөлөөлдөг тухай санаа анхаарал татлаа?

-Өөрөөр хэлбэл, хүн бүр бодит байдлыг харах өөрсдийн өнцөгтэй байдаг. Нийгэмшлийн процессын туршид хүний субъектив ертөнц хэлбэржиж байдаг юм байна.

Жишээ татахад, үзэг гэж огт мэдэхгүй хүн цаасан дээр юм бичих зориулалттайг нь бүр ч мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хүний нүд рүү хатгачхаж магадгүй. Энэ үүднээс харахад, тэр яг үзэг мөн үү гэдэг асуултыг тавьж болно. Тэгэхээр үзгийг цаасан дээр юм бичих зориулалттай хэрэгсэл гэж харах нь, өөрөөр хэлбэл бодит байдлыг юу гэж ойлгох нь тухайн хүний хэлбэржсэн субъектив ертөнц, суусан харах өнцгөөс хамаарч байна.

Нийгмийг бүрдүүлэгч нэгж хүмүүсийн энэ харах өнцгийг бид өөрсдөө нөхцөлдүүлж өгсөөр байдаг. Жишээ нь, хүчирхийллийн асуудал байна. Хүчирхийлэгч гэвэл заавал эрэгтэй хүн л байдаг мэтээр дүрсэлж, мэдээлж, тайлбарладаг болсон. Гэтэл үнэн хэрэгтээ эрчүүд эмэгтэйчүүдийн далд хүчирхийллийн улмаас сэтгэл зүйн хувьд гэмтэж, биологийн өгөгдлөөрөө гар далайхаас өөрийг хийж чадахгүй байгаа ч байж мэднэ.

-Энэ үүднээсээ “Монголчууд бүтэхгүй нь дээ” гэсэн хандлагыг бид өөрсдөө л нөхцөлдүүлж өгөөд байгаа юм шиг. Энэ нь өнгөрсөн хугацаанд гаднын соёл л хүчтэй, мундаг байна гэж сурталдсантай хамаатай гэж харж болох уу?

-Уг нь нийгэм бүр өөр, дахин давтагдашгүй онцлогтой байдаг. Бид түүхэн хугацаандаа өөрсдийн газар нутгийг олж, хэл соёлоо хөрслүүлэн бүтээсээр өнөөдөрт хүрч. Нөгөө талд нь орчин үеийн, модерн соёл орж ирж байгаа.

Гэтэл орчин үеийн соёл нь: Баруунд аж үйлдвэрүүд бий болж, техник технологи хөгжиж, түүхэн хувьсгалууд гарсан гэх мэт зохиолдлогуудаас үүдэж бүрэлдсэн шүү дээ. Барууны орноос эхлэлтэй соёлыг орчин үеийнх гэж томъёолж байгаа. Энэ нөхцөлд нөгөө өөрөө өөрсдөдөө хөрслүүлэн хөгжүүлж, өвлүүлж ирсэн соёлоо хэрхэх вэ гэдэг нь “Хэн болох вэ”, “Хаашаа явах вэ” гэдэг асуудал болж хувирлаа.

Нийгэм бүрийн туулж ирсэн түүх өөр тул давтагдашгүй цорын ганц. Үүнтэй адил Монголын нийгэм ч цорын ганц нийгэм. Цорын ганц энэ зүйлийг гадны дискурсүүдээр бөмбөгдөж байна. Гадны ойлголтуудаар бөмбөгдөж байна. Тэдний бодит байдлыг харах өнцгийг шууд хуулж байна. Гаднынхнаас суралцах нь буруу биш ч монгол гэдэг шинж чанарыг улам бүр үгүй болгож байна гэж хардаг.

-Гаднын соёлыг хуулах биш хөрвүүлэх хэрэгтэй гэдэг?

-Тийм. Энэ хугацаанд орчин үеийн соёлуудыг хуулсан уу, хөрвүүлсэн үү гэж асуух хэрэгтэй. Хөрвүүлэх замаар бид өөрсдийн соёлоо улам хөгжүүлж, шинээр мэдлэг бүтээж чадаж байна уу. БНХАУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс яг өнөө цагт өөрсдийн гэсэн мэдлэг, соёлыг, үнэ цэнийг бүтээсээр л байна. Үүнийгээ дэлхий дахинд сурталчилж чадаж байна. Өөрсдийн бахархлаараа тэд амьдарч байна.

Надад монгол хүн болж төрснийхөө яг юугаар нь бахархахаа мэдэхгүй үе байсан. Долоон тэрбум хүн дотор би Монголоороо л ялгараад байдаг. Гэтэл үүнийгээ юугаар мэдэрч, юугаар илэрхийлэх вэ. Өнөөдөр “Монгол хүний онцлог юу вэ” гэж асуувал шууд тодорхойлж чадах хүн бий болов уу. Хэт дэвэргэж хэлэхэд, би өөрийгөө, монголчуудыгаа монгол хүн мөн эсэхэд нь ч эргэлзэх болж байна. “Монгол” гэдэг нэр зүүсгэлээс цаашгүй болчихсон юм биш үү. Бид үр хойчдоо яг юу үлдээж, хаашаа явж байгаа нь маш эргэлзээтэй. Үнэт зүйл талдаа ч монгол хүн оюун санааны хувьд мухардсан бололтой. Адаглаад өөрсдийн нийгмээ тайлбарлах хүлээн зөвшөөрөгдсөн нийгэм-түүхийн онолтой ч болж чадаагүй мэт харагдаж байна.

ИТГЭЛЭЭ АЛДСАН МОНГОЛЧУУД

-Тэгвэл хэн нэгэн монгол хүн гэдгээ ойлгохын тулд, эсвэл энэ эрэл хайгуулыг хийж эхлэхийн тулд яг юу хэрэгтэй вэ. Ном унших уу, зүгээр л монгол “цус”-тай болж төрсөн нь хангалттай юу. Тэр хөшүүрэг нь?

-Өөрийгөө олохын төлөөх эрэл хайгуулд гарахаас эхлэх байх. Яагаад гэвэл энэ бүх зүйл бидний дотор байгаа. Монголоо ойлгоё гэхээр шууд л түүхийн ном уншиж эхлэх тухай биш юм л даа. Хамгийн эхлээд эргэн тойрноо нэг ажиглаасай. Гэр бүлийн харилцаагаа хараасай. Өөрөө өөрийнхөө бодол, хүслүүдийг ажиглаж үзээсэй. Таны өдөрт бодож буй бодлуудын дийлэнх нь юу байна гэдгээ нэг харах хэрэгтэй болов уу.

Надад зааж зөвлөдөг тэр бөө ах маань ингэж хэлж байсан юм. “Ил юмсаа ажихгүй байж их үйлсэд бүү шунахайр. Газрын үйлсээ мэдэхгүй байж тэнгэрийн үйлсэд бүү санаарх”. Учиргүй монгол гэж цээжээ дэлдэн омогшиж, улс төрчдийг “Авлигач” гэж зүхэн хараахаас илүү өөр лүүгээ л өнгийх хэрэгтэй байх. Аливааг ажиглахдаа зөв буруу, муу сайн гэж ангилан ялгалгүй, байгаагаар нь л хүлээн авч, олж харах. Тэгээд үнэ цэнийг нь хайрлах. Түүнээс монгол гэхээр л морь унадаг байх албагүй байх аа.

-Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилдэг. Олон хүний хувьд энэ тийм ч аминд тулсан асуудал биш. Тэгэхээр, заавал өөр лүүгээ өнгийх, эх оронч сэтгэлгээтэй болох ямар хэрэг байгаа юм?

-Та өнөөдөр эрүүл, аюулгүй орчинд амьдарч байгаа гэсэн баталгаа байна уу. Таны болон таны үр хүүхдийн ирээдүй баталгаатай юу. Зорьсон, хүссэндээ хүрч чадаж байна уу...

-Тэд “Чадахгүй байна” л гэж хариулна, тэгээд “Болдог газар луу нь бушуу явъя” гээд байна шүү дээ?

-Зугтааж буйгаас ялгаагүй шүү дээ, тэр чинь.

-Зугтааж байна. Тэгэхээр тэдэнд “Эндээсээ юм олж хараач” гэж хэлэх ямар чухал шаардлага байгаа юм?

-Бидэнд үлдээсэн Монгол гэдэг энэ бүх зүйл: Газар нутаг, түүний доорх баялаг, ёс уламжлал бүгд бол өв шүү дээ. Зүйрлээд ярихад, баян, чинээлэг өвөө эмээ, аав ээжтэй байж байгаад өвлөж авсан их хэмжээний хөрөнгө гээд бодчихъё л доо. Өвлүүлж ирсэн тэр зүйлд үнэ цэн бий дээ. Түүнийг бий болгох, хамгаалах, өвлүүлэхийн тулд бидний өвөг дээдэс хэдээрээ үхсэн бэ. Зөвхөн үүний тулд тэд өөрсдөө үхсэн байхгүй юу /Нулимс унагав, Сурв/. Иймд чиний төлөө үхсэн, чиний төлөө хувь амьдралаа зориулсан өвөг дээдсээ “Зайл” гэж буйгаас ямар ч ялгаагүй харагдаж байна. Тийм их хүний эрх, хүнлэг чанар ярьдаг байж үүнийг яагаад олж харахгүй байгаа юм бол. Нөгөө талаас, та хэзээ ч харь оронд очоод, дээшлээд дээшлээд оройд нь гарахгүй л дээ. Хэзээ ч цагаан хүмүүсийн дунд элит болж чадахгүй. Энд бол чадна, энгийнээр ярихад. Учир нь та өөрийн нутагтаа байгаа.

-Нийгмийн оюун санааг чиглүүлэлдэг элит хэсгийг хэрхэн хардаг вэ?

-Монголын элит гэгдэх хүмүүс өөрсдөө хаана сургууль төгссөн, түүнийгээ боловсрол гэж үзэж, улмаар түгээж байгаа. Мөн хүүхдүүдээ ямар сургуульд сургаж байгаа билээ, үүнээс ихийг анзаарч болох боломжтой санагддаг. Уг нь элит хэсгийн гэр бүлд өсөж торнисон хүүхдүүд орчин нөхцөл нь мэдлэгт ойр байсан учраас мэдлэгийг хүлээж авах чадвар нь ч давуу байдаг талаар судлаачид тэмдэглэсэн байх юм. Нөгөөтээгүүр, элит хэсэг ямар боловсрол түгээнэ, түүнийг үлдсэн хэсэг нь дагадаг.

Гэтэл өнөөдөр жаахан хүүхдүүд монгол хэлээ сураагүй мөртлөө англиар яриад эхэлчихлээ. Элит хэсэг өндөр төлбөртэй, гадаадын боловсролын хөтөлбөртэй сургуульд хүүхдүүдээ сургаж байна. Ингэх хэрээр нийгэмд улам ялгаа үүсэж, эх оронч агуулга нь “ядуу” хүмүүсийн сэдэв болчих гээд байх шиг. Судалгаа хийгээгүй учраас шууд ингэж хэлж болохгүй л дээ. Ингэх хэрээр дахиад л бидэнд бахархал байна уу гэж асуумаар санагддаг. Сүүлдээ Монгол Улс хөгжинө, чадна гэх итгэл ч байхгүй болж шүү, бидэнд.

-Улам бүр “Даяарчлагдаж байгаа ертөнц шүү дээ” гэдэг үг хэлэгддэг болж байна. Киргизэд гүнзгийрүүлэн судлах гэж буй үндэсний аюулгүй байдлын сэдэвтэйгээ холбож бодоход ямар эрсдэл бий гэж харж байна?

-Миний уншсанаар болон өөрийн харж буйгаар хүний нийгэмд Power буюу эрх мэдлийн мөргөлдөөн байсаар байх болно. Энх тайван гэж ярих утопи хэвээр. Яг энэ цаг үетэйгээ холбож ярихад барууныхны сайхан, сайхан зүйл ярьж байсан нь улам л худал болж байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг ойлголтыг барууныхан өөрсдөө томъёолж өгөөд, нийгэмд тулган хүлээлгээд байна. Өнөөдөр эзлэн түрэмгийлэл дууссан гэж ойлгож байгаа бол буруу. Эдвард Сайд гэж судлаач “Өнөө үед шууд эзлэн түрэмгийлэл дууссан ч өөр байдлаар үргэлжлэх болно” гэж хэлсэн байх юм. Даяарчлал гэж яриад буй зүйл ч өөрөө хэний соёл, хэний мэдлэг дээр үндэслэгдсэн ойлголт вэ. Мэдээж бид даяарчлалыг зогсоож чадахгүй, үргэлжилсээр байх болно. Харин энэ дунд бид хаана зогсох вэ гэдгээ л шийдэх хэрэгтэй болчихсон шиг. Эргээд Монголоо л эрж олох хэрэгтэй болчхоод байна. Энэ бол “Монголоо хайрлая” гэдэг слоган төдий биш юм л даа. Зарим зүйлд, өөрсдийнх нь хэлдгээр Open minded байгаач ээ гэж хэлмээр санагддаг юм.  

-Цаашид энэ үзэл бодлоо түгээх, нөлөөлөх чиглэлд ажиллана гэсэн. Хүлээн зөвшөөрөгдөхгүй, буруу ойлгогдон, муу нэр зүүсэн нэгэн болчихвол ямар байх вэ?

-Мэдээж хүмүүсийн юу гэж хүлээж авах, намайг юу гэж тодорхойлох нь тэдний өөрсдийн асуудал. Энэ миний итгэл үнэмшил болчихсон юм чинь, би мөрөөдөлтэй, зорилготой юм чинь. Би үүнийхээ төлөө л явах байх. Зөвхөн ярьдаг төдий биш хийдэг - судлаач, социологич хүн л болмоор байна. Одоо дөнгөж миний үйл хэргийн эхлэл тавигдаж байна. Тийм болохоор илүү ихийг хийж бүтээнэ гэж боддог, хамгийн эхэнд нийгмийн шинжлэх ухааны зогсонги хөгжлийг урагшлуулахын төлөө ажилламаар байна.

-Ингэх нь өөрт чинь ямар ашигтай гэж?

-Би дурласан, мэдэрсэн, харсан зүйлээ л хийж байгаа хэрэг. Үхэхдээ хэн нэгэн баймаар. Ямар нэг зүйл үлдээсэн баймаар байна. Биеэ засаад төрөө зас гэдэг. Би биеэ засах гэж яваа. “Ил юмсаа ажихгүй байж их үйлсэд бүү шунахайр” гэдэг үгийг л дахин хэлмээр санагдаж байна. Цаг нь ирэхээр бүх зүйл болох байх. Хэт яараад хэрэггүй ч байж мэднэ. Хүн мэдэхээ л мэддэг болохоос мэдэхгүйгээ мэддэггүй л юм билээ. Гэхдээ мэдэх цаг нь бас ирдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх

Сурах их үйлсэд нь амжилт хүсье. Өөрийгөө олсон цагт өөртөө үнэнч яваарай, хүү минь.

Д. Хоролсүрэн
Д. Хоролсүрэн

Өөрийгөө олж үзэл бодолдоо үнэнч байгаарай. Сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

Зочин
Зочин

Zuv bodoltoi olon zuiliig olon talaas ni tungaaj boddog xuu baina Zorij baigaa bodoj baigaa xiix gej temuulj baigaa bux zuild ni amjilt xusie

Зочин
Зочин

Амжилт хүсье

Д Баярсайхан
Д Баярсайхан

Иргэдээ !Сайхан-, муухай, сайн муу энийг хэн заасан. Энэ бидний бодол. өөр юу ч биш Энэ з�##�уу ойлгомжтой ярьж,бид янз бүрээр сэтгэж, элдвийг өөрөө зохион бодож амьдрах юм даа. Та сайхныг хүсвэл бүтэж ч болно .Бүх юм танаас..бүгдэд сайн сайхныг хүсье !?

Bataa
Bataa

Bataa

Бат
Бат

Зорилгоо амжиллтай биелүүлэхийг хүсэн ероое

Зочин
Зочин

хужаач юмуу хуэаагийн эрлийз ч юмуу нэг бол өөр гадны тэгэхээр монгол гэж эргэлзэх нь зөв 3,5 саяын 95% нь гадны эрлийзүүд тийм болоод гадныхнаа шүтэж амьдардаг хог новшнууд

Чааваасдаа эхлээд уншиж дараа нь шүүмжээ хэл унш
Чааваасдаа эхлээд уншиж дараа нь шүүмжээ хэл унш
Reply to  Зочин

Чааваа�####�а эхлээд унш уншаа ч үгүй байж тэнэгээ гайхуулах хэрэг юу байна чам шиг тэнэгүүд хол явахгүй ээ энэ з�##�ууд атаархаж үхлээ юу яахлээрээ ийм атаархуу өлөв долив хийж явдаг бнаа хол очиж 70 уулын цаагуур д�##�д ор

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрөө доторхийг нь уншаагүй юм уу эсвэл ойлгоогүй бололтой.

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Зочин

чи бол үхэр

Зочин
Зочин

Orkuud l sunuj bga ulsaa mongol ene ter gej surjignedeg yumdoo

Холбоотой мэдээ

Back to top button