Ярилцлага

А.Цогцэцэг: Сүүлийн үед хүүхдүүд компьютерийн дэлгэцээс харшилж байна

Анагаах ухааны доктор, клиникийн профессор, арьс, харшлын зөвлөх зэргийн эмч, эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгтэй ярилцлаа.

-АМЬ НАСАНД АЮУЛ УЧРУУЛДАГ ХАРШИЛ ТӨРҮҮЛЭГЧҮҮД БАЙНА-

Харшил гэдэг өвчин иргэдийн хувьд эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр л байна. Яагаад энэ өвчин ийм өргөн хүрээнд нийтлэг тохиолдож байна вэ?

-Хүн төрөлхтөн даяарчлалын эрин зуунд амьдарч байна. Байгаль экологийн тэнцвэр алдагдаж, хоол хүнс, ахуйн хэрэглээндээ химийн бүтээгдэхүүн орсон синтетик, хагас синтетик бүтээгдэхүүн хэрэглэж байна. Ийм байгаа тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлж зарим нь харшил хэлбэрээр эрүүл мэндэд хохирол учруулсаар байна. Тийм учраас хөгжил дэвшилтэй холбоотой яах ч аргагүй дагалдан гарч ирж буй нийгмийн нөгөө нэг сөрөг нөлөөлөл юм гэж хэлж болно. Дэлхий дээрх 7,9 тэрбум хүний 35-40 орчим хувь нь ямар нэгэн харшлын өвчтэй гэсэн судалгаанууд байдаг. Харшил төрүүлэгчээр сэдээгдэж энэ нь өвөрмөцөөр хүний дархлааны механизмтай нөхцөлдөж хариу урвал үзүүлдэг бүлэг өвчин байна. Харин энэхүү харшил нь хаагуур орж, аль ямар эрхтэнг гэмтээж байгаагаасаа шалтгаалж эрхтэн тогтолцооны эмгэгийг нь тодорхойлдог. Тэгэхээр хоол хүнсний, ургамлын, тоос, тоосонцрын, химийн бодисын, эмийн, амьтанд хазуулсан, амьтны үс ноосны, нар салхины гэх мэт 25 мянга орчим харшил төрүүлэгчийг нэрлэж болно. Харшлыг өнөөдөр бид таслан зогсооно гэхээсээ илүү урьдчилан сэргийлэхийн тулд харшил төрүүлэгчээ тогтоолгож тухайн харшил төрүүлэгчээсээ зайлсхийж амьдрах л хамгийн чухал. Иргэд маань нэмэлтээр нэг зүйлийг анхаараасай гэж хүсье. Харшлын солбилцох урвалаар харшил явагдах тохиолдол байдаг. Жишээ нь модлог ургамлын тоосны харшилтай хүн модлог ургамлаас ургадаг жимс (тоор, апельсин, мандарин, алим) идэхэд, хөл газрын ургамал(шарилж, лууль)-ийн харшилтай хүн гүүний саам, айраг уухад харшил хөдөлчихлөө гэдэг.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх нь оновчтой вэ. 7-8 сарыг ургамлын тоосны харшилтай хүмүүс ихээхэн зовиуртай даван туулдаг шүү дээ?

-Өнөөдөр улирлын чанартай ургамлын тоосны харшил, нарны харшил давамгайлж байна. Хөл газрын ургамал болох шарилж, лууль 7-8 сард идэвхтэй агаарт тоосоо хаядаг. Эдгээр ургамал нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхдээ хамар шархирах, нус гоожих, найтаах, нүд загатнах, улайх, хавагнах, хоолой загатнах цаашлаад хүндэрвэл амьсгалын замын багтраа үүсгэх байдлаар илэрдэг аюултай. Иймд иргэд тухайн ургамалд харшилтай байгаагаа дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид даруй хандаж зөвлөгөө авах, тухайн ямар ургамалд харшилтай эсэхээ тогтоолгох нь чухал.

Хэрэв та хөл газрын ургамалын харшилтай гэдэг нь оношлогдсон тохиолдолд тухайн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээг хийхээс гадна дараах хэдэн зөвлөмжийг дагаж мөрдөөрэй. Үүнд:

1.Хөл газрын ургамлын /шарилж, лууль/ тоос өглөө 04-07 цагт, орой 18-20 цагт мөн бороо орсны дараа нар гарах үед агаарт их хэмжээгээр тоосоо цацаж харшил төрүүлдэг. Энэ үед ургамлын тоосны харшилтай хүмүүс өөрсдийгөө хамгаалах, цонхоо битүү байлгах, гадаа гарах шаардлага гарвал маск зүүх, бороо орсны дараа аль болох гэрээсээ гарахгүй байхыг хичээх хэрэгтэй. Бороо ихтэй, нартай жил ургамлын тоосны харшил илүү их тохиолддог.

2. Ургамлын харшилтай болчихлоо гээд ам дамжсан өндөр тунтай гормоны эм, тариаг дур мэдэн хийлгэхээс татгалзаарай 3. Нэгэнт ургамлын тоосны харшилтайгаа мэдсэн бол дараа жил уг ургамал агаарт тоосоо цацахаас 2-3 сарын өмнө өвөрмөц дархлаа тогтоох вакцин эмчилгээ болон угтуулах эмчилгээнд орохыг хичээгээрэй.

Харин ард иргэд албан газар өөрийн эзэмшлийн газарт ургасан хөл газрын ургамлын таналт, хадалтыг хавар, зун, намар гурван удаа хийх ёстой. Энэ нь зургаадугаар сарын 15-20, 7 сарын 15-20, наймдугаар сарын 15-20-нд тус тус хадалт таналтыг хийнэ. Хадна, танах гэдэг нь хоёр талын ач холбогдолтой. Уг ургамлын тоос агаарт цацагдах боломжгүй болгохын зэрэгцээ тухайн ургамлыг ногоон масст ашиглах боломжтой. Аливаа зүйл хоёр талтай. Зарим үед дээрх ургамлын давуу талыг нь ашиглах л хэрэгтэй. Дээр үед царвангаар хүүхдийн хоолойг их зайлдаг байсан. Тэр үед ургамлын шалтгаант харшлаар өвдөх хүн ховор байсан даа. Гэтэл одоо нийт хүн амын 3-5 орчим хувь ургамлын тоосны харшилтай болчхоод байна. Хүн төрөлхтөн хэтэрхий их хотжиж байгаль орчноосоо их хөндийрч байгаагийн илэрхийлэл юм даа.

-Шарилж ашигтай гэж үү?

-Тийм ээ. Эдгээр ургамлууд тоосоо хаяхаараа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч хэрэггүй зүйл бас биш. Хөл ургамлаар гоо сайхнаас эхлээд төрөл бүрийн бараа бүтээсэн судалгаа бий. Дээр үед царвангаар хүүхдийн хоолойг зайлдаг байсан шүү дээ. Ногоон масс нэмэгдүүлэх тухайд бол талхлагдсан талбайг шороогоор бус ногооноор нь байлгахад хувь нэмэртэй.

-Зөвхөн шарилж, луулиас бус өнөөдөр хувцас, жимс, элдэв үнэрээс хүртэл харшилж байна шүү дээ?

-Тийм ээ. 21-р зууныг харшлын зуун гэж дэлхийн эрдэмтэд нэрлээд байгаа нь үндэслэлтэй. Суурин амьдрал, хоол хүнсний хэв загвар, ахуйн хэрэглээ гээд бүгд өөрчлөгдөж байна, үүний хэрээр төрөл бүрийн харшилтай болж өөрөөр хэлбэл албадмал амьдралын хэв загвар маань эргээд өөрийн дархлаагаараа даваад тэмцээд гардаг зүйлд шууд ялагдаад байна л гэсэн үг. Энэ бүгдээс шалтгаалаад харшлахгүй зүйл гэж байхгүй болжээ. Тухайн харшилж байгаа зүйлээ хүн өөрөө мэдэх, эсвэл харшил тодорхойлогч сорилд эерэг гарсан зүйлээсээ аль болох хол, хэрэглэхгүй байх нь л чухал. Харшлын өвчний онцлог нь харшил төрүүлэгчээ хэрэглэсэн эсвэл ойр байсан тохиолдолд эмчилгээнээс үл шалтгаалж шинж тэмдэг дахиж байдаг. Иймд аль болох харшил төрүүлэгчээсээ л зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал төмөрний харшилтай хүн төмрөөсөө хол байхад л болно. Нөгөөтээгүүр харшил удамших хандлага өндөр байдаг тул эцэг эх хэн нэг нь эсвэл хоёулаа харшлын суурьтай байх юм бол гарсан хүүхдүүдээ эртхэн шинжлүүлж харшил төрүүлэгчийг нь тодорхойлуулахад илүүдэхгүй.

-Хамгийн хүчтэй харшил төрүүлэгч гэвэл…?

-Өвөрмөц харшлын шокт оруулж амь насанд аюул учруулдаг харшил төрүүлэгчүүд байна. Тухайлбал, эмийн харшил, хүнсний харшлууд тэр дундаа антибиотик, самар гэх мэт. Антибиотик дотор пенициллиний группийн антибиотикууд, мөн сульфаниламидаас септерин, Самар дотроо газрын самрууд хушга зэрэг орно. Харшилтайгаа мэдэх юм бол насан туршдаа тухайн харшил төрүүлэгч орсон бүтээгдэхүүн эм зэргийг хэрэглэж болохгүй гэдгийг хатуу анхаар. Хүмүүс хэнэггүйтээд давтан хэрэглээд амь насандаа аюул учруулж анафилакси шокод ордог. Харшилтай хүүхдүүдийг цэцэрлэг сургуулийн багш эмч нар маш сайн анхааралдаа авах хэрэгтэй байдаг ба огцом хариу урвалаар явагддаг тул амь насны заалтаар нарийн мэргэжлийн эмчийнхээ зөвлөсөн эм тариагаа биедээ авч явж байх хэрэгтэй. Дур мэдэж антибиотек эмчилгээ хийлгэх, хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ер нь л харшилтай хүмүүс халуун ногоо, исгэлэн жимс, газтай ундаа, шокалад, өндөг, сүү, архи, айраг, гүүний саамнаас, мөн төрөл бүрийн самарнаас харшилтай бол бүх төрлийн самарнаас  татгалзах нь зөв.

-Харшлын эмчилгээний үр дүнд ахиц гарч байна уу?

-Олон төрлийн харшлын эсрэг эмүүд байна, харшил-эмзэгшил бууруулах эмчилгээнүүд, харшил төрүүлэгчийн эсрэг өвөрмөц дархлаа тогтоох тухайн аллергинээр нь бэлдсэн вакцинууд байна. Эдгээр эмчилгээнүүдийг  тухайн хүний биед харшил төрүүлэгч ямар замаар орсон гэдгээсээ шалтгаалж өвчний эмнэлзүй, үргэлжлэх хугацаа, юунд харшил өгч байгаад үнэлгээ өгч өвөрмөцөөр хүн бүрд өөр өөрөөр хийнэ.

Хамгийн сүүлийн үед эмчилгээнд орж ирж буй  дархлаа зүгшрүүлэх моноклонол эмчилгээ өндөр өртөгтэй ч хийлгэх боломж бүрдсэн байгаа. Мөн сүүлийн үед гаж нөлөө багатай, нойрсуулах тайвшруулах үйлчилгээ багатай антигистамины 3-р үеийн эмүүд бүгд манайд ороод ирсэн нь сайшаалтай. Иргэд маань харшлын эмүүдийг богино хугацаанд 5-10 хоног уугаад эдгэрэх мэт боддог. Энэ бол ташаа ойлголт юм. Харин шинж тэмдэг үргэлжлэх хугацаанаасаа шалтгаалж 1-3 сар эмчилгээ хийх тохиолдол байдаг. Манай улсын хувьд харшил төрүүлэгчийг тодорхойлох оношилгоо,,шинжилгээ дэлхийн түвшинд хүрсэн гэж хэлж болно. Тухайлбал, цус аваад түүндээ харшил төрүүлэгчийг нь тодорхойлж байна, мөн хатгах, бигнэх сорил хийж байна. Харин харшлын сорил тавиулахаар ирж буй иргэд 72 цагийн дотор харшлын эм уухгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Эдгээр сорилуудын хариу 30 минутаас гурван өдрийн дараа хариу нь гардаг. Арьс бигнэх сорил л 72 цагийн дараа хариу нь гардаг.

-АМЬДРАЛЫН ЧАНАР САЙЖРАХ ТУСАМ ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧИН НЭМЭГДЭЖ БАЙНА-

-Ор мөргүй арилна гэж байх уу?

-Ор мөргүй алга болно гэхээсээ илүүтэй намжмал байдлын хугацааг уртасгах, харшил төрүүлэгчээсээ хол байлгах гол зорилго бий. Өөрөөр хэлбэл харшлын гаралтай өвчнүүд олон дахилттай архаг явцтай. Иймд өвчний намжмал байдлыг уртасгах явдалд эмчилгээний тактикаа боловсруулах хэрэгтэй. Жилдээ 2 дахидаг байсан бол нэг удаа, нэг удаа байсан бол хоёр жилд нэг удаа гэх мэт намжмал хугацааг нь уртасгах. Харин тухайн харшил төрүүлэгчээсээ зайлсхийж чадвал өвчин дахихгүй байх шилдэг сонголт байж болно. Харин жилээс жилд харшилтай хүмүүс нэмэгдэж байгаа нь харшлын гаралтай өвчин нийгмийн шинж чанартай өвчин болжээ гэдгийг илэрхийлж байна. Ийм учраас нийгмийн эрүүл мэнд талаасаа дорвитой арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм.

-Өвөрмөц дархлаа тогтоох эмчилгээний  үр дүн 80 хувьтай гэхээр эмчлүүлэгчдийн тоо цөөрч байна гэж ойлгож болох уу?

-230-350 хүн оролцуулсан судалгааг 3-5 жилийн хугацаанд хийхэд 80-аас доошгүй хувийн үр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс нь багадаа 3 жил цаашилбал 5 жил уухад өвчний дахих хугацааг олон жилээр хойшлуулж цаашилбал уг ургамалд харшилгүй болгож байна. Харин шинээр ирэх үйлчлүүлэгчийн тоо байнга нэмэгдэж байгаа. Хүний хэрэглээний төрөл зүйл өдрөөс өдөрт өөр өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээс нэмэгдэж байгаатай эн зэрэгцээд харшлын өвчлөл нэмэгдэж байна. Жишээ нь, сүүлийн үед компьютерын дэлгэцийн харшилтай хүүхдүүд хүртэл нэмэгдэж байна.

-Шинж тэмдэг нь?

-Нүд нь аргах, нулимс гоожих шинж тэмдэг илэрдэг. Удаан хугацаагаар дэлгэц дээр суусан, химийн бүтээгдэхүүнтэй харьцсан, олон жил янз бүрийн хайрсан, хуурсан, далайн гаралтай бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэх нь харшил төрүүлэх нөхцөл бүрдүүлдэг. Хүмүүсийн амьдралын чанар сайжрах тусам хэрэглээний төрөл зүйл олширч химийн бодис агуулсан олон зүйл хэрэглэх болсноор ганц харшлаар зогсохгүй олон төрлийн өвчин, эмгэг үүсэж байна. Тэгэхээр аль болох эко бүтээгдэхүүн хэрэглэж, тухайн харшил төрүүлэгчээс хол байх хэрэгтэй. Ихэнх  тохиолдолд харшилтай хүмүүс эхээс төрөхөөс эхлээд арьсны тууралт гардаг, дараа нь 3, 4 наснаасаа ургамлын тоосны харшил болдог, дараа нь хэдэн жилийн дараа астма ингээд эцэстээ полиаллегритэй(олон төрлийн харшил) болдог.

-Иргэдийн дунд адууны хомоол, гангаар утах, царцаа сорох нь харшилд сайн гэсэн баталгаа, нотолгоогүй мэдээлэл байдаг. Энэ талаар та юу гэж хэлэх вэ?

-Голионы баас идээд зүгээр болчихсон гэж ярьдаг хүмүүс бий. Шинжлэх ухаанаар нотлогдоогүй ч магадлал бий л дээ. Учир нь голио, царцааны иддэг гол ургамал бол шарилж, лууль. Гэхдээ тунг тохируулж хэрэглэхгүй бол аюултай. Их тунгаар авбал огцом хариу амьсгалын замын агшилт өгч амь насанд аюул учирдаг. Царцааны бэлдмэл нь өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй бага тунгаас их тун руу гэсэн схемээр дархлаа үүсгээд эмчилдэг бол үр дүнтэй болов уу гэж хардаг. Арц, ганга, хомоол нь ургамлын өвөрмөц дархлаа үүсгэж, танил болгох магадлал байж болно. Энэ мэт уламжлалт ардын хар бор аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй тунг тааруулж бүтээгдэхүүн болгож гаргавал зохистой. Дор хаяж магистрын дипломын түвшинд судалсан байх  хэрэгтэй.

-ЯМАР Ч ТОС ХЭРЭГЛЭСЭН ЭХЛЭЭД СОРИЛ ТАВИХ ХЭРЭГТЭЙ-

-Та Арьсны төвийн захирлаар олон жил ажилласан, энэ салбарын томоохон төлөөлөгч. Арьсны өвчлөлийн тулгамдаж буй асуудлын тухайд?

- Би мэргэжлээрээ 35 жил ажиллаж байна. Сүүлийн 14 жил энэ төвийн захирал хийж олон улсын жишигт хүргэж Монгол улсын эрүүл мэндийн салбарт шинэ төрх, нүүр царайг оруулж загвар эмнэлэг болгож чадсан гэж бахархаж явдаг. Товчхондоо хэлэхэд бага төсвөөр яаж үр ашигтай зөв менежмент хийж болохыг харуулсан. Энэ хугацаанд ч одоо ч олон улсын хурал, форум, үйл ажиллагаанд олон удаа оролцож илтгэл хэлэлцүүлж яваа минь гадаад харилцаагаа тэлж тэр хэрээр тэдэнтэй хөл зэрэгцэх боломж олдсон байна. Ингээд харахад арьс, харшил аль ч талаараа бид дэлхийтэй хөл нийлүүлж яваа гэж хардаг.

-Арьсны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөөч?

-Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Ээж жирэмсэн байхаасаа хоолоо зөв сонгож хэрэглэснээр урьдчилан сэргийлэх алхам эхэлнэ. Харшлын өвчний 60 хувь удамшдаг. Тэгэхээр хүмүүс арьсандаа маш хариуцлагатай, мэдлэгтэй хандаж байх хэрэгтэй. Бусад эрхтэн тогтолцооны өөрчилөлт нь арьсаар тууралт болж гарах нөхцөл нь бүрддэг.

Арьсны тууралтуудаараа ялгаатай 101 өвчнөөс  харшлын гаралтай бүлэг 19 өвчин байдаг. Тус, тусдаа өвөрмөц эмгэг жамтай, эмнэлзүйтэй явагддаг. Зонхилон тохиолдож байгаа нь Хүүхдийн экзем(диатез), атопийн дерматит, чонон хөрвөстэй  хүүхдүүдийн тууралт архагшаад арьсанд бүтцийн өөрчлөлт орж байна. Энэ нь нэлээд хүнд явцтай. Мөн түүнчилэн хүрэлцэх замаар үүссэн харшлууд, ахуйн, үйлдвэрийн химийн бодис, хувцас, үсний будаг, халуун хүйтний гээд олон  өвөрмөц харшлуудыг хэлж болно. Арьсны эмчилгээнд хоруу чанар багатай уртасгасан үйлчилгээтэй эм хэрэглэх, харшил төрүүлэгчийн тодорхойлж сэдрэхээс нь өмнө угтуулах эмчилгээ хийх,сэдрээгүй үед нь сэдрэлтийн хугацааг уртасгах физик, нөхөн сэргээх эмчилгээ хийж байх хэрэгтэй. Наад зах нь  ямар ч тос хэрэглэсэн эхлээд сорил тавих хэрэгтэй. Саван, усны температур хүртэл маш чухал. Нарны туяа маш чухал нөлөөтэй. Өглөө 8-11, орой 16-18 цагт нарны  туяа бол хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэрлийн долгионыг ялгаруулдаг.

-Та “Allergy Med” арьс, харшил, эмчилгээний гоо сайхны эмнэлгийн зөвлөх эмч. Энэ ажлынхаа талаар бас мэдээлэл өгөөч?

-“Allergy Med” арьс, харшил, эмчилгээний гоо сайхны эмнэлэг нь арьс, харшил, эмчилгээний гоо сайхны чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хэвтэн эмчлүүлэх, оношлох, амбулатори, эрдэм шинжилгээ судалгааны лабораториуд, дипломын дараахь сургалт явуулдаг эрх бүхий сургалтын албатай. Дэлхий нийтийн жишигт нийцсэн бүхий л тоног төхөөрөмжийг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Эмчилгээний өвөрмөц аппаратуудтай. Нөхөн сэргээх гэрлийн аппарат,бүх төрлийн лазер, үс оношилгооны аппаратууд байна. Эмч хүний мэргэжил сайхан мэргэжил. Хүнд болон архаг явцтай арьсны өвчнүүдийг эмчилэх оношилох,олон улсын жишигт хүргэх тал дээр өдөр болгон шинийг харж Монголдоо нутагшуулахын төлөө ажиллаж байна.

-Псориаз буюу хайрст үлд арьснаас салж өгдөггүй проблем байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Биологийн моноклонал эсрэг биеийн тарилга, эмүүд маш сайн үр дүн өгч байгаа. Энэхүү эмчилгээг хийлгэсэн хүмүүс сэтгэл хангалуун байгаа. Арьс ил эрхтэн учраас тухайн хүндээ маш их бухимдал үүсгэдэг. Олон жил шаналсан архаг өвчнийг эмчлэх чиглэлээр ухаан бодлоо уралдуулж тэдгээр хүмүүсийн өвчнийг эмчилж байгаадаа эмч нь их урамтай ажиллаж явдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2022 10:12

mmuuhai baliar avgai

Зочин
Зочин
7 сар 25, 2022 15:52

МИНИЙ МУУ НАЙЗ САЙХАН ХАМУУНЫХАА ЭМНЭЛГИЙГ ЗАРААД САЙД ЧААЦААН БАС ТЭГТЭЛ АЗГҮЙ ТАХИА ЗАСАГ УНААД ХАЙРАН ЭМНЭЛЭГ АВИЛГААР ДАШИЙН ШОГ БОЛЦОРСОН ШҮҮ.МӨНГӨӨ ХАГАСЫГ НЬ Ч БОЛОВ АВСАН УУ? ҮГҮЙ БАЙХА АЯТАЙХАН Ч ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАРГҮЙ ТӨГССӨН ТУЙЛЫН ТЭНЭГ ХҮН ШҮҮ САЙД АСАН ГЭНЭ ШҮҮ ХА ХА ХА

Зочин
Зочин
7 сар 25, 2022 17:11

Ёстой б�##�иар увайгүй авгай

сонгогч
сонгогч
7 сар 27, 2022 12:15

Үргэлж муу ам�##�ж худлаа яридаг авгай, Монгол охидууд, хөвгүүд хүмүүс тэр чигээрээ тэмбүүтэй гэж худ�##� цуурх�##� ТВ гээр тарааснаас болж монголд ирэх жуулчдын тоо цөөрсөн, гадны хүмүүс танайхан бүгд тэмбүүтэй гэсэн гэж доромжилж байна. Хаана байна нөгөө тэмбүү чинь, тэмбүү багасгана гэж засгаас мөнгө батлуулж авах гэж худлаа синсаци тараагаад,

Холбоотой мэдээ

Back to top button