Нийгмийн

Д.Отгонбаяр: Байгалд очоод өөрийнхөө сүнслэг, амин гэрээ мартсан гэдгээ ойлгосон

"Public eco series 2022" land art residence хөтөлбөрт "Мy home" бүтээлээр оролцож олны анхаарлыг татаад буй уран бүтээлч, керамик урлаач Д.Отгонбаяртай ярилцлаа.

“Ертөнц бүтээгдэхээс өмнө цаг хугацаа гэж байгаагүй хийгээд бүтээгдсэн тэр туурвилаас ямар нэгэн хөдөлгөөнд орж энэ хөдөлгөөн нь хүн төрөлхтөний өөрчлөлтийн агшин болж хувирсан гэж хэлж болох. Цаг хугацаа амсхийж, байгаль хүнээс тусгаарлагдаж, хүн нийгмээс салсан тэр зааг. Анх удаа зааглагдаж, тусгаарласан цаг хугацаа, орон зай, нийгмийн заагийг эргүүлэн холбох гүүр нь урлаг юм гэдгийг бид “одоо л” ойлгож буй заа” хэмээн түүний  уран бүтээлийг үзсэн хүмүүс эргэцүүлдэг.

Харин миний хувьд түүний уран бүтээлийг үзээд “хоосон бас дахин хоосон” мэдрэмжид л автаж орхив. Түүнийг Энэ жилийн сүүлчийн КОНТЕМПОРАРИ СЕРИС-д оролцож явахтай тааралдан хэдэн асуултад хариулт авлаа.

-Үзэсгэлэнд оролцож буйд тань баяр хүргэе. Public eco series 2022" land art residence хөтөлбөрт оролцсон "Мy home" бүтээлийн утга санаа зорлиго юу байснаас яриагаа эхлэх үү?

-Арал дээр сандал, хаалга хоёр байрлуулсан. Би хотод төрж өссөн хүн. Хэтэрхий хотжилт давтагдаад өөрийнхөө төрөлх сүнслэг, амин гэрээ мартсан юм байна гэдгээ байгаль дээр очоод ойлгосон. Хүчтэй ширүүн урсгалтай голыг гатлаад очиж байгаа нь сэтгэлийн амар амгалан, эрх чөлөөг олохын тулд аливаа саад бэрхшээлийг туулдаг гэдэг утга санааг илэрхийлсэн.

-Хүн эцсийн эцэст байгаль руу гаа л татагддаг шүү дээ?

-Надад эцэс төгсгөл гэж байхгүй. Би дээлээ өмсөн сандал дээр суугаад байж байхдаа эрх чөлөөгөө олж авч байгаа юм. Надад хэн ч саад болохгүй. Энэ бол орчин үеийн Контемпорари урлагийн нэг төрөл болох үйлдэхийн урлаг байхгүй юу. Бид Монгол ахуйгаасаа холдож болохгүй. Гэхдээ бүх Монгол хүмүүсийн дотор ахуй нь хадгалаатай байдаг. Харин миний хувьд тэр амин гэртээ л эргэж ирсэн хэрэг. Гэр гэдэг зүйл хүний тав тух байдаг шүү дээ. Тэр амин гэртээ эргэж очоод би тайвшралыг мэдэрсэн.

Нөгөө талаараа гэр бол хамгийн бичил элемент. Дараа нь улс орон, дэлхий гээд явдаг шүү дээ. Хамгийн гол нь эх үүсвэр нь би гэдэг зүйл. Тиймээс хүн өөрийнхөө амар амгалан, эрх чөлөө гэх мэт  бүх зүйлийг олж авах хэрэгтэй юм болов уу.

-Эрх чөлөө гэлээ. Бид ер нь эрх чөлөөтэй байж чадаж байна уу?

-Хамгийн чухал нь эрх чөлөөгүй хүн юу ч хийж чадахгүй. Гэхдээ эрх чөлөөг ялгаж салгах ёстой. Өөрийнхөө хүссэн зүйлийг чи хийж чадаж байна уу гэж өөрөөсөө асуух нь нгдүгээрх асуудал. Надад Контемпорари урлаг эрх чөлөөг хамгийн их олгодог. Энэ бол миний хүсэж байсан зүйл. Энэ бүтээлүүд чинь “би” л байхгүй юу. Өнөөдрийн нийгэмд хэлбэрдэлт маш их байна. Хүнд таалагдах гэж хичээх, бэрхшээлээс бултах, юунд ч өртөхгүй байхыг хичээх, сайн хүн болж жүжиглэх зэрэг нь хэлбэрдэлт. Ийм хүмүүс бол зүгээр л дүр эсгэгчид. Миний уран бүтээлүүд бол “миний үнэн” гэж ойлгож болно. Сэтгэлийн амар амгалангаа би тэр зүйлсээс олж авсан. Бусад хүмүүст зориулж хийгээгүй, өөртөө л зориулж хийсэн. Гэхдээ тэр утга санаа нь олонд хүрч байвал миний урлагт зүтгэж буйн гол утга учир юм уу даа.

-Таны үнэн яг юу юм бэ?

-Үнэн бол бодит зүйл. Би нэг хүн л байгаа шүү дээ. Муу тал байгаа сайн тал бий. Бүх зүлийг нуугаад байх нь үнэн биш. Байнга дотроо нуугаад бачуурч явах нь үнэн биш. Тэнэг бол тэнэгээрээ л бай л даа. Хэтэрхий их хичээх нь чамайг хэн ч биш болж харагдуулах ч үе байдаг юм шүү. Би хэн бэ гэдэг зүйл дээр л анхаарлаа төвлөрүүл.

-Саяхан бас “Завгүй хүмүүс нэртэй үзэсгэлэн гаргасан байх аа?

-Нийгэмд сэтгэл эмзэглүүлэм олон асуудал байдаг. Тэр бүхнийг шийднэ гэхээр миний хүч чадал мөхөстөнө. Харин уран бүтээлээрээ илэрхийлж чаддаг. Тэр олон асуудлыг шийдэж чадахгүйдээ маш их бачуурдаг юм. “Завгйү хүмүүс”-ийн хувьд бидний эргэн тойронд гар утасны хэрэглээ хэтэрч, хүмүүс замбараагүй мэдээлэл авч байна. Ямар нэгэн мэдээллийг шүүлтүүргүйгээр толины тусгал мэт хүлээж авдаг болсон. Өнөөдрийн хүмүүс гартаа гар утас барьдаг болсон гэдэг санааг гаргасан. Ухаалаг утас бидний цаг хугацааг хэмнэж байгаа ч бид өөрсдийгөө завгүй байлгаж улам хараат болгож байгаагаа үл анзаарна.

Миний олон жил хүмүүсийг ажиглаж харж байгаа зүйл нь завгүй хүн гэдэг нь ажилсаг хүн биш. Бид өөрсдийгөө таньж, гэр бүлдээ цаг гаргахгүй хамаг цаг хугацаагаа тэрэнд өгсөөр байтал хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн хогийн сав болж дүүрлээ. Миний хувьд уламжлалт уран баримлын аргачлалаар бус энгийн хаягдал материал ашигласнаараа онцлог. Аль болох хөнгөн байлгах үүднээс элс, цемент цавуутай хольж цардаж баримлаа бүтээсэн.

-Таны бүтээлүүдийг үзэж байхад надад оргүй хоосон мэдрэмж төрлөө...?

-Уран бүтээлч хүний увдист чанар бол огт байхгүйгээс гаргаж ирдэгт л байгаа юм. Чи түүнийг л мэдэрсэн байх. Мэдрэмжээ хөгжүүлсэн, төрлөхийн авьяастай хүн л урлагийг ойлгоно шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x