Нийгмийн

ТАНИЛЦ: Удахгүй нээлтээ хийх iPhone 14-ийн тухай баримтууд

Жил бүрийн хамгийн өндөр хүлээлттэй арга хэмжээнүүдийн нэг бол шинэ Аpple-ийн бүтээгдэхүүн байдаг билээ. Тэгвэл удахгүй нээлтээ хийнэ гэгдээд буй Apple iPhone 14-ийн тухай шинэ содон мэдээлэл болон таамгуудыг тоймлон хүргэж байна.

Хувилбар

Шинэхэн iPhone 14 дөрвөн хувилбартай байх бөгөөд өмнөх загваруудаасаа ялгаатай нь mini хувилбар байхгүй. Учир нь CIRP судалгааны байгууллагын мэдээллээс харахад mini хувилбаруудын борлуулалт бусад хувилбартайгаа харьцуулахад маш бага байдаг. Тодруулбал, iPhone 13 mini энэ оны хоёрдугаар улиралд нийт зарагдсан iPhone-уудын ердөө 3 хувийг л бүрдүүлж байхад энгийн iPhone 13 38 хувийг бүрдүүлсэн байна. Mini хувилбарын оронд Max нэртэй хувилбар нэмэгдсэнээр iPhone 14-ийн гэр бүл дараах байдалтай харагдах бололтой.

iPhone 14: 799 ам.доллар
iPhone 14 Pro: 999 ам.доллар
iPhone 14 Max: 1099 ам.доллар
iPhone 14 Pro Max: 1199 ам.доллар

Харагдац

Тэртээ 2017 онд Apple “notch”-той буюу дэлгэцийг илүү том болгосон iPhone X-г танилцуулж бидний мэддэг ухаалаг утасны харагдцыг тэр чигт нь өөрчилж байсан. Тэгвэл Apple энэ жил ахин томоохон өөрчлөлт хийж зөвхөн Pro загварууд нүүрэн хэсэгтээ илүү жижиг “notch”-той болох магадлал өндөр байна.

Камер

Жил бүр iPhone-ий камер сайжирсаар ирсэн. Тэгвэл энэ жил ч гэсэн уг уламжлал хадгалагдаж “Ultra Wide” буюу хэт өргөн камер илүү сайжрах мөн перископ линзтэй болж дүрсийг илүү сайн татах чадвартай болж магадгүй гэнэ. Түүнчлэн Pro загварууд 48 мегапиксел, 8К нягтшилтай дүрс бичлэг бичих чадалтай болно хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Шинэ өнгө

iPhone 14-т өмнө нь байгаагүй бүдэг ягаан өнгө нэмэгдэж магадгүй гэнэ.

Илүү их багтаамж

iPhone 13 загвар дээд тал нь 1TB багтаамжтай байдаг бол шинэ iPhone 14-үүд дээд талдаа 2TB хүрэх магадлалтай аж.

Сайжруулсан чип

Apple-ийн танилцуулах арга хэмжээг үзэж байсан бол Apple үргэлж өмнөхөөсөө илүү хурдан, илүү сайн чип танилцуулдгийг мэдэх биз ээ. Энэ жил ч мөн өмнөх жилүүдийн адилаар илүү хурдан “A16” чип iPhone 14-ийн Pro хувилбаруудад байх аж. Харин бусад загварууд нь iPhone 13-т байдаг шиг A15 загварын чипийг ашиглана.

Симийн оролтгүй

Энэ жилийн iPhone-ууд симийн оролтгүй байх магадлалтай гэнэ шүү. Мэдээж бүх улсад eSIM бүрэн нэвтрээгүй учир симийн оролттой, оролтгүй гэсэн хоёр хувилбар ч байж болох юм. Аль ч тохиолдолд eSIM технологи газар авч байгаа энэ үед Apple үе шаттайгаар сим гэх зүйлийг бүр мөсөн байхгүй болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Илүү хурдан WiFi

iPhone 14-ийн бүх хувилбар WiFi 6E технологийг дэмжих бөгөөд энэ технологи нь товчхондоо илүү өндөр хурдаар интернэтэд холбогдох боломжийг олгох юм. Та бүхэн 2.4GHz, 5GHz-г WiFi төхөөрөмж дээрээ харж л байсан байх тэгвэл энэ технологийн ачаар шинэ iPhone-ууд 6GHz-г дэмжих боломжтой болох нь. Ингэж мэдээлэл дамжуулах хурдыг нэмж байгаа нь удаан яригдаж буй Apple-ийн AR/VR буюу виртуал бодит байдлын төхөөрөмжтэй ч холбоотой байж болох юм.

Нээлтийн өдөр

Apple-ийн танилцуулах арга хэмжээ жил бүрийн есдүгээр сарын эхний эсвэл хоёр дахь долоо хоногт болдог билээ. Дээрх таамгууд үнэн эсэхийг мэдэхэд ердөө сар гаруйн хугацаа үлджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button